| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2020/00005/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/05 |
| Огноо | 2021-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д.Б холбогдох 2140000000002 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, яс үндэс халх, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг "Бурхантын энгэр" гэх газар оршин суух, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Д.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Дэчиндоогийн Д.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 16 цагийн орчим хамтран амьдрагч Д.Б хэрүүл, маргаан үүсгэж, улмаар түүнийг салгах гэж байсан Д.Б ийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Д.Б ийн 2020 оны 12-р сарын 25-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын төвд өөрийнхөө амьдардаг хашаанд халуун ус ажиллуулаад, хажуугаар нь гоо сайханаа хийдэг бөгөөд нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 09 сарын 04-ний өдөр хашаандаа байх нойлдоо сууж байтал манай хашаанд гэнэт эмэгтэй хүн уйлж, хашгирах чимээ гарахаар нь нойлоос гараад харсан чинь Д.Б гэх залуу манай хашаанд эхнэр хүүхэдтэйгээ хамт ороод ирсэн, эхнэрээ зодож байхаар нь би очоод хүүхдийг нь авсан. Тухайн үед Б эхнэр нь 3 юм уу 4 сартай нялх хүүхдээ сугандаа хийгээд нөхөртөө зодуулж байхаар нь хүүхэд аллаа ш дээ гэж хэлээд хүүхдийг нь тэврээд авсан. Тэгтэл Д.Б намайг хүүхдийг нь авлаа гэж уурлаад миний зүүн шанаа руу нэг удаа гараараа цохисон. Тэгээд надаас хүүхдээ булаагаад авсан. Тэгэхэд гэрээс хадам ээж Баттөмөр гарч ирээд Д.Б хашаанаас түлхээд гаргасан. Б ийг хашаанаас гаргаж байх үед би сумын хэсгийн төлөөлөгч рүү яриад дуудлага өгсөн чинь Д.Б эргэж хашаанд орж ирээд эхнэрийнхээ үснээс зулгаахаар нь би болиоч ээ, хүн аллаа гэж хэлсэн чинь Д.Б намайг "Чи цагдаа дууддаг хэн бэ, гичий минь би чамайг ална" гэж хэлээд заамдаад, намайг өргөөд газар чулуудсан. Тэгээд би ухаан алдсан байсан. Ухаан ороод сэргэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Б өргүүлж газар шидүүлснээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Д.Б нь тухайн үед архи уучихсан согтуу байсан, гэхдээ зүгээр гайгүй байх шиг байсан. Миний тархи доргисон, одоо ч толгой байнга өвдөж байгаа. Хүнд юм өргөхөөр хамраас цус гардаг болсон. Өөр учирсан ил харагдах гэмтэл шарх байхгүй. Д.Б архи уух нь уусан байсан, гэхдээ согтолт нь гайгүй байсан. Өөрийнхөө үйлдлийг хянаж чадахаар байсан. Намайг нойлд сууж байхад эмэгтэй хүн уйлаад хашгирахаар нь гарахад Д.Б ийг нь нөхөр нь цохиж зодож байсан. Тухайн үед Д.Б ийн зүүн нүдний доод талд хөхөрсөн байх шиг байсан. Өөр гэмтэл шарх харагдаагүй. Тухайн асуудал болох үед Б , Д.Б , хадам ээж Баттөмөр бид хэд л байсан. Өөр хүн байгаагүй. Би гомдолтой байна, зүгээр байж байгаад хүнд зодуулсандаа гомдолтой байгаа. Би Б зодуулсны улмаас Дархан сумын эмнэлэг болон Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Надад эмчилгээтэй холбоотой 2.000.000 төгрөгний зардал гарсан. Энэ мөнгөө Б ээс нэхэмжилнэ. Би эмчилгээтэй холбоотой баримтуудаа хэрэгт хавсаргуулна. Энэ хэрэг болсоноос хойш Б эй гудамж талбайд таарах хэцүү байна. Учир нь намайг элдэв янзаар доромжилж байна, мөн гэрт согтуу орж ирээд янз бүрээр хэлж байгаа учраас гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/
- Гэрч С.Б-ийн 2020 оны 09-р сарын 10-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багт нөхөр хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг юм. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр сумын төвд хүүгийнхээ гэрт ирээд байж байтал Дэчиндоо овогтой Д.Б хашаанд нь орж ирээд эхнэр Д.Б ийг нь зодоод байсан. Тэгээд манай бэр Баттөмөрийн Д.Б нь эхнэрээс нь хүүхдийг нь автал манай бэрийг нэг удаа цохиод авсан. Тэгээд би хашаанаасаа түлхээд гаргатал манай бэр Д.Б нь цагдаа дуудтал Д.Б нь манай бэрийг энгэрээс нь зуурч аваад чи яахаараа цагдаа дууддаг юм гээд шидсэн. Тэгээд манай бэр Д.Б нь ухаан алдаад босож ирээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
- Гэрч Д.Б ийн 2021 оны 01-р сарын 04-ний өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багт нөхөр хүүхдийн хамтаар амьдардаг. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нөхөр Б эй маргалдаж байгаад хамт цагдаа руу очьё гээд хамт очтол цагдаа өрөөндөө байхгүй, Соёлын төв дээр Дархан сумын малчдын зөвлөгөөн болж байсан тэнд байсан. Тэгээд бид 2 цагдаагаас урагшаа алхаж байтал Баянаагийн хашааны ард талд очоод намайг гэнэт өшиглөөд унагаасан. Би тухайнд үед хүүхдээ тэврээд явж байсан. Тэгээд намайг татаж босгож ирээд гараас тавихгүй Баянаагын хашаагаар ороод чигээрээ урагшаа гарах гэж байтал Баттөмөрийн Д.Б нойлоосоо гарч ирээд юу болов яагаад ингээд байгаан гэж асуусан. Тэгээд Баттөмөрийн Д.Б миний хүүхдийг гарнаас автал манай нөхөр Д.Б уурлаад бид 2-г ална гээд байсан. Тэгээд Д.Б ийн хадам ээж Баттөмөр манай нөхрийг хашаанаас түлхээд гаргатал Д.Б цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд Д.Б ийг цагдаа дуудлаа гээд түлхэж унагаасан. Тухайн өдөр намайг 1 удаа өшиглөсөн. Мөн ална шулна гээд хараагаад байсан. Тухайн үед би сайн харж чадаагүй. Д.Б нь манай нөхөр Б түлхүүлээд унаж байсан. Тэгээд ухаан алдаж унаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09-р сарын 10-ны өдрийн №88 тоот:
1. Д.Б ийн биед зүүн нүдний доод хэсэг болон баруун шилбэний доод хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.
4.Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/,
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09-р сарын 14-ний өдрийн №89 тоот:
1. Д.Б ийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25/,
-Яллагдагч Д.Б ийн 2021 оны 01 сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутагт эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хөдөөнөөс Дархан сумын төвд ирчихсэн байсан юм. Дархан суманд айлд архи уучихаад сумын төвд байдаг гэртээ очсон. Тэгэхэд манай эхнэр уурлаад намайг загнаад байсан. Тэгж байгаад цагдаад хэлнэ гээд гэрээсээ гарахаар нь цуг очьё гэж хэлээд хамт явсан. Тухайн үед эхнэр хүүхдээ аваад явж байсан. Дархан сумын цагдаагийн кабон дээр ирэхэд малчдын зөвлөгөөн болж байгаа гээд байхгүй байсан. Тэгээд гэртээ харих гээд буцаад явж байхдаа эхнэртээ маргалдсан. Д.Б бид 2 маргалдаад явж байхдаа Д.Б ийн хашаагаар дамжаад гарах гээд явж байсан. Тэгтэл Д.Б гэнэт хүрээд ирсэн, хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй байна. Д.Б нь манай эхнэрийг өмөөрч, найз дээрэлхэлээ гээд над руу дайрч, алгадахаар нь Д.Б ийг чамд "Манай гэр бүлийн асуудал хамаагүй" гэж хэлээд түлхэж унагаасан. Энэнээс өөр зүйл болоогүй. Тэгээд би тэдний хашаанаас гараад явсан. Манай эхнэр тэр хашаанд үлдсэн. Би архи уух нь уусан байсан, гэхдээ согтолт гайгүй байсан. Би Д.Б ийг зодоогүй, гараараа түлхэж унагаасан. Үүнээс өөр байдлаар Д.Б ийн биед халдаагүй. Намайг эхнэртэйгээ маргалдаж байхад дундуур орж ирээд над руу дайраад алгадаад байхаар нь чамд хамаагүй гэж хэлээд түлхэж унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/,
- Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-70/
-Шүүгдэгч Д.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Д.Б т хохирлын төлбөрт 700.000 төгрөг төлсөн. Д.Б ийн нэхэмжилсэн 1.300.000 төгрөгийг төлнө” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 16 цагийн орчим хамтран амьдрагч Д.Б хэрүүл, маргаан үүсгэж, улмаар түүнийг салгах гэж байсан Д.Б ийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Б , гэрч С.Баттөмөр, Д.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 сарын 14-ний өдрийн №89 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.
Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 сарын 14-ний өдрийн №89 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Б ийн биед нь хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтуудаар түүний үйлдэл нь “чи цагдаа дууддаг хэн бэ” гэх үйл баримтаас шалтгаалан үл ялих зүйлээр шалтаглан, шалтгаангүйгээр цохиж гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байх тул улсын яллагчийн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Д.Б ийн архидан, согтуурсан нөхцөл байдал, хууль бус, зүй бус үйлдэл, хувийн таарамжгүй харилцаа нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.Б ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д нийцнэ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.
Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан гэм хорыг шүүгдэгч нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч нь өөрийнхөө эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.
Хохирогч Д.Б нь “шүүгдэгч Д.Б ээс өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас эмчилгээтэй холбогдон гарсан зардалд 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Б т 700.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Б ээс 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэргийн 50-р талд 300.000 төгрөгний, 53-р талд 50.000 төгрөг, 200.000 төгрөгний, 55-р талд 50.000 төгрөгний, 57-р талд 97.300 төгрөгний нийт 697.300 төгрөгний баримтыг нотлох баримтаар ирүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн 2 сая төгрөгнөөс 1.300.000 төгрөгний нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул уг 1.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.
Харин энэ шүүх хуралдаанаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь баримтаар тогтоогдсон тул хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх шаардлагатай гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг энэхүү тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа, гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б ийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б ээс гэмт хэргийн улмаас хохирогчид эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлыг хохирогч Д.Б нь эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгчээс хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,
36.1 дүгээр зүйл, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус
заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Д.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 700.000 /долоон зуун мянган/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ