| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2021/0044/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2021-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.М |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э,
Улсын яллагч Г.М,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б.А-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С аймгийн Ш суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, 5-10 насны 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, /Хэнтий аймаг Бор-Өндөр сум 4 дүгээр багт оршин суух хаягтай/ урьд ял шийтгэлгүй, С овогт Б.А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт хамтран амьдрагч Н.С-н охин болох насанд хүрээгүй хохирогч Б.Ц-г хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хамтран амьдрагч Н.С гэх хүнтэй хамтран амьдраад бараг хоёр жил гаруй хугацаанд амьдарсан юм. Бид хоёр дундаасаа хүүхэд гаргаагүй бид хоёр хоёр талаасаа хоёр хоёр хүүхэдтэй нийлсэн тэгээд зарим үед манай хамтран амьдрагч маань архи уугаад алга болчихдог. Би ажилтай харуулд застав дээр ээлжтэй үед гэртээ хонохгүй гараад алга болчихдог байсан юм надаа олон удаа баригдсан тэгээд найз болон ангийн хамт ажилладаг хүмүүстэй архи уучхаад шал согтуу шөнө ирж ав гээд ажилтай байхад их хэцүү байдаг байсан ер нь бол манай хамтран амьдрагч Н.С нь архи уучихаараа их ааш муутай болчихдог өөрийн болон миний хоёр хүүхдийг нээх хайхраад байдаггүй ялих ялихгүй шалтгаанаас болж бид хоёр энэ хэрэг гардаг өдрөөс өмнө бараг 1 сар гаруй хугацаанд тусдаа амьдарсан би өөрийн ажилладаг цэргийн ангийн албаны байранд харин манай хамтран амьдрагч маань өөрөө байр түрээслэн бага охины хамтаар тусдаа амьдарч байсан юм. Хэрэг гардаг өдөр би өглөө гандан орж ном уншуулж ламд үзүүлж арц хүж өргөлийн архи зэрэг авч өөрийн амьдардаг гэртээ ирээд арц хүжээ асаагаад гэрээ цэвэрлэж дуусаад хамтран амьдрагч Н.С-тэй утсаар залгаад за юу хийж байна би сая гандан орж ном уншуулаад ирлээ жаахан хэл ам байна та хоёр жаахан засал ном хэрэгтэй байна гэхээр нь ном уншуулаад ирлээ гэсэн чинь Н.С нь миний өөдөөс миний амьдрал чамд ямар хамаатай юм чи өөрөө ном уншуулахгүй юу надаа ном уншуулах хэрэггүй гэсэн. Тэгэхээр нь би жаахан уур хүрээд урд нь ууж байсан хагас шилтэй архийг ганцаараа уусан би их согтсон байсан тэгээд нэг мэдсэн чинь Н.С-н гэрт ирсэн байсан тэгээд бид хоёр жаахан муудалцаад маргалдсан би Н.С-г чи дандаа архи уудаг би яагаад ганц удаа ууж болохгүй гэж чи яагаад элэг муутай байж архи уугаад байдгийн наад биеэ бод гэсэн чинь миний амьдрал чамд хамаагүй пиздаа минь гээд байхаар нь гэнэт уурлаад ариун цэврийн өрөөнд орж бөөлжиж байгаад гарч ирсэн. Тэгээд би Н.С-д их гомдоод өөрийгөө алмаар санагдсан. Тэгээд халаасандаа байсан ишгүй цагаан өнгийн хутга гаргаж ирээд өөрийнхөө зүрхэн тус газар 2 удаа хутгаар дүрж өөрийгөө гэмтээсэн. Би Н.С-д ямар нэгэн байдлаар гар хүрээгүй зодоогүй харин Н.С-н охиныг гэмтээсэн талаар би чин үнэнийг хэлэхэд охиныг ямар нэгэн байдлаар алах санаа сэдэлт байгаагүй би өөрийгөө эхний удаагийн хутгаар дүрэхэд Н.С-н охин намайг хараад ааваа та яаж байгаа юм бэ та хэрэггүй гээд миний барьж байсан хутгатай гараас бариад авахаар нь чи намайг тавь гээд цаашаа охиныг түлхсэн тэгээд би өөрийгөө /дахин/ хутгаар дүрэх үед Н.С хараад өө чи яаж байгаа юм бэ би уучиллаа тэнэг юм уу өөрийгөө хутгалчихлаа шүү дээ гээд байсан тэр үед би охиныг гэмтээсэн юмаа яагаад гэвэл миний барьж байсан хутгыг салгах гээд гар, болон хүзүүн хэсэгтээ зүссэн юмаа... Би өөрийгөө эхний удаа хутгалахад охин болиулах гэхэд нь хойшоо бай гээд түлхсэн, 2 дахь удаагаа хутгалсан чинь сонин болсон тэгээд унахдаа охиноо татаад унасан тэгэхдээ гэмтэл учруулсан. Тэрнээс би хутга тулгаагүй. Эхнэр маань өнгөрөөд 2 охинтойгоо үлдсэн тэгээд Н.С-тэй учирсан сайхан амьдаръя гэж бодсон гэтэл салаад явчихаар нь сэтгэлээр унасан байсан. Өөрийгөө хутгалж Н.С-г айлгаж л эргэж нийлэх санаатай байсан юм. Дахиж ийм алдаа гаргахгүй, их зүйл бодсон өвчтэй байхдаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 110-111, шүүх хуралдааны тэмдэглэлд/,
- Насанд хүрээгүй хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би өөрөө тухайн үед тайлбар өгсөн болохоор энэ талаар дахин яримааргүй байна, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Одоо бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй тул энэ хэргийг хааж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/,
- Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дэлгүүрт явж байхад манай ажлын хүн Н.С миний ... дугаарын утас руу 17 цаг 20 минутын үед залгаад найзаа манай гэрт хүрээд ирээч гэхээр нь би яасан юм бэ гэсэн чинь зүгээр хүрээд ир гээд байхаар нь хаана вэ гэтэл манай гэрт яваад ирээч гээд их сандарсан байдалтай ярихаар нь би хамт явж байсан ахмад А-н машинтай хамт Н.С-н гэрт ирсэн тэгтэл гэрийнх нь хаалга нь онгорхой байхаар нь ортол үүдний жижиг өрөөнд А дээшээ харсан байдалтай хажууд нь Н.С нь А-н цээжин дээр алчуураар дарсан алчуур нь цус болсон байсан тэгээд юу вэ энд юу болсон юм бэ гэсэн чинь Н.С нь А өөрийгөө хутгаар хутгалчихлаа гэж хэлсэн тэгээд би чи А-г яах гэж гэртээ оруулсан юм бэ гэсэн чинь намайг дэлгүүр орж сүү аваад ирсэн чинь араас дагаад орж ирсэн гэж надаа хэлсэн тэгтэл цаанаас нь Н.С-н охин болох Б.Ц нь цээж болон хөл хэсгээрээ цус болсон байсан тэгээд би Н.С-д хандан энэ хүүхэд яасан юм бэ гэсэн чинь Н.С юу ч дуугарахгүй байсан. Тэгтэл манай хилийн цэргийн ... дугаар ангийн штабын дарга дэд хурандаа Л.А ирсэн дараа нь шуурхай жижүүр ахмад Н.А, хошууч н.М, дэд хурандаа Ц, ангийн жижүүр хошууч Т, ангийн эмч ахлах дэслэгч н.М гэсэн хүмүүс ирсэн тэгтэл Н.С-н охин Б.Ц нь том өрөөний үүдэнд гэнэт ухаан алдаад унасан тэгээд охиныг цааш нь аваад орсон дотор юу болсон талаар мэдэхгүй байна би гадаа байж байсан тэгтэл, цагдаа түрэн хоёр зэрэг шахуу ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,
- Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2021 оны 01 дүгээр сараас хойш хамтран амьдрагч С.А-с салаад тэрнээс хойш төрсөн охин Б.Ц-н хамт Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах түрээсийн байранд амьдарч байна. 01 дүгээр сараас хойш С.А-той ганц нэг удаа гар утсаар ярьж, мөн Хилийн цэргийн ... дугаар ангийн байрлалд таарч байсан. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үдээс хойш хамтран амьдарч байсан С.А миний гар утас руу залгаад хань нь чамаас салаад ядарч байна, хэд хоног архи уусан чинь ам хатаад байна, хоёулаа ярилцах уу, ханьдаа аяга шөл хийгээд өгөөч, чи манайд ирэх юм уу гэж асуухаар нь, үгүй гэж хэлэхэд эсвэл би танайд яваад очих уу гэж хэлэхээр нь ямар ч байсан цонхны наана, цаанаас ярилцах талаар хэлсэн. Тэгээд би цай чанаж тавьсан... миний амьдарч байгаа байшингийн цонх болон хаалгыг тогшсон. Манай охин хаалга цохиж байна ээж гэж хэлсэн. Би сонсгол муу тул танайд ороод цай ууя гэж хэлж байх шиг байсан, охин хаалга тайлж өгөөд хамт амьдарч байсан С.А орж ирсэн. Манай амьдарч байгаа байр нэг өрөө тул ширээний цаад талд сууж байхад С.А гэрт орж ирээд үүдний хэсэгт довжоон дээр суугаад, охин миний аягласан байсан 2-3 аяга цайны нэгийг аваад өгсөн. С.А надад хандаж чи аяга шөл хийгээд өгчих гэж хэлээд бөөлжлөө гэж хэлээд өрөөнөөс гараад ариун цэврийн өрөө лүү орсон. Охин миний хажуу талд байж байгаад аав бөөлжөөд байгаа юм уу хачин дуугараад байна гэж хэлээд өрөөнөөс гараад явсан. Удалгүй хамтран амьдрагч болон охин хоёр хашхираад байхаар нь өрөөнөөс гүйгээд гарахад ариун цэврийн өрөөний үүдэнд охины хоолойн хэсэгт хутга тулгасан байхаар амь авраарай гэж хашчихад А миний өөдөөс гүйж ирэх үед охин ээжийг битгий алаач, ээж яасан юм бэ, ээж таныг уучилсан шүү дээ гэж хэлээд хашхирах үед буцаад явсан, би өрөө лүү гүйж ороод орон дээр байсан өөрийн гар утсаа аваад өрөөнөөс гарч явж байхдаа ахлах тогооч Э-н гар утас руу залгаад хурдан ирээч ээ гэж хэлэх зуур охин аав өөрийгөө хутгалчихлаа гэж хашхираад А коридорт шалан дээр дээшээ хараад хэвтсэн. Би тухайн үед А-г өөрийгөө хутгалсан талаар мэдээгүй, охин аав өөрийгөө хутгалсан шүү дээ гэж хэлээд цээж хэсэг рүү нь заагаад байхаар нь би цамцыг дээш нь сөхөж үзэхэд цээжинд нь богино, ишгүй хутга зоогдсон байхаар нь би хутгыг аваад коридорын хаалганы зүгт шидсэн. Тэгээд би охиныг даавуу аваад хүрээд ирье гэж хэлэхэд аяганы шар алчуур авчирч өгөхөөр нь цус гарч байсан газар нь дарсан. Удалгүй манай ажлын Э, А нар орж ирсэн. Тухайн үед манай охин ухаан алдаж унаад охиндоо анхаарал тавиад байж байхад эмнэлэг, цагдаагийн хүмүүс ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12/,
- Хохирогч Б.Ц-н биед учирсан гэмтлийн талаарх гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-45/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 04/53 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.Ц-н биед гэмтэл учирсан байна.
2. Б.Ц-н биед зүүн чихний омог хэсэгт зулгаралт, зүүн чихний ар талд зулгаралт, эрүүн дор зулгаралт, зүүн гарын ар талд 2-р хурууны уг хэсэгт шарх, зүүн гарын 4-р хурууны 2-р үений дотор талд шарх, баруун гарын 2-р хурууны 3-р үений ар талд зулгаралт, зүүн гарын 2, 3-р хурууны өндөг хэсэгт шарх, цээжний урд дээд талд, баруун далны хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
3. Б.Ц-н биед учирсан гэмтлүүдийн зүүн чихний омог хэсэгт зулгаралт, зүүн чихний ар талд зулгаралт, эрүүн дор зулгаралт, зүүн гарын ар талд 2-р хурууны уг хэсэгт шарх, зүүн гарын 4-р хурууны 2-р үений дотор талд шарх, баруун гарын 2-р хурууны 3-р үений ар талд зулгаралт, зүүн гарын 2, 3-р хурууны өндөг хэсэгт шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цээжний урд дээд талд, баруун далны хэсэгт цус хуралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
4. Учирсан гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 820 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “1” дугаартай 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Дугаарлаагүй 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцсэн “1” дугаартай 1 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас, эзэн холбогдогч тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 50-51/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 190 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Ц нь одоогоор F43.1 Гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй байна.
2. Б.Ц-н F43.1 Гэмтлийн дараах стрессийн эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно.
3. Б.Ц нь сэтгэцийн хувьд өөрийн насны түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Б.Ц нь 2021 оны 02 сарын 24-нд халдлагад өртсөний улмаас F43.1 Гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй болсон байх боломжтой байна.
5. Б.Ц нь цаашид “Сэтгэл засал” эмчилгээнд иргэний журмаар хамрагдах шаардлагатай байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 58-60/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04/87 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.А-н биед гэмтэл учирсан байна.
2. Б.А-н биед цээжний зүүн хөндийн нэвтэрч уушгины доод дэлбэнг гэмтээсэн шарх, цээжний зүүн талд 5-р хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо.
3. Б.А-н биед учирсан гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.
4. Учирсан гэмтлүүдийн цээжний зүүн хөндийн нэвтэрч уушгины доод дэлбэнг гэмтээсэн шарх нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болно.
5. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 86-87/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1440 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Баруун болон зүүн гарын хумснуудад урвал өгөөгүй тул цус илрээгүй. Шалнаас авсан гэх марльд шингээсэн арчидас, хананаас авсан гэх марльд шингээсэн арчидас, хутганаас авсан гэх марльд шингээсэн арчидас дээр цус илэрсэн.
2. Хутган дээрээс илрүүлэн бэхжүүлсэн гэх 4 ширхэг үс мэт зүйл микроскопт харж инжлэхэд хайрсны хээ, голчийн бүтэцтэй байх тул үс байна. 4 ширхэг үсний уг хэсэгт булцуу илрээгүй тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.
3. Хутганаас авсан гэх марльд шингээсэн арчидас дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрч байна. Хутганаас авсан гэх марльд шингээсэн арчидас дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.А-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
4. Шалнаас авсан гэх марльд шингээсэн арчидас, хананаас авсан гэх марльд шингээсэн арчидас дээр илэрсэн цусны локусын аллелиуд бүртгэгдээгүй байх тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.
5. Б.Ц-н гэх цус, Б.А-н гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов...” гэсэн дүгнэлт /хх-ийн 89-91/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123-124/,
- Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолтын лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 115-118, 134-135/ зэрэг баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудаар Б.А нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хамтран амьдрагч Н.С-д очиж, өөрийгөө 2 удаа хутгалж, насанд хүрээгүй хохирогч Б.Ц-н биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Б.А-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч Э.Э “...Н.С-н гэрт ирсэн тэгтэл гэрийнх нь хаалга нь онгорхой байхаар нь ортол үүдний жижиг өрөөнд А дээшээ харсан байдалтай хажууд нь Н.С нь А-н цээжин дээр алчуураар дарсан алчуур нь цус болсон байсан тэгээд юу вэ энд юу болсон юм бэ гэсэн чинь Н.С нь А өөрийгөө хутгаар хутгалчихлаа гэж хэлсэн тэгээд би чи А-г яах гэж гэртээ оруулсан юм бэ гэсэн чинь намайг дэлгүүр орж сүү аваад ирсэн чинь араас дагаад орж ирсэн гэж надаа хэлсэн тэгтэл цаанаас нь Н.С-н охин болох Б.Ц нь цээж болон хөл хэсгээрээ цус болсон байсан тэгээд би Н.С-д хандан энэ хүүхэд яасан юм бэ гэсэн чинь Н.С юу ч дугарахгүй байсан...Тэгтэл Н.С-н охин Б.Ц нь том өрөөний үүдэнд гэнэт ухаан алдаад унасан...” гэсэн, гэрч Н.С “...С.А гэрт орж ирээд үүдний хэсэгт довжоон дээр суугаад, охин миний аягалсан байсан 2-3 аяга цайны нэгийг аваад өгсөн. С.А надад хандаж чи аяга шөл хийгээд өгчих гэж хэлээд бөөлжлөө гэж хэлээд өрөөнөөс гараад ариун цэврийн өрөө лүү орсон. Охин миний хажуу талд байж байгаад аав бөөлжөөд байгаа юм уу хачин дуугараад байна гэж хэлээд өрөөнөөс гараад явсан. Удалгүй хамтран амьдрагч болон охин хоёр хашхичаад байхаар нь өрөөнөөс гүйгээд гарахад ариун цэврийн өрөөний үүдэнд охины хоолойн хэсэгт хутга тулгасан байхаар нь амь авраарай гэж хашхирахад А миний өөдөөс гүйж ирэх үед охин ээжийг битгий алаач, ээж яасан юм бэ, ээж таныг уучилсан шүү дээ гэж хэлээд хашхирах үед буцаад явсан, би өрөө лүү гүйж ороод орон дээр байсан өөрийн гар утсаа аваад өрөөнөөс гарч явж байхдаа ахлах тогооч Э-н гар утас руу залгаад хурдан ирээч ээ гэж хэлэх зуур охин аав өөрийгөө хутгалчихлаа гэж хашхираад А коридорт шалан дээр дээшээ хараад хэвтсэн. Би тухайн үед А-г өөрийгөө хутгалсан талаар мэдээгүй, охин аав өөрийгөө хутгалсан шүү дээ гэж хэлээд цээж хэсэг рүү нь заагаад байхаар нь би цамцыг дээш нь сөхөж үзэхэд цээжинд нь богино, ишгүй хутга зоогдсон байхаар нь би хутгыг аваад коридорын хаалганы зүгт шидсэн...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 04/53 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэнд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзаж үзэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А нь насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ишгүй хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овогт Б.А-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь 450,000 /дөрвөн зуун тавин/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ишгүй төмөр хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н