| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/01634/и |
| Дугаар | 1458 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 1458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 9-А байрны 16 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар УС 88111502, Харчуу овогт Надмидын Хүдэрчимэгийн хүсэлттэй
Ж.Сугарсүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Хүдэрчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Хүдэрчимэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Ж.Сугарсүрэнтэй 2011 оны 3 дугаар сард танилцаж 2011 оны 11 сараас хамтран амьдарч эхэлсэн, 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүү Өсөх-Ирээдүй төрсөн.Тэр цагаас хойш бид хамтран амьдарч байгаад нөхөр маань 2017 оны 4 дүгээр сард зуурдаар нас барсан.Бид энэ хугацаанд өөрийн аав Надмидын орон сууц болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 9-А байрны 16 тоотын хажуу өрөөнд амьдарч байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан.Хүү Өсөх-Ирээдүйд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул биднийг 2011 оны 7 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сарыг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Хүдэрчимэгийн Ж.Сугарсүрэнтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хүсэлт гаргагч Н.Хүдэрчимэг нь Жадамбын Сугарсүрэнтэй 2011 оны 7 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хүү Сугарсүрэнгийн Өсөх-Ирээдүйн төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Мөн гэрч Ж.Өнөрзул, Ж.Ариунзул, /талийгаачийн төрсөн эгч нар/ нар шүүхэд гаргасан тодорхойлолтондоо “Бидний төрсөн дүү Ж.Сугарсүрэн нь Н.Хүдэрчимэгтэй 2011 оны 3 дугаар сард танилцаж хамтран амьдарсан, энэ хугацаанд 2012 оны 4 дүгээр сард Өсөх-Ирээдүй төрсөн, Ж.Сугарсүрэн Н.Хүдэрчимэг нар 6 жил хамт амьдарч байсныг баталж байна” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Харчуу овогт Надмидын Хүдэрчимэг нь Жадамбын Сугарсүрэнтэй 2011 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Н.Хүдэрчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН.