| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 163/2018/0044/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 16
Т.Э , Х.З нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 163/2018/0044/Э
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Гэрэлбаатар
Шүүгдэгч Т.Э , Х.З
Шүүгдэгч нарын өмгөөлөгч н.Лхагвасүрэн
Нарийн бичгийн дарга С.Гончигбал нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолтой Т.Э , Х.З нарт холбогдох 1815000200013 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.З давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймагт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Т Э .
Монгол Улсын иргэн, , 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, урьд ял шийтгэлгүй, , Д овогт Х. З.
Шүүгдэгч Т.Э , Х.З нар нь бүлэглэн Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутаг “Бухын даваа” гэх нэртэй газраас 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор:
Б овогт Т. Э , Д овогт Х. З нарыг бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т. Э , Х. З нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тэнсэж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э , Х.З нар нь оршин суух газар, ажил, сургууль өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,
Энэ хэрэгтээ шүүгдэгч Т.Э , Х.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөгчийн 57 ширхэг 1.4 метр урттай шинэс мод, Хюндай Портер маркийн **-**ОРО улсын дугаартай авто машины бүтүүмжлэлийг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улбар шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг хураан авч хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Т.Э , Х.З нараас 127316 төгрөгийг гаргуулж Булган аймгийн Сэлэнгэ сумын Тамгын газарт олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Э , Х.З нарын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.З давж заалдах гомдолдоо:
“ ... миний зүгээс зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл буюу Хюндай портер **-**ОРО маркийн улсын дугаартай автомашиныг битүүмжилж улсын орлого болгосныг эс зөвшөөрч байна. Учир нь уг авто машинаар өөрийн өрхийн амьжиргааг залгуулж байдаг тул миний бие нь гэм буруугаа ухамсарлан ойлгож хуулийн дагуу зохих хариуцлагаа хүлээж байгаа тул хуулийн зохих зүйл заалтын дагуу уг автомашиныг улсын орлого болгохыг чөлөөлж өгнө үү... ” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “… Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Э , Х.З нар нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бүлэглэн Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутаг “Бухын даваа” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний шинэс мод бэлтгэж, **-**ОРО улсын дугаартай Хюндай Портер маркийн автомашинаар тээвэрлэсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16/, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч нарын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд анхан шатны шүүх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирсон байна.
Мөн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн хууль бусаар бэлтгэсэн 57 ширхэг 1.4 метрийн урттай шинэс мод, **-**ОРО улсын дугаартай Хюндай Портер маркийн автомашин зэргийг улсын төсөвт шилжүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг хураан авч хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.З нь “...миний бие уг машинаар өөрийн өрхийн амьжиргааг залгуулж байдаг тул уг автомашиныг улсын орлого болгосныг чөлөөлж өгнө үү...” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.
“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл хамаарна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-**ОРО улсын дугаартай Хюндай Портер маркийн автомашин нь шүүгдэгч Х.З эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 51, 65/, Булган аймгийн Автотээврийн төвийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаартай албан бичиг болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авахаар Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дах хэсгүүдэд заасан тул шүүгдэгч Х.З гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин анхан шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасны дагуу шүүгдэгч нараас гэм хорын хохирлыг гаргуулж шийдвэрлэхдээ хохирлыг шүүгдэгч тус бүрээр гаргуулаагүй байх тул энэ талаар зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтын “... Т.Э , Х.З нараас 127316 төгрөгийг гаргуулж Булган аймгийн Сэлэнгэ сумын Тамгын газарт ...” гэснийг “... Т.Э гээс 63658 төгрөг, Х.З аас 63658 төгрөгийг тус тус гаргуулж Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газарт...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Х.З давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ