Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Володягийн Цэрэнрагчаа |
Хэргийн индекс | 117/2019/0014/З |
Дугаар | 12 |
Огноо | 2019-09-26 |
Маргааны төрөл | Газар, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Л.Б, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Г нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р багийн Мандлын 19-3 тоотод оршин суух Ч.Лгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Засаг дарга О.Бд хариуцагдах ,
“Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/254 тоот “Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай”, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/385 тоот “Газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай, “2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн Ч.Лгийн эзэмшиж буй газрын байршлын кадастрын зураг болон 633 м.кв газраар кадастрын мэдээллийн санд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоож өгөх”-ийг хүссэн бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р, Ж.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, түүний өмгөөлөгч Д.Д, Ж.Ч, иргэдийн төлөөлөгч Г.О, гэрч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ч.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Дундговь аймгийн Засаг даргын 2004 оны 02 сарын 11-ний өдрийн 32 тоот захирамжаар анх 480 м.кв газрыг иргэн С.Бгээс буюу “Е Э” ХК-иас, 2012 оны 11 сарын 05-ны өдрийн А/609 тоот захирамжаар 185 м.кв газрыг иргэн Ц.Уээс, 2012 оны 11 сарын 05-ны өдрийн А/610 тоот захирамжаар 84 м.кв газрыг А.Өгээс тус тус худалдан авсан. Дээрх газрыг нэг эзэмшигчтэй учир кадастрт оруулж нэг гэрчилгээтэй болгох зорилгоор аймгийн Засаг даргын 2013 оны 11 сарын 08-ны өдрийн А/566 захирамж гарсан юм.
Гэтэл аймгийн Засаг дарга О.Б нь 2017 оны 07 сарын 24-ний өдөр А/254 тоот захирамж гаргаж миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчлөө. Надад ийм захирамж гаргах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй. Шүүх дээрээс би ийм захирамж гарсныг мэдлээ. Миний эзэмшлийн газрыг эзэнд нь огт мэдэгдэлгүй шууд хүчээр булааж авч байгаад би туйлын гомдолтой байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр Т Б ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргээс үзэж мэдсэн. Уг захирамжаар миний эзэмшиж байсан 633 м.кв газраас 153 м.кв газрыг ямар ч үндэслэлгүй хасаж, 480 м.кв газар болгож миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчлөө. Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/254 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандаж байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/254 тоот “Газар эзэмших эрх дуусгавар болох тухай” захирамжийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч болох аймгийн Засаг дарга нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 11 сарын 01-ний өдрийн А/385 тоот захирамж гаргаж өмнө гаргасан 2017 оны 7 сарын 24-ний өдөр А/254 тоот захирамж болон Ч.Лгийн газар эзэмших эрхийн Дундговь аймгийн Засаг даргын 2013 оны 11 сарын 8-ны өдрийн А/566 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Ч.Лгийн эзэмшлийн газраас 38 м.кв газрыг ямар ч хууль зүйн үндэслэлгүй хасч Ч.Лгийн газар эзэмших эрхийг удаа дараа ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.
Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 11 сарын 01-ний өдрийн А/385 тоот захирамжийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх хуулийн шаардлагын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргасан ба уг гомдлыг хянаад Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2017 оны 11 сарын 22-ний өдрийн Х/705 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр тухайн маргаанаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг ирүүлсэн ба энэ нь аймгийн Засаг даргын гаргасан хууль бус шийдвэрийг хянаагүй байх тул тус шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/385 тоот захирамжийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүллээ” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Л нь 2004 онд Дундговь аймгийн Засаг даргын 32 тоот захирамжаар 480 м.кв газрыг эзэмшсэн. 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 609, 610 тоот захирамжуудаар иргэн Уээс 185 м.кв газар, иргэн Өгээс 84 м.кв газрыг эзэмшиж авснаас хойш нэг эзэмшигчтэй болгох зорилгоор кадастрт оруулж, түүний дагуу Дундговь аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/566 тоот захирамж гарсан. Энэ захирамжийн хүрээнд бид үйл ажиллагаа явуулсан. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Засаг даргын А/254 тоот захирамж гарч, манай 633 м.кв газраас 154 м.кв газрыг үндэслэлгүйгээр хассан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр шүүхэд хандахад Дундговь аймгийн Засаг дарга уг захирамжийг буруутай гарсан гэдгээ хүлээн зөвшөөрч дахин А/385 тоот захирамжийг гаргасан. А/385 тоот захирамжаар манай газраас 38 м.кв газрыг хассан. Энэ захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, кадастрын зураглалгүй, холбогдох хуулиудын дагуу хийгдээгүй учраас бид Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/254 тоот захирамж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/385 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Хариуцагч Гийн зураглал шаардлага хангаагүй гэж байна. Гэвч энэ зураглал Геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтэд харьцуулагдсан байдаг. Биднийг зураглалыг газрын албаныхнаар хүчээр үйлдүүлсэн юм шиг юм ярьж байна. Ингэж болохгүй байх” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ярих зүйлүүдийг түрүүчийн хурал дээр ярьсан. Хамгийн сүүлийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Л.М, Ц.Л, Б.М нарын гаргасан шинжээчийн дүгнэлтээр “хуучин дэлгүүрийн хойд талд 15 м.кв газар давхцаж байна” гэсэн. Бид бодит байдал дээр очоод газрын хэмжилт хийж үзэхэд контейнер байгаа буюу маргаан дагуулаад байгаа газар нь 30 м.кв орчим, нарийн хэмжвэл 31 м.кв орчим газар байсан. Тухайн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн эргэлзээтэй дүгнэлт гэж үнэлсэн. Учир нь шинжээч нар дүгнэлтээ нарийн баталж чадаагүй. Иймд шүүх дахин дүгнэлт гаргуулахаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилсон. Шинжээч нар хувийн хэрэгт байгаа материалыг үзэж, танилцахаасаа өмнө маргаан бүхий газар дээр очиж талуудыг байлцуулан хэмжилт хийсэн. Талууд өөрсдийн газрыг зааж өгсөн. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлттэй танилцахад “контейнер байгаа газар нь Ч.Лд олгосон газартай тохирч Ч.Лгийн эзэмшлийн газар мөн байна” гэж тогтоогдсон. Нөгөөтэйгүүр Ч.Лгийн газрын координаттай зураглал байдаг. Энэ зураглалд мөн маргаан бүхий газар нь Ч.Лгийн эзэмшлийн газар гэдэг нь харагддаг. “Т Б” ХХК-ийн газрын координаттай зураглалд контейнер тавьсан газрыг оруулаагүйгээр зурсан байдаг. Эдгээр үндэслэлүүдээр Дундговь аймгийн Засаг даргын 385 тоот захирамж нь хууль бус үндэслэлгүй гарсан нь харагдаж байна. Ийм учраас Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/254 тоот захирамж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/385 тоот захирамжуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Гуравдугаарт хэргийн материалд авагдсан зураг байдаг. Энэ нь нэг барилгыг 2 байгууллага хувааж авсан учраас барилгын дээгүүр үүссэн заагийг авсан зураг юм. Зураглалаас үзэхэд Ч.Лгийн барилгын цонхыг хааж тавьсан газар нь Ч.Лгийнх гэдэг нь харагддаг. Өөрөөр хэлбэл энэ контейнер нь “Т” ХХК-ийн барилгыг хаагаагүй, Ч.Лгийн барилгын цонхыг хаасан байна. Эдгээр нөхцөл байдлууд 30 м.кв газар Ч.Лгийнх болохыг харуулж байна. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч алдаатай зураг дээр шинжээч дүгнэлтээ гаргасан учраас алдаатай дүгнэлт гарсан гэж байна. Хэрэв ийм бодолтой байгаа бол дахин шинжээч томилуулах эрх нь бий. Ч.Лгийн координаттай зураглал 2013 онд “Т м” ХХК-ийн зураглал 2015 оны 12 сард үйлдэгдсэн. Энэ зураглалууд нь газрууд хоорондоо давхцалгүй болохыг харуулсан томоохон нотлох баримт. Хэрэв Ч.Л илүү газар авсан байсан юм бол 2015 онд “Т м” ХХК-д зураглал үйлдэж өгөхдөө дараагийнхаа зураглалыг хасах ч юмуу ямар нэгэн байдлаар зохицуулалт хийх эрх нь Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газарт байсан ба энэ газар Лгийнх гэдэг нь үнэн байсан учраас өдийг хүртэл чимээгүй явсан байх. Т, М нарын гаргасан шинжээчийн дүгнэлт газар дээр нь хэмжилт хийгээгүй, зөвхөн хувийн хэрэгт байгаа материалд үндэслэсэн. Хариуцагч сая Гийн үйлдсэн зураглал шаардлага хангаагүй гэж байна. 2013 оны 11 сарын 08-ны өдөр Засаг даргын захирамжаар Лд олгогдсон газар Гийн зураглалтай тохирч байдаг. Хэрэв энэ зураг тухайн үед шаардлага хангаагүй байсан юм бол та нар шаардлага хангуулах арга хэмжээ авч маргаан үүсгэхгүй энэ олон жил юу хийж байсан юм бэ. Мөн энэ зураглалыг ашиглаж өмнөх шинжээч нар дүгнэлтээ гаргасан байдаг. 2019 оны 6 дугаар сарын дүгнэлтийг газар дээр нь хэмжилт хийж, дээд шатны байгууллагын мэргэжлийн хүмүүс гаргасан. Тиймээс энэ дүгнэлтийн дагуу энэ хэрэг шийдэгдэх байх. “Т” ХХК нь Засаг даргын захирамжаар 3800 м.кв, Ч.Л нь 633 м.кв газрыг эзэмшдэг. Хариуцагч талын тайлбараар бол Ч.Л 595, “Т” ХХК 3830 м.кв газрыг эзэмших ёстой юм байна. Тэгвэл энэ талаарх баримт алга байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт: Маргаан бүхий 2 актад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт орсон байдаг. Гэтэл өнөөдрийн хэлэлцэгдэж байгаа нотлох баримтыг үзэхэд газрын ямар нэгэн давхцал байхгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Үүнийг хариуцагч тал зөвшөөрсөн гэж ойлгож байна. 2009 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээ болон кадастрын зурагт 480 м.кв газарт юу юу орохыг заасан.
Хоёрдугаарт: Гуравдагч этгээд “Т Б” ХХК нь маргаж байгаа газрыг Ч.Л эзэмшиж байгаа гэдгийг 2015 оны 12 сарын 23-нд кадастрын зураг хийлгэхдээ мэдсэн. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хувьд шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн захирамжтай, кадастртай байж миний эрхийг зөрчсөн, кадастрын зураг хууль бус байна гэж бие даасан шаардлага гаргах ёстой байх. 2015 оны 12 сарын 23-ны өдөр мэдсэн асуудал дээр 2019 онд бие даасан шаардлага гаргасан тул захиргааны хэргийн шүүхэд хандах ерөнхий хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Захиргааны байгууллага чиг үүргээ хуульд заасан үндэслэл журмын дагуу биелүүлэх үүрэгтэй. Гэтэл үүргээ биелүүлээгүй байж танай газар илүү байна, хэн нэгний газартай давхацсан гэдэг хууль бус үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчиж байгаа нь хууль бус юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байгаа. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хувьд үндэслэлгүй, шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
2. Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “... Иргэн Ч.Лд аймгийн Засаг даргын 2004 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар захирамжаар 480 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн.
Иргэн Ц. Уийн худалдаа үйлчилгээний зориулалттай 185 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 05-ны өдрийн А/609 дүгээр захирамжаар, А.Өгийн үйлчилгээний зориулалттай 84 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 05-ны өдрийн А/610 дугаар захирамжаар Ч.Л тус тус шилжүүлэн авч, нийт 749 мкв газрыг эзэмших эрхтэй болсон.
Нийт эзэмшил газар болох 749 мкв газраас 2015 оны 1 дүгээр сарын 21-ний
өдрийн А/24 дүгээр захирамжаар шинээр баригдсан барилгын материалын дэлгүүрийн доод газар 154 м.кв газрыг гэрчилгээжүүлэн авсан. Үлдсэн талбай болох 595 м.кв газрыг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/566 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг тогтоон баталгаажуулахдаа үндэслэлгүй 38 м.кв газрыг давхардуулан нэмж олгосныг аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/385 дугаар захирамжаар хүчингүй болгож, иргэн Ч.Лд холбогдох 595 мкв газрыг хэвээр үлдээж, энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны 7 сарын 24-ний өдрийн А/254 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Иймд А/385 тоот захирамж үндэслэлтэй” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Л анх 480 м.кв газрыг эзэмшиж байсан. Тэр зураг нь шинжээч нарын дүгнэлт болон хувийн хэрэгт байгаа координатгүй, архитектор Г гэх хүний гаргасан байршлын схем зураг юм. Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын 2018 онд томилогдсон Ц.Л, Б.М нарын бүрэлдэхүүнтэй шинжээчид тухайн байгаа обьект өөрчлөгдөөгүй байгаа гэж үзээд обьектоос нь дотогш хэмжиж дүгнэлтээ гаргасан байна лээ. Тэгэхэд одоо байгаа 633 м.кв газар нь огт үндэслэлгүйгээр энд тэнд чөлөөтэй байсан газрыг хамаад кадастр хийлгэсэн байсан. 480 м.кв газрын кадастрын зураг нь буруу зурагдсан. Өөрөөр хэлбэл барилга, обьектыг хаагуур нь хуваахыг тодорхой тусгаагүй, обьектыг оруулахгүйгээр гаднах газрыг хэмжихэд 480 м.кв газар хүрэхгүй байдаг. Ч.Л 2012 онд иргэн Ц.Уээс 185 м.кв, А.Өгээс 84 м.кв газрыг тус тус шилжүүлэн авсан. Ингээд 480 м.кв, 185 м.кв, 84 м.кв газрууд нийтдээ 749 м.кв газар болж, үүнийг Л эзэмших эрхтэй болж байгаа юм. Гэтэл барилгын материалын дэлгүүр барихдаа өөрийн эзэмших ёстой газраасаа гадагш буюу сунгаад барьсан. Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын 2018 онд томилогдсон шинжээчийн дүгнэлт дээр тодорхой гарсан. Шинээр барьсан барилгын материалын дэлгүүр нь урагшаа 25 м.кв-аар илүү, зүүн тийшээ 56 м.кв газрыг өөрийн эзэмшиж байсан 480 м.кв газар руу оруулж барьсан. 749 м.кв газар эзэмших байснаас 154 м.кв газрыг салгаж, дахин С.Оөөр кадастрын хэмжилт хийлгүүлэхдээ 633 м.кв газраар хийлгүүлсэн. Ингээд үзэхээр Лгийн нэхэмжлээд байгаа 38 м.кв газар нь нийтийн эзэмшлийн газар юм. Өөрөө дур мэдэн хөршөө байлцуулалгүй кадастрын зураг хийлгэснээр өнөөдрийн маргаан үүсээд байна. Сүүлд гарсан шинжээчийн дүгнэлт нь кадастрын мэдээллийн санд үндэслэж хийгдсэн. Ч.Лгийн газрыг 633 м.кв газраар мэдээллийн санд буруу оруулчихсан учраас түүнд үндэслэж дүгнэлт хийгдсэн гэсэн үг. Тухайн 633 м.кв газрын зургийг эрх бүхий хүн хийгээгүй, мөн хөршөө байлцуулан хэмжилт хийгээгүй гэдгээр маргаан гарч байгаа тул Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дүгнэлт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол болохоор гарсан гэж үзэхгүй. ... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Засаг даргын захирамжийг төлөвлөхдөө кадастрын зураглалд үндэслэдэг. Тухайн үед 633 м.кв хэмжээтэй зураглал байсан учраас захирамж 633 м.кв газраар гарсан. ... Энэ 38 м.кв газар нь маргаантай байсан учраас “Т” ХХК-ийн газар 3800 м.кв газраар олгогдсон. Иймээс давхцал яригдахгүй” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р шүүх хуралдаанд: “Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Этай санал нэг байна. “Т” ХХК 2015 онд кадастрын зураглалаа хийлгэхдээ энэ газрын асуудлаа мэдсэн. “Т” ХХК-иас Н гэж иргэн 200 м.кв газрыг шилжүүлж авсан. Энэ хоёр хүн салгасан кадастраа хийлгээгүй байсан учраас Нийн шилжүүлсэн 200 м.кв газрыг оруулж 3961 м.кв-аар зураглалыг үйлдсэн. Энэ зураглал мэдээллийн санд бүртгэгдээгүй. Бидний хувьд энэ газрыг “Т” ХХК-д авч өгөх гэж байгаа юм биш. Ер нь бол маргаад байгаа 38 м.кв газрын давхцал хаана байгааг мэдэхгүй. Энэ газрыг хэнд өгөх нь шийдвэрлэгдээгүй байна. Шүүх хэний газар болохыг шийдэх байх” гэв.
Гуравдагч этгээд “Т Б ХХК”-ийг төлөөлж С.Ө шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 11 сарын 01-ний А/385 тоот “ газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” захирамж хууль зүйн үндэслэлтэй. Ч.Лгийн эзэмшлийн газар нь “Т” ХХК-ийн эзэмшил газартай давхацсан гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ газрыг манай компанийн мэдэлд шүүх өгөх байх гэж бодож байна. Яах аргагүй манай газар. Миний хэнэггүй байдлыг далимдуулж авсан. Анх нэг контейнер байсан. Би тухайн үед Лг контейнероо ав, гүйдэг хаалга хиймээр байна гэхэд аваагүй харин ч контейнероо хойш нь зөөж 2 контейнерын зайтай болгосон байсан. Бие даасан шаардлагаа дэмжиж байна” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Л Дундговь аймгийн Засаг даргын 2004 оны 32 тоот захирамжаар 480 м.кв газар, 2012 онд Уээс 185 м.кв газар, Өгээс 84 м.кв газар нийтдээ 749 м.кв газрыг эзэмшиж байсан. Үүнээс барилгын материалын дэлгүүрийн доорх газар 154 м.кв газрыг хасахаар 594 м.кв газрыг Ч.Л эзэмшинэ гэсэн тоо гарч ирнэ. Гэтэл яагаад үндэслэлгүйгээр 38 м.кв газрыг илүү эзэмших гэснийг ойлгохгүй байна. Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/385 тоот захирамжаар өмнөх захирамжаа зөвтгөөд Ч.Лг 594 м.кв газар эзэмших ёстой гэж гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Ч.Лд 594 м.кв газар байх ёстой. 38 м.кв газрыг ямар эрх зүйн харилцааны үндсэн дээр эзэмших гээд байгаа нь ойлгомжгүй байна. Ч.Л “миний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна” гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Яг ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөд байгааг гайхаж байна. Учир нь Лгийн эзэмших ёстой газрууд бүгд нийлээд 595 м.кв газар. Гэвч нэмж 38 м.кв газрыг эзэмших гэж байгаа нь үндэслэлгүй. Өмнөх шүүх хурал дээр бид 38 м.кв газар яг хаана байгааг хэлж мэдэхгүй байсан тул маргалдаж байсан. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/93 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 38 м.кв газар хаана байгааг хэлж өгсөн. Тухайн дүгнэлтийн 4-р заалтад 38 м.кв газар нь Ч.Лд эзэмшүүлсэн 633 м.кв газрын зүүн хэсэгт бүхэлдээ багтаж байна. 7-р заалтад 38 м.кв талбай нь 633 м.кв талбайн зүүн хэсэгт байрлаж байна гэжээ. Байршил тодорхой болсон тул Ө, У нараас авсан баруун талд байгаа газрын талаар ярих шаардлагагүй. 633 м.кв газрыг кадастрын мэдээллийн санд оруулсан үйлдэл нь хууль бус. Энэ шинжээчийн дүгнэлтүүд нь кадастрын мэдээллийн санд байгаа мэдээлэл дээр үндэслэж гарсан тул сүүлд гарсан шинжээчийн дүгнэлт хууль зүйн хувьд эргэлзээтэй. 633 м.кв газар гэж кадастрын мэдээллийн санд орчихсон учраас дүгнэлтүүд буруу гарч байна. Иймээс 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй.
М 2002 онд контейнерыг энэ газарт байрлуулсан гэж байна. Гэвч 3 дугаар хавтаст хэргийн 35-р хуудсанд Ганзоригийн мэдүүлэг байдаг. Уг мэдүүлэгт 2004 онд захыг зарахад контейнер байгаагүй гэдэг. Бидний өмнө талаас нь авсан зураг дээр шашны дэлгүүрийн зураг тод харагддаг. Энэ шашны дэлгүүрийн доорх газар нь 480 м.кв газартаа орсон талаар баримт байхгүй. С, Г нарын мэдүүлгээс үзэхэд энэ контейнер нь шашны дэлгүүр баригдсан газрын зүүн талд нь байсан. Л дэлгүүрээ барихын тулд контейнероо хойш нь зөөсөн байгаа юм. Иймд Мын 2002 онд контейнер тавьсан гэдэг нь үндэслэлгүй. 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ч.Л газрын албанд хүсэлт гаргахдаа 480 м.кв газрын гэрчилгээг шинэчилж өгнө үү гэсэн байдаг. 633 м.кв газрын гэрчилгээг шинэчлүүлэх хүсэлтийг гаргаагүй. Гэтэл Оийг гуйж авчираад өөрсдөө дур мэдэн хэмжилт хийлгүүлэн 633 м.кв газар болгосон байдаг. Өнөөдөр энэ 480 м.кв газарт 38 м.кв газар хамаарах уу гэдэг асуудал яригдана. У, Ө нараас шилжүүлж авсан газар бол ямар ч хамаагүй. Учир нь тухайн газрууд маргаж байгаа газрын баруун талд байна. Хавтаст хэргийн 215-р хуудсанд “Т” ХХК-д захыг хүлээлцсэн актад 3 талт бетонон хашаа гэж тодорхой байна. Өнөөдрийг хүртэл энэ бетонон хашаа өөрчлөгдөөгүй. Лгийнх шашны дэлгүүрээ энэ бетонан хашаанд тулгаж барьсан. С.Ө тэр үед юм хэлээгүй. Малгай тавьсан бол манайх гэдэг шиг контейнер тавьсан учраас манайх гэж Л маргаад байна. Анх Өлзиймаа 4517 м.кв газрыг эзэмшиж байгаад хоёр гурван хүнд шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн газар нь энэ маргаан бүхий газарт ямар ч хамааралгүй. Хойгуур байгаа газар. Сүүлд гарсан дүгнэлтээр байршил тодорхой болсон. Т, Б, С нарын дүгнэлт үндэслэлтэй. Энэ дүгнэлтэд “Т” ХХК-ийн эзэмшиж буй 4517 м.кв газарт хашаан доторх контейнер орж байна гэсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэсэн байр суурьтай байна.
Бие даасан шаардлагаа дэмжиж байна. Учир нь анхнаасаа буруу хийгдсэн кадастрын мэдээллийн санд үндэслэн шинжээчийн дүгнэлтүүд гарч байна. Гэрч М Отэй цуг очсон тухайгаа мэдүүллээ. М гэдэг хүн цуг хэмжилт хийх эрхтэй юу, эрхгүй юу гэдэг ч асуудал яригдлаа. Л 2013 онд хөршийг байлцуулахгүйгээр Оөөр дур мэдэн зургийг зуруулсан. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2008 оны 83 тоот тушаалаар батлагдсан журмыг баримтлах ёстой байсан боловч баримтлаагүй. О нь тухайн үед хийж байсан албан тушаалынхаа хувьд зураглал үйлдэх болон мэдээллийн санд оруулах эрхгүй этгээд байсан. Мөн хүсэлт цохогдоогүй байхад өөрөө очиж зургийг зурсан байдаг. 480 м.кв газрын гэрчилгээгээ шинэчлүүлье гэсэн байхад нь 633 м.кв-аар зураглалыг үйлдсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар тухайн захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Ч өмгөөлөгч тодорхой ярьсан болохоор нэмэлт тайлбар алга. Харин энэ маргаан анх яаж үүссэн, хэзээ мэдсэн талаар ярья. 2017 онд “Т Б” ХХК-ийн захирал С.Ө иргэний хэргийн шүүхэд захын хашаанд удаан хугацаагаар байрлуулсан контейнерийг авахыг Ч.Лд даалгах, мөн байрлуулсан хугацааны түрээсийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор хариуцагч талаас 2013 онд С.Өд мэдэгдэхгүйгээр түүний газраас бусдад олгосон захирамжийг нотлох баримтаар 2017 онд гаргаж ирүүлснээр захирамж гарсан болохыг мэдсэн. Аймгийн засаг даргад С.Өгийн зүгээс гомдол гаргаснаар тухайн захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт нэхэмжлэгч талаас гомдол гаргаснаар энэ асуудал одоо шийдэгдэх гэж байна. Гуравдагч этгээдийн зүгээс энэ захирамжийг хүчингүй болгох асуудал дээр ямар нэгэн гомдол гаргаагүй. Харин энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцсон үеэс газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын мэргэжилтэн хуулиар эрх олгогдоогүй байхад бусдын эзэмшил газрыг тодорхой хуулийг зөрчиж хэмжилт хийсэн, кадастрын мэдээллийн санд бүртгэсэн нь хууль бус байна гэдгийг мэдсэн цаг хугацаанаас эхлэн шаардах эрхээ хэрэгжүүлж бие даасан шаардлагаа гаргасан. Хариуцагч тал бидний шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
Иргэдийн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тухайн маргаан бүхий газар нь С.Өгийн газар юм байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Л нь тус шүүхэд “Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/254 тоот захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/385 тоот захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгчээс “... Дундговь аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/566 тоот захирамжаар эзэмшсэн 633 м.кв газраас үндэслэлгүйгээр 38 м.кв газрыг хассан ...”, хариуцагчаас “... Иргэн Ч.Л нь аймгийн Засаг даргын 2004 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар захирамжаар 480 м.кв, мөн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/609, А/610 дугаартай захирамжуудаар 185 м.кв, 84 м.кв газруудыг иргэн Ц.У, А.Ө нараас үйлчилгээний зориулалтаар тус тус шилжүүлэн авч, нийт 749 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. Нийт эзэмших ёстой 749 м.кв газраас 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар шинээр баригдсан барилгын материалын дэлгүүрийн доод газар 154 м.кв газрыг гэрчилгээжүүлэн авсан. Үлдсэн талбай болох 595 м.кв газрыг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/566 дугаар захирамжаар эзэмшил газрын хэмжээг тогтоон баталгаажуулахдаа үндэслэлгүй 38 м.кв газрыг давхардуулан нэмж олгосныг аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/385 дугаар захирамжаар хүчингүй болгосон. ... “Т” ХХК 2015 онд кадастрын зураглалаа хийлгэхдээ энэ газрын асуудлаа мэдсэн. “Т” ХХК-иас Н гэж иргэн 200 м.кв газрыг шилжүүлж авсан. Энэ хоёр хүн салгасан кадастраа хийлгээгүй байсан учраас Нийн шилжүүлсэн 200 м.кв газрыг оруулж 3961 м.кв-аар зураглалыг үйлдсэн. Энэ зураглал мэдээллийн санд бүртгэгдээгүй. Энэ 38 м.кв газар нь маргаантай байсан учраас “Т” ХХК-ийн газар 3800 м.кв газраар олгогдсон. Иймээс давхцал яригдахгүй. ... ” гуравдагч этгээдээс “ ... Захын хашаан дотор контейнер байрлуулсан 38 м.кв газар яах аргагүй манай газар. Ч.Л нь 38 м.кв газрыг ямар ч үндэслэлгүйгээр эзэмших гэж байна. “Т” ХХК-д захыг хүлээлцсэн актад 3 талт бетонон хашаа гэж тодорхой бий. Мөн Т, Б, С нарын дүгнэлт үндэслэлтэй. ... О нь тухайн үед хийж байсан албан тушаалынхаа хувьд зураглал үйлдэх болон мэдээллийн санд оруулах эрхгүй этгээд байсан. Мөн Лгийнх хашаан доторх газрыг хөршийг байлцуулахгүйгээр дур мэдэн хэмжүүлж зургаа зуруулсан. Бие даасан шаардлагаа дэмжиж байна ...” гэж тус тусын тайлбарыг гаргаж, маргана.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/385 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
а/ Маргаан бүхий уг захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг тус тус үндэслэн нэгдүгээр заалтаар “Ч.Л Сайнцагаан сумын төвийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт /Хүнсний захын баруун урд талд/ байршилтай газрыг Ц.У, А.Ө нараас шилжүүлэн авсан ба Ч.Лгийн аймгийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар захирамжаар эзэмших байсан 480 м.кв газартай нэгтгэн аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/566 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалттай 633 м.кв болгон эзэмшил газрын хэмжээг тогтоож баталгаажуулахдаа газрын хэмжээг буруу тогтоож, 38 м.кв газрыг үндэслэлгүй давхцуулан газрын хэмжээг нэмсэн байна. Иймд иргэн Ч.Лгийн газрын хэмжээг 595 м.кв-аар тогтоон эзэмшүүлж, үлдсэн 38 м.кв газрыг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байна.
Ч.Лд Дундговь аймгийн Засаг даргын 2004 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар захирамжаар худалдаа үйлчилгээний зориулалтаар 480 м.кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж 2004 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмших эрхийн 0009777 дугаар гэрчилгээг олгосон /хэргийн 1 дэх хавтасны 192, 248-р хуудас/ ба мөн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/566 дугаар захирамжаар уг газрын хэмжээг нэмэгдүүлж, 633 м.кв болгон Дундговь аймгийн Засаг даргын 2004 оны 32 дугаар захирамжийн Ч.Лд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 1 дэх хавтасны 220-р хуудас/
“Т” ХХК-д Дундговь аймгийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 300 дугаар захирамжаар худалдаа үйлчилгээний зориулалтаар анх 4517,5 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 0009880 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон /хэргийн 1 дэх хавтасны 218, 219-р хуудас/ бөгөөд мөн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 341 /хэргийн 3 дахь хавтасны 153-р хуудас/, 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/413 дугаар захирамжаар “Т” ХХК-ийн эзэмшил газраас иргэн Л.Эрдэнэцэцэг, Ц.Энхтуяа нарт орон сууцны зориулалтаар 200 м.кв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн эзэмшилд 178 м.кв, иргэн Н овогтой Нид 200 м.кв газрыг /хэргийн 4 дэх хавтасны 50-р хуудас/ тус тус шилжүүлж, аймгийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/413 дугаар захирамжид үндэслэн “Т” ХХК-д 3800 м.кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0208470 дугаар гэрчилгээг 2010 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр олгосон байна. /хэргийн 2 дахь хавтасны 213-р хуудас/
Хариуцагчаас Дундговь аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/566 дугаар захирамжаар Ч.Лд 480 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж, 633 м.кв газар болгон өөрчлөхдөө Т ХХК-ийн газрыг давхцуулж эзэмшүүлсэн гэх боловч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/93 дугаар шинжээчийн дүгнэлтийн 5 дахь заалтад “Дундговь аймгийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/413 дугаар захирамж, 0208470 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “Т” ХХК-ийн эзэмшсэн 3800 м.кв газрын кадастрын зургийн солбицлийн утгыг боловсруулан Дундговь аймгийн Сайнцагаан сумын Газрын мэдээллийн сангийн зурган мэдээлэл, шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулж үзэхэд одоо байгаа контейнер болон контейнерээс урагш цементэн хашаа хүртэл улбар шар өнгийн төмрөөр зүүн талаас нь хааж битүүлсэн хашааны доорх газар нь уг А/413 дугаар захирамжаар 3800 м.кв газарт хамаарахгүй байна” гэх /хэргийн 4 дэх хавтасны 20-р хуудас/ дүгнэлт гарсан байна.
Тодруулбал “Т” ХХК-д цаг хугацааны хувьд 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр буюу Ч.Лгийн 480 м.кв газрын хэмжээ нэмэгдэж, өөрчлөгдөхөөс өмнө 3800 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан, уг 3800 м.кв газарт маргаан бүхий газар нь хамааралгүй буюу давхцалгүй байхад Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/385 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг үндэслэн Ч.Лд эзэмшүүлсэн 633 м.кв газраас 38 м.кв газрыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон газар эзэмших эрхэд халдсан гэж үзэх үндэслэл болж байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшихэд тавигдах шаардлагыг тодорхойлсноос бус, тэдгээр үндэслэлээр шийдвэр гаргахад баримтлах журмыг нарийвчлан зохицуулаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болон 3.4-д “... захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасны дагуу энэ харилцаанд Захиргааны ерөнхий хууль үйлчилнэ, тодруулбал газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захиргааны байгууллагын шийдвэр, түүнийг гаргах ажиллагаа нь бүхэлдээ энэ хуульд нийцсэн байхыг шаардана.
Захиргааны байгууллагаас “газар эзэмших эрх буюу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход чиглэсэн ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа дуусгавар болсноос хойш сонсох ажиллагаа хийхгүй”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гэж заасныг бүрэн хэрэгжүүлээгүй ба А/385 дугаар захирамжийг гаргахдаа тус хуулийн 29 дүгээр зүйлд заасан хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг зохих журмын дагуу хөтлөөгүй байна.
Дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтуудын агуулгыг тоймловол “тухайн шийдвэрийг гаргахад шууд хамааралтай, зайлшгүй ач холбогдолтой бодит нөхцөл байдлыг судлан тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах, сонсох ажиллагааны мэдэгдлийг хуульд заасан шаардлага журмын дагуу хүргүүлэх, шийдвэр гаргах ажиллагааны хугацааг тодорхойлох, бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг нэгбүрчлэн хангасан байх” нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг илэрхийлнэ.
Гэтэл хариуцагч нь маргаан бүхий А/385 дугаар захирамжийг гаргахдаа түүнд баримталсан хуулийн хэм хэмжээнд тохируулан, “газрын хэмжээ буруу, байршил давхацсан” гэх үйл баримтыг баримтаар шалган тогтоогоогүй нь үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “ хэний газар болохыг одоо шүүх тогтооно” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Захиргааны байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэр, түүнийг гаргах үйл ажиллагаа нь хуулиар олгосон эрхийн хүрээнд, тогтоосон шаардлагын дагуу байх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “захиргаанаас хууль зөрчсөн ямарваа үйлдэл хийхийг хориглох, хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглох” агуулга бүхий “хуульд үндэслэх зарчим”-д нийцнэ.
б/Ч.Л, Л.М нар нь 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Ц.Утэй, 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр А.Өтэй тус тус газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Дундговь аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/609, А/610 дугаар захирамжаар Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэр /Хүнсний захын баруун урд талд/ байршилтай Ц.Уийн эзэмшиж байсан 185 м.кв, А.Өгийн эзэмшиж байсан 84 м.кв газрыг тус тус /хэргийн 1 дэх хавтасны 79, 80, 92, 94, 97-р хуудас/ Л.М, хамтран эзэмшигч Ч.Л нарт худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Улмаар Л.М Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр “... хүнсний захын баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 185 м.кв, 84 м.кв газруудыг нэгтгэн ... одоо байгаа кадастрын зургийн хэмжээ 153 м.кв-аар гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж / хэргийн 1 дэх хавтасны 62-р хуудас/, Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар дээрх 185 м.кв, 84 м.кв газруудыг нэгтгэн газрын хэмжээг 154 м.кв газраар тооцон 28 жилийн хугацаатайгаар Л.М, Ч.Л нарт эзэмшүүлэхээр шийдвэрлэж 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийн 000531169 дугаар гэрчилгээг /хэргийн 1 дэх хавтасны 203-р хуудас/ олгожээ. Энэхүү 154 м.кв газрын байршил нь маргаан бүхий газарт хамааралгүй, мөн Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/24 дүгээр захирамж болон 000531169 дугаар гэрчилгээ нь хуулийн хүчин төгөлдөр байх ба хэргийн оролцогч нараас дээрх захирамжтай холбогдуулан маргаагүй болно.
2. Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/254 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “ ... аймгийн Засаг даргын А/385 тоот захирамж хүчингүй болсноор А/254 тоот захирамжийн үйлчлэл хэвээр үлдэх тул 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/254 тоот захирамжийг хүчингүй болгох шаардлагаа дэмжиж байна “ гэх тайлбарыг гаргадаг ч Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/385 дугаар захирамжийн 2 дахь заалтаар А/254 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна. Иймээс эрх зүйн үйлчлэлгүй буюу нэгэнт хүчингүй болсон захирамжийг шүүхээс хүчингүй болгох нь үндэслэлгүй юм.
3. Гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Өгаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан “С.Оийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн иргэн Ч.Лгийн эзэмшиж буй газрын байршлын кадастрын зураг болон 633 м.кв газраар кадастрын мэдээллийн санд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлагын тухайд:
Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/385 дугаар захирамж хүчингүй болж, Ч.Лд 633 м.кв газрыг эзэмшүүлэх эрх сэргэсэн тул гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлага хангагдах боломжгүй байна. Түүнчлэн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “... О нь тухайн үед хийж байсан албан тушаалынхаа хувьд зураглал үйлдэх болон мэдээллийн санд оруулах эрхгүй этгээд байсан...” гэх тайлбарыг гаргадаг ч маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэрийн улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/566 дугаар захирамжаар Ч.Лд газрыг нэмэгдүүлж эзэмшүүлэхдээ “Т” ХХК-ийн газар давхцаж олгогдоогүй байх тул дээрх үндэслэлээр бие даасан шаардлагыг хангах нь үндэслэлгүй юм. Иймд гуравдагч этгээдээс гаргасан “... 633 м.кв газраар кадастрын мэдээллийн санд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ний өдрийн 04 дугаар тогтоолоор дахин шинжээч томилсон бөгөөд шинжээч нар хяналтын ажлын өртөгт нийт 2485637 төгрөгийг нэхэмжилжээ. Үүнээс тус шүүхийн тамгын газар 2019 оны төсөвт тусгагдсан 2 сая /2000000/ төгрөгийг “Г ХХК”-д шилжүүлж, 485637 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ”, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараах журмаар тодорхойлно”, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар ... нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд шинжээчийн зардалд нийт гарсан 2485637 төгрөгийг хариуцагч Дундговь аймгийн Засаг даргаар нөхөн төлүүлэхээр, нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа илүү төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгохоор шийдвэрлэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.13, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Лгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/385 тоот захирамжийг хүчингүй болгож, үлдсэнийг буюу Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/254 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс гаргасан “ ... 633 м.кв газраар кадастрын мэдээллийн санд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 45 дугаар зүйлийн 45.1.2, 45.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн зардалд нийт 2485637 /хоёр сая дөрвөн зуун наян таван мянга зургаан зуун гучин долоон/ төгрөгийг хариуцагч Дундговь аймгийн Засаг даргаас нөхөн гаргуулсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70200 төгрөгийг аймгийн татварын хэлтсийн данснаас, мөн хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.