Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0237

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С З” ХХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 118/ШШ2023/0008 дугаар шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Гомдол гаргагч “С З” ХХК

Хариуцагч Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Н

Шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч “С З” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Э

Хариуцагч Ч.Н

Хариуцагчийн өмгөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш

 

Хэргийн индекс: 118/2023/0004/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 118/ШШ2023/0008 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдийг баримтлан “С З” ХХК-ийн гомдлыг хангаж, Завхан аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Нын Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 0045353 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон” шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Н дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Завхан аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.А нь У сумын Ж багт байрлах З нэртэй дэлгүүрээс 700 граммаар савлагдсан "Айдабульская" нэртэй 2 шил архи, 750 граммын савлагаатай JP chenet нэртэй 2 шил дарсыг тус тус хураан авсан болох нь "Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай" 2022 оны 12 дугаар сарын 22-ны тэмдэглэлээр тогтоогдсон. Энэхүү хууль бус үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйл, Онцгой албан татварын хууль тогтоомж зөрчих тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан ... “ гэх зөрчлийн шинжийг бүрэн хангасан байсан тул эрх бүхий албан тушаалтан миний бие зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж шийтгэлийн хуудас бичиж зохих хариуцлагыг хүлээлгэсэн.

Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн: ... Хариуцагчаас онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдахаар лангуун дээр байрлуулсан байгаа нь өөрөө зөрчлийн шинжтэй үйлдэл гэж маргаж байх ба Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлд заасан “...худалдсан, борлуулсан" гэх ойлголт нь төгс үйлдэгдэж зарж худалдаж дуусгах, үнэ авч арилжин өгөх тухай ойлголт бөгөөд онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдан борлуулсан тохиолдолд зөрчилд тооцогдохоор байна. Мөн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт зааснаар онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар тэмдэггүй согтууруулах ундаа..”-г худалдахыг тус тус хориглосон байна. Үүнээс үзэхэд онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдахыг дээрх хуулийн зохицуулалтуудаар хориглосон ба худалдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар байна...” гэжээ. Дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь тухайн дэлгүүрийн согтууруулах ундаа худалдан борлуулах зориулалттай лангуу дээр тавигдсан үйл баримтыг анхан шатны шүүх дээрх зөрчлийг зөрчил биш байна гэж дүгнэсэн нь дараах муу үр дагавартай нөхцөл байдлыг үүсгэхээр байна. Тухайн зөрчил нь нэг шил эсхүл олон шил байх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ба тухайн дэлгүүрийн лангуу дээр байх бүх согтууруулах ундаа нь онцгой албан татварын тэмдэггүй байвал зөрчил биш харин тэр лангуу дээр өрсөн байгаа тэмдэггүй согтууруулах ундаанаас нэгийг иргэн хүн худалдан авсан бол зөрчил гэж шүүх дүгнэсэн байна, Тухайлбал анхан шатны шүүхийн дүгнэлтээр томоохон сүлжээ дэлгүүр номин, миний дэлгүүрийн согтууруулах ундаа худалдан борлуулах зориулалттай хэсэгт байх бүх архи, согтууруулах ундаа онцгой албан татварын тэмдэггүй байж болно. Энэ нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил биш харин түүнийг нэг иргэн худалдан авахад зөрчлийн шинжтэй болж зөрчлийн хэрэг үүсэхээр ойлгогдож байна. Бүр цаашилбал Монгол Улсад архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй Улаанбаатар хотоос гадна 21 аймгийн бүх аж ахуйн нэгж түүний дэлгүүр, супермаркет, ресторан, онцгой албан татварын тэмдэггүй байж болохоор ойлголтыг дээрх аж ахуйн нэгжүүдэд өгөхөөр байна. Үүний үр дагавар нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулиудын зорилт, үйлчлэлийг бууруулах, хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсний үр дүнд худалдан борлуулах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд дээрх хуулийг гажуудуулах боломж олгож, онцгой албан татварын тэмдгийн хэрэгжилтийг хэн ч биелүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ба хууль бус нийлүүлэлт, хууль бус далд эдийн засаг үүсч хэдэн зуун тоннын бүртгэлгүй согтууруулах ундаа эргэлтэд орох эрсдэлтэй юм.

Өөрөөр хэлбэл Монгол улсад үйлдвэрлэсэн болон импортолсон бүх согтууруулах ундааг Монгол Улсад согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй бүх дэлгүүр, үйлчилгээний газрууд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдан борлуулах хэсэгтээ буюу лангуун дээрээ тавьсан нь ямар ч хууль зөрчөөгүй, ямар нэгэн хариуцлага хүлээхгүй нөхцөл байдал үүсэж, Монгол Улс согтууруулах ундааны эргэлтийн хяналтаа алдаж, тэмдэггүй согтууруулах ундаануудыг зөвхөн иргэн хүнд худалдсан, үйлчилсэн тохиолдлын эргэлтийн бүртгэл хөтлөгдөх болж байна. Мөн анхан шатны шүүх: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 2 дахь хэсэгт Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ” гэж заасан бөгөөд уг заалтын дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган тогтоохдоо шаардлагатай нотлох баримтуудыг дээр дурдсан хуульд зөвшөөрөгдсөн арга замаар цуглуулж бэхжүүлэн, зөрчлийн хэрэг бүртгэлийн материал бүрдүүлэх үүрэгтэй байна.

Гэтэл 2323000013 дугаартай зөрчлийн хэргийн материалд "З" нэртэй дэлгүүрээс татварын тэмдэг, наалтгүй, "Айдабульская" нэртэй, 39 хувийн спиртийн агууламжтай, 700 граммаар савлагдсан 2 шил архи, "Жэй пи ченет" нэртэй, 750 граммаар савлагдсан 2 шил дарсыг хураан авсан тухай тэмдэглэл, мөн дэлгүүрийн худалдагч Б.Пү-д 2 шил архи заруулахаар өгсөн тухай гэрч Ш.Л-ын мэдүүлгээс өөр нотлох баримт авагдаагүй байх ба дээрх баримтуудаар “С З” ХХК-ийг “онцгой албан татварын тэмдэггүй архи худалдсан, борлуулсан" гэх зөрчил үйлдсэн гэж буруутгах боломжгүй юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ", 7.1 дүгээр зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1-д "тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх", мөн зүйлийн 1.3-т "тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх" гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан тухайн үйлдэл, эс үйлдэхүй Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчлийн шинжийг хангасан гэдгийг холбогдох нотлох баримтаар бүрэн тогтоосны эцэст шийтгэл оногдуулах нь "процессын шударга ёсны зарчимд нийцэхээр байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Шийтгэлийн хуудсанд “С З” ХХК-ийг ямар зөрчилд буруутгаж байгааг тодорхой тусгаагүй, ямар зөрчил гаргасан гэж үзсэн нь ойлгомжгүй, давж заалдах гомдол гаргах эрх, журмын талаар тусгаагүй" гэж тайлбарлаж байх ба маргаан бүхий 0045353 дугаартай шийтгэлийн хуудсанд дээрх агуулгууд тусгагдаагүй тул энэ талаарх өмгөөлөгчийн тайлбар үндэстэй байгааг дурдах нь зүйтэй ... гэж үндсэн зөрчлийг үгүйсгэх хэмжээний биш жижиг процессын зүйлд ач холбогдол өгч дүгнэсэнд гомдолтой байна. Уг зөрчлийг илрүүлсэн байгууллага нь Цагдаагийн байгууллага, түүний холбогдох албан тушаалтан албаны шалгалтын явцад дээрх зөрчлийг илрүүлэн, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг гүйцэтгэсний дараа хариуцлага хүлээх эрх бүхий албан тушаалтан биш байсны улмаас тухайн хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн материалын хамт харьяаллын дагуу эрх бүхий албан тушаалтанд шилжүүлсэн байдаг. Нэгэнт зөрчлийн хэргийн шинжтэй холбогдох баримт материалыг хууль заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхад дахин нотлох шаардлагагүй. Мөн тухайн согтууруулах ундааг биш байсан өөр зүйл байсан эсэхэд хэн аль нь маргаагүй, зөрүүтэй зүйл огт байхгүй, ил тод үйл баримт байхад анхан шатны шүүхээс онцгой албан татварын тэмдэггүй, согтууруулах ундаа байсан эсэхийг бүрэн дүүрэн шалгаагүй гэж маргаангүй зүйлд дүгнэлт өгснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дээрх дүгнэлт нь эрх бүхий албан тушаалтын шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл байдал биш бөгөөд тухайн согтууруулах ундааг хураан авсан үйл баримтаас гадна бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа болно. Анхан шатны шүүхээс жижиг процессын үйл баримтад дүгнэлт хийхдээ “процессын шударга ёсны зарчим”-ыг зөрчсөн гэх хууль байхгүй зарчмыг үндэслэсэн байгаа нь дээрх үндсэн зөрчлийг үгүйсгэх нөхцөл байдал биш юм. Процессыг шударга бусаар буюу хэн нэгэн этгээдэд давуу байдал олгож, тэгш бус хандаж, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь ноцтойгоор зөрчин, хязгаарлаж явуулсан нөхцөл байдал огт байхгүй ба тухайн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох, архидан согтуурахтай тэмцэхэд үндсэн шударга ёсны зарчим алдагдаж байна.

Мөн анхан шатны шүүхээс:” ...Энэ маргааны тухайд хариуцагч нь цагдаагийн байгууллагаас ирүүлсэн материалд үндэслэн шийтгэл оногдуулсан гэж тайлбарлаж байгаа ба “С З” ХХК-ийг татварын тэмдэггүй архи худалдсан, борлуулсан үйлдлийг баримтаар тогтоогоогүй мөртлөө тухайн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх; 1.3.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх..." гэж заасныг зөрчсөн байна гэжээ. Уг зөрчлийг дээрх Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл ногдуулсан бөгөөд өөр хууль тогтоомжид нарийвчлан заагаагүй ба анхан шатны шүүх зөвхөн худалдсан гэх үйл баримтад ач холбогдол өгч харин борлуулсан гэх үйл баримтад ямар нэгэн дүгнэлт өгөөгүй. Дэлгүүрийнхээ согтууруулах ундаа худалдан борлуулах зориулалттай лангуу дээр иргэдэд худалдан борлуулахаар тавьсан идэвхтэй үйлдэл гаргасан нь энэ зүйлчлэлд бүрэн хамаарна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан” бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан нь согтууруулах ундаа, тамхийг онцгой албан татварын тэмдэггүй л бол бэлтгэн нийлүүлэх, экспортлох, худалдах, борлуулахыг бүх үе шат, дамжлэагад ямар ч тохиолдолд хориглосон зохицуулалт болохыг шүүх анхаараагүй. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалт нь хэм хэмжээний бүтэц, дарааллын хувьд таслалаар зааглагдсан “бэлтгэж нийлүүлсэн”, “экспортолсон”, “худалдсан”, “борлуулсан” гэх тус бүртээ бие даасан зөрчил болохыг хуульчилсан. Дээрхээс үзвэл худалдсан гэдэг нь худалдан борлуулагч /дэлгүүр, хувь хүн/ зарах үйлдлийг, харин борлуулсан гэдэг нь худалдаж байгаа зүйл /архи, тамхи/ нь борлогдож, худалдан авагчид шилжиж, борлуулагч орлого орсон байх үйлдлийг тодорхойлсон болох нь тодорхой байхад худалдсан, борлуулсан үйлдлийн ялгаа заагийг гаргахгүйгээр шийдвэрлэсэн байна. Зөрчил үйлдээгүй гэх үйл баримтыг анхан шатны шүүхээс нотлох баримтаар няцаалт өгөөгүй.

Анхан шатны шүүхээс “... маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл... нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж...-д тохирсон байна" гэж заасан зарчим ... нийцэхгүй байна” ... гэжээ. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 -д "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл... нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж-...д тохирсон байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байгаад тухайн хуулийн зүйлд заалтад заасан хариуцлага нь олон сонголттой зохицуулалт биш бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас өөрийн дураар бууруулах, хуульд зааснаас өөр хэлбэрийн шийтгэл ногдуулах боломжгүй юм. Мөн анхан шатны шүүхээс гомдол гаргагчаар шийдвэрлэж байгаа эсэх, нэхэмжлэгчээр шийдвэрлэж байгаа эсэх нь тодорхой шүүхийн шийдвэр ойлгомжтой тодорхой байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Нын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045353 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, Завхан дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 118/ШШ2023/0008 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 1. “С З” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Завхан аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045353 дугаар шийтгэлийн хуудсаар тус компанийг Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

2. Анхан шатны шүүх “... “С З” ХХК-ийг татварын тэмдэггүй архи худалдсан, борлуулсан үйлдлийг баримтаар тогтоогоогүй, ямар зөрчилд буруутгаж байгааг шийтгэлийн хуудаст тодорхой тусгаагүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байна.

3. Татварын улсын байцаагч нь тайлбар болон давж заалдах гомдолдоо “ ... цагдаагийн ажилтан зөрчлийг илрүүлж, нэгэнт зөрчлийн хэргийн шинжтэй холбогдох баримт материалыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхад дахин нотлох шаардлагагүй, ... анхан шатны шүүхээс онцгой албан татварын тэмдэггүй, согтууруулах ундаа байсан эсэхийг бүрэн дүүрэн шалгаагүй гэж маргаагүй зүйлд дүгнэлт өгснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэжээ.

3.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3-д тус тус зааснаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган тогтоохдоо шаардлагатай нотлох баримтуудыг хуульд зөвшөөрөгдсөн арга замаар цуглуулж бэхжүүлэн, зөрчлийн шинжийг хангасан гэдгийг холбогдох нотлох баримтаар бүрэн тогтоосны эцэст шийтгэл оногдуулах үүрэгтэй байх бөгөөд татварын улсын байцаагч энэ үүргээ биелүүлээгүй энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарласан байна.

3.2. Тодруулбал шүүхэд гаргасан гэрч Б.П-гийн мэдүүлэгт “... 2 шил дарсыг Хүлэг бөөний төвөөс худалдаж авдаг. ...  акц нь унасан л байх, унасныг мэдээгүй...” гэж тайлбар өгсөн байхад хариуцагч татварын улсын байцаагч нь хаанаас хэзээ, ямар хэмжээтэй худалдаж авсан, хэдийг нь худалдсан талаарх  анхан шатны баримт, бүртгэлтэй тулган шалгаж зөрчлийг тогтоохгүйгээр “...цагдаагийн байгууллагаас зөрчлийг илрүүлж, харьяаллын дагуу ирүүлсэн тул дахин нотлох шаардлагагүй...” гэж үзэн дээрх хуульд заасан зөрчил шалгах ажиллагаа явуулах, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, нотлох үүргээ биелүүлээгүй байх тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй.

4. Мөн давж заалдах гомдолд “... анхан шатны шүүх зөвхөн  “худалдсан” гэх үйл баримтад ач холбогдол өгч харин борлуулсан гэх үйл баримтад ямар нэгэн дүгнэлт өгөөгүй, хуульд зааснаар өөр шийтгэл оногдуулах, бууруулах боломжгүй ...” гэжээ.

4.1. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “... тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан ... бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зөрчилд тооцох үйлдэл тус бүрийг тусгайлан заасан байхад улсын байцаагч нь нэхэмжлэгч компанийн ямар үйлдэл, эс үйлдлийг зөрчил гэж үзсэнээ шийтгэлийн хуудсанд бичээгүй нь өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой, уг хуульд заасан “худалдсан”, “борлуулсан” гэх үйлдлийг хэрхэн ялгаж тайлбарлаж, алийг нь аль баримтаар нотлогдсон гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байх тул “хуулийг буруу тайлбарласан” гэж шүүхийг буруутгасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

5. Гомдолд “... архидан согтуурахтай тэмцэх тухай болон онцгой албан татварын хуулийг хэрэгжих боломжгүйд хүргэсэн шийдвэр гаргасан ...” гэх боловч шүүхийн шийдвэрээр Зөрчлийн тухай хуульд заасан “зөрчил”-д хамаарах үйлдэл, эс үйлдлийг нотлох баримтаар бүрэн тогтоогоогүй атлаа хуулийн этгээдэд шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагчийн үйл ажиллагааны талаар дүгнэлт өгч шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн аливаа үйл ажиллагаанд дүгнэлт өгч зөв, бурууг тогтоосон шийдвэр биш тул мөн гомдлыг хангах үндэслэлгүй.

   Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 118/ШШ2023/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Нын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БААТАРХҮҮ                  

             ШҮҮГЧ                                                              О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ