Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1112

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Гүрэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00678 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Гүрэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Хуабэй куане” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 138 938 ам.доллар, гэрээнээс учирсан хохирол 5 728 383 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Цэнгүүн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь анх 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын иргэн Тиан Гуан Рү-гийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Деронг монголиа” ХХК-тай ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан билээ. Энэ компани хожим нь Монгол-Хятадын хамтарсан “Хуабэй куане” ХХК-ийг байгуулж, тусгай зөвшөөрлөө шилжүүлж, улмаар гэрээгээ нэрийг нь өөрчилж дахин үйлдсэн. Энэхүү гэрээгээр гүйцэтгэх ажил үйлчилгээ нь Баянхонгор аймгийн Шинэжинст суманд байрлалтай, захиалагчийн эзэмшлийн ашигт малтмалын 8550Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, Хөх толгойн нүүрсний хайгуулын талбайд нарийвчилсан хайгуулын ажлыг иж бүрнээр нь гүйцэтгэж, нүүрсний нөөцийг тогтоон үр дүнгийн тайлан боловсруулж Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Ашигт малтмалын газрын дэргэдэх Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хуралд хэлэлцүүлж, батлагдсан нөөцийг Улсын бүртгэлд бүртгүүлснээр уг талбайд ашиглалтын тусгай зөвшлөөрөл авч өгөх, бүхий л зөвшөөрлийг бүрдүүлэх үйл ажиллагаа болно. Гэрээний дагуу нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлан ЭБЭХЯ, АМГ-ын ЭБМЗ-ийн хуралдааны дүгнэлт болон АМГ-ын даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 459 дугаар тоот тушаалаар баталгаажиж нөөцийг улсын эрдэс баялгийн нөөцийн санд бүртгүүлсэн, шинээр тус ордын талбайд 30 жилийн хугацаатай MV-017471 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, 1 ба 2 дугаар хавсралтын хамт 2014 оны 2 дугаар сарын 04-нд хүлээн авсан, техник эдийн засгийн үндэслэлийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 18-ны хурлаар хэлэлцүүлэн батлуулж, улмаар тус зөвлөлийн 14-10-06 тоот дүгнэлтийн хамт хүлээлгэн өгсөн. БОНБНҮнэлгээний тайлан, байгаль орчин менежментийн төлөвлөгөөг 2014 оны 9 дүгээр сарын 15-нд БОНХЯ-ны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн хуралд хэлэлцүүлэн баталгаажуулан бэлэн болгож хуулбар хувийг хүлээлгэн өгсөн. Гэрээний төсвийн хувьд анх 770,000 ам.доллар байсан бөгөөд ажлын явцад өрөмдлөгийн ажлын хэмжээ багассантай холбоотойгоор буурч нийт дүнгээрээ 660 000 ам.доллар болсон. Төлбөрийн хувьд өнгөрсөн хугацаанд “Хуабэй куане” ХХК-иас нийтдээ 560 000 ам.долларыг “Гүрэн” ХХК авсан бөгөөд үлдэгдэл 100,000 ам.долларыг гэрээний 4 дэх хэсэгт зааснаар техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсны дараа авахаар тохиролцсон. Мөн ажил гүйцэтгэх явцад шинээр гарсан байгаль орчны үнэлгээний тухай хууль болон Ашигт малтмалын газраас нөөцийн тайлан хүлээж авах журамд өөрчлөлт орсны улмаас гэрээнд тусгагдаагүй, шинэ ажил үүрэг гүйцэтгэх шаардлагатай болсон ба энэ талаар “Хуабэй куане” ХХК-д танилцуулахад ажил үүргээ гүйцэтгэчих 100,000 ам.доллартай хамтатган өгье гэсний дагуу нэмэлт ажлын төлбөрийг Гэрээт ажлаа саадгүй явуулах үүднээс “Гүрэн” ХХК төлсөн. Үүнд: Нүүрсний технологийн туршилт хийлгэсэн зардал 15 000 ам.доллар, ордын байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэхэд гарсан зардал 8 800 ам.доллар, талбайн археологийн мэргэжлийн байгууллагын судалгаа дүгнэлт гаргуулсан зардал 3 200 ам.доллар нийт нэмэлт ажлын зардал 27 000 ам.доллар болсон байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 100 000 ам.доллар, нэмэлт ажлуудад зарцуулсан 27 000 ам.доллар нийлээд 127 000 ам.долларын авлагатай байна. Захиалагч ажлын үр дүнг авсан хэрнээ төлбөрөө хугацаанд төлөөгүйгээс болж манай компани “Билиг насан” ББСБ-д өөрийн хамаатан Б.Гүнчин-Одын орон сууцыг барьцаалан зээл 23 300 ам.долларын зээл авч ажил үүргээ саадгүй явуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус ББСБ-д зээлийн хүү, алдангид 5,728,383 төгрөг нийт 11,398 ам.доллараар хохирсон. ТЭЗҮ батлагдсан 2014 оны 5 дугаар сарын 29-нд үлдэгдэл төлбөрийг гэрээний үндсэн нөхцөл хэсгийн 4-т зааснаар буюу үлдэгдэл 100 000 ам.долларыг ТЭЗҮ-г ЭБМЗ-өөр хэлэлцүүлж батлуулсан үед төлнө гэсэн заалтын дагуу бид албан хүсэлт өгч нэхэмжилсэн боловч хариуд нь гүйцэтгэх захирал Сансармаа нь Тиан захирал тун удахгүй ирнэ гэсэн, ирэхээрээ уулзаж байж үлдэгдэл төлбөрийн асуудлаа ярилцъя , харин БОНБНҮ-гээ хурдан батлуулж өгөөч гэсэн хариу өгсөн. Бүтэн 3 жил гаруй хугацаанд маш их хичээл зүтгэл гаргаж, цаг заваа гарган байж хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нь 100 хувь хүртэж, хугацаа нь дуусах гэж байсан лицензээ үргэлжлүүлэн 30 жил ашиглах хугацаатай, 10 орчим сая тонн коксжих нүүрсний нөөц батлагдсан, уурхай ажиллуулах бүхий л зөвшөөрлөө бэлдүүлж авчихаад эцэст нь ингэж хохироож байгаа нь гадныхны, тэр дундаа Хятадуудын, тэдэнд ажилладаг хүн чанаргүй этгээдүүдийн увайгүй үйлдэлд үнэхээр зэвүүцэж, хууртагдан бүх ажлыг нь дуусгаж өгсөндөө харамсаж, маш их гомдолтой байна. Иймд хариуцагч “Хуабэй куане” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 100 000 ам.доллар, гэрээт ажлын явцад нэмж гарсан зардал буюу нэмэлт төлбөр 27 000 ам.доллар, гэрээний 6-гийн А-д заасныг үндэслэн нэмж нэхэмжилж буй хохирол болох 11 398 ам.доллар нийт 138 398 ам.доллар болон 5 728 383 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:  “Гүрэн” ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгох ёстой байсан гэрээний үүргээ одоог хүртэл сунжруулж, хариуцлага алдсан. Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн нөхцлийн 3-т “үйлчилгээг 2011 оны 10 дугаар сарын 15 /эхлэх огноо/ өдрөөс эхлэх бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл авч өгөх хугацаа нь 2012 оны 8 дугаар сарын 31-ний дотор, ТЭЗҮ болон БОНБНҮ-г боловсруулан холбогдох байгууллагаар батлуулах ажлыг 2012 оны 12 дугаар сарын 31-ний дотор тус тус дуусгана” гэснийг, мөн гэрээний үндсэн нөхцлийн 5-д “гэрээний талууд нөхцлийнх нь дагуу энэ гэрээг байгуулах, биелүүлэх бүрэн чадамж, эрхтэй, энэ гэрээг гүйцэтгэх, биелүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөлтэй, энэ гэрээний биелэлт нь гэрээний талд хамаарах аливаа хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчихгүй, аливаа талын үүрэг, гэрээг зөрчихгүй гэдгээ илэрхийлж батлаж байна” гэсэн заалтуудыг “Гүрэн” ХХК нь зөрчин одоог хүртэл гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жил 4 сарын хугацаа өнгөрөөд байхад бүрэн биелүүлээгүй байгаа тул гэрээний үлдэгдэл төлбөр гэж нэхэмжилсэн 100 000 ам.долларын нэхэмжлэлээс татгалзаж байна. Манай компани “Гүрэн” ХХК-тай байгуулсан энэ гэрээний үүргээ бүрэн биелүүлж тус компаниас нэхэмжилсэн тухай бүрд нь ажлын төлбөрийг өгч байсан. 2011.10.21-ний өдөр 100 000 ам.доллар, 2012.5.08-ны өдөр 240 000 ам.доллартай тэнцэх 1 513 000 юань, 2012.7.10-ны өдөр 170 000 ам.доллартай тэнцэх 1 079 200 юань, 2012.10.13, 14-ний өдрүүдэд 50 000 ам.доллартай тэнцэх 310 000 юань нийт дүн 560 000 ам.доллар төлсөн болно. “Гүрэн” ХХК нь манайхтай байгуулсан гэрээний үүргээ ноцтойгоор зөрчин үүргээ биелүүлээгүйгээс шууд шалтгаалан манай компанийн гадаад зах зээл дээрх нэр хүнд унаж, үйлдвэрлэл төлөвлөсөн хугацаандаа явагдаагүйгээс болж 8 000 000 ам.долларын өртөг бүхий хувьцааны эрх шилжүүлэх гэрээ цуцлагдаж, Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр гаргах байсан IPO-ийн ажлын хугацаа ч хойшлогдон хөрөнгө оруулагчдын болон манай компанийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавар бий болгон маш их хохирол учруулаад байна. “Гүрэн” ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний 11 дүгээр зүйлийн В-д заасан “гэрээний аливаа нэмэлт өөрчлөлтийг талууд бичгээр үйлдээгүй бол өөрчлөлт оруулсанд тооцохгүй” гэснийг зөрчиж, манайхтай ямар нэг албан ёсны нэмэлт гэрээг бичгээр байгуулахгүйгээр өөрөө дур мэдэн хийсэн зөрчил тул гэрээний заалтыг үндэслэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. “Гүрэн” ХХК нь гэрээний 3, 5 дугаар заалтуудыг зөрчин үүргээ бүрэн биелүүлээгүйгээс шалтгаалан өөрт нь хохирол учирсан байх магадлалтай боловч гэрээний 8.2-т “гүйцэтгэгч бүх хохирлоо өөрөө хариуцна” гэсэн заалттай тул нэхэмжлэлийн энэ хэсгийг мөн татгалзаж байна. Иймд дээрх 3 үндэслэлийг баримтлан “Гүрэн” ХХК манай компаниас 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар гаргасан 138 398 ам.доллар, 5 728 383 төгрөгийн дүн бүхий нэхэмжлэлийг хангахаас татгалзаж байна. “Гүрэн” ХХК нь гэрээний үүргээ үл биелүүлснээс шалтгаалан манай компани Хонг Конгийн ... компанитай 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 8550Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд Техникийн үнэлгээний зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний үнэнд 134 990 000 ам.доллар төлж алдагдалд орсон. Энэ нь “Гүрэн” ХХК-тай шууд холбоотой тул манайх “Гүрэн” ХХК-иас энэ хохирлоо албан ёсоор нэхэмжлэх болохоо мэдэгдэж байна гэжээ.

 

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Ш.Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  “Хуабэй куане” ХХК-ийн захирал гэх Г.Сансармаагаас олгосон итгэмжлэлийн дагуу оролцох боломжгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримт бичигт тус компанийн хөрөнгө оруулагч Тиэнь Гуан Ру-гийн  2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Г.Сансармааг тус  ерөнхий захирлаар томилсон тушаал байгаа боловч  “Хуабэй куане” ХХК-ийн хөрөнгө оруулагч нь “Деронг майнинг лимитэд” ХХК байгаа бөгөөд хөрөнгө оруулагчаас Г.Сансармааг компанийн гүйцэтгэх удирдлагаар томилсон аливаа шийдвэр гаргаагүй байна.  Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Тиэнь Гуан Ру болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон Баянгол дүүргийн бүргэлийн хэлтсийн тодорхойлолтоор нотлогдож байна. Иймд “Хуабэй куане” ХХК-ийн захирал гэх Г.Сансармаагаас олгосон итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.2, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан шаардлагыг хангахгүй байгаа тул Ш.Эрдэнэ миний бие тус компанийг төлөөлж шүүх хуралдаанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хууль эрх зүйн боломжгүй байна гэжээ.

 

    Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хуабэй куане” ХХК-иас 15 000 ам.доллар буюу 29 775 000 /хорин есөн сая долоон зуун далан таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Гүрэн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 250 673 413 /хоёр зуун тавин сая зургаан зуун далан гурван дөрвөн зуун арван гурван/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн   1 560 290 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 306 825 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

                Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 100 000 ам.долларыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо дүгнэсэн дүгнэлт нь Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн Баянхонгор аймгийн Шинэжинст суманд байрлалтай, захиалагчийн эзэмшлийн ашигт малтмалын  855Х тоот тусгай зөвшөөрөлтэй, Хөх толгойн нүүрсний хайгуулын талбайд нарийвчилсан хайгуулын ажлыг иж бүрнээр нь гүйцэтгэж, уг талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авч өгөх, тус ордын ТЭЗҮ болон БОНББНҮ боловсруулан өгөх ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэн ямар нэгэн доголдолгүйгээр хүлээлгэж өгсөн бөгөөд хариуцагч ажлын үр дүнг хүлээн авсан. Энэхүү ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээж авсан үйл баримт хэрэгт авагдсан ашигт малтмалын ЭБМЗөвлөлөөр тус орд газрын ТЭЗҮ баталсан хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байгаа болно. Хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээн авсан тул хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй юм. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар хариуцагч нь үлдэгдэл 100 000 ам.долларыг 2 хувааж тодруулбал 50 000 ам.долларыг ашиглалтын тусгай зөвшөөрөл гарсан үед, үлдэж буй 50 000 ам.долларыг ТЭЗҮ-г ЭБМЗ хуралд хэлэлцүүлж батлуулсан үед төлнө гэж тохиролцсон. Иймд хариуцагч нь Иргэний хуулиийн 351.1 1-д заасан үүргийнхээ дагуу үлдэгдэл 100 000 ам.долларыг төлөх үүрэгтэй байна. Шүүхээс энэ байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд зөвхөн талуудын хооронд байгуулагдсан үүрэг гүйцэтгэх хугацаа бичгээр сунгагдаагүй, нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн буруутай гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэгч “Гүрэн" XXК нь гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй хугацаа нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй бөгөөд ашигт малтмалын газраас нөөцийн тайлан хүлээж авах журамд өөрчлөлт орсны улмаас гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэсэнтэй холбоотойгоор хугацаа хэтэрсэн. Хариуцагч тал энэ бүх байдлыг мэдэж байсан бөгөөд дээрх ажлуудыг хийж гүйцэтгэн үүргээ биелүүлж өгөхийг хүссэн бөгөөд хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор гэрээг цуцлах ямар нэгэн шаардлага гаргалгүйгээр ажлын үр дүнг хүлээж авсан байдаг. Иймд үүрэг гүйцэтгэх хугацааг ажлын үр дүнг хүлээж авах хүртэл хугацаагаар нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ. Хэрвээ нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн буруутай гэж үзсэн бол Иргэний хуульд зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь учруулсан хохирлыг арилгах шаардах эрхтэй байдаг. Шүүхээс нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсний улмаас хариуцлага хүлээх нь зүйтэй гэж үзэхдээ хугацаа хэтрүүлсэн гэх үйл баримтаас болж хариуцагчид ямар хохирол учирсан талаараа нотолсон нотлох баримт байхгүй байхад 100.000 ам.долларын хэмжээний хохирол учирсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нэмэлт ажлын зардлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо "...12 000 ам.долларын нэмэлт зардал нь гэрээний  хугацаа дууссанаас хойш гарсан зардал байх тул ... гэрээний хугацаа дуусан ..." гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Дээр тайлбарласны дагуу ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болоогүй, хариуцагч гэрээг цуцлах талаар шаардлага гаргаагүй, ажлын үр дүнг хүлээж авахаар нэмэлт хугацаа тогтоосон тул уг нэмэлт ажлын зардлыг зайлшгүй төлөх үүрэгтэй юм. Иймд дээрх үндэслэлийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

                Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. "Гүрэн" ХХК нь "Деронг монголиа" ХХК-тай 2011 оны 10-р сарын 12-ын өдөр байгуулсан ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ"-ний үүрэгтэй холбоотой асуудлаар "Хуабэй куане" ХХК-ийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан байдаг.  Манай компани 2012 оны 4 сарын 10-ны өдөр албан ёсоор байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан болно. Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг үүсгэн байгуулагдаагүй хуулийн этгээдтэй байгуулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй байсан. "Гүрэн" ХХК болон "Хуабэй куане" ХХК-ийн хооронд байгуулсан гэх ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ нь 2011 оны 10 сард байгуулагдсан байгаа нь уг гэрээ нь Иргэний хуульд заасан гэрээний стандарт шаардлага хангаагүй төдийгүй 2 компанийн хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байсан. Гэрээ байгуулагдаагүй байхад хүчин төгөлдөр бус гэрээний үүргийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хянаж шийдвэрээр 29 775 000 төгрөгийг гаргуулж, “Гүрэн" ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх заалтыг зөрчсөн. Талуудын хооронд байгуулсан гэх ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний үйлчлэх хугацаа 2011 оны 10 сарын 15-наас 2012 оны 12 сарын 31-нийг хүртэл үйлчлэхээр хийгдсэн байдаг. Гэтэл "Хуабэй куане" ХХК нь ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2013 оны 3-р сарын 28-ны өдөр авч улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний гол зүйл нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дахь захиалагчийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 8550Х тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд нарийвчилсан хайгуулын ажлыг иж бүрнээр гүйцэтгэж, уг талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авч өгөх, мөн тус ордын ТЭЗҮ болон БОНБНҮ-ийг боловсруулан холбогдох байгууллагаар батлуулах үүргийг "Гүрэн" ХХК хүлээж, төлбөр авах байсан. Гэтэл "Хуабэй куане" ХХК-ийн хууль ёсны эзэмшилд уг ажлын гол зүйл болон хайгуулын тусгай зөвшөөрөл нь шилжиж ирээгүй байсан нь нотлогдож, "Хуабэй куане" ХХК нь захиалагч байх үндэслэлгүй байхад гэрээний нэг тал нь "Хуабэй куане" ХХК гэж дүгнэсэн нь шүүх хэргийн жинхэнэ хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийн "Хуабэй куане" ХХК-аас 29 775 000 төгрөг гаргуулах хэсгийг хянаж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч “Гүрэн” ХХК нь хариуцагч “Хуабэй куане” ХХК болон “Деронг Монголиа” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 138 938 ам.доллар, гэрээнээс учирсан хохирол 5 728 383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Деронг монголиа” ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзжээ.

 

  Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч “Хуабэй куане” ХХК-ийн захирал гэх Г.Сансармаа, түүнээс олгосон итгэмжлэлийн дагуу Ш.Эрдэнэ нарыг оролцуулсан байна.  Хариуцагч “Хуабэй куане” ХХК-ийн хөрөнгө оруулагч Тиэнь Гуан Рү 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Г.Сансармааг компанийн ерөнхий захирлын албан тушаалд томилсон байна. /1-р хх-ийн 75, 111 дүгээр тал/

 

 Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн лавлагаагаар “Хуабэй куане” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Тиэнь Гуан Рү болох нь тогтоогдсон, энэ талаар буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Ш.Эрдэнээс “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг компанийг Г.Сансармаа төлөөлөн оролцох эрхгүй” болохыг тайлбарласан байхад анхан шатны шүүх хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээдийг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх заалтад заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. /хх-ийн 182 дугаар тал/

 

  Анхан шатны шүүх хариуцагчийг төлөөлөх этгээд хэн болохыг тодруулаагүй атлаа  хариуцагч “Хуабэй куане” ХХК-ийн захирал гэх Г.Сансармаад шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн  мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт  нийцэхгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3  дахь заалтад заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00678 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШЗ2017/05684 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Гүрэн” ХХК нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 825 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ                                      

                                                          ШҮҮГЧ                                      Т.ТУЯА                                                                                                            

                                                                                                          Г.ДАВААДОРЖ