Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00097

 

М.Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 143/ШШ2018/00288 дугаар шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 203/МА2018/00030 дугаар магадлалтай,

М.Уын нэхэмжлэлтэй

Даланзадгадын “Д Ц С”” ТӨХК-д холбогдох

Компаний гүйцэтгэх захирлын 2018.4.4-ний өдрийн Б/67 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсайханы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч М.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017.1.6-ны өдөр Даланзадгадын “Д Ц С” ТӨХК-ийн турбин хими цехэд Химийн инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2018.4.4-ний өдөр ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халагдсан. Би 1 жил 3 cap ажиллаж байгаа ч ажил авсан цагаасаа эхлэн өөрийн гүйцэтгэх ажлаа чанартай сайн хийж гүйцэтгэн ажилласан. Түүнчлэн Монгол улсын зөвлөх инженер Ц.Буянтогтох гуайн зөвлөсний дагуу хими ус бэлтгэлийг нэгтгэх ажлын төлөвлөгөө гаргаж амжилттай сайн хийж дуусган хүлээлгэн өгч байгууллагадаа 15,3 сая төгрөгийн хэмнэлт гаргаж байсан. Химийн горим хяналтыг тогтмол барьж ажиллахыг хичээсэн. Ажилчдадаа хатуу шаардлага тавьж ажилладаг хортой, онцгой ажлын байр учраас хариуцаж ажиллаж байгаа ажилчдынхаа бие, эрүүл мэнд, амь насыг бодож ажилдаа хариуцлагатай байх талаас нь шаардлагаа тавьж ирсэн. Түүнээс хувийн ямар нэгэн санаа зорилго байгаагүй, ажилчдаа дарамталсан, доромжилсон зүйл огт байхгүй. Ажилчдынхаа ажлын үр дүнг нь сайшааж удирдлагадаа уламжилж сарын үр дүнгийн шагналт цалинг нэмүүлж байсан тохиолдол цөөнгүй. Зүй бус үйлдэл, хандлага гаргасан тохиолдол бүрт ил хэлдэг нь миний алдаа болгож эргүүлж ажлаас чөлөөлсөнд харамсаж байна. Ажлаас халагдтал зөрчил гаргаагүй, өмнө нь ямар нэгэн шийтгэл хүлээлгэж байгаагүй юм. Иймд Даланзадгадын “Д Ц С”" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 4 сарын 4-ний өдрийн Б/67 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авах, тасарсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа: 2018.4.4-ний өдрийн Б/67 дугаартай М.Уын хөдөлмөрийн гэрээг цуцалж, Даланзадгадын “Д Ц С” ТӨХК-ийн захирлын тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд тус зүйл хэсгээр ажлаас чөлөөлөхөөр байгаа. Гэтэл М.У нь сахилгын зөрчил давтан гаргасан юмуу? эсвэл ноцтой зөрчил гаргасан эсэх нь нотлогдоогүй байхад 40.1.4-т заасан үндэслэлээр тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 14.5, 14.5.1, 5.3, 5.4 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийг дурдсан байдаг. Хүнийг хэл амаар болон бусад байдлаар дарамталсан, ажлын байрны дарамт үзүүлсэн бол ёс зүйн алдаа байхаар зохицуулсан. Ийм асуудал хэзээ гарсан, ийм асуудал болсон уу? үгүй юу? эсвэл сахилгын давтан зөрчил гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн эсэх нь тогтоогдоогүй байхад үндэслэл болгож тушаалдаа дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч М.У ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй байхад нотлох баримтгүйгээр уг тушаалыг гаргасан гэж үзэж байгаа учраас уг тушаалыг хүчингүй болгуулж, хуучин эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Цалинг хэрхэн яаж бодсон бэ гэхээр сүүлийн 3 сарын цалинг хооронд нь нэмж дундаж сарын цалин гаргаад, өдрийн цалинг гаргаад нийт 4, 5, 6, 7 сарын ажилгүй байсан хугацааны 63 хоног, өдрийн цалин 84.724 төгрөгөөр үржүүлээд 5.337.360 төгрөг болж байгаа. Үүнийг гаргуулах хүсэлтэй байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Турбин Хими Цехийн, ажилчдаас гарсан гомдлын мөрөөр Захиргаа удирдлагын зүгээс Химин инженер М.Уын зан байдал, удирдах чадварын талаар хими ус цэвэрлэгээний машинч нараас ярилцлага авахад зан харьцаа муутай хүн удирдаж чаддаггүй, ажлаа хийж байгаа хүнийг группэд ордоггүй энд юу хийдэг юм, мөн засварчин Г.Ганболдыг каскар цохьсон гэх мэтээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журам ёс зүйн хэм хэмжээг үл ойшоож зүй бус ажилчидтайгаа харьцаж ажлын байрны дарамт учруулж бусдыг хэл амаар доромжилдог байсан нь ажилчдын өгсөн гомдлоор нотлогдож байна. Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 14.5, 14.5.1, 14.5.3 -т зааснаар ёс зүйн алдаа гаргасан ажилчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах арга хэмжээг авдаг бөгөөд хэн нэгнийг хэл амаар болон бусад хэлбэрээр доромжилж, ажлын байрны дарамт учруулж байсан тухай М.Уын удирдлага дор ажилладаг бүх ажилчдаас авсан ярилцлага, хурлын протоколыг нотлох баримтаар гаргаж хариу тайлбарт хавсаргасан ...М.Уыг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэн компанийн хөдөлмөрийн дотоод журмын 14.5, 14.5.1, 14.5.3 дахь заалт Хөдөлмөрийн гэрээний 6.4, 6.6 дахь заалт Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд М.Уын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 03-ны өдрийн 143/ШШ2018/00288 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар М.Уыг Даланзадгадын “Д Ц С” ТӨХК-ийн турбин хими цехэд Химийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Даланзадгадын “Д Ц С” ТӨХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговор 786.857 төгрөг 14 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ут олгож, нэхэмжлэгчийн 4.550.502 төгрөг 86 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.У болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцон, суутгаж 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Даланзадгадын “Д Ц С” ТӨХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.У нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Даланзадгадын “Д Ц С” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамж 23.434 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 203/МА2018/00030 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 сарын 3-ны өдрийн 143/ШШ2018/00288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч О.Нандинцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 57 дугаар зүйлийн 57.4, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн5585714105 тоот дансанд төлсөн 24.000 төгрөгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсайхан хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. “ДзДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны А/05 дугаартай тушаалаар батлагдсан 01 дугаартай хавсралтаар “ДзДЦС” ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмыг батлан мөрдүүлдэг бөгөөд тус журмын 1.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн дотоод журам нь тус компаний дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож үүссэн хөдөлмөрийн харилцааг зохицуулах баримт бичиг мөн.” гэж заасан. Хөдөлмөрийн дотоод журам нь тус байгууллагын хөдөлмөрийн харилцааг нийтэд нь зохицуулж, уг журмыг үндэслэн ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулж ажилладаг. Тус баримт бичгээр зохицуулаагүй үйл баримтыг хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан зохицуулахаар тусгасан бөгөөд уг дотоод журам нь хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэл буюу илүү хүчин чадалтай баримт бичиг юм. Ажил олгогч нь М.Уыг Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 14.5 дахь хэсэгт “ИТА болон ажилчид дараах ёс зүйн алдаа гаргасан үед хөдөлмөрийн гэрээг цуцалж ажпаас хална.”, 14.5.1 ёс зүйн алдааг дор дурдсанаар ойлгоно, 14.5.3 хэн нэгнийг хэл амаар болон бусад хэлбэрээр доромжилсон, заналхийлсэн, 14.5.4 Ажлын байрны дарамт учруулсан зэрэг үндэслэлүүдээр ажлаас халсан бөгөөд хөдөлмөрийн дотоод журамд ажлаас халах үндэслэлүүдийг шууд нэрлэн зааж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тухайлан тодорхой зааж өгсөн байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гэрч Ц.Нарангэрэл, С.Энх-Амар, Д.Энхбуян нарын өгсөн мэдүүлгүүдээр М.У нь ажилчидтайгаа зүй бусаар харьцаж элдэв хараалын үг хэлж доромжилж, ажлын байрны дарамт учруулдаг байсан гэдгийг хангалттай нотолж байхад шүүхээс үзэхдээ нотлогдохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт болох “М.Уын зан байдлын талаарх ажилчдын дунд хийсэн ярилцлагын тэмдэглэл”, “Захирлын зөвлөлийн дэргэдэх бүх гишүүдийн хурлын тэмдэглэл” зэрэг нь тухайн байгууллага тухайн зөрчлийг дотооддоо шалган тогтоосон байх шаардлагыг хангаж байна. Уг тэмдэглэлүүд нь тухайн хуралдаанд оролцсон гишүүд болон ажилчдын гарын үсэг бүгд зурагдсан албан ёсны баримт бичиг болох бөгөөд энэ нь М.Уын ёс зүйн доголтой, зөрчилтэй талаар бүгд хэлэлцүүлж, мэдүүлсэн нь эдгээр хүмүүс бүгд гэрч болж, үүнийгээ албан ёсны баримт бичиг дээр гарын үсгээ зуран баталгаажуулсан байна. Эдгээр бичмэл нотлох баримтууд дээр бэхжигдсэн хүмүүсийн мэдүүлэг, хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад оролцсон 3 гэрчийн мэдүүлгүүд М.Уын ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг хангалттай нотолж байхад анхан шатны шүүхээс нотлогдохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шүүгч шийдвэрийг уншиж сонсгосны дараа “М.Уын ёс зүйн доголдол гаргасан нь тогтоогдож байх боловч энэ нь ажлаас халах үндэслэл биш бөгөөд сахилгын зөрчил, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байна гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр бичмэл хэлбэрээр ёсчлогдон гарахдаа дээрх уншиж танилцуулсан шийдвэрээс зөрж, М.Уын үйлдэл нь хангалттай нотлогдохгүй байна гэж бичигдсэн байгаа нь шүүх өөрөө гаргасан шийдвэрээ дур мэдэн өөрчилж, хуулийг зөрчиж, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан “...Хөдөлмөрийн гэрээний хуулбар, “Даланзадгадын “Д Ц С”” ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар зэрэг нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй...” гэж үзжээ. Гэтэл хариуцагчийн зүгээс тус баримт бичгүүдийг нотариатаар баталгаажуулсан хэргийн материалд өгсөн бөгөөд энэ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхээр нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангаж байхад нотлох баримтаар үнэлээгүй нь шүүх хууль зөрчиж байна. Иймд магадлалыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь заалтанд зааснаар давж заалдах шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг хуулийн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхино.

М.У нь Даланзадгадын “Д Ц С” ТӨХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 4 сарын 4-ний өдрийн Б/67 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 14.5, 14.5.1, 14.5.3, 14.5.4, Хөдөлмөрийн гэрээний 6.4, 6.6-т заасан хэм хэмжээг баримталж, М.У нь ажлын байранд, үйлдвэрлэлийн талбайд ...бусдыг хэл амаар доромжилсон, дарамт үзүүлсэн, эрх чөлөөнд нь халдсан, компанийн дотоод журам, бусад хууль тогтоомжийг санаатайгаар ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн боловч тушаалын үндэслэл тогтоогдоогүй байна. Гэрч Ц.Нарангэрэл, С.Энх-Амар, Д.Энхбуян нарын мэдүүлэг, удирдлагын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, М.Уын зан байдлын тодорхойлолтын талаар хийсэн ярилцлага зэрэг баримтуудаар ажилтан М.У нь хэзээ, аль зөрчлийг гаргасан үйл баримт тогтоогдоогүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасан тул ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулахдаа уг хугацааг баримтлахаас гадна ажилтны гаргасан ноцтой зөрчлийг нотолсон байх ёстой. Хариуцагчийн зүгээс ажилтны гаргасан зөрчлийг баримтаар нотлоогүй, шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх гомдолд дурсан үндэслэлийн дагуу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн эсэхийг хянаж, энэ талаарх хууль зүйн дүгнэлтийг магадлалд тодорхой тусгажээ. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан зарим баримтыг “хуульд заасан шаардлагыг хангаагүй” үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй боловч хэргийн оролцогчоос баримт хүлээж авахдаа хуулийн шаардлагыг хангуулах боломжтой болохыг цаашид анхаарах нь зүйтэй болно. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам нь хуулбар хувиас гадна уг баримтыг нотариатаар батлуулсан хувь хэрэгт авагдсан байхад шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж буруу дүгнэлт хийсэн боловч ажилтны гаргасан зөрчлийг уг баримтыг байхгүйн улмаас  тогтоогдоогүй гэж үзээгүй тул энэ талаарх гомдол ач холбогдолгүй гэж үзэв.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 143/ШШ2018/00288 дугаар шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 203/МА2018/00030 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА