Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Ө

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч В.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт В.Г-д  холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, С аймгийн М суманд төрсөн, ... настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, засварын инженер мэргэжилтэй, З ХХК-д ... ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Нийслэлийн Багануур дүүргийн 2-р хороонд оршин суух, Э овогт В.Г,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч В.Г нь 2019 оны 08-р сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух иргэн Д.Г-н эзэмшлийн iphone-8 плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч В.Г мөрдөн шалгах ажиллагаанд дээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Учирсан хохирлыг бүрэн барагдуулсан” гэжээ. /хх-ийн 49-50/

Шүүгдэгч В.Г шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 сарын дундуур харуулын ажил хийдэг байсан ажлаа тараад харих замдаа талбай дээр хоол идсэн. Тэгээд гараад иртэл талбай дээр Г-тэй таарсан. Г-г гэрт нь хүргэж өгөөд гэрт орж цай уусан. Тэдний гэрээс гарахдаа ширээн дээр нь байсан хар өнгийн гар утсыг аваад гарсан. Гар утас нь кодтой байсан учир Б дэлгүүрийн дээр байдаг гар утас засварын Б дээр очсон. Кодоо мартсан учир гар утсаа нээж чадахгүй байна гэж худал хэлээд өөр утсаар солиод өгчих гэж хэлсэн. Тэгээд Г-с авсан утсыг Б-т үлдээгээд явсан. Согтуу архи уусан байсан учир хулгайн хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хохиролыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 08 дугаар сарын дундуур орой ажлаасаа тараад гэр рүүгээ  харьж явж байгаад Замын-Үүд сумын нэгдүгээр сургуулийн сааданд Г гэдэг залуутай таарсан. Тэгээд Г надтай юм ярьж явж байгаад манай гэрт хамт орсон. Гэртээ ороод би өөрийн ашиглаж байсан iphone 8 голд маркийн гар утсаа жижиг өрөөндөө цэнэглээд Г цай аягалж өгсөн. Г манай гэрт орж ирээд 5,6 минут болоод гараад явсны дараа гэрээ цэвэрлээд зурагт үзэж байгаад унтахаасаа өмнө хүүхдүүд рүүгээ залгах гээд утсаа авах гэсэн чинь байхгүй байсан. ...манай бага хүү Б.С надад 2019 оны хавар Шинэ Зеландаас хичээлийнхээ амралтаар ирэхдээ авч ирж өгсөн. Монгол мөнгөөр 3,400,000 төгрөгөөр авсан гэж ярьж байсан. ....миний эд хөрөнгө учирсан 800,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Би шүүх хуралдаанд суухгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 11-14/

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг 2019 оны 08 сард Замын-Үүд сумын 1 дүгээр баг Б үйлчилгээний төвийн 2 давхарт гар утас засварын газраа байж байхад урд өмнө зүс харж байсан, надаар гар утас засуулж байсан эрэгтэй хүн орж ирсэн. Тэр залуу өөрийгөө хорио цээрийн газар ажилладаг гэж хэлээд торон дотор мөрдөстэй, цагаан өнгийн цамц хийсэн байснаа надад үзүүлээд ажлаасаа буугаад явж байна гээд нэг iphone 8 плас маркийн гар утас гаргаж ирээд манай эхнэрийн гар утас байгаа юм, бариагүй удсан, кодоо мартаад буруу хийгээд блок болгочихсон гэж хэлээд өөр ашиглах боломжтой гар утсаар солиод зөрүү авах гэсэн санал тавьсан. Би тэр залуугийн барьж явсан iphone 8 плас маркийн гар утсыг үзээд тэр залуугийн саналыг хүлээж аваад самсунг эс 4 маркийн гар утсаар сольсон. Ямар нэгэн зөрүү өгөөгүй. Би тухайн үед тэр залууд ямар нэгэн асуудал гарах юм бол манайх хяналтын камертай гэж хэлж байсан. ...Би хулгайн гар утас байсан гэдгийг мэдээгүй. Iphone маркийн гар утас дэлгэцийн код, ай ди кодоо мартсан ашиглах боломжгүй байдаг. Би тэр залууг гар утас ашиглаагүй удсан кодоо мартсан гэхээр нь ай ди кодоо мэдэх үү гэсэн чинь ашиглаагүй удсан болохоор дэлгэцийн код, ай ди кодоо санахгүй байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

А ХХК-ны Iphone 8 gold маркийн гар утаснд  үнэлгээ хийсэн дүгнэлт /хх-ийн 36-39/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, Х банк дансны хуулга /хх-ийн 59-62/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл  /хх-ийн 65-66/

Хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын 5/32 дугаартай тогтоол /хх-ийн 70-71/

Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулсан тухай прокурорын санал /хх-ийн 75/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч В.Г нь 2019 оны 08-р сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух иргэн Д.Г-н эзэмшлийн iphone-8 плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хохирогч Д.Г-н “...2019 оны 08 дугаар сарын дундуур орой ажлаасаа тараад гэр рүүгээ  харьж явж байгаад Замын-Үүд сумын нэгдүгээр сургуулийн сааданд Г гэдэг залуутай таарсан. Тэгээд Г надтай юм ярьж явж байгаад манай гэрт хамт орсон. Гэртээ ороод би өөрийн ашиглаж байсан  iphone 8 голд маркийн гар утсаа жижиг өрөөндөө цэнэглээд Г-д цай аягалж өгсөн. Г манай гэрт орж ирээд 5,6 минут болоод гараад явсны дараа гэрээ цэвэрлээд зурагт үзэж байгаад унтахаасаа өмнө хүүхдүүд рүүгээ залгах гээд утсаа авах гэсэн чинь байхгүй байсан. ...манай бага хүү Б.С надад 2019 оны хавар Шинэ Зеландаас хичээлийнхээ амралтаар ирэхдээ авч ирж өгсөн. Монгол мөнгөөр 3,400,000 төгрөгөөр авсан гэж ярьж байсан. ....миний эд хөрөнгө учирсан 800,000 төгрөгийн хохирлыг  төлж барагдуулсан. Би шүүх хуралдаанд суухгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 11-14/ гэх мэдүүлэг, гэрч Г.Б  “...Намайг 2019 оны 08 сард Замын-Үүд сумын 1 дүгээр баг Б үйлчилгээний төвийн 2 давхарт гар утас засварын газраа байж байхад урд өмнө зүс харж байсан, надаар гар утас засуулж байсан эрэгтэй хүн орж ирсэн. Тэр залуу өөрийгөө хорио цээрийн газар ажилладаг гэж хэлээд торон дотор мөрдөстэй, цагаан өнгийн цамц хийсэн байснаа надад үзүүлээд ажлаасаа буугаад явж байна гээд нэг iphone 8 плас маркийн гар утас гаргаж ирээд манай эхнэрийн гар утас байгаа юм, бариагүй удсан, кодоо мартаад буруу хийгээд блок болгочихсон гэж хэлээд өөр ашиглах боломжтой гар утсаар солиод зөрүү авах гэсэн санал тавьсан. Би тэр залуугийн барьж явсан iphone 8 плас маркийн гар утсыг үзээд тэр залуугийн саналыг хүлээж аваад самсунг эс 4 маркийн гар утсаар сольсон. Ямар нэгэн зөрүү өгөөгүй. Би тухайн үед тэр залууд ямар нэгэн асуудал гарах юм бол манайх хяналтын камертай гэж хэлж байсан. ...Би хулгайн гар утас байсан гэдгийг мэдээгүй. Iphone маркийн гар утас дэлгэцийн код, ай ди кодоо мартсан ашиглах боломжгүй байдаг. Би тэр залууг гар утас ашиглаагүй удсан кодоо мартсан гэхээр нь ай ди кодоо мэдэх үү гэсэн чинь ашиглаагүй удсан болохоор дэлгэцийн код, ай ди кодоо санахгүй байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, А ХХК-ны Iphone 8 gold маркийн гар утсанд  үнэлгээ хийсэн дүгнэлт /хх-ийн 36-39/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч В.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч В.Г нь бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утасны хохирол төлбөр болох 800,000 төгрөгийг авсан, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх хохиролгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 1, 2, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4,  37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт В.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г-д хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г-д тэнсэнгийн 6 сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлэгсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч В.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  шүүхэд эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Э.Б