| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2021/0045/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2021-06-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Ө
Улсын яллагч Б.Д
Хохирогчийн өмгөөлөгч Э.Б
Хохирогч Д.Д, Д.Н
Иргэний нэхэмжлэгч М.У
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.С-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Д аймгийн А суманд төрсөн, ... настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, Б ХХК-д ажилтай, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, Б овогт Б.С,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 сарын 09-ний өдөр 10 цаг 20 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн Соёмбын 5 дугаар гудамжны зүүн талын шороон зам дээр ... улсын дугаартай Сонато маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлийн 3.7а-д заасан “Жолоочид дараах зүйлсийн хориглоно. а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12 дугаар бүлгийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, улмаар иргэн Д.Дамбын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд дээр өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 03 сарын 08-ны өдөр Замын-Үүд сумын 3 дугаар Мөнгөн шонхорын гудамжинд амьдардаг найз Б-нд очсон. Б-н гэрт түүний найзын хамт бид гурав Э нэртэй 0,75 грамм архи хувааж уугаад унтаж амарсан. Маргааш нь буюу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 09 цаг өнгөрч байхад боссон. Тэгээд би ажилдаа явах гээд Б-н гэрээс 10 цаг 20 минутын орчимд гараад өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Соната” маркийн тээврийн хэрэгслээ унаад гэр лүүгээ яараад хурдтай явж байгаа Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбын гудамж буюу Миний маркет дэлгүүрийн зүүн талын засмал зам дээр явж байсан саарал өнгийн королла маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд тал руу өөрийн тээврийн хэрэгслийн зүүн урд талаар мөргөсөн. Мөргөх үед тээврийн хэрэгсэл хагас эргээд зүүн урд зүгт хараад зогссон. Миний тээврийн хэрэгсэл зүүн хойд зүгт хараад зогссон. Тэгээд би машинаас буугаад ирэхэд нөгөө тээврийн хэрэгслийн жолооч талаас нэг эмэгтэй хүн хүүхдээ тэврээд буугаад ирсэн. Мөн “бие нь өвдөөд байна та яасан их хурдтай явж байна, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу үнэртэж байна” гэж асуухаар нь би “өчигдөр орой архи уусан” талаар хэлсэн. Би зам тээврийн осол гарахаас өмнө 70-80 км цагийн хурдтай явж байсан. Д гэх хүний эмчилгээний эм тарианы мөнгийг төлж барагдуулсан. Тээврийн хэрэгслийн хохирлын мөнгөнөөс 1,700,000 төгрөг төлж барагдуулсан. Үлдэгдэл хохирлыг төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 130-131/
Шүүгдэгч Б.С шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 03 сарын 08-нд найз Б-нд 0,75 грамм архи уусан. Тэгээд тэндээ унтаад өглөө нь босч ажилдаа явахаар гарсан. Тэндээс гараад гэр лүүгээ яарч байгаад энэ ослыг гаргасан. Хохирогч Д-д эмчилгээний зардалд нийт 160,000 төгрөгийг төлсөн, машины эвдрэлийн хохиролд 1,700,000 төгрөгийг төлсөн, үлдсэн 5,415,000 төгрөгийг хохирогчийн хашаан дахь элс, хогийг зөөж, 3 сарын дотор цалингаасаа төлж барагдуулна гэв.
Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 03 сарын 09-ний өглөө гэрээс гараад төрсөн охин Н-нд ирсэн. Тэгээд 10 цаг 05 минутад ... улсын дугаартай королла маркийн тээврийн хэрэгслийг манай охин жолоодоод, би жолоочийн эсрэг талын суудалд дээр зээ охин Г-г тэвэрч суугаад, манай охин хийсэн шарсан зайдсаа гэр хороолол дунд байдаг хүнсний дэлгүүрүүдэд түгээлтээ хийхээр гарсан. Манай охин гэр хороолол дунд байдаг 3 хүнсний дэлгүүрээр ороод Соёмбын гудамжинд байдаг Нарлаг нэртэй хүнсний дэлгүүрт шарсан зайдсаа оруулж өгчхөөд гарч ирээд машиндаа суугаад замын эсрэг талд байдаг “Миний маркет” нэртэй дэлгүүрт түгээлтээ хийхээр хөдлөх үедээ урд талаас нэг саарал өнгийн суудлын тээврийн хэрэгсэл хол зайтай явж байсан. Манай охин машины рулийг зүүн гар тал руу дараад хөдлөөд шороон замын голд явж байхад тээврийн хэрэгслийн баруун хойд тал руу тээврийн хэрэгсэл ирж мөргөөд тээврийн хэрэгсэл газар доороо бүтэн эргээд зүүн урагшаа хараад зогссон. Миний зүүн нүдний зүүн талаас цус гараад охин хашхираад, миний өвөр дээр сууж явж байсан зээ охин машины хойд талын суудал дээр шидэгдсэн. Охин хүүхдээ тонгойж аваад машинаас гарсан. Миний зүүн талын зүүн хэсэгт 3 оёдол тавьсан. Зүүн талын хавирга хэсгээр хөндүүр байгаа. ...Надад учирсан хохирол буюу эмчилгээний зардал мөнгийг төлж барагдуулсан. Миний зүгээс хохирлын талаар ямар нэг санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 26-27, 28/
Хохирогч Д.Д шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Осол болсны дараа биеийн байдал хүнд байсан. Одоо гайгүй болсон. Энэ хүний авч өгсөн эмийг уусан. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Харин машинд учирсан хохирлыг яаралтай гаргуулж өгнө үү гэв.
Иргэний нэхэмжлэгч М.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:... улсын дугаартай Королла маркийн тээврийн хэрэгсэл нь манай гэр бүлийн эзэмшлийн эд хөрөнгө. 2019 оны 11 сард мөнгөний хэрэг гараад өөрийн тээврийн хэрэгслийг 2012 оны 11 сарын 08-ны өдөр Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг “Б” ББСБ-д 2,000,000 төгрөгийн зээл гаргуулж барьцаанд тавьж 2020 оны 01 сарын 05-ны өдөр зээлээ төлж барагдуулж дууссан. Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг зээлээ төлж дуусаад Б ББСБ-аас өөрийн нэр дээр шилжүүлж авч амжаагүй байсан. Миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үнэлгээний байгууллага гаргаж өгсөн. Хохирлын үнэлгээтэй ямар нэг санал хүсэлт гомдол байхгүй. ...Үнэлгээний байгууллагаас 5,490,000 төгрөгийн хохирол, мөн энэ гэмт хэргийг шийдэгдэх П.А гэх хүний ... улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 03 сарын 15-ны өдрөөс 05 сарын 20-ны өдрийн хооронд өдрийн 25,000 төгрөгөөр түрээсэлсэн. Нийт гэрээний дагуу түрээсийн мөнгө 1,625,000 төгрөг өгсөн. Одоо миний зүгээс тээврийн хэрэгслийн хохирлын мөнгө 5,490,000 төгрөг, түрээсийн мөнгө 1,625,000 төгрөг нийт 7,115,000 төгрөгийн хохирол учирсан. Учирсан хохирлоо бүгдийг төлүүлж авах хүсэлттэй байна. Надад учирсан хохирлоос 1,700,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байгаа гэжээ. /хх-ийн 33-34, 36/
Иргэний нэхэмжлэгч М.У шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Энэ ослын улмаас эд хөрөнгөөрөө хохирсон. Тээврийн хэрэгслийн хохиролд 5,490,000 төгрөг, түрээсийн төлбөрт 1,625,000 төгрөг, нийт 7,115,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс шүүгдэгч 1,700,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэх төлбөрөө манай хашаанд хурсан элсийг өөрийн зардлаар зайлуулж, үлдэх төлбөрийг 3 сарын дотор төлж барагдуулахаар тохирсон байгаа гэв. Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Бэлэн идэх шарсан зайдас хийж зардаг. 2021 оны 03 сарын 09-ний өглөө 10 цаг 05 минутад гэр бүлийн эзэмшлийн ... улсын дугаартай королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод, жолоочийн эсрэг талын суудал дээр манай төрсөн аав Д, манай төрсөн хүүхэд Г-г тэвэрч суугаад, өөрийн хийсэн шарсан зайдсаа гэр хороолол дунд байдаг хүнсний дэлгүүрүүдэд түгээлтээ хийхээр гарсан. Тэгээд гэр хороолол дунд байдаг хүнсний дэлгүүрээр ороод Соёмбын гудамжинд байдаг “Нарлаг” нэртэй хүнсний дэлгүүрт шарсан зайдсаа оруулж өгчхөөд гарч ирээд машиндаа суугаад замын эсрэг талд байдаг “Миний маркет” нэртэй дэлгүүрт түгээлтээ хийхээр хөдлөх үедээ замын хөдөлгөөнийг харахад урд талаас нэг саарал өнгийн суудлын тээврийн хэрэгсэл хол зайтай явж байсан. Машины рулийн зүүн гар тал руу дараад хөдлөөд жолоочийн эсрэг талын цонхоор дахин замын хөдөлгөөнийг харахад нөгөө тээврийн хэрэгсэл хол зайтай мөн хурдтай явж байх шиг байсан. Тэгээд шороон замын голд явж байхад миний тээврийн хэрэгслийн баруун хойд тал руу тээврийн хэрэгсэл ирж мөргөөд тээврийн хэрэгсэл газар доороо бүтэн эргээд зүүн урагшаа хараад зогссон. Зам тээврийн осол гаргах үед миний охин хойд талын суудал дээр шидэгдсэн байхаар нь хойшоо тонгойгоод охиноо авсан. Мөн манай аавын зүүн талын нүдний дээд хэсгээс цус гарч байсан. Тэгээд би машинаас буугаад “Миний маркет” нэртэй дэлгүүрээс гарч ирсэн хүмүүсийг цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч руу “та яасан их хурдтай явж байсан юм бэ, мөн архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байна” гэж асуухад “харин тиймээ ах нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” гэж хэлсэн. Би “Нарлаг” нэртэй дэлгүүрийн гадна талаас хөдлөөд явж байсан болохоор 20 километр цагийн хурдтай явж байсан гэжээ. /хх-ийн 40-41/
Хохирогч Д.Н шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Санал гомдолгүй, үндсэн хохирлоо гаргуулж авмаар байна гэв.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 04/59 дугаартай дүгнэлт: 1.Д.Д-н биед цээжний зүүн талд 5-7-р хавирганы хугарал, зөөлөн эдийн гэмтэл, зүүн зовхины ил шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Д.Д-н биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Учирсан гэмтлүүдийн цээжний зүүн талд 5-7-р хавирганы хугарал, зөөлөн эдийн гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн зовхины ил шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 5.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. /хх-ийн 46-47/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 04/60 дугаартай дүгнэлт: 1.Д.Н-н биед цээжний зүүн талд далны шугамаар 6-8-р хавирга орчмын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Д.Н-н биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 5.Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 55-56/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 04/61 дугаартай дүгнэлт: 1.У.Г-н хамар орчим зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.У.Г-н биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 5.Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 63-64/
А ХХК-ны ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн үнэлгээний тайлан, техникийн эвдрэлийн 06 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-73, 74-79/
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021/36 дугаартай дүгнэлт: 1.... үзлэгээр урд копут их эвдрэлтэй, их гэрлүүд их эвдрэлтэй, урд баруун, зүүн крилло бага эвдрэлтэй, хойд тэнхлэгт 2 өөр хээтэй дугуй тавьсан урд тэнхлэгийн зүүн урд талын дугуй хээ стандарт хангахгүй байна. 2.... осол болохоос өмнө 2020 оны 01 сарын 31 өдөр ТХҮ-р хугацаа дууссан байна. 3.Хэрэв бүрэн бус бол зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл бүрдэнэ. 4.... тээврийн хэрэгслийн уг гэмтлүүд нь ослоос болж гарсан гэмтлүүд байна. 5.... тээврийн хэрэгслийн осол болох шалтгаан нь техникийн элэгдэл хорогдлоос болж үүссэн гэж үзэхгүй байна. 6.... шинжилгээний явцад үүссэн нөхцөл байхгүй нэмж хэлэх зүйл алга байна гэжээ. /хх-ийн 85-91/
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021/35 дугаартай дүгнэлт: 1.... зүүн талаас осолд орсон хөдөлгөх боломжгүй бөгөөд зүүн хойд тал их бие их эвдрэлтэй, зүүн хойд талын гэрэл их эвдрэлтэй, хойд бампер их эвдрэлтэй, зүүн хойд хаалга эвдрэлтэй, урд бампер эвдрэлтэй тоормосны систем, явах эд анги стенд шалгах боломжгүй үзлэгээр хэвийн, дуут дохио хэвийн, их бие засварт орох шаардлагатай байна. 2.... осол болохоос өмнө 2020 оны 11 сарын 10-ны өдөр ТХҮ-р орсон бөгөөд тэнцсэн үнэлгээтэй байсан. 3.Хэрэв бүрэн бус бол зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл бүрдэнэ. 4.... тээврийн хэрэгслийн уг гэмтлүүд нь ослоос болж гарсан гэмтлүүд байна. 5.... тээврийн хэрэгслийн осол болох шалтгаан нь техникийн элэгдэл хорогдлоос болж үүссэн гэж үзэхгүй байна. 6.... шинжилгээний явцад үүссэн нөхцөл байхгүй нэмж хэлэх зүйл алга байна гэжээ. /хх-ийн 97-102/
Техникийн шинжээчийн 14/36 дугаартай дүгнэлт: 1.... улсын дугаартай Соната маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцөл болсон байна. 2.... улсын дугаартай “Королла” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. 3.Техникийн шинжээч нь жолоодох эрхийн лавлагаа гаргадаггүй тул энэ асуултад хариулах боломжгүй байна. 4.Хариулт 1-р хариулагдсан. 5.Шинжилгээний явцад өөр нэмэлт зүйл илэрсэнгүй гэжээ. /хх-ийн 110-111/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 05-09/
Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12, 14/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-22/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 5/03 дугаартай тогтоол /хх-ийн 135-136/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух хаягийн тодорхойлолт, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 140, 143-147/
Хохирлын тооцоо /хх-ийн 148/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 158-163/
Хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын 5/27 дугаартай тогтоол /хх-ийн 166-167/
Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулсан тухай прокурорын санал /хх-ийн 168-169/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 сарын 09-ний өдөр 10 цаг 20 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн Соёмбын 5 дугаар гудамжны зүүн талын шороон зам дээр ... улсын дугаартай Сонато маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлийн 3.7а-д заасан “Жолоочид дараах зүйлсийн хориглоно. а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12 дугаар бүлгийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, улмаар хохирогч Д.Д-н цээжний зүүн талд 5-7-р хавирганы хугарал, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хохирогч Д.Д “...Миний маркет нэртэй дэлгүүрт түгээлтээ хийхээр хөдлөх үедээ урд талаас нэг саарал өнгийн суудлын тээврийн хэрэгсэл хол зайтай явж байсан. Манай охин машины рулийг зүүн гар тал руу дараад хөдлөөд шороон замын голд явж байхад тээврийн хэрэгслийн баруун хойд тал руу тээврийн хэрэгсэл ирж мөргөөд тээврийн хэрэгсэл газар доороо бүтэн эргээд зүүн урагшаа хараад зогссон. Миний зүүн нүдний зүүн талаас цус гараад охин хашхираад, миний өвөр дээр сууж явж байсан зээ охин машины хойд талын суудал дээр шидэгдсэн. Охин хүүхдээ тонгойж аваад машинаас гарсан. Миний зүүн талын зүүн хэсэгт 3 оёдол тавьсан. Зүүн талын хавирга хэсгээр хөндүүр байгаа. ...Надад учирсан хохирол буюу эмчилгээний зардал мөнгийг төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг, хохирогч Д.Н “...Миний маркет нэртэй дэлгүүрт түгээлтээ хийхээр хөдлөх үедээ замын хөдөлгөөнийг харахад урд талаас нэг саарал өнгийн суудлын тээврийн хэрэгсэл хол зайтай явж байсан. Машины рулийг зүүн гар тал руу дараад хөдлөөд жолоочийн эсрэг талын цонхоор дахин замын хөдөлгөөнийг харахад нөгөө тээврийн хэрэгсэл хол зайтай мөн хурдтай явж байх шиг байсан. Тэгээд шороон замын голд явж байхад миний тээврийн хэрэгслийн баруун хойд тал руу тээврийн хэрэгсэл ирж мөргөөд тээврийн хэрэгсэл газар доороо бүтэн эргээд зүүн урагшаа хараад зогссон. Зам тээврийн осол гаргах үед миний охин хойд талын суудал дээр шидэгдсэн байхаар нь хойшоо тонгойгоод охиноо авсан. Мөн манай аавын зүүн талын нүдний дээд хэсгээс цус гарч байсан. Тэгээд би машинаас буугаад Миний маркет нэртэй дэлгүүрээс гарч ирсэн хүмүүсийг цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч руу “та яасан их хурдтай явж байсан юм бэ, мөн архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байна” гэж асуухад “харин тиймээ ах нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 04/59 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47/, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2021/35, 2021/36 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 85-91, 97-102/, Техникийн шинжээчийн 14/36 дугаартай дүгнэлт /хх-ийн 110-111/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлийн 3.7а-д заасан “Жолоочид дараах зүйлсийн хориглоно. а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12 дугаар бүлгийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Д.Д-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч М.У-н эд хөрөнгөд 7,115,000 төгрөгийн хохирол учирсан нь шүүгдэгчийн үйлдлээс шууд хамааралтай юм. Шүүгдэгчийн дээрх үйлдэлд Замын-Үүд сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч Д.Н нь хувиараа хөдөлмөр эрхэлж хүнсний дэлгүүрээр өөрийн хийсэн шаарсан зайдсыг түгээдэг, түгээлтээ гэр бүлийн эзэмшлийн ... улсын дугаартай “Королла” маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэж байсан боловч уг зам тээврийн ослын улмаас П.А-н эзэмшлийн ... улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 03 сарын 15-ны өдрөөс 05 сарын 20-ны өдрийг хүртэл өдрийн 25,000 төгрөгөөр түрээсэлсэн. Түрээсийн төлбөрт нийт 1,625,000 төгрөг төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч М.У-н тайлбар, П.А-тай хийсэн гэрээгээр тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Б.С нь иргэний нэхэмжлэгч М.У-н нэхэмжлэлийн шаардлага дээр маргаагүй болно.
Шүүгдэгч Б.С нь эмчилгээний зардалд нийт 160,000 төгрөгийг хохирогч Д.Д-д төлж барагдуулсныг хохирогч Д.Д маргаагүй. Иргэний нэхэмжлэгч М.У-н тээврийн хэрэгслийн хохирол 5,490,000 төгрөг, түрээсийн мөнгө 1,625,000 төгрөг нийт 7,115,000 төгрөгөөс шүүгдэгч 1,700,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 5,415,000 төгрөгийг 3 сарын дотор төлөхөө илэрхийлж хүсэлтээ шүүхэд өгсөн, иргэний нэхэмжлэгч уг хүсэлтийг шүүх хуралдаан дээр зөвшөөрсөн зэргийг дурдах нь зүйтэй юм. Иймд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж байгаа, цаашид төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй болно.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.С-н эзэмшлийн ... улсын дугаартай Сонато маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалж, тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.С-т олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 1, 2, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б овогт Б.С-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож, дээрх хугацаанд хязгаарлалтын зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.С-с 5,415,000 /таван сая дөрвөн зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.У-т олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар ... улсын дугаартай Сонато маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалж, эзэмшигч Б.С-т буцаан олгосугай.
6. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б