| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2021/0160/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/176 |
| Огноо | 2021-06-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/176
2021 06 21 2021/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Б.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П-д холбогдох эрүүгийн 2038005370157 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.П.
Шүүгдэгч Б.П- нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Гахай хонхор 16-10 тоотоос 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Ж.М-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклыг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.П- нь шунахайн сэдэлтээр 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Гахай хонхор 16-10 тоотоос иргэн Ж.М-ын эзэмшлийн улаан хүрэн өнгийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийг нууцаар, хууль бусаар авч 1.410.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
- Хохирогч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний эзэмшлийн улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль алга болсон. Тухайн шөнө 01 цагийн орчим би гэрээсээ гарч жорлон орох гээд гарч ирсэн чинь гэрийн үүдэнд байсан мотоцикль байхгүй байсан. Манай гэрт хүргэн ах ирсэн байхаар нь энэ хүний мотоциклийг унаад хашаанаас гараад явсан чинь ертөнцийн зүгээр баруун хойшоо морь барьдаг газар руу нэг мотоциклийн арын тормозны гэрэл асаж харагдахаар нь тэр зүг рүү явсан. Тэгээд урдаас машинтай хүн зөрөхөөр нь мотоцикльтой хүнтэй таарсан эсэх талаар асуухад үгүй гэхээр нь би уул руу давхисан. Тэгсэн чинь жалга дотор мотоцикль унагаагаад хоёр хүн хажууд нь зогсож байсан. ...Бор царайтай залуу байсан. Тэр залуу Б.П- гэж нэрээ хэлж байсан. Хамт жалганд байсан залууг мэдэхгүй сайн анзаарч хараагүй. Тухайн үед тэр залуу нь Б.П-г чи ахын маань мотоцикль гээд байсан биз дээ хулгай хийсэн юм уу гээд уурлаад байх шиг байсан. Тэгэхээр манай хашаанаас Б.П- гэдэг нь авсан юм шиг байна лээ. ...надад гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 18 дугаар хуудас/,
- Хохирогч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөвсгөл аймгийн Тариалан сумын Гахайн хонхорын 16-10 тоотод 2020 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хашаан дотор гэрийн гадаа үүдний орчим 21 цагийн үед мотоцикльтой нөхөр Ж.М-ын хамт хөдөө гэрээсээ орж ирээд байсан. Тэгээд шөнө 24 цагийн орчим манай нөхөр Ж.М- гарч гарч бие засаад орж ирэхдээ гэрийн гадаа байсан мотоцикль байхгүй болсон байна гэсэн. Ингээд би сумын цагдаад мэдэгдсэн. Сумын морь барих газрын жалганд манай мотоциклийг аваачсан байсан гэсэн. Манай мотоциклийг жалганд хоёр залуу авсан байсан гэсэн. Нэг залуу нь би аваагүй гээд байсан. Нөгөө авсан гэх дээлтэй бор царайтай залуу нь уучлаарай гээд байсан. Ингээд мотоциклио бүрэн бүтэн хүлээж авсан. Ж.М- бид хоёрын дундын өмч юм. ..Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
- Хохирогч Ж.М-ын хулгайд алдсан гэх “Мустанг-5” маркын мотоциклийг 1.410.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 67 дугаар хуудас/,
- Гаалийн бүрдүүлбэр, “Мустанг-5” маркийн мотоциклийн гаалийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Б.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сард өдрийн нь санахгүй байна. Танил Хөвсгөлдалайн хамт самарт явах гээд Хөвсгөл аймгийн Тариалан суманд явж байсан. Би айлд архи ууж яваад Тариалан сумын төвийн баруун хойд талын гэр хороололд нэг хашааны хаалга нь онгорхой байхаар нь шөнө орсон чинь байшингийн урд талд улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль байхаар нь аваад явж яваад Хөвсгөлдалай дээр очсон чинь цагдаа болон эзэн гээд хүн ирж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн
судлав. Үүнд:
- Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-58 дугаар хуудас/,
- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, хохирогчийн эд хөрөнгөө хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.П- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.П- нь шунахайн сэдэлтээр 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Гахай хонхор 16-10 тоотоос иргэн Ж.М-ын эзэмшлийн улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг нууцаар, хууль бусаар авч 1.410.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, хохирогч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-16, 18 дугаар хуудас/, хохирогч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 32-33 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 67 дугаар хуудас/, гаалийн бүрдүүлбэр, “Мустанг-5” маркийн мотоциклийн гаалийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 70-71 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “...согтуу явж байгаад самарт явахдаа унаж явах гэж хулгай хийсэн” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар эд хөрөнгө олох, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.П- нь шунахайн сэдэлтээр 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Гахай хонхор 16-10 тоотоос иргэн Ж.М-ын эзэмшлийн улаан хүрэн өнгийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийг нууцаар, хууль бусаар авч 1.410.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.П-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 1.410.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ж.М-, П.Б- нар “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 23/-ийг өгсөн, хэрэгт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 67/ авагдсан байх тул шүүгдэгч Б.П-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас “албан бланк, бичгийн цаас, хэвлэмэл хуудас”-ны үнэ 13.350 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож /хх-ийн 81/ шүүгдэгчээс гаргуулахаар ирүүлсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 1.5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал”-ыг хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдох гарах бусад зардлыг Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх, цогцсыг оршуулсан газраас нь гаргаж шинжлэх, мөрдөн шалгах туршилт хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах, таньж олуулах ажиллагаа явуулах, ялтныг хорих ангид очиж байцаах, дуудлагаар явахад гарсан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж зааснаас үзэхэд дээрх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, /бусад зардал/-д хамаарахааргүй байгааг дурдах нь зүйтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.П- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар, эсхүл бүх насаар нь хязгаарлаж нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад байлгахыг хорих ял гэнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.П- нь 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс яллагдагчаар цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.П-гийн цагдан хоригдсон 62 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-г 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-гийн цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР