| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0141/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/146 |
| Огноо | 2021-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Лы Сд холбогдох эрүүгийн 2138000000172 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Сын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон эрүүгийн 2138000000172 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.С нь 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 19-07 тоотод хамтран амьдрагч А.Жтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдах явцдаа алгадаж, хана мөргүүлэх, үснээс нь зулгаах зэргээр бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь зүүн зовхи, баруун бугалга, цээж, зүүн бугалга, баруун тавхайнд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт, дух болон хөхлөг сэртэн хэсгийн зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нотлогдож тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч А.Жгийн өгсөн: “ .... Өнөөдөр өглөө би 10 цагийн үед үсчин ороод үсээ янзлуулж байтал нөхөр Л.С утсаар залгаад ажил дээрээ байна гэхээр нь үсчингээс гараад Мөрөн сумын 5 дугаар багийн 19-07 тоотод байх гэртээ иртэл, гэртээ ирсэн байсан. Тэгээд дотогш ортол утас булааж авах гэж оролдсон. Тэгээд би 00 орьё гээд 00-ын цаас аваад гарах гэтэл үснээс зулгааж чирч дотогш нь оруулаад багалзуурдсан. Тэгэхээр нь хариу үйлдэл үзүүлж цохисон. Тэгтэл намайг утсаа өг гээд алгадаад хана мөргүүлсэн. Тэгээд би ярилцья гээд суутал утас булааж аваад гал тогооны өрөөнөөс хутга аваад ирсэн. Тэгснээ цээжин тус газартаа хутгаараа сийчсэн. .... намайг үнэнээ хэл юу нуугаад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь чи намайг байнгын дарамталдаг болохоор чамаас айсандаа нөгөө фэйсбүүк хаягаараа найзуудтайгаа чатладаг юм гэж хэлсэн. Тэгтэл үзье гээд утас үзээд пизда минь гээд хутга шүүрч авахаар нь гараад зугтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/,
Гэрч Б.Нгийн өгсөн: “.... Сын амьдарч байгаа байр болох Мөрөн сумын 5-19-07 тоот хашааны гадаа очсон. Тухайн хашааны гадаа цагдаа ирсэн байсан. Мөнгөнзагас цагдаатай уулзахад: С эхнэрээ зодсон. С нь өөр газраас ирээд гэрийн тусгаарлалтад байгаа учраас түүнд хүмүүс хяналт тавьж байсан. Тухайн өдрийн 18 цагийн үед Жгийн гэрт нь очиж түүнтэй уулзахад намайг С буруу ойлгоод найзтай маань хардаж зодлоо гэж хэлж байсан. Ж тухайн үед цагдаа орж Мөнгөнзагас байцаагчтай уулзлаа гээд цагдаа руу явсан. ..Би тухайн үед цагдаагийн газарт явж очиход Ж ирсэн байсан ба түүний зүүн нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Би тухайн үед Стой уулзах гэсэн боловч уулзаж чадаагүй, түүнийг шууд эрүүлжүүлэхэд хийсэн. Уг өдрийн маргааш Сыг эрүүлжүүлэхээс гарсны дараа хальт уулзахад надтай нэг их юм яриагүй. Би тэгж байгаад л гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг 18 тал/
Гэрч Г.Эын өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр намайг Мөрөн сумын 5 дугаар багийн 19-05 тоотод байрлах гэртээ нөхөр Ганхуяг, хүүхэд Лхагважаргал нарын хамтаар байж байж байхад манай 2 давхарыг түрээслэгч Ж гэх эмэгтэй дээгүүрээ хүрэм шиг маягийн юм өмссөн, түүний дотуур левчиктэй, хөлдөө таавчигтай, доогуураа өмдгүй, зөвхөн бандааштай гүйж орж ирээд буйдангийн булан руу нуугдсан. Би тухайн үед тэр эмэгтэйгээс юу болсон юм бэ гэж асуухад манай нөхөр намайг зодлоо гэж хэлж байсан. Тухайн үед тэр эмэгтэйгийн дух нь хавдсан байсан. ... Энэ үед нөхөр нь гэх залуу орж ирээд манай хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь байхгүй, орж ирээгүй шдээ гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу эхнэрийгээ буйдангийн араар байхыг харчихаад гараад ир, хоёулаа гэр лүүгээ ороё гэж хэлж байсан. Мөн тэр залуу намайг хөдөө явчхаад ирэхэд эхнэр маань манай найзтай явалдсан байна, хайраа гэж чаталсан байна, чат энэ байна, би баталгаажуулсан гээд харуулж байсан. Тэгж байгаад эхнэрийгээ гэр лүүгээ дагуулж орохоор болсон. Би тухайн үед чи эхнэрийгээ зодоод байгаа юм биш үү гэж хэлэхэд би нэг алгадсан, алгадахад юм мөргөсөн гэж хэлж байсан. Тэгээд би тэр хоёртой хамт гэр лүү нь орсон. Гэр лүү нь ороход тэр эмэгтэй эгчээ битгий яваарай гэж хэлж байсан. Тэгэхэд тэр залуу та гарч бай гэж хэлсэн. Би гарч байхад эмэгтэйгийн ээж, ах хоёр нь надтай зөрөөд гэр лүү нь орсон. Үүнээс хойш төд удалгүй цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирснээс хойш юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 192 дугаартай: “А.Жгийн биед зүүн зовхи, баруун бугалга, цээж, зүүн бугалга, баруун тавхайнд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт, дух болон хөхлөг сэртэн хэсгийн зөөлөн эдэд няцралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. А.Жгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 49-50 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Сдорж яллагдагчаар өгсөн: “...Би эхнэрийнхээ утсыг булааж аваад өөр эрэгтэй хүнтэй чат бичиж байгааг ултсыг нь халаасандаа хийсэн, тэгээд эхнэрээс хэн юм гэж асуухад хэлэхгүй байсан болохоор нь би эхнэрийн хацар луу 3 удаа алгадсан, эхрэн байшингийн булангийн цонх мөргөсөн. Тэгтэл эхнэр гэрээс гараад гүйгээд явсан. .. миний буруу, эхнэрээсээ уучлалт гуйж эвлэрсэн байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Жгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Л.Сын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Л.Сын үйлдэл идэвхтэй, хохирогч А.Жгийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Л.Сын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.С нь 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 19-07 тоотод хамтран амьдрагч А.Жтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдах явцдаа алгадаж, хана мөргүүлэх, үснээс нь зулгаах зэргээр бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь зүүн зовхи, баруун бугалга, цээж, зүүн бугалга, баруун тавхайнд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт, дух болон хөхлөг сэртэн хэсгийн зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Л.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Л.С, хохирогч А.Ж нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр цаашид нэхэмжлэх зүйлгүй, эмчилгээний зардалгүй гэх эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх-ийн 45 тал/, гэм хорын хохирлыг арилгасан байна. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Л.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Сын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 44 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Л.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Л.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Булган аймгийн Бүрэгхангай сумын Бүрдэл майнийнг ХХК-нд тамфын операторчин ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15 дугаар багийн 33-02 тоотод хамтран амьдрагч болон хүүхдийн хамт амьдарч байгаа зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Л.Сын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Л.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Л.С нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Лы Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Сыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Л.С нь төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН