Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/148

 

 

 

 

 

 

 

 

                             

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,                     

              Улсын яллагч П.Отгонбаатар,

              Хохирогч Б.Б,

              Хохирогчийн өмгөөлөгч А.Ууганбаяр,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч  Ц.Баасанбаяр

             Шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мын Хт холбогдох эрүүгийн 2038000000406 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгч М.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Х өгсөн: Тухайн өдөр Б ах манайд гэр барьж байхад ирсэн. Ч ахтай маргаад хоёр удаа цохисон. Би хөдлөөгүй. Дахиад машины хажууд очоод Ч ахыг цохисон байхаар нь би очиж цохисон. Хохирогч өөрөө худал яриад байна. Эхлээд цохисон гэж хэлээд дараа нь цохиогүй гэх юм. Би бол хохирогчийг цохисон нь үнэн. Би эмчилгээний зардлыг даая гэж хэлсэн. Нэг ч мөнгө өгөөгүй гээд байх юм. Би 275.000 төгрөг явуулсан байгаа. Үүнээс хойш юу ч өгөөгүй. Хохирогч хагалгаанд орно гэхээр нь өгнө гэж хэлсэн. Би тохиролцох гээд уулзсан боловч 4.000.000 төгрөг өг гэсэн. Би мөнгө өгөх боломжгүй байсан. Тэгээд утсаар холбогдоход өөрөө биеэрээ уулзах ёстой гэсэн. 100 хүнтэй уулзаж гарын үсэг зуруулна, ээжтэй маань уулз тэгж байж тохиролцох үгүйгээ шийднэ гэсэн. Ийм байдалтай ярьж байгаа хүнтэй хэрхэн тохиролцох юм бэ? Би ээжтэй нь уулзах гэж хоёр удаа очсон. Тэр болгонд байхгүй байна гэсэн. Түүнээс хойш хохирогчтой уулзаагүй. Шүүх хурал болоход хохирогч өөрөө ирээгүй. Өвсний мөнгө өгөөд нэмж 100.000 бензин тосны мөнгө өгсөн. Эрүүл мэндтэй холбоотой хохирол төлөөгүй гэх мэдүүлэг,

              Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бы өгсөн:  ...Би араас нь дуудаж зогсоогоод өвсний тооцоо юу болж байна гэснээс болоод бид хоёрын дунд маргаан үүссэн. Би Чыг гэр барьж байхад нь дуудаж гаргаж ирээд зодсон зүйл байхгүй. Тэгээд Ч 70.000 төгрөгийг урд гудамжнаас олоод ирье гэсэн. Тэгэхээр нь би 70.000 биш нэг мөр тооцоогоо хийе гэснээс болоод л  маргаан үүссэн.

Тухайн үед Чт зодуулж байхад хадам талын хүмүүс очсон юм. .. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чтай өвсний тооцоо хийх гэхэд Ч араас ирээд унагаж байхад Х ирж өшиглөсөн. Тухайн үед би нүд өвдөөд байна гэж хэлсэн. Энэ хүн миний тархинаас өөр газар өшиглөөгүй.. Дандаа толгой руу цохиж өшиглөж байсан. Бөгс рүү өшиглөсөн зүйл болоогүй. Би машины хажууд талд уначихсан байхад дээр Ч суучихсан хажуу талаас Х өшиглөж байсан. ... Би энд хагалгаанд орох боломжгүй гэсэн болохоор Улаанбаатар хот руу 11 дүгээр сарын эхээр явсан. Тэгээд төлбөр нь өндөр байсан болохоор ороогүй. Би тухайн үед 1.000.000 төгрөгтэй явсан. Томографын шинжилгээ хийлгээд буцаж ирсэн.  ... Хамрын хагалгаад хэдэн төгрөг хэрэгтэй гэдгийг мэдэхгүй байна. Би одоо үнэр мэдрэхгүй байгаа. Нүдний ухархайн хагалгааг хамрын хагалгааны дараа хийлгээрэй гэсэн. Ажилгүй байсан хугацааны орлого, эмчилгээний зардал болон цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Би 1 сарын дансны хуулгыг хуулбарлаж өгсөн байгаа. Үүгээр нэг сарын орлогын харьцуулалт хийсэн юм гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2038000000406 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр М.Ч, Б.Б нар нь Хөвсгөл аймгийн Галт сумын төвд таарч улмаар өвсний үнэ 175000 төгрөгөөс үүдэлтэй тэдний хооронд маргаан үүсэж барьцалдан ноцолдох үед ах М.Чыг салгах гэж очсон М.Х  нь Б.Бы нүүрэн тус газар нь цохиж духны зөөлөн эдэд няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

              Энэ үйл баримт нь хохирогч Б.Бы өгсөн: “ ...би  Чаас “чи яг  надтай хэдэн төгрөгийн тооцоо хийх гээд байна” гэхэд  70000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь нь үгүй ээ, чи надад 175000 төгрөг  ёстой гээд  уг асуудлаас болж маргаан үүссэн. ...  Миний машины урд талд очоод миний нуруу өвдөөд байхаар нь тонгойх гэтэл Ч миний нүүр лүү цохисон. ... Тухайн үед нэг нэгнийгээ цохисон зүйл байхгүй.  Тэр хооронд Хадаа гэх банди ирсэн байсан.  Тэгсэн Х бид хоёрын  дундуур ороод  намайг цохиод явсан.  Тэгээд Ч  тэр хоёр цохиж унгаагаад  цохих нь цохиод, өшиглөх нь өшиглөөд байсан. Ч  намайг  цохиж унагаагаад  миний дээр  гараад нүүр лүү  цохиод байсан.  Х болохоор  нүүр лүү өшиглөөд байсан.  Би Ч Х хоёрыг  нүүр лүү хэдэн удаа цохисон,  хэдэн удаа өшиглөсөн гэдгийг мэдээгүй. Амаа, Г гээд хоёр эгч ирж  салгаад  Хт  чи  хүний  толгой өшиглөөд ямар аймар зоддог юм бэ? гэж  хэлж байсан. Би одоогийн байдлаар эмчилгээ болон нааш цааш явсан унааны  зардалд 1 сая төгрөг гаргасан байгаа. Одоо  хоёр удаа хагалгаанд орох ёстой. Эмч нар  надад хамарт мэс засал  хийхэд хэдэн төгрөг болох ёстойг хэлээгүй. Харин нүдний ухархайн  хагалгаа хийхэд “яс  нөхөх материалын зардал 850000 төгрөг, мэс засалд бэлдэх  эмчилгээнд 250000 төгрөг болно гэсэн.  Би наад тал 3 сая төгрөг нэхэмжилнэ.  Одоо гаргасан  байгаа зардал  зарим нь баримттай байгаа. ..  Ч Х хоёрт зодуулснаас хойш ажил хийж чадаагүй,  би ажилгүй байсан хугацааныхаа 2 сая төгрөгийг гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 87-89 тал/,

              Гэрч М.Ггийн өгсөн: “... Тэгтэл Ч болон Б буюу  Бтай  барилцаж аваад  Б нь  Чыг хоёр удаа  нүүр хэсэгт нь цохисон. Тэгтэл түүнийг Х болох манай дүү гүйж очоод Быг хашааны гадна унагаагаад дээр нь гараад ноцолдож байхад А эгч намайг дуудаад бид хоёр салгасан. Тухайн үед Чын шанаанаас цус гарсан,  түүнийгээ арчаад сууж байсан. Бы шанаа нь халцарсан байсан, харин Чын  шанаанаас цус гарсан байсан.  Хын биед ямар нэгэн гэмтэл харагдаагүй... миний харснаас  эхлээд  зодоон эхлэхэд  Б Чыг  хашааны гадна талд  үүдэнд байхад  хоёр удаа  цохисон, Ч Быг цохисныг би хараагүй, түүнийг өмөөрч очсон Х Быг унагаасан, унагаагаад  нүүрэнд нь цохиж харагдсан, намайг очиж салгахаас  өмнө цохисныг би хараагүй...  Тухайн үед би  хашаанд дотор байсан.  Хашааны хаалга онгорхой байсан учраас  ил харагдаж байсан.  Намайг  харахад л  Б нь  Ч ахын  нүүр лүү нь хоёр  удаа цохиж харагдсан... Би Ч ахыг Б гуайг  цохиж  байхыг нь хараагүй. Мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 91, 95-96 тал/,

              Гэрч Д.Агийн өгсөн: “... Яын хашаанд гэр бариад байж байтал Б гэх манай нутгийн хүргэн Мөрөнгийн залуу хашаанд орж ирээд гэр барилцаж байсан Чтай уулзаад хашаанаас гараад хашааны гадаа уулзаад чанга дуугаар хоорондоо маргалдаад урд урдаасаа барьцалдаад авсан байсан. Би тэр үед хашаанаас гараад хажуухан байх айлын 00-д бие засах гээд явж байтал Б гэх залуу Чыг цохисон, би хэдэн удаа цохисныг сайн хараагүй, бие засчхаад  буцаад ирэхэд Х хашаанаас гарч ирээд Б хоёр зодолдож байсан. Учир нь би Хыг Чыг өмөөрөөд зодолдож байна гэж бодсон. Би тэгээд сандраад хашаанд байсан хүмүүсийг дуудахад Г ирж Хыг салгаж авсан. Тухайн үед Чыг би анзаараагүй. Миний мэдэх зүйл энэ байна. Тухайн үед би сандраад одоо сайн санахгүй байна. Чын нүүр нь цус гарсан байсан. Одоо сайн санахгүй байна. Бы хувьд нүүр бага зэрэг шанаа нь шалбарсан байсан, аль шанаа гэдгийг одоо санахгүй байна. Х, Б нар газраар ноцолдоод Хыг дээр нь байхад салгасан. Би хэдэн удаа хэн нь хэнийгээ цохисныг мэдэхгүй байна. Миний харснаар Б анх Чыг цохиж байсан, дараа нь Б, Х нар хоорондоо ноцолдож байхад хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисныг хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 тал/,

            Гэрч М.Чын өгсөн: “...2020 оны 01 дугаар сарын 01-ний өдөр би хамаатан болох дүүгийн төрсөн найрны гэр бариад байж байтал өвөл өвс худалдаж авсан Б.Б гэх хүн ганцаараа машинтай ирж надтай уулзсан. Тухайн үед надаас авсны мөнгөө нэхэхэд нь би 75,000 төгрөг өгөх ёстой гэтэл 175,000 төгрөг нэхсэн. Манай аавыг 100,000 төгрөг дутуу өгсөн гээд надаас нэхсэн, тэгэхээр нь би өөрийн 75,000 төгрөгөө өгнө, гээд хүнээс мөнгийг нь олж өгөхөөр хашаанаас мотоцикльтой гараад хашааны гадаа мотоцикль дээр сууж байтал Б.Б над дээр ирээд миний нүүр рүү хоёр удаа цохисон. Би тухайн үед урдаас эсэргүүцэл үзүүлж Б.Быг цохиогүй. Тэр үед хамт гэр барилцаж байсан манай төрсөн эгчийн хүүхэд Х ирээд хоёр гурван удаа нүүр рүү нь цохиж бөгс рүү нь өшиглөж харагдсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Тэгээд Б.Б тэндээс цагдаа руу явсан байсан. Тухайн үед Б.Бы нүүр амнаас цус гараагүй байсан. Дух нь хоёр хэсэгтээ халцарсан байсан. ..Тухайн үед хашааны гадаа байсан тул хүн хараагүй. Хашаа дотор надтай хамт барьж байгаа гэрийн эзэн М, Н нар байсан. Тэд нар зодоон болоход хашаа дотор байсан. Тиймээ хоёр удаа Б.Б цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үед миний нүүр халцарсан байсан.... Би Б.Быг огт цохиж зодоогүй. Харин намайг гараараа толгой руу цохисон. Эхлээд Б.Бтай маргалдаж байхад хэн нэгэн хүн байхгүй байсан. Дараа нь М.Г, А гарч ирсэн. Намайг М.Х, М.Г нар нотлох юм гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 92-93 тал/,

Шүүгдэгч М.Хын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хамаатны айл Нямдорж ахынд байж байгаад хажуу талын айл болох Мын найрны гэр барилцахаар хашаанд ороход Ч ах нэг танихгүй хүнтэй хашааны үүдэнд маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би анзаараад хараад зогсож байтал Ч ахыг тэр залуу заамдаж аваад хоёроос гурван удаа нүүр хэсэгт нь цохисон. Тухайн үед нь би очоогүй, хараад байж байтал машины цаад талд Ч ахыг машины цаад талд хоёр удаа цохихоор нь нэг удаа нүүрний баруун шанаа хэсэгт цохисон, тэгээд би Ч ахыг холдуулаад тэр залууг би хавирч унагаагаад газарт байхад нь хоёр удаа толгой руу өшиглөсөн. Тухайн үед хамаатны эгч А эгч намайг салгасан. Тухайн үед зодолдсон тэр залуутай хамт цагдаагийн кабон, эмнэлгийн гадаа хамт очсон. Надад одоогоор ямар нэгэн  санал хүсэлт байхгүй, Би гаргасан  үйлдэлдээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг  үйлдэхгүй.... Б гуай өөрөө л Ч ахыг хоёр удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд би Ч ахыг өмөөрч Б гуайг зодсон. Би Б гуайн нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохиж, нэг удаа өшиглөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Эмчилгээ хийлгэсэн баримтынх нь хэмжээнд  төлж барагдуулна.  Манай эгч Даариймаа нь Б гуайн гэрт нь очиж уулзаад, одоо яах уу, ийх үү гэхэд 6 сая төгрөг нэхсэн байна лээ.  Надад ийм их мөнгө байхгүй. Би эгчдээ шүүхээр нь шийдүүлсэн нь дээр биз дээ гэдгээ хэлсэн. 1-2 сая төгрөг нэхсэн бол яаж ийж байгаад олоод өгч болох байх, 6 сая төгрөг надад үнэхээр олдохгүй. .... Миний хувьд энэ жил “Их засаг” олон улсын их сургуулийн 4 курст оюутан, энэ хавар сургуулиа төгсөнө. Одоо оюутан учраас эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны түвшин доогуур орлого өрхөд хамаардаг. Бүтэн өнчин учраас сургалтын төлбөрийг маань улсаас бүрэн хариуцдаг гэх мэдүүлэг /хх-ийн 112-116 тал/,

              Хохирогч “Б.Бы биед биед духны зөөлөн эдэд няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Б.Бы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна” гэх  Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 505 дугаартай дүгнэлт /хх-18-19 тал/,

              2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №505 тоот дүгнэлтэд залруулах  зүйл байхгүй байна.  Б.Бы  биед нэмэлтээр хамар ясны хугарал, баруун  ухархайн  дотор  хананы  хугарал бүхий  гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл тухайн хэрэг болсон 2020 оны 10 дугаар сарын 05-ны  өдөр  үүсгэгдсэн байх боломжтой.  Б.Бы  биед нэмэлтээр  тогтоогдсон хамар ясны хугарал,  баруун ухархайн  дотор  хананы  хугарал гэмтэл нь тус  бүрдээ гэмтлийн  зэрэг  тогтоох  журмын 2.4.1-д  зааснаар  эрүүл мэндийг тзр хугацаагаар  сарниулах  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна  гэх Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 133 дугаартай “Хүний биед хийсэн  шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ” дүгнэлт /хх-107-108 тал/,

              Шинжээч М.Батмөнхийн өгсөн: “... 1-2 удаагийн мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бы  биед учирсан дээрх гэмтлүүд нь тус тусдаа  гэмтлийн  зэрэгт хамаарагдахгүй,  харин нийлбэр дүнгээрээ  гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 505 дугаартай дүгнэлтэд: хамар ясны хугарал, баруун ухархайн дотор хананд хугарал гэмтлүүд нь КТГ-ийн шинжилгээ хийгдээгүй байсан учраас тусгагдаагүй юм. Харин 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 133 дугаар нэмэлт шинжилгээний дүгнэлтэд анхны дүгнэлт гарснаас хойш 2020 оны 10 дугаар сарын 08-ны, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрүүдэд дараалан хийгдсэн КТГ-ийн шинжилгээний зураг болон хариунд нэмэлт шинжилгээ хийгдсэнээр Б.Бы хамар ясны хугарал, баруун ухархайн дотор хананд хугарал гэмтлүүд тогтоогдсон. ... нэгээс, хоёр удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Нэг удаагийн цохилтоор дээрх гэмтэл үүсэх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 тал/  зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

               Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Хэрэг үйл баримт болсон шалтгаан, үйлдлийн талаар хохирогч Б.Б, гэрч М.Г, Д.А, М. Ч нарын өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч М.Хын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хохирогч  Б.Бы нүүрэн тус газар цохисон үйлдлийг шууд гэрчилсэн, агуулгын хувьд зөрөөгүй байна.

              Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Бы бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Хын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч М.Хын үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Бы бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

              Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

              Шүүгдэгч М.Хын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээтэй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалд 3061293 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтаа шүүхэд ирүүлжээ.

              Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотолгооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад хохирогчийн эмчилгээ оношилгоотой холбоотой зардалд хх-ийн 155 дугаар талд авагдсан №2 дугаартай Сүхбаатар  дүүрэг 1 дүгээр эмнэлэг дотор Хийлс эйдс, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний  өдрийн  нүдний ухархайн  КТ 100000 төгрөг, №3 дугаартай Сүхбаатар  дүүрэг 1 дүгээр эмнэлэг дотор Хийлс эйдс, №4 дугаартай 2020 оны 11 дүгээр сарын 05-ны  өдрийн  хамар дайвар КТГ 100000 төгрөг,  №4 Сүхбаатар  дүүрэг 1 дүгээр эмнэлэг дотор Хийлс эйдс, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны  өдрийн  хамар дайвар КТГ 100000 төгрөг, №5 дугаартай Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн  2020  оны 10 дугаар сарын 08-ны өдрийн компьютер томограмфийн  төлбөр 100000 төгрөг, хх-ийн 158 дугаар  талд авагдсан №1 дугаартай “Хийлс эйд” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт  100000 төгрөг, №2 Оюу эмийн сангийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн  эм бараа  эмнэлгийн хэрэгсэл 58700 төгрөг, №3 дугаартай “Марал од гариг” ХХК-ийн офлокс 5 мл нүд 6000 төгрөг, №6 дугаартай 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн  “Таван Эрдэнэ эмийн сан” Б.Мөнхбаяр  25000 төгрөгийн посс машины баримт,  №7 дугаартай 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Таван Эрдэнэ эмийн сан” Б.Мөнхбаяр 25000 төгрөгийн  посс машины баримт нийт 614700 төгрөг,  эмчилгээ оношилгоонд явах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой холбоотой гарсан зардалд хх-ийн 156 дугаар талд №7 дугаартай НИК ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А92 бензиний үнэ 32200 төгрөг, №8 дугаартай ПЕТРОСТАР ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А92 бензиний үнэ 26880 төгрөг, №9 дугаартай Улсын авто замын  сан авто зам ашигласны төлбөр 1000 төгрөг, хх-ийн 156 дугаар  талд авагдсан №4 дугаартай НИК ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А92 бензиний үнэ 39003 төгрөг, №5 дугаартай НИК ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А92 бензиний үнэ 47513 төгрөг нийт 146596 төгрөг, дээрх бүгд эмчилгээ оношилгоотой  холбоотой, эмчилгээ оношилгоонд явах зардал нийт 761296 төгрөгийг шүүгдэгч М.Хаас гаргуулан хохирогч Б.Бд олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.Х болон түүний өмгөөлөгч нар нь хохиролд 275000 төгрөгийг төлсөн гэж мэтгэлцэж байх боловч 275000 төгрөг нь  эмчилгээ оношилгоотой  холбоотой  зардал биш, өгөх ёстой  өвсний үнэ 175000 төгрөг, мөн өвсний үнэнээс болж ирж очсон зардал 100000 төгрөг өгсөн гэж  талууд тайлбарлаж байх бөгөөд 275000 төгрөгийг хэн гэдэг хүний данснаас Б.Бы дансанд шилжүүлсэн талаар баримт хэрэгт байхгүй, М.Хын дансны банкны лавлагаа байхгүй байх тул эмчилгээ оношилгооны  зардлаас  хасч  тооцох үндэслэлгүй байна.

              Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох олох ёстой байсан орлого 2175000 төгрөг гаргуулахаар шүүхэд баримтыг ирүүлсэн боловч шүүхэд  ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй өөрөөр хэлбэл хх-ийн 142-144 дүгээр талд авагдсан Хаан банкны орлого зарлагын деспозит дансны дэлгэрэнгүй хуулгын бичиглэл нь уншигдахгүй, хх-ийн 156 дугаар талд авагдсан №6 дугаартай Galt manse LLC 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Голомт банкны 125000 төгрөг уншуулсан посс машины баримт нь юунд зарцуулсан талаар тодорхой бус байх тул 2300000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

              Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч М.Хын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч М.Хын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Х нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

              Хавтаст хэргийн 25-27 дугаар талуудад авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч М.Х нь ам бүл 2, эгчийн хамт Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, мал маллан амьдардаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

              Шүүгдэгч М.Хын гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах  нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

                   Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

              Энэ хэрэгт шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  М.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч А овогт Мын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Мын Хыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хт оногдуулсан 300 /гурван зуун/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт хийлгэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Хт сануулсугай.

              4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч М.Хаас 761296 /долоон зуун жаран нэгэн мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд олгож, шүүхийн хэлэлцэхгүй орхисон 2300000  /хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

               5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

              6. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч М.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН