| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2021/0147/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/157 |
| Огноо | 2021-06-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Бад холбогдох эрүүгийн 2138000910170 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 36-17 тоотод оршин суух М.Мын гэрийг эргэхээр очихдоо гэрт байсан авдарнаас хөөргийн шүрэн толгойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 800000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2138000910170 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Г.Б нь 2020 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 36-17 тоотод оршин суух иргэн М.Мын гэрийг эргэхээр очихдоо гэрт байсан авдраас хөөрөгний шүрэн толгойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Хохирогч өгсөн: “ 2020 оны 10 дугаар сарын дундуур шиг санаж байна. Би тухайн үед Өмнөговь аймгийн “Цагаан хад” гэх газарт ажиллаж байсан. Манай эхнэр Я Улаанбаатар хот руу явсан байсан. Манай гэрт 4 хүүхэд, ээж Энхтайвантай үлдсэн байсан. Манай эхнэр Улаанбаатар хотод 20 гаран хоноод гэртээ ирээд авдар дотор байсан миний хөөргийг үзтэл хөөрөгний толгой байхгүй байсан гэсэн. Тэгээд манай эхнэр над руу хөөргөний чинь толгой байхгүй байна гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь манай бага хүү 3 настай тэр маань тоглоод хаяа биз та нар хашаагаараа сайн үз гэсэн. Тэгээд олдоогүй. 2021 оны 02 сарын эхээр хөөрөгний толгой олж авъя гэж бодоод Мөрөн сумын зах дээр байдаг алт мөнгөний дарханы газруудаар явж байсан “О” гээд нэртэй дарханы газар очоод хөөргөө гаргаж ирээд энэ хөөргөнд таарах толгой байна уу? гэж орсон чинь алт мөнгөний дархан миний хөөргийг хараад өө энэ хөөрөг намар зарна гээд яваад байсан хөөрөг байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь ямар хүн зарна гээд явж байсан юм бэ? гэж асуусан чинь намхан шар царайтай, дээлтэй хүн байсан гэж надад хэлсэн. Би тэр хүнийг дотроо манай баз Б л байх гэж бодсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Ягаан өнгөтэй дундуураа цавтай 10 грамм, мөнгөн нуухтай, зэс халбагатай хуучны шүрэн толгой байгаа юм. Ер нь бол ийм толгой зах зээлийн ханшаар 5.000.000 төгрөг байгаа би цав гарсан учраас 1.000.000 төгрөгөөр үнэлж байна...надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Н.Б гэх залуугаас 800.000 төгрөгөө авсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 19-20 тал/
Гэрч Н.Бий өгсөн: “...Энэ зурган дээр байгаа залуу бол мөн байна. Би он сар өдрийг бол сайн санахгүй байна. Харин энэ залуу ягаан өнгийн хагарсан хөөрөгний хуучний жижгэвтэр шүрэн толгой зарна гэж барьж орж ирсэн. Тэгэхээр нь хэдэн төгрөгөөр зарах юм бэ? гэж асуусан чинь тэр 1,0 сая төгрөгөөр зарна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би авахгүй гэж хэлсэн. Тэгээд л тэр залуу нөгөө хагархай хөөрөгний шүрэн толгойгоо аваад гараад явсан. Тэрнээс биш би тэр залуугаас худалдаж аваагүй. Энэ залуу яагаад зарсан гэж хэлээд байгаа юм би бол мэдэх юм алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/
Шүүгдэгч Н.Бын яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр санагдаж байна, хамаатны М ахындаа очсон. Тэгтэл тэдний гэр эзгүй байсан. М ахын гэрийн түлхүүр манайд байсан юм. Би эхлээд М ахынд очихдоо гэрийн эргэх санаатай очсон. Тэгээд гэрт нь ороод гэр доторхыг нь бүрэн бүтэн байгаа эсэхийг үзээд гэрийнх нь хойморт байсан цоохор авдрыг ухаж авдар дотроос нь хөөргийг нь гаргаж ирсэн. Тэгээд би гэнэт тухайн хөөргийг зарж мөнгө олох санаа төрсөн. Надад тухайн үед маш их мөнгө хэрэгтэй байсан. Тэгээд би хөөргийг даалинд нь буцааж хийгээд хөөргөний толгойг нь аваад гэрийг цоожлоод гарсан. Би тэгээд хөөргөний толгойг авч яваад зах дээр нэг хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Би тэр хүнээ одоо санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-49-50 тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 тал/,
Ихэр мөрөн-Аудит ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчний 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №2145617200272 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34 тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 тал/,
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн байх бөгөөд хохирогч М.Мын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлснээр шүүгдэгч Н.Бын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Н.Бын үйлдэл идэвхтэй, хөөрөгний шүрэн толгой нь бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууц далд аргаар өөрийн эзэмшлэлд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Бын гэм буруутай үйлдлийн улмаас М.Мад 800000 төгрөгний хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон “Ихэр мөрөн-Аудит” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчний 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №2145617200272 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.Б, хохирогч М.М нар нь 2021 оны 05 дугаар 17-ны өдөр 800.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тухай эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх-ийн 59-р тал/ ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Б нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Бын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Б нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-58 тал/ зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлыг арилгасан нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт Нын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж, шүүгдэгч Н.Бад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Быг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Н.Бад хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Н.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН