Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

                                     

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                          

           Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, тус шүүхийн  “Б” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн Г.Эийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг дарга /С.М/-т  хариуцагдах,

            Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 тоот, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/35 тоот захирамжуудийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 28320943 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагч С.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг дарга С овогтой М 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 тоот захирамжаар төрийн албанд нэг жилийн хугацаатайгаар орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ноогдуулсан. Учир нь Дундговь аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ч.О 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0802201713 дугаартай шийтгэлийн хуудсаар сумын Тамгын газрын нотариатын үйлчилгээ явуулсны төлбөр 1813750 төгрөгийг 2014, 2015, 2016 онуудад орон нутгийн төсөвт оруулаагүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авсан. Үүнийг үндэслэн Эрдэнэдалай сумын Засаг дарга С.М нь төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1.3-д зааснаар нэг жилийн хугацаатай төрийн албанд орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм.

Миний бие нь тухайн нотариатын үйлчилгээ үзүүлсэн хөлсийг хувьдаа завшсан зүйл байхгүй бөгөөд суманд томилолтоор ирсэн хүмүүсийн хоол, хүнсний зардалд зарцуулсан, мөн уг мөнгийг 2014, 2015, 2016 онуудын 12 дугаар сарын 31-ний өдөр орон нутгийн төсөвт тушаах ёстой байсан. Иймээс дээрх Засаг даргын захирамжаар арга хэмжээ авсан сахилгын зөрчил нь хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 31-нд гарсан гэж үзэхээр байна.

Мөн Дундговь аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ч.Оын Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 1.1-д зааснаар арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна. Сумын ЗДТГ-ын дарга нь Нотариатын тухай хуулийн 16-р зүйлийн 16.2-р зүйлд зааснаар нотариатын үйл ажиллагаа явуулахаар хуулиар хүлээсэн албаны чиг үүрэгт нь хамруулж өгсөн. Зөрчлийн тухай хуулийн 2.3-р зүйлийн 4 дэх хэсэгт “төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэж заажээ. Иймээс надад Татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч алданги бодож торгох шийтгэл ноогдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.3-т зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь илт хууль бус болох захиргааны акт болж байна. Мөн хуулийн 47-р зүйлийн 47.2-т илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. Эрдэнэдалай сумын Засаг дарга С.Мын надад сахилгын шийтгэл ноогдуулсан нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26-р зүйлийн 26.4-д зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 cap, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ноогдуулж болохгүй гэж заасан байхад Эрдэнэдалай сумын Засаг дарга С.М нь зөрчил гаргаснаас хойш 11 cap 22 хоногийн дараа надад сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26-р зүйлийн 26.4 дэх хэсгийг зөрчсөн байна.

            2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч алданги бодож торгох шийтгэл ноогдуулсан нь Захиргааны Ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.3-д зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, илт хууль бус болох захиргааны актыг үндэслэн Эрдэнэдалай сумын Засаг дарга С.М нь надад сахилгын шийтгэл ноогдуулсан.

            3. Хэрэв Г.Э миний бие нь нотариатын орлогын мөнгийг тушаагаагүй үйлдэл нь төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэнтэй холбоогүй Дундговь аймгийн Татварын Улсын байцаагч Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч алданги бодож торгох шийтгэл ноогдуулсан нь үндэслэлтэй гэж үзвэл Засаг дарга С.М нь давхардуулан сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл байхгүй.

Энэ хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байсан. Татварын албанаас нотариатын тайлан мэдээ гаргах зөвлөгөө, зөвлөмж өгч байгаагүй. Гэнэт 2017 оны 12 сарын 21-нд шалгалт оруулж 12 дугаар сарын 22-нд намайг ажлаас халсан тул зохион байгуулалттай ажлаас халсан гэж үзэж байна. Нотариатын хураамж төлөх асуудлыг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хоёр шатны шүүхийн шийдвэрээр Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хүчингүй болсон. Энэ нь намайг буруугүй гэдгийг тогтоосон. Иймд ажлаас халагдсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 тоот, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/35 тоот захирамжуудийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 28320943 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүсч байна” гэв.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Маргаан бүхий хоёр акт болох 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 тоот, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/35 тоот захирамжууд бий. Захиргааны ерөнхий хуульд зааснаар хоёр акт захиргааны акт болох нь тодорхой харагддаг, захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгэх маргаан мөн юм. Хууль зүйн үндэслэлийг нь тайлбарлахад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 буюу Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргана, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 буюу төрийн албан хаагч Үндсэн хууль болон бусад хуульд заасан үүргийг биелүүлэх үүрэгтэй, хууль тогтоомжийг сахин биелүүлэх ёстой гэсэн хуулийн зүйл, заалтыг баримталсан байна. Мөн хуулийн 26.1.3 буюу  төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн сахилгын шийтгэлийн төрөл, 26.3 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон Дундговь аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын  24-ний өдрийн шийтгэлийн хуудас, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн 08 дугаартай хурлын тэмдэглэл зэргийг удирдлага болгон захирамжилсан.

Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг удирдлага болгож байгаа бол энэ шийтгэлийн хуудсыг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянаж шалгаж байж захиргааны актыг гаргах ёстой. Сая хэлэлцүүлгийн шатанд хариуцагчаас асуухад шийтгэлийн хуудсыг хүчин төгөлдөр эцсийн шийдвэр гэж үзэж энэ актыг гаргасан гэсэн тайлбарыг өглөө гэж үзэж байна. Уг нь бол тухайн шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлийг шалгасныхаа үндсэн дээр Г.Э гэх хүний хөдөлмөрлөх эрхэд халдах ёстой байсан. Өөрөөр хэлбэл шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэл тодорхой бус, шийтгэлийг гаргасан уу, үгүй юу гэдгийг нягтлан шалгаагүйгээр захирамж гаргасан нь хууль зүйн хувьд алдаатай. Магадгүй шийтгэлийн хуудаст гомдол гаргаж шүүх хяналтын байгууллагаар хүчин төгөлдөр болсны дараа энэ хүнд сахилгын шийтгэл оногдуулах асуудал яригдах ёстой. Гэтэл ямар ч шалгах ажиллагаа явагдаагүй, шууд 12 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 9 цагт Г.Эийг дуудаад сонсох ажиллагаа хийж, тэмдэглэл хийсэн. Тэмдэглэлийг хэн хөтөлсөн нь тодорхойгүй, 10 цагт эхэлж, 10 цаг 15 минутад сонсох ажиллагааг дуусгасан гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан үндсэн зарчим үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах үүрэгтэй. Мэдэгдэхийн хувьд мэдэгдэж дуудсан. Гэтэл мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг хангаж хийгдээгүй. 15 дугаар зүйлийн 15.1.4-т захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх эрхтэй. Үйл ажиллагаагаа энэ хүн зөвшөөрөөд байна. Өөрөөр хэлбэл би энэ мөнгийг нь төлье, цаашид ийм зөрчил гаргахгүй, 1800000 төгрөгөөс тодорхой мөнгийг төлсөн байсан, түүнийхээ баримтыг авчирч өгье гэхэд энэ боломжоор хангаагүй. Шууд мэдэгдэл өгч 15 минутын сонсох ажиллагаа хийсэн. Захирамж нь гараагүй байсан боловч шийдвэр нь аль хэдийн төлөвлөгдчихсөн, халах нь тодорхой болсон байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар сонсох ажиллагааг огт хийгээгүй гэж үзэж болно. Оролцогчийг огт сонсоогүй, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох ёстой. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан эрхүүдийг огт хэрэгжүүлээгүй. Шийдвэр гарчихсан, сонсох ажиллагаа хийгдээгүй захиргааны акт гарсан. Үндэслэж байгаа татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хоёр шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Тэгэхээр маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна.

Хоёрдугаарт: 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 35 тоот сумын Засаг даргын захирамж гарсан. Энэ захирамжаараа 2017 оны Б/37 тоот захирамжаа хууль бус байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйл ажиллагаа харагдаж байна. Өөрөөр хэлбэл өмнөх захирамжийн 1-р заалтад өөрчлөлт оруулсан. “1813750 төгрөгийг хувьдаа завшсан нь аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон тул” гэснийг өөрчилж, “Г.Э нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын төсөвт тушаах байсан, итгэмжлэн хариуцсан 1,813,750 төгрөгийг хувьдаа завшсан нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн магадлалаар тогтоогдож байх тул өөрчилсүгэй” гэсэн. Энэ магадлалын огноо 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 342 дугаартай. Гэтэл захирамжид 6 дугаар сарын 9-ний өдрийн магадлал гэсэн байна. Тухайн өдөр ямар магадлал гарсан талаар бид бүхэн мэдэхгүй, хэргийн материалд ийм баримт байхгүй. 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн захирамжаар анхныхаа захирамжийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн. 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн захирамж нь мөн хууль зүйн хувьд алдаатай гарсан. Төрийн албаны тухай хуулийн 39-р зүйл нь төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн тохиолдолд хянан шийдвэрлэх журамтай холбоотой зохицуулалт. Төрийн албаны тухай хуулийн 39.1-т “төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэх”-ээр хуульчилсан. Энэ нь өөрийн эрх хэмжээнд байхгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл төрийн албаны төв байгууллага хэрэглэх ёстой үндэслэлийг авч хэрэглэсэн. 2017 оны 12 дугаар сарын 22-нд гарсан захиргааны актад тухайн үеийн Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх ёстой. Гэтэл хэдэн оны ямар хуулийг иш татан баримталж байгаа нь тодорхойгүй. Үйл явдал 2017 оны 12 дугаар сарын 22-ноос эхэлсэн. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр өмнөх процесстоо өөрчлөлт оруулаад байгаа хэрнээ цаг хугацааны хувьд ямар ч тодорхойгүй хуулийг хэрэглэж байгаа ойлголт нь буруу. Мөн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн захирамжид өөрчлөлт оруулахдаа 2019 оны 6 сард гарсан магадлалыг татаж оруулаад байгаа нь утга агуулгын алдаатай, хоорондоо ямар ч авцалдаагүй. Хууль бус үйл ажиллагаа явуулж миний үйлчлүүлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Хоёр захиргааны акт нь нэг нэгийгээ үгүйсгэсэн. Сүүлд гарсан захиргааны акт нь үр дагавар, ач холбогдолгүй, хоёр хуулийн алийг нь хэрэглэж байгаа нь тодорхойгүй, хууль бус байна.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй. Сая тухайн өдрөө мөнгийг тушаадаг нь ямар учиртай юм бэ? гэж ярьж байна. Г.Э мөнгийг тушаах ёстой юм байна, арай ажлаас халахгүй байлгүй гэж бодож тушаасан. Өмнөх онуудад тушааж байсан баримтыг үзэж хасаагүй, ямар журмаар шалгаж, хэдэн төгрөг олох байсан, түүнээс хэдийг нь тушаагаагүй гэдэг нь огт танилцуулагдаагүй. Татварын улсын байцаагчийн акттай холбогдуулан гарсан хоёр шатны шүүхийн шийдвэр дээр тодорхой байдаг. Хариуцагчаас захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс улсын төсөвт тушаах ёстой байсан итгэмжлэн хариуцуулсан мөнгийг үрэгдүүлсэн гэдгийг тогтоосон гэж үзэж захирамжид өөрчлөлт оруулж байгаа юм байна. Гэвч мөнгө үрэгдүүлсэн нь тогтоогдож байна, магадлалтай байна гэж тогтоосон зүйл байхгүй. Өөрийн итгэмжлэн хариуцсан мөнгийг завшиж үрэгдүүлсэн гэдгийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тогтоодоггүй юм. Энэ нь эрүүгийн шүүх, цагдаагийн байгууллагаар шалгуулах тусгай харьяалалтай. Магадлалыг татаж авчраад захирамждаа өөрчлөлт оруулж байгаа нь хууль бус.

2014, 2015, 2016 оны үйлдлүүдийг ямар шугамаар шалгасан, энэ нь хэзээ илэрсэн, хэзээ үйлдсэн гэдгийг цаг хугацааны хувьд тогтоох боломжтой байсан. Өмнөх Төрийн албаны тухай хууль хэрэгжиж байхад 2017 оны захирамж гарсан учир тухайн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4-т заасан зөрчлийг гаргаснаас хойш 6 сарын дотор, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах ёстой. Үүнийг Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор төрийн захиргааны алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмаар баталгаажуулсан байдаг. Энэ акт өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа хэдий ч энэ журмыг баримтлаагүй. Иймээс хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байгаа Г.Эийн хөдөлмөрлөх эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч С.М шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ ... Тус сумын ЗДТГ-ын дарга Г.Э нь Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-ийн дагуу Хууль зүйн сайдын 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/215 дугаар тушаалаар нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэх эрх авсан юм. Г.Э нь нотариатчийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн үеэс тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн зохих дансанд төвлөрүүлж байгаагүй, зөвхөн өөрийн гар дээрээс зарцуулдаг, тэмдэгтийн хураамжийн тайлан гаргаж байгаагүй нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “42.3.Тэмдэгтийн хураамжийн орлогыг улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаах бөгөөд бэлнээр хураасан орлогын хэмжээ 10000 төгрөг хүрсэн тухай бүрд дансанд тушааж байна”, “43.1.Үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжийн тайланг хагас, бүтэн жилээр гаргах бөгөөд хагас жилийн тайланг жил бүрийн 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд гаргаж өгнө.” гэсэн заалтыг тус тус зөрчиж ирсэн нь аймгийн Прокурорын газрын Хяналтын прокуророор хянуулсан Татварын хяналтын Улсын байцаагч Ч.Оын 2017.11.24-ний өдрийн №0802201713 тоот шийтгэлийн хуудас/ тэмдэглэл болон бусад материал/-аар нотлогдсон. Энэхүү хууль бус үйлдэл нь сумын ЗДТГ-ын дарга бөгөөд төсвийн шууд Г.Э нь хууль тогтоомжийг үл биелүүлж, “татварын орлогыг бэлнээр авч, гар дээрээс зарцуулж, бүртгэхгүй, тайлагнахгүй байж болох” тухай ойлголт, мэдлэгтэйг харуулж байгаа ноцтой зөрчил юм.

Иймд Г.Эийн дээрх зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил тул тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-ийг үндэслэн сумын Засаг даргын 2017.12.22-ны өдрийн Б/37 дугаар захирамжаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Уг сахилгын шийтгэлийг Г.Эийн зөрчлийг илрүүлснээс хойш 28 хоногийн дараа буюу 1 сарын дотор ногдуулсан. Харин Г.Э нь ... дээрх хяналт, шалгалтын явцад буюу жилийн татварын орлогыг 2017.12.12-ны өдөр зохих дансанд нь тушаасан, тайлан огт гаргаагүй зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрөөгүй болохыг харуулж байгаа.

Аймгийн Татварын хяналтын Улсын байцаагч Ч.Оын 2017.11.24-ний өдрийн №0802201713 тоот шийтгэлийг холбогдогч Г.Э нь зөвшөөрсөн, уг шийтгэл нь хууль бус болохыг тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй тул илт хууль бус эрх зүйн акт гэж үзэх боломжгүй. Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т нотариатч ажиллаагүй суманд нотариатчийн үүрэг гүйцэтгэх эрхийг зөвхөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын чиг үүрэгт л хавсруулан гүйцэтгүүлэхээр хуульчилсан тул Хууль зүйн сайдын 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/215 дугаар тушаалаар Эрдэнэдалай сумын ЗДТГ-ын дарга Г.Эт нотариатчийн үүрэг гүйцэтгэх эрх үүсч, нотариатчийн үүрэг гүйцэтгэх нь түүний албан тушаалын албан үүрэг болно. Иймд Эрдэнэдалай сумын ЗДТГ-ын дарга Г.Эт ногдуулсан тус сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 дугаар захирамж нь хууль тогтоомж зөрчөөгүй тул хүчингүй болгох боломжгүй.

Г.Эийн хууль бус үйлдлийн талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 342 дугаар магадлалд “... сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Э нь улсын төсөвт тушаах ёстой байсан, итгэмжлэн хариуцсан мөнгөө завшиж үрэгдүүлсэн гэж үзэхээр байна" гэж дүгнэсэн учраас шүүхийн хүчин төгөлдөр магадлал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/35 дугаар захирамжаар өөрчлөлт оруулсан.

Төрийн албан хаагч хуулиар тогтоосон чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Мэдээгүй гэж хэлэх нь ямар нэгэн шалтаг шалтгаан болохгүй. Яагаад гэвэл энэ хүн мэдэхийн дээдээр мэдэж байгаа, орон нутагт хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй. Мэдээгүй гэж хэлэх нь ёс зүйн хувьд зохимжгүй гэж үзэж байна. Э шүүх хуралдаан дээр татварын улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгосон гэж хэллээ. Шүүхээс улсын байцаагчийг процессийн хувьд алдаа гаргасан байна гэж дүгнэсэн болохоос энэ хүнийг огт буруугүй гэж үзээгүй. Улсын тэмдэгтийн хураамжийг төсөвт төвлөрүүлээгүй нь ёс зүйн хувьд ноцтой алдаа гэж үзэж ажлаас халсан. Мөн 2015-2017 оны нотариатын бүртгэлд нь дахин шалгалтыг хийж мөнгөний дутагдал илрүүлсэн. Энэ асуудал хууль хяналтын байгууллагаар үргэлжлүүлэн шалгагдана” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой эрх нь зөрчигдсөн гэж ярьж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлах хүрээнд урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтуудыг судалж, асуулт, хариултын шатанд тодорхой болсон. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч мөнгийг төлсөн. Энэ нь өөрийн гаргасан алдаа дутагдлыг зөвшөөрч, тухайн өдөртөө мөнгийг төлсөн нь харагдаж байна. Би зарим төлбөрийг нь төлсөн, надад байгаа баримтаа үзье, харъя гэх байсан бол тэр өдрөө мөнгийг төлөхгүй байсан. Тухайн өдрөө төлсөн нь захирамжийг зөвшөөрсөн, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа өөрт нь шаардлагагүй байсан нь энэ үйлдлээр нь харагдаж байна. Хариуцагчийн хувьд хуульд заасан процессын дагуу ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хоёр захирамжтай холбоотойгоор магадлал хэзээ гарсан, магадлалаас татаж захирамжид өөрчлөлт оруулж байгаа нь ойлгомжгүй байна гэж дурьдаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг татаж яагаад захирамжид өөрчлөлт оруулсан бэ гэхээр энэ хүний хийсэн үйлдэл нь тухайн цаг хугацааны хувьд тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу дээрх мөнгийг улсын төсөвт төлөх ёстой байсан.  Мөнгийг улсын төсөвт төлөх ёстой гэдгээ энэ хүн шүүх хуралдааны үед зөвшөөрч байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх итгэмжлэн хариуцсан мөнгийг завшиж үрэгдүүлсэн гэж үзэхээр байна гэсэн нь энэ хүний үйлдэлд оногдуулж хэлж байгаа дүгнэлт. Сүүлд болж байгаа үйл баримтын асуудал огт биш. Цаг хугацааны хувьд сүүлд гарч байгаа нь тодорхой. Сүүлд гарсан магадлалаар ингэж дүгнэж байна гэдэг агуулгаар бид захирамжид өөрчлөлт оруулсан. 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/35 тоот захирамж хууль зүйн хувьд захиргааны актыг өөрчлөх эрх нь Засаг даргад олгогдсон учраас гарсан. Өөрөөр хэлбэл Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг барьж, Г.Эийн өөрийнх нь гаргасан үйлдэлд нь холбогдуулж хариуцлага хүлээлгэсэн.

Татварын улсын байцаагчийн акт хүчин төгөлдөр болоод Эийг  буруутай гэж үзсэн тохиолдолд энэ шийтгэлийн хуудсыг дахиад барьж хариуцлага хүлээлгэсэн бол нэг үйлдэлд нь 2 удаа хариуцлага хүлээлгэсэн гэх асуудал яригдах байсан. Одоо бол өмнөх шийтгэл нь хүчингүй болсон. Тухайн үед гаргасан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж байгаа хэлбэр. Завшсан, үрэгдүүлсэн гэдэг нь эрүүгийн шинж чанартай үйлдэл. Харин ч нэхэмжлэгчийг бодоод заавал эрүүгийн журмаар шалгуулж, ял шийтгэлийн асуудал яригдаагүй. Зөвхөн ажил үүрэгтэй нь хариуцлага тооцоод өнгөрөөе  гэсэн байр сууринаас хандаж гаргасан. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдал эрүүгийн журмаар явбал бүр дордоно. Үүнийг нэхэмжлэгч маань ойлгохгүй байгаа юм болов уу. Ямар үндэслэлээр маргаад байгааг хэлж мэдэхгүй байна.  Ийм үндэслэлүүд байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Э нь тус шүүхэд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Г.Эт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/37 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 17460000 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” Б/35 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 9 сарыг дуусталх цалин 28.320.943 төгрөгийг гаргуулах гэж шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсан байна.

 Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгч Г.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

1.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Г.Эт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/37 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г.Э нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Ажилд томилох тухай” 176 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байсан ба мөн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 тоот захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.3, Дундговь аймгийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №0802201713 тоот шийтгэлийн хуудас, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн сумын Засаг даргын Зөвлөлийн 08 дугаар хурлын тэмдэглэл зэргийг удирдлага болгон нэг дэхь заалтаар Г.Э нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж орон нутгийн орлогод оруулах, улсын тэмдэгтийн хураамж нотариатын орлого 1813750 төгрөгийг хувьдаа завшсан нь аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон тул түүнийг 2017 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс эхлэн төрийн албанд 1 жилийн хугацаатай эргэн орох эрхгүйгээр үүрэгт ажлаас халахаар шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 5,7-р хуудас/  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 13 дугаар зүйлийн 13.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 26.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заажээ. 

Нэхэмжлэгч Г.Эт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаанд Нотариатын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.1-т зааснаар нотариатч ажиллаагүй суманд нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэхээр эрх олгогдсон байна.  

Дундговь аймгийн Татварын улсын байцаагч Ч.О нь аймгийн татварын хэлтсийн даргын баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу Эрдэнэдалай суманд 2017 оны 11 дүгээр сарын 22-24-нийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг явуулж, Г.Эийг 2014, 2015, 2016 онуудад татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан зөрчил үйлдсэн гэж үзэж 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 080201713 дугаар шийтгэлийн хуудсаар 2871741.28 төгрөгийн нөхөн төлбөр торгууль алданги оногдуулсан байна. /хавтаст хэргийн 48-р хуудас/

Ийнхүү нэхэмжлэгч Г.Э нь татварын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 080201713 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байх хэдий ч маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон “орон нутгийн орлогод оруулах, улсын тэмдэгтийн хураамж нотариатын орлогыг хувьдаа завшсан” гэх үйлдлийг нь үгүйсгээгүй байна. /хавтаст хэргийн 53, 222-р хуудасны ар тал/

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Э нь Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2014, 2015, 2016 онуудад улсын төсөвт тушаах ёстой байсан, итгэмжлэн хариуцсан 1813750 /нэг сая найман зуун арван гурван мянга долоон зуун тавин/ төгрөгийг завшиж үрэгдүүлсэн болох нь нэхэмжлэлийн “... нотариатын үйлчилгээ үзүүлсэн хөлсийг хувьдаа завшсан зүйл байхгүй бөгөөд суманд томилолтоор ирсэн хүмүүсийн хоол, хүнсний зардалд зарцуулсан, мөн уг мөнгийг 2014, 2015, 2016 онуудын 12 дугаар сарын 31-ний өдөр орон нутгийн төсөвт тушаах ёстой байсан. Иймээс дээрх Засаг даргын захирамжаар арга хэмжээ авсан сахилгын зөрчил нь хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 31-нд гарсан гэж үзэхээр байна ...” гэх тайлбар, 1813750 төгрөгийг төлсөн банкны баримт, тус сумын Засаг даргын 08 дугаар хурлын тэмдэглэл, Захиргааны хэргийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 342 дугаартай магадлал, хуралдааны тэмдэглэлээр /хавтаст хэргийн 218, 222-223, 245, 51-54-р хуудас/  нотлогддог ба энэхүү үйлдэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.5-д “Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг дээдлэх”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ”, 5 дугаар зүйлийн 5.1.3-т “нотариатын үйлчилгээ үзүүлэх”, 42 дугаар зүйлийн 42.3-т “Тэмдэгтийн хураамжийн орлогыг улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаах бөгөөд бэлнээр хураасан орлогын хэмжээ 10000 төгрөг хүрсэн тухай бүрд дансанд тушааж байна” гэж заасантай нийцэхгүй байна.  

Иймд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 тоот захирамжийг үндэслэл бүхий байна гэж дүгнээд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “... шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэл тодорхой бус, шийтгэлийг гаргасан уу, үгүй юу гэдгийг нягтлан шалгаагүйгээр захирамж гаргасан нь хууль зүйн хувьд алдаатай. Магадгүй шийтгэлийн хуудаст гомдол гаргаж шүүх хяналтын байгууллагаар хүчин төгөлдөр болсны дараа энэ хүнд сахилгын шийтгэл оногдуулах асуудал яригдах ёстой ... татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хоёр шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Тэгэхээр маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна ...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

2. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” Б/35 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Маргаан бүхий захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 342 дугаар магадлал зэргийг удирдлага болгон нэг дэх заалтаар Сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 дугаар захирамжийн нэг дэх заалтын “... аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон тул” гэсэн хэсгийг “... Г.Э нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын төсөвт тушаах ёстой байсан, итгэмжлэн хариуцсан 1813750 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 342 дугаар магадлалаар тогтоогдсон байх тул” гэж өөрчилжээ.  

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг дарга 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн албаны тухай хуулийн /2019 он/ холбогдох зүйл, заалтыг удирдлага болгон өмнөх буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/37 тоот захирамждаа өөрчлөлт оруулсан нь  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 48 дугаар зүйлийн 48.1.3-т “төрийн албанаас халах” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Энэ магадлалын огноо 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 342 дугаартай. Гэтэл захирамжид 6 дугаар сарын 9-ний өдрийн магадлал гэсэн байна. Тухайн өдөр ямар магадлал гарсан талаар бид бүхэн мэдэхгүй, хэргийн материалд ийм баримт байхгүй. 2017 оны 12 дугаар сарын 22-нд гарсан захиргааны актад тухайн үеийн Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх ёстой. Гэтэл хэдэн оны ямар хуулийг иш татан баримталж байгаа нь тодорхойгүй. ... Мөн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн захирамжид өөрчлөлт оруулахдаа 2019 оны 6 сард гарсан магадлалыг татаж оруулаад байгаа нь утга агуулгын алдаатай, хоорондоо ямар ч авцалдаагүй. ... Өөрийн итгэмжлэн хариуцсан мөнгийг завшиж үрэгдүүлсэн гэдгийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тогтоодоггүй юм ...” гэх тайлбараар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/35 тоот захирамжийг хүчингүй болгох нь үндэслэлгүй байна. 

3. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг явуулахаар 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдлээр мэдэгдсэн /хавтаст хэргийн 6-р хуудас/ байх ба 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн 08 дугаар хурлын тэмдэглэлийн хэлэлцэх асуудал 2-ийн асуулт, хариулт хэсэгт  “... Э: 2800000 төгрөгийг төлөхгүй биш төлнө, улсыг хохиролгүй болгоно ...” гэж тусгагджээ. Үүнээс үзвэл улсын төсөвт тушаах ёстой байсан мөнгөө тушаагаагүй болохоо Г.Э хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй. ... Өмнөх онуудад тушааж байсан баримтыг үзэж хасаагүй, ямар журмаар шалгаж, хэдэн төгрөг олох байсан, түүнээс хэдийг нь тушаагаагүй гэдэг нь огт танилцуулагдаагүй ...” гэх тайлбар нь үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч тухайн нөхцөл байдалд Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх үндэслэл үүсгээгүй байна. /Хавтаст хэргийн 218-р хуудас/

4. Дээрх үйл баримт, хугацааг дүгнэж үзвэл эрх бүхий албан тушаалтан зөрчлийг мэдсэн буюу илрүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш хуулийн хугацааанд буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцсон нь Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 26 дугаар зүйлийн 26.4-т заасан “илрүүлснээс хойш нэг сар өнгөрсөн бол ... ногдуулж болохгүй” хугацааг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн /2019 он/ 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Эийн гаргасан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Г.Эт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/37 тоот, 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” Б/35 тоот захирамжуудийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил болох Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 28.320.943 /хорин найман сая гурван зуун хорин мянга есөн зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        В.Ц