Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1113

 

 

 

 

 

 

 

 

 

С.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01004 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ресурс минком” ХХК-д холбогдох

 

“Ресурс минком” ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 120 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх  олговорт 6 582 391 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Тунгалагтуяа, Э.Хулан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Буянжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, Э.Хулан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Уранцэцэг нь "Ресурс минком" ХХК-д 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн ба, сарын 1 500 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сард "Ресурс минком" ХХК-ийн хөрөнгө оруулагч Гиллер гэж хүн компанийн менежер Т.Саруулаар дамжуулан цалингаа багасгаж 200 000 төгрөгөөр бууруулж авахаар санал тавьсныг С.Уранцэцэг зөвшөөрөөгүй. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар ажил олгогчийн санаачлагаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тушаалыг Гиллер гаргасан ба, Гиллер гэж хүн Ресурс компанийн гүйцэтгэх захирлаар 2014 оны 10 дугаар сараас эхлэн 2016 оны 10 дугаар cap хүртэл ажилласан байдаг. Тушаал гарах үед буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар компанийн гүйцэтгэх захирал Т.Саруул гэж хүн ажиллаж байсан ба ажлаас чөлөөлөх тушаалыг эрх бүхий албан тушаалтан гаргаагүй, Гиллер гүйцэтгэх захирлын эрх хэмжээтэй байсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан сахилгын зөрчил гаргасан тохиолдолд эхний удаа сануулж. дараагийн удаа цалингийн 20 хувь хүртэл хэмжээгээр бууруулах, үүний дараа ажлаас чөлөөлөх шат дараалсан хариуцлага бий. Гэтэл тушаал Хөдөлмөрийн гэрээнд заасан ямар сахилгын зөрчил гаргасан талаар тодорхой дурдаагүй, Хөдөлмөрийн гэрээг ажилтан С.Уранцэцэгтэй огт байгуулаагүй, буюу хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй байдаг. С.Уранцэцэг нь бага насны хүүхэдтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Ажил олгогч тушаалаа хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэж байгаа боловч хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ямар зөрчил удаа дараа гаргасныг сахилгын зөрчил гэж үзэж байгаа нь тодорхойгүй, Хөдөлмөрийн гэрээгээр сахилгын зөрчил гэж ямар зөрчил болох талаар талууд тохиролцоогүй тул 2016 оны 11 сарын 30-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалин 6 582 091 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү" гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захирал Гиллер нь утсаар С.Уранцэцэгийг хална гэж хэлсэн гэж байна. Энэ тайлбар үндэслэлгүй, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Т.Саруул гүйцэтгэх захирлаар томилогдсон. Уг тушаалыг биднээс шаардаагүй шаардлагатай бол авч болно. С.Уранцэцэгийн хэд хэдэн удаагийн давтан зөрчил гаргасан сахилгын зөрчил гаргасан тушаал түүнийг танилцуулсан тухай бүрт өөрөө зөвшөөрч байсан үйл баримтууд бий. Хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцоогүй гэрээ байгуулаагүй гэж байна. Гэтэл Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулсан. С.Уранцэцэг нь Татварын албанд өгөх ёстой тайлан баримтуудаа өгөлгүй, манай захирал гадаад улс руу ажлаар явсан гэж өөрөө хуурамчаар албан бичиг үйлдэж өгсөн байдаг. С.Уранцэцэгт захирлаас амаар хэд хэдэн удаа сануулсан байдаг. 2 жилийн хугацаанд С.Уранцэцэг нь 5-6 удаагийн сахилгын зөрчил гаргасан ба, энэ талаар баримтууд хэрэгт авагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар “Ресурс минком” ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 120 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Уранцэцэгийг “Ресурс минком” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

               Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 720 884 төгрөгийг хариуцагч “Ресурс минком” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч С.Уранцэцэгт олгож, 861 407 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

               Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.Уранцэцэгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Ресурс минком” ХХК-д даалгаж,

               Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д
зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн
60.1-д зааснаар хариуцагч “Ресурс минком” ХХК-иас 106 484 төгрөгийг нөхөн
гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, хэрэгт хамааралтай байдлаар үнэлж шийдвэрээ гаргаагүй гэж үзнэ. Тухайлбал, хариуцагчийн хүсэлтээр үзлэг хийж С.Уранцэцэгт 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хуулбарыг баримтжуулж авсан атлаа тэдгээрийг "нэхэмжлэгчид танилцуулсан, хамт олны хурлаар сахилгын шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэсэн байдал тодорхойгүй байна" гэсэн үндэслэлээр үнэлж үзээгүй байна. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь 2016 оны 11 дүгээр сарын 7-ны 98-л дугаар тушаалын баруун доод буланд С.Уранцэцэг гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан баримтад байгаа. 2016 оны 11 сарын 01-ний өдрийн 97-л тушаалыг мөн өдөр нь танилцуулсан гэж Т.Саруул гарын үсэг зурсан байдаг. 2016 оны 7 сарын 6-ны өдрийн 55-л тушаалыг мөн танилцуулж С.Уранцэцэг гарын үсэг зурсан. Мөн сануулга өгсөн тушаалтай танилцаж алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч дахин ийм алдаа гаргахгүй ажиллах талаараа С.Уранцэцэг Ерөнхий захирал Б.Гиллерт бичгээр гаргаж өгсөн нотлох баримт ч  хэрэгт авагдсан байгаа. Хамт олны хурлаар хэлэлцүүлэх тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар Ажил олгогч, түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан шийдвэр гаргаж сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчилсан тул дээрх сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрүүдийг хамт олны хурлаар шийдвэрлүүлэх шаардлага хууль зүйн хувьд тавигдахгүй юм. С.Уранцэцэгийг ажлаас халсан тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 100.1-т заасныг баримталсан бөгөөд дээрх тушаалуудыг шүүх шийдвэр гаргахдаа үнэлж үзэх ёстой байжээ. С.Уранцэцэг ажилд орсноос хойш /2015-2016 онуудад/ удаа дараа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. 2015 оны сахилгын зөрчилд ногдуулсан шийтгэлийн хувьд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дууссан, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг бодитоор аваагүй боловч 2016 оны 11 дүгээр сард гаргасан хоёр удаагийн сахилгын шийтгэлийг шүүх хэрэгт хамааралтай байдлаар үнэлж үзэх ёстой. Ажлаас халах болсон сахилгын зөрчлийн тухайд С.Уранцэцэг нь Ерөнхий захирал Б.Гиллерийг эзгүйд дур мэдэн компанийн албан маягт, тамга ашиглан түүний нэрийн өмнөөс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст хүсэлт гаргаж Б.Гиллерийн гарын үсгийг өөрөө зурсан явдал юм. Уг баримтыг хэрэгт мөн нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил биш харин ажлын байрны тодорхойлолтод заагаагүй чиг үүргийг дур мэдэн хэрэгжүүлсэн, байгууллагын хэвлэмэл маягт, тамгыг ашигласан түүнчлэн захирлын гарын үсгийг дуурайлган зурсан үйлдэл бөгөөд энэ нь сахилгын зөрчилд тооцогдох бүрэн үндэстэй. Ингэснээр С.Уранчимэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан тул түүнийг ажлаас халсан тушаал нь үндэслэлтэй юм. Шүүх хуралд хариуцагчийг төлөөлж оролцсон төлөөлөгч сахилгын ноцтой зөрчлийн улмаас С.Уранчимэгийг ажлаас чөлөөлсөн мэтээр буруу тайлбар өгсөн боловч хэрэгт авагдсан бусад нотлох баримт, тухайлбал хариуцагчаас бичгээр гаргаж өгсөн тайлбар, ажлаас чөлөөлөх тухай тушаалтай харьцуулан үнэлэх ёстой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн ташаа тайлбар нь мөн тушаалын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй юм. С.Уранчимэгтэй бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээг хэрэгт ирүүлэх боломж хариуцагчид байхгүй, учир нь нэхэмжлэгч уг гэрээг авч алга болгосон байдаг ба энэ нь ажил олгогчийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ч тухайн ажилтныг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил үзэхээр Улсын ,дээд шүүхээс 2012 онд гаргасан зөвлөмжид заасан байдаг. Сахилгын ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах, эсхүл хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад дүрэм журмаас иш татахаар хөдөлмөрийн гэрээнд заахыг шаарддаг. Харин сахилгын зөрчлийн хувьд ийм шалгуур тавигдахгүй бөгөөд баримт бичигт хүний өмнөөс гарын үсэг зурах зэрэг ёс зүйн алдаа ч зөрчилд тооцогдоно. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч С.Уранцэцэг нь хариуцагч “Ресурс минком” ХХК-д холбогдуулан захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 120 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 582 391 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ажил олгогч “Ресурс минком” ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 120-л тоот тушаалаар ажилтан С.Уранцэцэгийг нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хэргийн 4 дүгээр тал/

 

Хариуцагч “Ресурс минком” ХХК-иас уг тушаалын үндэслэлийг ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилтан нь захирал Б.Гиллерийн гарын үсгийг дуурайлгаж зурсан ноцтой зөрчил гаргасан гэж тус тус тайлбарласан байна.

 

Ажилтан С.Уранцэцэгийг үүрэгт ажилдаа хайнга хандсан, захирлын өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй гэх үндэслэлүүдээр 2015 оны 3 дугаар сарын 18, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд анхан шатны шүүх сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусан гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 25, 27 дугаар тал/

 

Ажил олгогч “Ресурс минком” ХХК-ийн захирлын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 55-л тоот тушаалаар ажилтан С.Уранцэцэгийг цахилгааны төлбөрийг хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан болох нь баримтаар тогтоогдсон, уг тушаалыг ажилтанд танилцуулсан байна. /хх-ийн 28 дугаар тал/ Анхан шатны шүүх дээрх тушаалын үндэслэл нь нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаагаар тогтоогдоогүй тул бодитоор сахилгын шийтгэл ногдуулаагүй байна гэж үндэслэлгүй дүгнэжээ.

 

Түүнчлэн ажил олгогчоос 2016 оны 11 дүгээр сарын 01, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд ажилтан С.Уранцэцэгт  сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хэрэгт баримтаар авагдсан байх боловч эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. /хх-ийн 38-40 дүгээр тал/  Шүүх эдгээр баримтуудад заагдсан мэдээллийг агуулж байгаа гэх цахим хаягт үзлэг хийсэн байх боловч уг үзлэгээр 2016 оны 11 дүгээр сарын 01, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрүүдийн тушаалуудад ямар баримтат мэдээлэл агуулж байгааг тодруулаагүй байна. Мөн дээрхи сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудын үндэслэлийг хамт олны хурлаар шийдвэрлээгүй нь сахилгын зөрчил гаргасныг үгүйсгэх нөхцөл байдал мэтээр анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

            Мөн ажилтныг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийн нэг буюу “Ресурс минком” ХХК-ийн захирал Б.Гиллерийн гарын үсгийг дуурайлгаж зурсан гэх үйл баримтыг анхан шатны шүүх тодруулаагүй, хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан  Нийгмийн даатгалын тайланг  хариуцагч үгүйсгэдэг ба энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна.

 

            Ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх болсон тушаалын үндэслэлтэй холбоотой нотлох баримт хуулиар тогтоосон шаардлага хангаагүй байх бөгөөд  анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх журмыг зөв баримтлаагүй тул хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг бүрэн гүйцэт тогтоогоогүй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5  дахь заалтыг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 500 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ                                      

                                                          ШҮҮГЧ                                      Т.ТУЯА                                                                                                            

                                                                                                          Г.ДАВААДОРЖ