Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/71

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О,

Шүүгдэгч З.М,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт З-ийн М-д холбогдох 2128000580035 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..................................................................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч З.М нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хот айл” хоолны газарт ажиллаж байх хугацаандаа тухайн цайны газрыг ажиллуулдаг Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Хот айл цайны газрын 2 давхрын 0 тоотод оршин суудаг хохирогч Д.О-ийн гэрт байсан сейфнээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 4,700 /дөрвөн мянга долоон зуу/ юань, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт 5,000,000 /таван сая/ төгрөг, нийт 7,022,128 /долоон сая хорин хоёр мянга нэг зуун хорин найм/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн 2 дугаар давхарт байрлах гар утасны 207-23 тоот лангуунаас хохирогч О.Х-ы “iphone XR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 4 дүгээр багийн Дундсайханы 7-35 тоотод байх иргэн Б.А, Д.Д нарыг гэртээ унтаж байхад нь 2 давхрынх нь хаалгаар дотогш нэвтэрч Б.А-ийн эзэмшлийн “Samsung S4” загварын гар утас 1 ширхэг, “Samsung S10” загварын гар утас 1 ширхэг, “Samsung S7” загварын гар утас 1 ширхэг, бэлнээр 10,000 /арван мянга/ төгрөг, 2 ширхэг сим карт, 2 ширхэг Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны АТМ-аас Хаан банкны 5004036221 дугаартай кредит картнаас 5,804,500 төгрөгийг нийт 9 удаагийн үйлдлээр авч, хүний байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч иргэн Б.А-т 6,940,500 /зургаан сая есөн зуун дөчин мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 14,962,628 /арван дөрвөн сая есөн зуун жаран хоёр мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч З.М-г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Хэргийн талаар нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний бие хийсэн гэм буруугаа ойлгож ухаарсан тул учруулсан хохирлоо төлөх зорилготой байгаа. Хохирогч нарынхаа хохирлыг барагдуулж алдаагаа засаж хохирол гомдолгүй болгож хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Намайг хохирол төлбөрөө төлөх гэхэд цагдан хорьсон. Шүүгч, улсын яллагч бүх зүйлийг өөрсдийн шийдвэрээр эсрэг зорилготой ажиллаад байна гэж миний зүгээс харж байна. Учир нь энэ хүмүүс намайг хохирлоо төлөх боломжгүй, алдаагаа засах ухамсаргүй, мэдлэг боловсролгүй, тусалж дэмжих ураг төрөлгүй гэж тодорхойлж үздэг болов уу гэж бодож байна. Иймд та бүхэнтэй зөв ойлголцож асуудалд аль аль талаа хохироохгүй хандахыг хүсэж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би юанаар 4,700 юань, Монгол мөнгөөр 5,000,000 төгрөг алдсан. Би энэ хүнд алдаагаа засах боломж олгосон. Чи болохгүй бол ажил хийж төл тэгвэл би чамайг уучилна гэж хэлсэн. Тэгэхэд миний өмнөөс мөнгийг чинь хүүхэндээд, вискидэж барсан гэж доромжилсон шинжтэй мессеж бичсэн. Миний ойлгож байгаагаар энэ хүн засрахгүй. Одоо 7,022,128 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед сэрэхэд нөхөр Д бид хоёрын 3 ширхэг гар утас, миний түрийвчинд байсан Хаан банкны миний эзэмшлийн 2 ширхэг виза карт, 10,000 орчим задгай төгрөг алга болсон байсан. Тухайн өдрийн шөнө дунд би нэг удаа сэрсэн. Би зүүдэлсэн үү, чимээ гарсан уу гэдгийг мэдэхгүй байна. Чимээ чагнахад манай байшингийн хойно юм унах шиг чимээ гарсан. Өөр зүйл сонсогдохгүй байхаар нь унтсан. Манай нөхөр Д цагдаад мэдэгдэхээр гарахад хашааны хаалганы дотор талд нөхөр бид хоёрын нэг нэг гар утас, 2 ширхэг миний эзэмшлийн виза карт тавьчихсан байсан. Манай нөхөр хоёр утсаа аваад үзэхэд утаснуудын сим картыг нь авчихсан байсан. Бид хоёр гар утастай газар очиж данснуудаа хаахаар хүргэн С.Мөнхбатынд очсон. Данснуудаа хаачхаад Цагдаагийн газар ирж хандсан. Нөхөр бид хоёр 02 дугаар сарын 22-ны өглөө 09 цагт Хаан банк, Хас банк орж хаагдсан данснуудаа сэргээсэн. Би банк орчхоод ажил дээрээ байж байхад орой 18 цагийн үед манай худалдагч Энхээ дэлгүүрийн гар утсан дээр төлбөрөө төл гэсэн утга бүхий мессеж ирсэн байна гэж хэлсэн. Би гэртээ очоод 19 цагийн үед Хаан банкны картынхаа данс руу орж үзэхэд 2021 оны 02 дугаар сарын 20-ны үүрийн 03 цаг 50 минутаас 04 цаг 10 минутын хооронд миний Хаан банкны данснаас 9 удаагийн үйлдлээр 5,804,500 төгрөгийн зарлага гарсан байсан. Би Хаан банкны картынхаа дансыг хаалгаагүй байсан гэдгээ санаад Хаан банк руу ярьж картынхаа дансыг хаалгасан. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. 2014 онд Улаанбаатар хотоос 450,000 төгрөгөөр авч байсан хар өнгийн Samsung S4 загварын бор өнгийн утасны гэртэй гар утас, түрийвчинд байсан 10,000 орчим төгрөг, утасны 2 ширхэг сим карт, миний эзэмшлийн Хаан банкны данснаас 5,804,500 төгрөг алдагдсан... Samsung S7 загварын гар утсыг 2017 онд Улаанбаатар хотоос 1,750,000 төгрөгөөр авч байсан, шаргал өнгийн гар утас байгаа юм. Нөгөө гар утсыг нь 2020 онд Тэнгэрийн ертөнц гар утасны дэлгүүрээс 860,000 төгрөгөөр авч байсан Samsung galaxy S10 загварын хар өнгийн утасны гэртэй, цагаан өнгийн гар утас байгаа юм... Би алдагдсан 5,804,500 төгрөг, Samsung S4 загварын гар утас хоёроо буцааж авч хохирлоо төлүүлмээр байна... Миний гар утсыг хашааны хаалган дотор талд Хаан банкны 2 ширхэг картын хамт тавьсан байсан. Тэрнээс өөр зүйл хүлээн аваагүй. Би гомдолтой байгаа.” /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би яг сайн санахгүй байна. 2020 оны 09 дүгээр сарын үед манай М нь аяга таваг угаагчаар ажилд ороод 1 сар гаран тогтвортой ажилласан. Манайх 2020 оны 10 дугаар сарын сүүлээр цайны газрынхаа 2 давхарт гэртээ засвар хийлгэсэн. Тухайн үед би М-г аяга, таваг угаагчийнх нь ажлаас нь чөлөөлж гэрийнхээ засварын ажилд туслуулахаар болсон. Манай гэрийн засварын ажил 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шиг санагдаж байна, ямар ч байсан дуусаад гэртээ тавилгануудаа ч оруулж амжаагүй оруулчихсан байсан. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний орой тухайн өдрийн орлогоо сейфэндээ хийх гээд сейфээ онгойлготол банкны зээлийн эргэн төлөлтөд өгөх ёстой уг том сейфийн тавиур дээр байсан 6,000,000 төгрөг байхгүй байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Би анх ирж мэдүүлэг өгчхөөд буцаж очоод сейфээ сайн ухтал сейфийн тавиур дээр сагсан дотор алдсан 6,000,000 төгрөгийн 1 сая төгрөг нь байсан ба харин уг сейфийн аль нэг тавиур дээр нь байсан жижиг хар түрийвчтэй 4700 юань буюу төгрөгөөр бол 1,786,000 төгрөг байхгүй байсан. Нийт 6,786,000 төгрөг хулгайд алдагдсан байсан... Би гомдолтой байна. Би 6,786,000 төгрөгөө нэхэмжилж байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 198-199 дүгээр хуудас/

Хохирогч О.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 12:30 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн 2 дугаар давхарт байрлах гар утасны 207-23 дугаар лангуун дээрээ байж байхад нэг эрэгтэй ирээд “I phone X” үзсэн. Надад сим карт байхгүй тул чиний сим картыг ашиглая гэж хэлээд үзэж байсан. Гар утсандаа миний сим картыг хийгээд шалгаж үзсэн. Тэгээд бас хамгаалалттай гар утасны кейс авъя гэхэд нь би тийм кейс аваад ирье та наанаа зогсож байгаарай гэж хэлээд кейс аваад ирэхэд алга болсон байсан. Тэгээд цагдаад хандсан. Айфоне икс ар загварын цагаан өнгөтэй, Солонгос моделтэй, 64гб багтаамжтай гар утас байсан. Солонгос улсаас авч ирсэн утас байсан. Би өөрөө 1,200,000 төгрөгөөр зарах гэж байсан... Би гомдолтой байна, миний утсыг авч яваад зарчихсан байсан. Би өөрийнхөө утасны мөнгийг буцааж авмаар байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 240, 246 дугаар хуудас/

Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 02 дугаар сарын 20-ны өглөө босоход манай эхнэр бид хоёрын нийт 3 ширхэг гар утас, бэлэн мөнгө, банкны карт алга болсон байсан. Гэрт хулгайч орсон байсныг мэдсэн. Цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр байшингаас гартал манай хашаанд хулгайд алдсан 2 утас банкны карт хашааны хаалган дотор хийсэн байсан. Тухайн хоёр гар утсыг газраас аваад үзтэл сим нь байхгүй ашиглах боломжгүй, хүнтэй холбоо барих боломжгүй байсан. Цагдаагийн байгууллагад өөрийн биеэрээ ирж 10 цагийн үед тэмдэглүүлсэн дэслэгч Мя газар дээр очиж үзсэн. Бид 1 хуучин гар утас гээд гомдол саналгүй гээд бүртгүүлсэн. Тэр үед бид нар зээлийн картаас мөнгө алдсанаа мэдээгүй байсан тул гомдолгүй гэж хэлсэн. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 22-ны орой эхнэр А-ийн зээлийн картаас их хэмжээний мөнгө гарсан тул эргүүлж төлнө үү гэж мессеж Хаан банкнаас ирсэн. Банкны хуулга авсан чинь 5,800,000 төгрөг зээлийн картаас авсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Би S10 загварын гар утас хулгайд алдсан 2020 онд Өмнөговь аймгийн төвөөс 860,000 төгрөгөөр худалдан авсан. S7 загварын гар утсыг Улаанбаатар хотоос 1,750,000 төгрөгөөр худалдан авсан, S4 гар утас нь 2014 онд 450,000 төгрөгөөр худалдан авсан, Хаан банкны зээлийн карт, Хаан банкны алтан карт болон эхнэрийн түрийвчинд байсан 10,000 гаруй задгай мөнгө байсан алга болсон байсан. Тухайн хулгайд алдсан S10, S7 загварын гар утас болон Хаан банкны зээлийн карт, алтан карт манай хашааны тээврийн хэрэгсэл орж гарах хаалганы доогуур шургуулж орхисон байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/

Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...М анх манайд ирэхдээ миний тавьсан зарын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 12-ны үед хот айл зоогийн газар угаагч авна гэсэн зарын дагуу ирлээ гэж 09 дүгээр сарын 13-ны үеэр манайд ирэхээр нь би уулзсан. Би тэр залуугаас хаанаас ирсэн бэ гэж асуусан чинь Сүхбаатар аймгаас хотод ирсэн хотоос Өмнөговь аймаг руу ажил хийх гэж тохироод ирсэн чинь замдаа утсаа унагаад нүүрийг нь хагалсан. Ажилд авна гэсэн хүнтэйгээ холбогдож чадахгүй байна, буцах унааны мөнгө байхгүй бас хонох газар байхгүй гэхээр нь дарга нартайгаа холбогдоод ажилд авахаар болсон. Тэр залуу өөрийгөө М гэдэг гэж хэлсэн. Анх ярихдаа би Өмнөговийг мэдэхгүй, танайх хаана байдаг юм, би энэ газрыг мэдэхгүй, хүн танихгүй гэж хэлсэн. Орой ажил тараад би Баруунсайханд даргын хадам эхийн гэрт хүргэж өгсөн. Тэрнээс хойш ээлж таарсан үедээ би М-г Баруунсайханд гэрт нь хүргэж өгдөг байсан. Өглөө нь өөрөө гүйгээд ирдэг байсан. Дарга гэртээ засвар хийж байсан болохоор М-г гэртээ авч ирж туслуулдаг байсан. Бас М танихгүй айлд юу хийх вэ гээд гэртээ ажиллуулдаг байсан. Сар ажиллаад цалингаа авсан. Цалингаа авчхаад эхдээ мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн. Байгаа айлдаа цалингаа буухад юу ч авч өгөөгүй гэж хэлсэн. Мөнгө алга болдгийн өмнөх өдөр 100,000 төгрөг даргыг зээлчих гэхээр нь одоо 13-нд цалин буух гэж байхад хоёрын хооронд яах юм гээд мөнгө өгөөгүй гэж хэлсэн. Өчигдөр даргын хадам эх хамт цайны газар ирсэн гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүдтэй тоглож байгаад гэнэт алга болсон гэж сонссон. Би өчигдөр амарсан байсан болохоор сайн мэдэхгүй байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас/

Гэрч П.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай бэр О М-г ажилд авсан. Амьдрах газар байхгүй гээд манайд түр байлгая гээд манайд сар гаруй болсон. М-г хэзээ ирснийг нь санахгүй байна. Манай илүү гэрт ганцаараа байдаг байсан. Илүү гэрт хөнжил, гудас байдаг байсан. Хоолоо ажиллаж байсан цайны газраа иддэг байсан. Заримдаа ажлаасаа тарж ирээд манай гэрт орж зурагт үзэж байгаад илүү гэр рүү очиж хонодог байсан... Би 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө М босоод мах ирэх гэж байгаа цайны газар руу явлаа хамт явах уу гэхээр нь би хамт явъя гээд хамт явсан. Цайны газар очоод М доор үлдсэн. Би 2 давхар руу гэр рүү нь гарч О-ийн хүүхдүүдийг харсан. Тэгсэн чинь М 2 давхар руу гарч ирээд хүүхдүүдтэй тоглож байхаар нь би гал тогооны өрөөнд өвгөнтэйгөө утсаар ярьсан. Нэг мэдсэн чинь М-г гараад явсан гэж хүүхдүүд хэлсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 205-206 дугаар хуудас/ 

Гэрч З.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би хувиараа 2020 оноос хойш хувиараа гар утас худалдаалж эхэлсэн. Драгон болон 3, 4 дүгээр хороололд гар утасны худалдаа эрхэлдэг. Манай эхийн дүүгийн охин болох О.Х-тай 2020 оны 05 дугаар сараас эхлэн хамтран ажиллаж эхэлсэн. О.Х Драгон үйлчилгээний төв дээр ажиллаж, би өөрөө хорооллын лангууг хариуцаж ажиллаж байгаад 2021 он гаргаад жирэмсний амралтаа авсан. Манай дүү Х Драгон төв дээр байрлах салбарыг ажиллуулдаг байсан. Тэгтэл 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Драгоны лангуун дээрээс “Айфоне экс ар” загварын гар утас хулгайд алдагдсан талаар О.Х надад хэлсэн. Би тус хэрэгт О.Х-ыг хохирогчоор оролцуулах хүсэлт гаргасан.” /2 дугаар хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/

Гэрч Т.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...З.М нь миний төрсөн хүү байгаа юм. З.М нь урьд өмнө З.Ч гэсэн нэртэй байсан. З.М нь багадаа их урвагар хүүхэд байхаар нь 5 настай байхад нь нэрийг нь сольж З.М болгосон. З.М нь бүрэн дунд боловсролтой. Миний хүү З.М даруухан хүүхэд, хөнгөн хийсвэр зантай. Тэрнээс бусдаар бол гайгүй хүүхэд байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 171 дүгээр хуудас/

Шүүгдэгч З.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өмнөговь аймаг Даланзадгад суманд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны үед ажил хийх зорилгоор Сүхбаатар аймгаас ирсэн. Би “Хот айл” гэдэг цайны газар угаагчаар ажилд ороод ажиллаж байгаад 2020 оны 11 дүгээр сарын эхээр “Хот айл” цайны газрын захирлын амьдардаг гэрт нь буюу уг хоолны газрынх нь 2 давхарт байж байхдаа би шкафнаас сейфийн түлхүүр олоод тэр түлхүүрээрээ сейфийг нь онгойлгож хар өнгийн жижиг цүнхийг онгойлгож үзсэн чинь 4700 орчим юань байсан. Доод талын тавиур дээр байсан хар өнгийн эмэгтэй хүний цүнхэнд 20,000 төгрөгийн дэвсгэрт 1 боодол, 10,000 төгрөгийн дэвсгэрт 2 боодол, 5000 төгрөгийн дэвсгэрт 2 боодлыг аваад гадуур хувцасны доод талын халаас болон энгэрийн халаасандаа хийгээд Дундговь аймаг руу 300,000 төгрөгөөр унаанд дайгдаж яваад Улаанбаатар хотод сайн санахгүй байна нэг газар очоод юаниа солиулаад Монгол мөнгөн дэвсгэртэйгээ 6,600,000 төгрөг орчим болж байсан. Би уг мөнгөөрөө архи мөрийтэй тоглоод, архи авч уусан. Буудалд хоноглож биеэ үнэлэгч авч дуусгасан. Би 2021 оны 01 дүгээр сарын үед мөнгөгүй болчхоод Драгон төвийн гар утасны захаас гар утас худалдаж авах гэж байгаа юм шиг болоод нэг охиноос “I Phone XR”-г нь үзэж байгаад аваад зугтаачихсан. Би уг хэргээрээ Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтэст Сэргэлэн гэдэг байцаагч дээр шалгагдаж байгаа. Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний шөнө баригдаад Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ирээд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш Өмнөговь аймаг Даланзадгад сумын Жаргалантын 2-2 тоотод тусгаарлагдаж байхдаа 2021 оны 02 дугаар сарын 18 билүү 19-ний шөнө 04 цагийн үед Дундсайхан гэсэн хаягтай нэг гаднаа төмөр хаалгатай дотроо 2 давхар бор өнгийн байшин байсан шиг санагдаж байна. Ямар ч байсан уг айлын хашааг давж ороод уг байшингийн хоёр давхарт нь байх онгорхой давхар вакуум хаалгаар ортол хүн унтаад хурхирах чимээ гарч байхаар нь би сэмхэн яваад 2 давхарт нь байсан том өрөө рүү орж сандал дээр нь байсан эмэгтэй хүний цүнхнээс улаан өнгийн түрийвч, мөн уг өрөөний буйдан дээр байсан 3 ширхэг Самсунг загварын гар утсыг аваад, сандал дээрээс авсан түрийвчийг нь нээж үзэхэд 50,000 төгрөг байхаар нь уг мөнгийг нь хадгаламжийн алтан карт, гүйлгээний ногоон картыг нь аваад иргэний үнэмлэхээс нь төрсөн он, сар, өдрийг нь хараад иргэний үнэмлэхийг нь буцаагаад түрийвчинд нь хийгээд тэр айлаас авсан 3 ширхэг Самсунг гар утасны симийг нь аваад форматалсан чинь 2 гар утас нь болохгүй байсан. Би уг айлаас гараад хашааны хаалгаар нь давах гээн чинь халаасанд гар утаснууд тээглээд байхаар нь би форматлагдахгүй байсан 2 ширхэг гар утсыг нь хашааны хаалганых нь доор тавиад орхиод явсан. Би тэр шөнөдөө шууд Нутгийн удирдлагын ордны урд талд байдаг Төрийн банкны АТМ рүү хадгаламжийн алтан картыг нь хийгээд тухайн иргэний үнэмлэх нь дээр нь байсан төрсөн он, сар, өдрийг нь хийсэн чинь болохгүй байсан. Тэгэхээр нь нөгөө ногоон өнгийн гүйлгээний картыг нь уншуулаад төрсөн өдрийг нь хийсэн чинь код нь таарахаар нь би уг данснаас нь 5,800,000 төгрөгийг тус бүр 600,000 төгрөгөөр 8 удаа уншуулж аваад буцаагаад картаа хашааны хаалган доор нь буюу үлдээсэн 2 утсан дээрээ тавьж орхисон. Би тэр өглөө зар тавьж байгаад хувь хүний жижиг тэргээр 400,000 төгрөгөөр Улаанбаатар хот руу яваад өмнөх шигээ архи, хүүхэнд мөнгөө зарцуулж дуусгасан. Самсунг загварын гар утсаа Улаанбаатар хотод архи ууж явж байгаад алга болгочихсон.” /1 дүгээр хавтаст хэргийн 215-216 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаартай шүүх сэтгэцийн дүгнэлт: “Шинжлүүлэгч З.М нь сэтгэцийн хувьд эрүүл. Шинжлүүлэгч З.М нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч З.М нь хэрэг хариуцах чадвартай.” /1 дүгээр хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаартай үнэлгээнд: “Галакси Эс-4 гар утас, 1 ширхэг, нэгжийн үнэ 70,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 70,000 төгрөг /хуучин/, Самсунг галакси Эс-10 гар утас, 1 ширхэг, нэгжийн үнэ 800,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 800,000 төгрөг /хуучин/, Самсунг галакси Эс-7 эдже гар утас, 1 ширхэг, нэгжийн үнэ 250,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 250,000 төгрөг /хуучин/, гар утасны сим карт, 1 ширхэг, нэгжийн үнэ 3000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 6000 төгрөг /хуучин/, нийт дүн 1,126,000 төгрөгөөр тогтоов” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Ц-065 дугаартай үнэлгээний тайланд: “Iphone xr” загварын гар утас, техникийн чанар байдал, хэрэглэж байсан, 1 ширхэг, нийт үнэлгээ 1,000,000 төгрөгөөр тогтоов.” /2 дугаар хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/

Өмнөговь аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А-60/38 дугаартай 2020 оны 11 дүгээр сарын байдлаар БНХАУ-ын юанийн ханшийн лавлагаа хүргүүлсэн талаарх албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 178 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 17, 148, 181 дүгээр хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 20-25, 184-193 дугаар хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 26, 223-225 дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 226-229 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 120 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 123-140, 174-176/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд З.Мд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Яллагдагч З.М нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хот айл” хоолны газарт ажиллаж байх хугацаандаа тухайн цайны газрыг ажиллуулдаг Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Хот айл цайны газрын 2 давхрын 0 тоотод оршин суудаг хохирогч Д.О-ийн гэрт байсан сейфнээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 4,700 /дөрвөн мянга долоон зуу/ юань, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт 5,000,000 /таван сая/ төгрөг, нийт 7,022,128 /долоон сая хорин хоёр мянга нэг зуун хорин найм/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авсан, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн 2 дугаар давхарт байрлах гар утасны 207-23 тоот лангуунаас хохирогч О.Х-ы “iphone XR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 4 дүгээр багийн Дундсайханы 7-35 тоотод байх иргэн Б.А, Д.Д нарыг гэртээ унтаж байхад нь 2 давхрынх нь хаалгаар дотогш нэвтэрч Б.А-ийн эзэмшлийн “Samsung S4” загварын гар утас 1 ширхэг, “Samsung S10” загварын гар утас 1 ширхэг, “Samsung S7” загварын гар утас 1 ширхэг, бэлнээр 10,000 /арван мянга/ төгрөг, 2 ширхэг сим карт, 2 ширхэг Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны АТМ-аас Хаан банкны 5004036221 дугаартай кредит картнаас 5,804,500 төгрөгийг нийт 9 удаагийн үйлдлээр авч, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч иргэн Б.Ат 6,940,500 /зургаан сая есөн зуун дөчин мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 14,962,628 /арван дөрвөн сая есөн зуун жаран хоёр мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үндэслэлээр шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж цагдан хориулж хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон байдлын хувьд хохирогч Б.А, О.Х, Д.О, гэрч Д.Д, Т.А, П.Ц, З.М, Т.З нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Ц-065 дугаартай дүгнэлт,  хяналтын камерын бичлэгт үзлэг хийн хуулбарлан авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтууд, мөн гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэм буруутай нь тогтоогдож байна. Шүүгдэгч З.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.Ат нийт 6,940,500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд “Samsung S10” загварын гар утас 1 ширхэг, “Samsung S7” загварын гар утас 1 ширхэг, 2 ширхэг Хаан банкны виза карт биет байдлаар олдсон. Үлдэгдэл хохирол 5,890,500 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй. Хохирогч О.Х-д 1,000,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирол нөхөн төлөгдөөгүй. Хохирогч Д.О-ийн гэрээс 5,000,000 төгрөг бэлнээр, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 4,700 юань алдагдсан. 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол Банкны ханшаар 1 юань нь Монгол төгрөгөөр 430 төгрөг 24 мөнгө байсан тул Монгол Улсын мөнгөн дэвсгэртэд 4,700 юанийг хөрвүүлэхэд 2,022,128 төгрөг үүн дээр 5,000,000 төгрөгийг нэмж нийт 7,022,128 төгрөгийн хохирол учирсан. Дээрх хохирол төлбөр төлөгдөөгүй. Ингээд шүүгдэгч З.М нь хохирогч О.Х, Д.О, Б.А нарт нийт 13,912,628 төгрөгийн хохирол төлбөртэй байна гэж байна. Эд мөрийн баримтаар 2 ширхэг CD хэрэгт хавсаргагдсан байгаа. Нэг нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Төрийн банкны 01 дугаартай автомат машины хяналтын камерын бичлэг, бичлэгийг дүрсний аргаар хуулбарласан CD 1 ширхэг, мөн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн хяналтын камерын бичлэгийг дүрсний аргаар хуулбарласан CD 1 ширхэг нийт 2 ширхэг CD хэрэгт хавсаргасан байгаа гэх дүгнэлтийг гаргав. 

Шүүгдэгч З.М нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.М-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:  

Шүүгдэгч З.М нь:

1. 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Хот айл” хоолны газарт ажиллаж байх хугацаандаа тухайн цайны газрыг ажиллуулдаг Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Хот айл цайны газрын 2 давхрын 0 тоотод оршин суудаг хохирогч Д.О-ийн гэрт байсан сейфнээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 4,700 /дөрвөн мянга долоон зуу/ юань, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт 5,000,000 /таван сая/ төгрөг, нийт 7,022,128 /долоон сая хорин хоёр мянга нэг зуун хорин найм/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч  Д.О-ийн “...2020 оны 11 дүгээр сарын 09-ний орой тухайн өдрийн орлогоо сейфендээ хийх гээд сейфээ онгойлготол банкны зээлийн эргэн төлөлтөд өгөх ёстой уг том сейфийн тавиур дээр байсан 6,000,000 төгрөг байхгүй байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Би анх ирж мэдүүлэг өгчхөөд буцаж очоод сейфээ сайн ухтал сейфийн тавиур дээр сагсан дотор алдсан 6,000,000 төгрөгийн 1 сая төгрөг нь байсан ба харин уг сейфийн аль нэг тавиур дээр нь байсан жижиг хар түрийвчтэй 4700 юань буюу төгрөгөөр бол 1,786,000 төгрөг байхгүй байсан. Нийт 6,786,000 төгрөг хулгайд алдагдсан байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 198-199 дүгээр хуудас/,

гэрч Т.А-ийн “...М анх манайд ирэхдээ миний тавьсан зарын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 12-ны үед хот айл зоогийн газар угаагч авна гэсэн зарын дагуу ирлээ гэж 09 дүгээр сарын 13-ны үеэр манайд ирэхээр нь би уулзсан. ...Анх ярихдаа би Өмнөговийг мэдэхгүй, танайх хаана байдаг юм, би энэ газрыг мэдэхгүй, хүн танихгүй гэж хэлсэн. Орой ажил тараад би Баруунсайханд даргын хадам эхийн гэрт хүргэж өгсөн. Тэрнээс хойш ээлж таарсан үедээ би М-г Баруунсайханд гэрт нь хүргэж өгдөг байсан. Өглөө нь өөрөө гүйгээд ирдэг байсан. Дарга гэртээ засвар хийж байсан болохоор М-г гэртээ авч ирж туслуулдаг байсан. Бас М танихгүй айлд юу хийх вэ гээд гэртээ ажиллуулдаг байсан. Сар ажиллаад цалингаа авсан. Цалингаа авчхаад эхдээ мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн. Байгаа айлдаа цалингаа буухад юу ч авч өгөөгүй гэж хэлсэн. Мөнгө алга болдгийн өмнөх өдөр 100,000 төгрөг даргыг зээлчих гэхээр нь одоо 13-нд цалин буух гэж байхад хоёрын хооронд яах юм гээд мөнгө өгөөгүй гэж хэлсэн. Өчигдөр даргын хадам эх хамт цайны газар ирсэн гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүдтэй тоглож байгаад гэнэт алга болсон гэж сонссон. Би өчигдөр амарсан байсан болохоор сайн мэдэхгүй байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас/,

гэрч П.Ц-гийн “...Манай бэр О М-г ажилд авсан. Амьдрах газар байхгүй гээд манайд түр байлгая гээд манайд сар гаруй болсон. М-г хэзээ ирснийг нь санахгүй байна. Манай илүү гэрт ганцаараа байдаг байсан. ...Би 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө М босоод мах ирэх гэж байгаа цайны газар руу явлаа хамт явах уу гэхээр нь би хамт явъя гээд хамт явсан. Цайны газар очоод М доор үлдсэн. Би 2 давхар руу гэр рүү нь гарч О-ийн хүүхдүүдийг харсан. Тэгсэн чинь М 2 давхар руу гарч ирээд хүүхдүүдтэй тоглож байхаар нь би гал тогооны өрөөнд өвгөнтэйгөө утсаар ярьсан. Нэг мэдсэн чинь Мг гараад явсан гэж хүүхдүүд хэлсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 205-206 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаартай шүүх сэтгэцийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 184-193 дугаар хуудас/, Өмнөговь аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А-60/38 дугаартай 2020 оны 11 дүгээр сарын байдлаар БНХАУ-ын юанийн ханшийн лавлагаа хүргүүлсэн талаарх албан бичиг /хавтаст хэргийн 178 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

2. 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн 2 дугаар давхарт байрлах гар утасны 207-23 тоот лангуунаас хохирогч О.Х-ы “iphone XR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Х-ы “...2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 12:30 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн 2 дугаар давхарт байрлах гар утасны 207-23 дугаар лангуун дээрээ байж байхад нэг эрэгтэй ирээд “I phone X” үзсэн. Надад сим карт байхгүй тул чиний сим картыг ашиглая гэж хэлээд үзэж байсан. Гар утсандаа миний сим картыг хийгээд шалгаж үзсэн. Тэгээд бас хамгаалалттай гар утасны кейс авъя гэхэд нь би тийм кейс аваад ирье та наанаа зогсож байгаарай гэж хэлээд кейс аваад ирэхэд алга болсон байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 240, 246 дугаар хуудас/,

гэрч З.М-ын “...Би хувиараа 2020 оноос хойш хувиараа гар утас худалдаалж эхэлсэн. Драгон болон 3, 4 дүгээр хороололд гар утасны худалдаа эрхэлдэг. Манай эхийн дүүгийн охин болох О.Х-тай 2020 оны 05 дугаар сараас эхлэн хамтран ажиллаж эхэлсэн. О.Х Драгон үйлчилгээний төв дээр ажиллаж, би өөрөө хорооллын лангууг хариуцаж ажиллаж байгаад 2021 он гаргаад жирэмсний амралтаа авсан. Манай дүү Х Драгон төв дээр байрлах салбарыг ажиллуулдаг байсан. Тэгтэл 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Драгоны лангуун дээрээс “Айфоне экс ар” загварын гар утас хулгайд алдагдсан талаар О.Х надад хэлсэн.” /2 дугаар хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаартай шүүх сэтгэцийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 223-225 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 226-229 дүгээр хуудас/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Ц-065 дугаартай үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

3. 2021 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 4 дүгээр багийн Дундсайханы 7-35 тоотод байх иргэн Б.А, Д.Д нарыг гэртээ унтаж байхад нь 2 давхрынх нь хаалгаар дотогш нэвтэрч Б.А-ийн эзэмшлийн “Samsung S4” загварын гар утас 1 ширхэг, “Samsung S10” загварын гар утас 1 ширхэг, “Samsung S7” загварын гар утас 1 ширхэг, бэлнээр 10,000 /арван мянга/ төгрөг, 2 ширхэг сим карт, 2 ширхэг Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны АТМ-аас Хаан банкны 5004036221 дугаартай кредит картнаас 5,804,500 төгрөгийг нийт 9 удаагийн үйлдлээр авч, хүний байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч иргэн Б.Ат 6,940,500 /зургаан сая есөн зуун дөчин мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 14,962,628 /арван дөрвөн сая есөн зуун жаран хоёр мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-ийн “...2021 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед сэрэхэд нөхөр Д бид хоёрын 3 ширхэг гар утас, миний түрийвчинд байсан Хаан банкны миний эзэмшлийн 2 ширхэг виза карт, 10,000 орчим задгай төгрөг алга болсон байсан. Тухайн өдрийн шөнө дунд би нэг удаа сэрсэн. Би зүүдэлсэн үү, чимээ гарсан уу гэдгийг мэдэхгүй байна. Чимээ чагнахад манай байшингийн хойно юм унах шиг чимээ гарсан. Өөр зүйл сонсогдохгүй байхаар нь унтсан. Манай нөхөр Д цагдаад мэдэгдэхээр гарахад хашааны хаалганы дотор талд нөхөр бид хоёрын нэг нэг гар утас, 2 ширхэг миний эзэмшлийн виза карт тавьчихсан байсан. Манай нөхөр хоёр утсаа аваад үзэхэд утаснуудын сим картыг нь авчихсан байсан. Бид хоёр гар утастай газар очиж данснуудаа хаахаар хүргэн С.Мөнхбатынд очсон. Данснуудаа хаачхаад Цагдаагийн газар ирж хандсан. Нөхөр бид хоёр 02 дугаар сарын 22-ны өглөө 09 цагт Хаан банк, Хас банк орж хаагдсан данснуудаа сэргээсэн. Би банк орчхоод ажил дээрээ байж байхад орой 18 цагийн үед манай худалдагч Энхээ дэлгүүрийн гар утсан дээр төлбөрөө төл гэсэн утга бүхий мессеж ирсэн байна гэж хэлсэн. Би гэртээ очоод 19 цагийн үед Хаан банкны картынхаа данс руу орж үзэхэд 2021 оны 02 дугаар сарын 20-ны үүрийн 03 цаг 50 минутаас 04 цаг 10 минутын хооронд миний Хаан банкны данснаас 9 удаагийн үйлдлээр 5,804,500 төгрөгийн зарлага гарсан байсан. Би Хаан банкны картынхаа дансыг хаалгаагүй байсан гэдгээ санаад Хаан банк руу ярьж картынхаа дансыг хаалгасан. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. 2014 онд Улаанбаатар хотоос 450,000 төгрөгөөр авч байсан хар өнгийн Samsung S4 загварын бор өнгийн утасны гэртэй гар утас, түрийвчинд байсан 10,000 орчим төгрөг, утасны 2 ширхэг сим карт, миний эзэмшлийн Хаан банкны данснаас 5,804,500 төгрөг алдагдсан... Миний гар утсыг хашааны хаалган дотор талд Хаан банкны 2 ширхэг картын хамт тавьсан байсан. Тэрнээс өөр зүйл хүлээн аваагүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

гэрч Д.Д-ийн “...Би 2021 оны 02 дугаар 20-ны өглөө босоход манай эхнэр бид хоёрын нийт 3 ширхэг гар утас, бэлэн мөнгө, банкны карт алга болсон байсан. Гэрт хулгайч орсон байсныг мэдсэн. Цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр байшингаас гартал манай хашаанд хулгайд алдсан 2 утас банкны карт хашааны хаалган дотор хийсэн байсан. Тухайн хоёр гар утас газраас аваад үзтэл сим нь байхгүй ашиглах боломжгүй, хүнтэй холбоо барих боломжгүй байсан. Цагдаагийн байгууллагад өөрийн биеэрээ ирж 10 цагийн үед тэмдэглүүлсэн дэслэгч Мя газар дээр очиж үзсэн. Бид 1 хуучин гар утас гээд гомдол саналгүй гээд бүртгүүлсэн. Тэр үед бид нар зээлийн картаас мөнгө алдсанаа мэдээгүй байсан тул гомдолгүй гэж хэлсэн. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 22-ны орой эхнэр А-ийн зээлийн картаас их хэмжээний мөнгө гарсан тул эргүүлж төлнө үү гэж мессеж Хаан банкнаас ирсэн. Банкны хуулга авсан чинь 5,800,000 төгрөг зээлийн картаас авсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Би S10 загварын гар утас хулгайд алдсан 2020 онд Өмнөговь аймгийн төвөөс 860,000 төгрөгөөр худалдан авсан. S7 загварын гар утсыг Улаанбаатар хотоос 1,750,000 төгрөгөөр худалдан авсан, S4 гар утас нь 2014 онд 450,000 төгрөгөөр худалдан авсан, Хаан банкны зээлийн карт, Хаан банкны алтан карт болон эхнэрийн түрийвчинд байсан 10,000 гаруй задгай мөнгө байсан алга болсон байсан. Тухайн хулгайд алдсан S10, S7 загварын гар утас болон Хаан банкны зээлийн карт, алтан карт манай хашааны тээврийн хэрэгсэл орж гарах хаалганы доогуур шургуулж орхисон байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-25 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаартай үнэлгээ /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч З.М-гийн бусдын эд хөрөнгөд халдсан хууль бус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч З.М нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 20-ны хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр иргэн Д.О, О.Х, Б.А нарын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 14,962,628 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч З.М нь иргэн Д.О-ээс олгосон зөвшөөрлийн дагуу түүнд туслах зорилгоор гэрт нь орсны дараа сейфэнд байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 4,700 юань, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт 5,000,000 төгрөг, нийт 7,022,128 төгрөг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг орон байранд нэвтэрсэн гэж үзээгүй бөгөөд харин иргэн Б.А-ийн түгжээтэй байсан хашааг давж, улмаар байшингийн хаалга онгорхой байхад нь сэм орж, эд зүйл хулгайлсан үйлдэл нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдсон байх ба энэ нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрсэн гэх үндэслэлийг бий болгож байх тул нэвтрэлт гэж дүгнэлээ.

Учир нь хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан билээ.

Иймд прокуророос энэхүү үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул шүүгдэгч З.Мг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч З.М-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.От 7,022,128 төгрөг, Б.Ат 6,940,500 төгрөг, О.Хд 1,000,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаартай үнэлгээ, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Ц-065 дугаартай үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж  тус тус заасан тул санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч З.М нь хариуцан арилгах үүрэгтэй, харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А, Д.О, О.Х нар нь өөрсдийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй юм.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-т учирсан дээрх 6,940,500 төгрөгийн хохирлоос биет байдлаар олдсон 800,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S10” загварын гар утас 1 ширхэг, 250,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S7” загварын гар утас 1 ширхэг, 2 ширхэг Хаан банкны виза карт зэрэг эд зүйлийн үнэлгээний тайлангаар тогтоосон 1,050,000 төгрөгийг хасаж, үлдэх 5,890,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж түүнд олгох нь зүйтэй.

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.От бэлнээр 5,000,000 төгрөг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 4,700 юанийн хохирол тус тус учирсан бөгөөд хулгайлах гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол Банкнаас зарласан ханшийн мэдээгээр 1 юань нь 430.24 төгрөгтэй тэнцэж байсан тул дээрх юанийг Монгол Улсын мөнгөн дэвсгэртэд хөрвүүлэхэд гарсан 2,022,128 төгрөг дээр 5,000,000 төгрөгийг нэмэхэд нийт 7,022,128 төгрөг болж байна.

Иймд шүүгдэгч З.М-гээс нийт 13,912,628 төгрөг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ат 5,890,500 төгрөг, О.Х-д 1,000,000 төгрөг, Д.От 7,022,128 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч З.Мг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч завсарлага авсан боловч шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг хохирогч нарт төлж барагдуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч З.М-гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хүртэл хэрэгт хавсаргуулах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч З.М нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх агуулгатай тайлбар гаргав.

Шүүгдэгч З.М-гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Ийнхүү З.М-г хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Шүүгдэгч З.М-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны явцад улсын яллагчаас шүүгдэгч З.М-д 5 жил хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн шүүхийн хэлэлцүүлэг хүртэлх хугацаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хоёр жилээс найман жил хүртэлх хорих ялаас 3 жил 5 сарын хорих ялыг оногдуулсан болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-д оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-гийн цагдан хоригдсон 90 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч З.М нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулах Төрийн банкны эзэмшлийн 1 дугаартай АТМ-ын хяналтын камерын бичлэгийг дүрсний аргаар хуулбарласан 1 ширхэг СД, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Драгон үйлчилгээний төвийн хяналтын камерын бичлэгийг дүрсний аргаар хуулбарласан 1 ширхэг СД, нийт 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт З-ийн М-г хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.М-д 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-д оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-гийн цагдан хоригдсон 90 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-гээс нийт 13,912,628 /арван гурван сая есөн зуун арван хоёр мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж,  хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ат 5,890,500 /таван сая найман зуун ерэн мянга таван зуу/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.От 7,022,128 /долоон сая хорин хоёр мянга нэг зуун хорин найм/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Х-д 1,000,000 /нэг сая/ төгрөг тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулах Төрийн банкны эзэмшлийн 1 дугаартай АТМ-ын хяналтын камерын бичлэгийг дүрсний аргаар хуулбарласан 1 ширхэг СД, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Драгон үйлчилгээний төвийн хяналтын камерын бичлэгийг дүрсний аргаар хуулбарласан 1 ширхэг СД, нийт 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ