| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0070/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/73 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/73
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Т.Б,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Т-ийн Б-д холбогдох 2128000000060 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .......................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын төвд гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нуруу хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Б-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө хөдөө явчхаад өдөр 16 цагийн орчимд сумын төв дээр ирээд гэртээ байж байхад Б над руу утсаар залгаад “чи яагаад Б-г өшиглөж байгаа юм бэ” гэж хэлээд над руу уурлаж уцаарлаад байсан. Тэгэхээр нь би чи утсаар ярьж байхаар манай гэрт хүрч ирээд уулз гэж хэлсэн чинь удаагүй Б манай гэрт хүрээд ирсэн. Орж ирээд манай гэрт жоохон маргалдаж байгаад Б яваад өгсөн. Явсныхаа дараа удаагүй байж байгаад над руу дахиж залгаад намайг гэртээ хүрээд ир гэхээр нь би ганцаараа Б-ийн гэрт очиход Б хүүхдүүдтэйгээ байж байсан. Би гэрт нь ороод гэрийнх нь зүүн хойд талд очиж суугаад бид хоёр маргалдаж байхад Б гэнэт миний нуруу руу хутгалчихсан. Тэгсэн чинь миний нуруунаас цус гараад би сууж байсан чинь дахиж дээрээс дарж уначхаад духны хэсэгт хутгаар зүсээд чи нэг шаалгачхаад үхэх гээд байна уу гэж дарж байгаад өөрөө дээрээс босоод явсан. Би шархаа дараад цустайгаа сууж байхад манай эхнэр С гаднаас орж ирээд намайг аваад гэр рүү явсан. Гэрт очоод шархаа цэвэрлэж байгаад цус гараад байхаар нь эмнэлэг рүү очиж үзүүлсэн чинь аймагт очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн заавар зөвлөмж өгсөн бөгөөд би тэрнийх нь дагуу аймаг руу явсан... Миний баруун далны орчимд хутганы шарх үүссэн. Түүнээс хойш хэвлий дотуур жоохон зовуурьтай байгаа... Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Миний баруун далны орчимд хутгалсан шарх үүссэн. Үүний улмаас би аймагт очиж рентген зураг, эм тариа гэх мэтчилэн надад 100 орчим мянган төгрөгийн хохирол учирсан. Б бүрэн төлж барагдуулсан байгаа. Надад 32,000 төгрөгийн баримт байна. Бусдыг нь хаяж үрэгдүүлсэн байна. Би бэртэл гэмтэл аваагүй байсан бол хөдөө айлд очиж ямаа самнах ажилтай байсан. Уг гэмтлийн улмаас хүнд ажил хийх боломжгүй болж ямаа самнаж чадаагүй. Би хүнд 2 сая 500 мянган төгрөгийн өр төлөх ёстой байж байгаад ямаа самнах үеэр ямаа самнаж өрөө төлж барагдуулна гэж тохиролцсон байсан. Одоо тэр зүйл байхгүй болсон учир надад үүнийг шийдвэрлүүлэх саналтай байна.” /хавтаст хэргийн 10-11, 14 дүгээр хуудас/
Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай нөхөр бид хоёр 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө 11 цагийн орчимд хөдөө явчхаад өдөр 16 цагийн үед Номгон сумын төв дээр гэртээ ирээд би хоол хийж байсан чинь манай нөхөр М-гийн утас дуугараад Б гэх хүн ярьчхаад хэсэг хугацааны дараа Б гэрийн гадаа ирж маргалдаж байгаад Б гэр рүүгээ яваад өгсөн. М гэртээ орж ирчхээд дахиж Батаа руу залгахад Б гэртээ оччихсон байна хүрээд ир гэж манай хүнийг дуудаад манай хүн машинтайгаа Б-гийн гэр рүү явсан. Би хоолоо идчихээд араас нь Б-гийн гэр рүү яваад очтол манай нөхөр гэрийнх нь зүүн хойд талд биеийнх нь ар талын нуруу хэсэг нь цус болчихсон сууж байхаар нь би нөхрөө аваад тэнд байсан хүмүүсийг нь загначхаад явах гэсэн чинь Б босож ирээд манай нөхрийг дахиж нэг цохиж унагачхаад дахиж хутга гаргаж ирээд далайгаад байсан. Би шууд нөхрөө аваад машинд нь суулгаад гэртээ очиж хэвтүүлчхээд байж байхад манай хадам эх сумын эмнэлэг дээр очиж түргэн дуудсан... М-гийн биеийн баруун талын далны орчимд хутгалуулсан шархтай, мөн духны хэсэгтээ өнгөц зүссэн шарх байсан.” /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/
Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Б-ийн барьж байсан хутгыг аваад жорлон руу шидчихсэн. Манай жорлон шингэн бохир ихтэй учраас авах боломжгүй. Б хүн хутгалчихсан гэхээр нь би авч яваад шидчихсэн.” /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай хойд эцэг Баясгалан гэх хүнийг Б.М нь нэг удаа цохисон байсан. Тэгэхээр нь би 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.М-гийн утас руу нь залгаад яагаад Б-г өшиглөж байгаа юм бэ гэж асуусан чинь М согтуу миний өөдөөс тэгээд яадаг юм бэ? чаддаг юм бол чи өөрөө манай гэрт хүрээд ир гэхээр нь би гэрт нь яваад очсон чинь М гэрийнхээ зүүн хойд талд гудас дэвсчихсэн дээр нь сууж байсан. Тухайн үед тэдний эхнэр С, эцэг Ба, эх Э нар байж байсан. Би М-г согтуу байхаар нь чи согтуу байна би явлаа гэж хэлчхээд гэрээс нь гараад явсан чинь хойноос гарч ирээд муудах гээд байхаар нь би шууд машинд суугаад гэр рүүгээ явчихсан. Намайг гэртээ очоод байж байхад М над руу утсаар залгаад хаана байгаа юм гэж асуухаар нь гэртээ байна гэж хэлсэн чинь би одоо яваад очъё гэж хэлээд утсаа тасалсан. 5-10 минутын дараа М гаднаас орж ирээд намайг ална, хутгална гэж хараагаад бид 2 маргалдаж байгаад М манай гэрийн зүүн хойд талд ирээд суусан. Намайг анх гэрт нь очиход М намайг хутгална гэж занаад байна уу гэж хэлсэн чинь М чамайг хутгалсан ч яадаг юм бэ гэж хэлэхээр нь би гэрийн хойморт байсан ширээний нүднээс жижиг эвхэгддэг хутга байсныг аваад М-гийн далны хэсэгт нэг удаа хатгачихсан. М-гийн далны хэсгээс цус гараад байж байтал манай эхнэр гаднаас орж ирээд миний гарт байсан хутгыг авч гараад эргэж орж ирэхдээ хаячхаад ороод ирсэн байсан. М-гийн цусыг тогтоох гээд юмаар боогоод байж байтал манай гэрт хүмүүс орж ирээд тэрний араас М-гийн эхнэр С орж ирээд М-г аваад гарсан... Би эмнэлэгт үзүүлсэн төлбөр, эм тариа, бариа заслын мөнгө, унаа тэрэгний мөнгө зэрэг 200,000 төгрөг төлж барагдуулсан. Цаашид эмнэлэгт үзүүлсэн шаардлагатай эм тариа авсан төлбөр байдаг бол төлнө гэж бодож байгаа.” /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.М-гийн биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Б.М-гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.М-гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/
Хохирогч Б.М-гийн хүсэлт /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 54-56, 74-76 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Т.Б-эс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын төвд гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нуруу хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.М-гийн “...Би гэрт нь ороод гэрийнх нь зүүн хойд талд очиж суугаад бид хоёр маргалдаж байхад Б гэнэт миний нуруу руу хутгалчихсан. Тэгсэн чинь миний нуруунаас цус гараад би сууж байсан чинь дахиж дээрээс дарж уначхаад духны хэсэгт хутгаар зүсээд чи нэг шаалгачхаад үхэх гээд байна уу гэж дарж байгаад өөрөө дээрээс босоод явсан... Миний баруун далны орчимд хутганы шарх үүссэн. Түүнээс хойш хэвлий дотуур жоохон зовуурьтай байгаа...” /хавтаст хэргийн 10-11, 14 дүгээр хуудас/,
гэрч А.С-ын “Би хоолоо идчихээд араас нь Батаагийн гэр рүү яваад очтол манай нөхөр гэрийнх нь зүүн хойд талд биеийнх нь ар талын нуруу хэсэг нь цус болчихсон сууж байхаар нь би нөхрөө аваад тэнд байсан хүмүүсийг нь загначхаад явах гэсэн чинь Батаа босож ирээд манай нөхрийг дахиж нэг цохиж унагачхаад дахиж хутга гаргаж ирээд далайгаад байсан. Би шууд нөхрөө аваад машинд нь суулгаад гэртээ очиж хэвтүүлчхээд байж байхад манай хадам эх сумын эмнэлэг дээр очиж түргэн дуудсан...” /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,
гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Б-ийн барьж байсан хутгийг аваад жорлон руу шидчихсэн. Манай жорлон шингэн бохир ихтэй учраас авах боломжгүй. Б хүн хутгалчихсан гэхээр нь би авч яваад шидчихсэн.” /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаартай шинжээчийн Б.М-гийн нуруунд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Т.Б-ийн хохирогч Б.М-гийн нуруу хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Б нь хохирогч Б.М-гийн эрүүл мэндэд нь шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “900,000 төгрөгийг Т.Б бүрэн төлж барагдуулсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 900,000 төгрөгийг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хохирогчид 900,000 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Т.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.М-д 900,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Т-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.М-д 900,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ