| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2020/00008/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/10 |
| Огноо | 2021-02-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Б
Өсвөр насны шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д холбогдох эрүүгийн 2040000000089 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 1 дүгээр ангид суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уурхайчин 4 дүгээр баг, оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б.Д Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Б.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 48 дугаар байрны гадаа явж байсан иргэн Н.Ч “эгчээ утсаа өгчих нэг яриад өгье” гэж хэлээд Самсунг А-6 маркийн гар утсыг авч зугтаан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж, бусдад 252000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Өсвөр насны шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд: “Мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокуророос нэг удаа ял оногдуулахгүй гэсэн саналыг ойлгож, зөвшөөрч байна” гэв.
2040000000089 тоот эрүүгийн хэргээс
Өсвөр насны шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Бор-Өндөр сумын мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн гагнуурын ангид сурдаг. Хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш хичээл орохгүй байсан болохоор гэртээ байсан. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны орой 18 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад 19 цагийн үед Бор-Өндөр сумын 2 дугаар баг 48-р байрны урд талаас хойшоо алхаад явж байхад нэг хар хувцастай танихгүй эмэгтэй хүнтэй таараад "Эгчээ утсаар чинь нэг ярьчихъя" гэж хэлэхэд тэр эгч цүнхнээсээ шаргал өнгөтэй гар утас гаргаж ирээд дэлгэцийнхээ кодыг гаргаад өгсөн. Намайг гар утсыг нь авахад тэр эгч би автобусны буудал руу явах гэж байна чи намайг дагаад явчих гэж хэлэхээр нь би гар утсыг нь аваад хойд зүг рүү зугтаасан. Би Соёлын төвийн урдуур гарч гүйгээд Бор-Өндөр сумын 4 дүгээр баг байх гэр рүүгээ очсон. Тухайн үед би ганцаараа явж байсан. Би барих гар утасгүй байсан болохоор утастай болох гээд тэр эгчийн гар утсыг аваад зугтаасан. Тэгээд тэр өдрөө тэр эгчийн гар утсыг авсан талаараа хүнд хэлээгүй. Маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нөгөө гар утсыг хүнд зарах гээд нийтийн байранд амьдардаг танил Н ахын гэрт очоод эхнэрт нь зарахаар тохиролцсон. Би гар утсаа Н-ын эхнэрт өгөөд оронд нь хүүхдийнх нь барьж байсан Huawei Ү-6 маркийн гар утсыг, 20.000 төгрөгтэй авсан. Би Н ахын эхнэрт Huawei Ү-6 маркийн гар утсыг нь 20.000 төгрөгтэй нь хамт буцааж өгч хохиролгүй болгосон. Мөн хохирогч Ч-ийн гар утсыг хураалгасан байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/
Хохирогч Н.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр оройн ээлжид гарах байсан ба би гэрээсээ зүүн тийш засмал замаар алхаад Бор-Өндөр сумын 2-р багт байх Уурхайчин дэлгүүрийн автобусны буудлаас автобусанд суух гээд 19 цагийн үед алхаад 48 дугаар байрны хойд талд засмал замын хажууд явж байхад нэг улаан өнгийн куртиктэй, хар юүдэнтэй цамцтай өндөр намыг сайн санахгүй байна дундаж нуруутай, эрэгтэй хүүхэд хажууд талаас гарч ирээд эгчээ утсаа өгчих нэг яриад өгье гэж хэлэхээр нь би утасны дэлгэцийнхээ цоожийг гаргаад 2 дугаар сим картаар нь яриарай гэж хэлээд утсаа өгөөд эгчийгээ дагаад яриад яв эгч нь автобусны буудал руу явж байна гэж хэлээд эргээд хартал соёлын төвийн хажуугаар хойшоо гүйгээд алга болчихсон. Би араас нь хүүе, чи ямар сонин хүүхэд вэ гэж хэлээд л хоцорсон. Тэр хүүхэд миний утасны дэлгэцийн кодыг гаргаж байхад хараад зогсож байсан. Тэгээд миний утсыг авчихаад намайг автобусны буудал руу хараад эргээд харах хооронд шууд зугтаачихсан. Миний гар утас Самсунг А-6 маркийн шаргал боронзон өнгөтэй гар утас байсан. Би өөрийн гар утсаа 2019 оны 08 сард Улаанбаатар хотод явж байгаад "Tedy" төвөөс 360.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэр хүүхдийг би харвал танина. Бор-Өндөр суманд байдаг хүүхэд. Миний гар утсанд ........... ............ гэсэн дугаарууд байсан. Миний гар утас Самсунг А-6 маркийн боронзон шаргал өнгөтэй гар утас байгаа, эвдрэл гэмтэл байхгүй, гадуураа өнгөгүй тунгалаг кэйстэй утас байгаа. Би өөрийн худалдаж авсан гар утсыг худалдаж авсан үнээрээ үнэлнэ. ...Би өөрийнхөө гар утсыг хүлээн авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15, 43-р хуудас/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг нийтийн байрны 8-2 тоотод нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Би 2020 оны 11 сарын 18-ны орой намайг гэртээ байхад манайхаар хааяа орж гардаг Бор-Өндөр суманд амьдардаг Д гэх хүүхэд манай гэрт орж ирээд Самсунг А-6 маркийн шаргал өнгийн гадуураа өнгөгүй кэйс хамгаалалттай гар утас гаргаж ирээд надад хэлэхдээ "Би хөзөр тоглож байгаад хүнд юм авч өгөхөөр болчихлоо, яаралтай мөнгөний хэрэг гараад байна, та миний өөрийн гар утсыг худалдаад авчих гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би авахаар болоход надад 150.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь би тийм мөнгө байхгүй гэхэд та 80.000 төгрөгөөр авчих гэж хэлээд надад бэлэн байсан 20.000 төгрөгийг манай хүүхдийн барьдаг байсан Huawei Ү-6 маркийн гар утсыг аваад явсан. Тэгээд явахдаа надад гар утсыг кэйсийн хамт үлдээгээд сим картыг өөрөө салгаж аваад кодыг нь гаргаж өгөөд утсан дээр байсан юмыг нь устгана гээд өөрөө оролдож байгаад өгсөн. Тэгээд Д явчихсан. Урьд нь Д манайхаар ирэхдээ Самсунг А-6 маркийн гар утастай байсан ба тэр утсаа зарах гэж байгаа гэхээр нь өөрийнх нь утас юм байна гэж ойлгоод авсан. Тэгтэл маргааш нь буюу 11 сарын 19-ний өдөр Д нэг танихгүй хүүхэдтэй гэрт ирсэн. Тэгтэл Д тай хамт ирсэн нэг залуу надад хэлэхдээ Д манай ээжийн утсыг булаагаад аваад явчихжээ танд өгсөн гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм юм бол эгч нь утсыг чинь өгье гэж хэлсэн. Манай нөхөр тухайн утсыг аваад хөдөө явсан байсан ба өнөөдөр авч ирж өгсөн. 11 сарын 19-ний өдөр надаас авсан 20.000 төгрөгийг манай хүүхдийн Huawei Ү-6 маркийн гар утсыг өгсөн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/
Гэрч А.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2020 оны 11 дүгээр сарын 17-ны орой гэртээ байхад ээж ажилдаа явах гээд гэрээсээ гараад явсан. Тэгээд 19 цагийн үед над руу утсаар яриад миний утсыг 1 хүүхэд утсаар чинь яриад өгье гэж хэлээд аваад зугтаачихсан гэж хэлсэн. Ээж хэлэхдээ улаан өнгийн куртиктэй хар юүдэн цамцтай хүүхэд байсан гэхээр нь би Д г байж магадгүй гэж бодоод гэрт нь очиход Д гэртээ улаан өнгийн куртиктэй хар өнгийн малгайтай цамцтай гарах гэж байна гээд байж байсан. Тэр үед ээжийнхээ утсыг асуухад би аваагүй мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би 11 сарын 19-ний өдөр Д тай уулзаад чи манай ээжийн утсыг авсан юм биш үү гэж асуухад Д надад хэлэхдээ “Би танай ээж гэж мэдээгүй, би утсыг нь авсан нь үнэн, би өөрийнхөө гар утас гэж хэлээд айлд зарчихсан гэж хэлсэн.” Манай ээжийн гар утас Самсунг А-6 маркийн шаргал өнгийн гар утас гадуураа өнгөгүй кэйстэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/
Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн гагнуурын мэргэжлийн багшаар 2020 оны 5 сараас хойш ажиллаж байна. Д нь манай ангид 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс явж байгаа бөгөөд 1 курсийн оюутан. Д-гийн хувьд ур чадвар болон гагнуурын хичээлдээ сонирхолтой. Мэргэжлийн хичээлдээ ирээд байдаг ч бусад хичээлдээ зарим үед таслаад байдаг. Ар гэрийн анхаарал халамж сайтай, хүүхдийнхээ араас байнга явдаг. Аав нь Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт гагнуурчин хийдэг. Ээж нь гэртээ ажилгүй хүүхдүүдээ хардаг. Амьдралын нөхцөл байдал боломжийн гэж бодож байна. Зан байдлын хувьд айлын том хүүхэд учраас дураараа байдаг. Суурь хүмүүжил сайтай, юм хэлэхэд хүлээж авдаг. Хичээл дээр сууж байгаа үедээ анхаарал нь их хурдан сарнидаг. Хичээл сурлагадаа дундаж, гэхдээ хичээлээ хийх нь бага. Нэг удаа цагдаагийн байгууллагад Д-г архи уусан асуудлаар би дуудагдаж байсан, тамхи татдаг. Анги дундаа зохион байгуулж байгаа арга хэмжээнд идэвхи сайтай оролцдог. Сагсан бөмбөг тоглодог. Д-н ухаан санаа эрүүл, архаг хууч өвчин, зовуур байхгүй. Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай хүү Д нь 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн. Бага байхаасаа эцэг эх дээрээ өсөж хүмүүжсэн. Бор-Өндөр сумын бүжинхэн цэцэрлэгт явж байгаад Бор-Өндөр цогцолбор сургуульд сурч бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Одоо Бор-Өндөр сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гагнуурчны ангийн 1 дүгээр курст сурч байгаа. Зан байдлын хувьд сэргэлэн цовоо, илүү дутуу зан байхгүй. Гэр орондоо нэмэртээ хоол ундаа хийчихдэг хүүхэд байсан. Одоо сүүлийн 1 жилийн хугацаанд гадуур тэнэдэг болсон, гэр орноороо ирэхгүй. ааш зан эвдрээд байгаа. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаг. Архаг хууч өвчин байхгүй, сэтгэцийн хувьд эрүүл саруул ухаантай. Хичээл сурлагадаа давгүй сайн, идэвхи чармайлттай. Сагсан бөмбөг тоглодог. Манай амьдралын нөхцөл байдал хэвийн. Би өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэг. Манай эхнэр ажилгүй гэртээ хүүхдүүдээ хардаг. Д зөв хүмүүжилтэй, бага байхаасаа зөв төлөвшсөн. Одоо нийлж байгаа найз нөхөд нь нөлөөлдөг байж магадгүй. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй. Анги хамт олны зохион байгуулж байгаа арга хэмжээнд идэвхитэй оролцдог. Хүний хэлж байгаа үгийг ойлгож, сайн хүлээж авдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/
Гэрч Б.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Д нь миний төрсөн дүүгийн том хүүхэд нь байгаа Д нь бага байхаасаа эцэг, эх дээрээ өсөж хүмүүжсэн. Бор-Өндөр цогцолбор сургуульд сурж байгаад мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн гагнуурчны ангид орсон. Одоо 1 дүгээр курсийн оюутан. Зан байдлын хувьд төлөв, томоотой сэргэлэн цовоо хүүхэд. Сүүлийн үед ааш зан нь өөрчлөгдөж, гадуур тэнэдэг болсон байгаа гэж байсан нийлж байгаа найз нөхдөөсөө болдог байх. Хүмүүжил төлөвшил бага байхаасаа сайн, суурь хүмүүжил сайтай. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаг. Архаг хууч өвчин гэхээр зүйл байхгүй, сэтгэцийн өвчин эмгэг байхгүй. Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Тэдний амьдралын нөхцөл байдал боломжийн, аав нь Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт ажилладаг, ээж нь хүүхдүүдээ хараад гэртээ ажилгүй байдаг. Хичээл сурлагадаа хэвийн чармайлттай.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/
Фэйр Валуэшн ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШД405 дугаартай “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд Самсунг А6 зах зээлийн үнэлгээг нийт 252.000 /хоёр зуун тавин хоёр мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх дүгнэлт /хх-н 23-25 хуу/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөгч дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 48 дугаар байрны гадаа иргэн Н.Ч ийн Самсунг А-6 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Н.Ч ийн “...эрэгтэй хүүхэд хажуу талаас гарч ирээд эгчээ утсаа өгчих нэг яриад өгье гэж хэлэхээр нь би утасны дэлгэцийнхээ цоожийг гаргаад 2 дугаар сим картаар нь яриарай гэж хэлээд утсаа өгөөд эгчийгээ дагаад яриад яв эгч нь автобусны буудал руу явж байна гэж хэлээд эргээд хартал соёлын төвийн хажуугаар хойшоо гүйгээд алга болчихсон....” гэх мэдүүлэг,
Гэрч А.Ү-ын “...Тэгээд би 11 сарын 19-ний өдөр Д тай уулзаад чи манай ээжийн утсыг авсан юм биш үү гэж асуухад Д надад хэлэхдээ “Би танай ээж гэж мэдээгүй, би утсыг нь авсан нь үнэн, би өөрийнхөө гар утас гэж хэлээд айлд зарчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Г “...Би 2020 оны 11 сарын 18-ны орой намайг гэртээ байхад манайхаар хааяа орж гардаг Бор-Өндөр суманд амьдардаг Д гэх хүүхэд манай гэрт орж ирээд Самсунг А-6 маркийн шаргал өнгийн гадуураа өнгөгүй кэйс хамгаалалттай гар утас гаргаж ирээд надад хэлэхдээ "Би хөзөр тоглож байгаад хүн юм авч өгөхөөр болчихлоо, яаралтай мөнгөний хэрэг гараад байна, та миний өөрийн гар утсыг худалдаад авчих гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би авахаар болоход надад 150.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь би тийм мөнгө байхгүй гэхэд та 80.000 төгрөгөөр авчих гэж хэлээд надад бэлэн байсан 20.000 төгрөгийг манай хүүхдийн барьдаг байсан Huawei Ү-6 маркийн гар утсыг аваад явсан....” гэх мэдүүлэг,
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 23-25 хуу/, Өсвөр насны шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл /41-42 хуу/, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох тул шүүгдэгч Б.Д нь хохирогч Н.Ч ийн өмчлөлийн эд зүйл болох Сумсунг А-6 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр булааж авсан үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна. Шүүгдэгч Б.Д нь дээрх үйлдэлдээ шууд санаатай, шунахайн сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.
Иймд шүүгдэгч Б.Д г “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч Н.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би өөрийнхөө гар утсыг хүлээн авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-н 43 хуу/, Самсунг А-6 загварын гар утсыг түүнд хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 40 хуу/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Д гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас 3 сар 15 хоногтой байсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нас тоолох ажиллагаа явуулсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлсон ба 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тодорхойлон хуульчилжээ.
Прокуророос гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б.Д д үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР