Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

            Улсын яллагч М.Мэндбаяр

            Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч О.Б холбогдох 2140000000014 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 03 сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн Баргилт цехэд өрөмдөгч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг оршин суух, урьд Дорноговь аймгийн Сум дундын  1-р шүүхийн 2006 оны 02 сарын 15-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, О.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг 2021 оны 01 сарын 14-ний өдөр 01 цаг өнгөрч байх үед согтуугаар өөрийн төрсөн дүү О.Б хэвлийн тус газар хутгаар зүсэж улмаар эрүүл мэндэд нь хэвлийн аюулхай мөгөөрсний доод хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Хохирогч О.Б 2021 оны 01 сарын 14-ний өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрийн Баргилт цехэд авто ачигчийн операторын ажил хийдэг. Миний төрсөн ах О.Б нь мөн Баргилт цехэд ажилладаг. Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ээлжийн амралтаа аваад өөрийн төрсөн ах О.Батдоржийг Бор-Өндөр сумын 4 дүгээр баг байх гэртээ дуудсан. О.Б ах орой 19 цагийн үед гэрт ирсэн. Гэрт ирэхээр нь дэлгүүр гарч нэг сагс 0.5 литрийн шар айраг авч ирж би өөрийн төрсөн ах О.Б төрсөн дүү О.С, эхнэр Б.Д нарын хамт хувааж уусан. Ууж байгаад О.Б ах өөрийн эхнэр Э-ийг дуудсан. Э 22 цагийн үед ирсэн. Ирэх үед авсан шар айргынхаа талыг нь уусан байсан. Тэгээд үлдсэн шар айрагнуудаа бид нар хувааж уусан. Би шар айраг ууж байгаад тасарчихсан байсан. Нэг ухаан ороод харсан эмнэлэг дээр хүйснийхээ дээд талд уруулчихсан оёулаад сууж байсан. Би тэгээд согтуу байсан болохоор буцаад эмнэлэгт унтсан. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө эмнэлэгт сэрээд эхнэрээс юу болсон тухай асуухад О.Б ах та хоёр л муудаад байсан гэж хэлсэн. О.Б ахаас юу болсон талаар асуухад би мэдэхгүй байна гэж байсан. Тэгээд эмнэлэгт эход харуулсан хэвийн байна, өнгөн хэсэгт байна, дотор эрхтэн рүү ороогүй гэж хэлсэн. Ямар учраас муудсан гэдгээ мэдэхгүй байна. Өмнө нь муудаж байгаагүй. Хүйсний нүхний дээд хэсэгт хутгалуулсан шархтай, өөр шарх байхгүй байна. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/

Хохирогч О.Б 2021 оны 02 сарын 09-ний өдөр дахин өгсөн:Би дээгүүрээ цээж нүцгэн дотуур өмдтэйгөө сууж байсан. Эмнэлэг дээр сэргэх үед цэвэрхэн халаадтай байсан. Гэрээс гарах үед өмсүүлсэн байсан. Миний төрсөн ах Очирпүрэвийн О.Б нь 1983 онд Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн. Хажуу улааны Ерөнхий боловсролын сургуульд 1992 онд орж суралцсан. Хажуу улааны ерөнхий боловсролын сургуулиас 6 дугаар ангиасаа Иххэт сум руу шилжин суралцаж байсан. Иххэт сумын ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Санхүү эдийн засгийн их сургуульд Эдийн засагчаар суралцаж байгаад төлбөрийн чадваргүйн улмаас 2 дугаар курсээсээ сургуулиасаа гарсан. 2007 оноос 2008 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд байх Хилийн цэргийн 0184 дүгээр ангийг хааж байсан. Сургуулиасаа гараад хөдөө мал маллаж байгаад 2016 онд Бор-Өндөр суманд ирж суурьшин Уулын баяжуулах үйлдвэрт ажилд орсон. Одоо уурхайд ажилладаг. 2015 оноос Н.Э-тэй ханилж байгаа. Өөрийн гэсэн хүүхэд байхгүй. Бор-Өндөр суманд орж ирж суурьшсанаас нь хойш би энэ Жаргалантын 9-910 тоотод буухаасаа өмнө О.Б ахын хашаанд цуг амьдарч байсан. Цуг 3 жил болсон. Тухайн үед баяр ёслолоор согтууруулах ундаа хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ хүнтэй мууддаггүй, гэртээ ороод унтчихдаг байсан. Зан ааш даруухан хүний өөдөөс юм хэлдэггүй, хүний үгээр байдаг. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг санаатай хутгалчихаагүй байх гэж бодож байна. Өмнө нь бид хоёр муудаж байсан юм байхгүй.Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

            Гэрч Н.Э-ийн 2021 оны 01 сарын 14-ний өдөр өгсөн: “О.Б миний нөхөр байгаа юм. Би 2015 оноос хойш ханилан сууж байгаа. Гэр бүлийн батлах байхгүй. Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Цээл ресторанаас ажлаа тараад гэрлүүгээ явах гэж байхад манай нөхрийн төрсөн дүү О.Б  утсаар залгаад би ээлж амарчихсан байгаа, та манайд хүрээд ирээч би нэг сагс шар айраг авчихсан байна гэхээр нь ганцаараа очсон. Намайг очих үед манай нөхөр О.Б, төрсөн 2 дүү нь болох О.Сэрсэндэмэд, О.Б , О.Б эхнэр Дэлгэрмаа, О.Б 3 жоохон хүүхэд байсан. Намайг очих үед шар айргаа уугаад бараг дуусч байсан, би 2 ширхгийг уусан. Намайг 2 шар айраг ууж байх үед тэд нар хоорондоо маргалдсан зүйл байхгүй, нилээн халамцуу юм ярьцгаагаад сууж байсан. Би 2 ширхэг шар айргаа уучихаад ор засуулаад унтсан. Намайг унтаж байгаад сэрэх үед гэрт цагдаа нар ирчихсэн байсан. Гэрийнхээ хойд орон дээр О.Б  гэдэснээс нь цус гарчихсан сууж байсан. Би тэгээд яачихсан юм гэж асуусан О.Б эхнэр Д О.Б ах хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд түргэний машин ирээд О.Б ыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

            Гэрч Б.Д-ийн 2021 оны 01 сарын 14-ний өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын 9-910 тоотод нөхөр О.Б , 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ээлжийн амралтаа авсан юм. Ээлжийн амралтаа аваад орой гэртээ өөрийн төрсөн ах О.Батдоржийг гэртээ дуудсан. Гэрт ирэхээр нь дэлгүүрээс нэг сагс 0.5 литрийн савлагаатай шар айраг авсан. Манай гэрт манай нөхрийн дүү О.С амьдардаг юм. Тэр сагстай шар айргыг манай нөхөр О.Б , нөхрийн ах О.Батдорж, нөхрийн дүү О.С бид дөрөв хувааж уусан. Ууж байгаад О.Б эхнэр Н.Э ийг гэрт дуудсан. Манай гэрт Э орой 22 цагийн үед ирсэн. Ирэх үед нь сагстай шар айрагныхаа талыг нь уусан байсан. Үлдсэн шар айргаа бид нар хувааж ууж дуусгаад унтацгаахаар болоод хэвтэцгээсэн. Би хойд орон дээр нөхөртэйгөө хамт унтаад, гэрийн баруун талд Э нөхөр О.Б хамт унтсан. О.С 3 хүүхэдтэй хамт орны урд талаар зассан оронд унтсан. Би хэвтээд удаагүй унтаад өгсөн. Намайг унтаж байхад охин бахирахаар нь би сэрсэн. Намайг сэрэх үед гэрэл асаалттай байсан. Сэрээд харахад миний хажууд О.Б  хэвлийнээсээ цус алдаад сууж байсан. Би охин Б.Б юу болсон талаар асуухад О.Б ах аавыг хутгалчихлаа гээд уйлаад орилоод байсан. Тэгэхээр нь харсан О.Б ах гэрт байхгүй байсан. О.Б  ах гэрт байхдаа дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа жинсэн өмдтэй сууж байсан. Хэвтэж байсан газар луу нь харахад хувцас нь байхгүй байсан. Тэгээд би цагдаа, эмнэлэг дуудаад О.Б хамт эмнэлэг явсан. Эмнэлэгт ирээд үзүүлсэн нилээн гүн орсон байна гээд 2 оёдол тавьсан. Тэгээд эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж хоноод өглөө эход харуулахад хэвлийнд нэвтрээгүй байна гэж хэлсэн. Шар айраг ууж байхдаа зүгээр ажлынхаа талаар л юм яриад сууж байсан. Хар иштэй, шаргал иштэй хоёр хутга байдаг. Одоо шаргал иштэй хутга байхгүй байгаа. Орой 21 цагийн үед хиам зүсээд шургуулганд хийсэн. Манайх тэнд хутгаа хийдэг гэдгийг тэнд байсан хүмүүс бүгд мэднэ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

Гэрч Б.Д-ийн 2021 оны 02 сарын 09-ний өдөр дахин өгсөн: “Би унтаж байхад миний том охин орилоод байхаар нь сэрсэн. Тэгээд намайг сэрээд харсан миний нөхөр О.Б  хэвлийдээ хутгалуулчихсан цус алдаад орон дээр сууж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуусан юм хэлэхгүй байсан. Харин миний том охин О.Б ах хутгалсан гэж хэлсэн. Тухайн үед бид нар гэрэл асаалттай унтаж байсан болохоор харсан байх. Би сэрээд эмч, цагдаа дуудсан. Хэрэг учрал болсноос хойш охин Б.Б-сээ юу болсон талаар асуусан тухайн үед сэрүүн толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд утсаараа тоглоод байж байхад нь хүмүүс муудахаар нь хөнжлөө сөхөөд харсан аав хутгалуулчихсан, гэрээс О.Б ах гарч байсан гэсэн. Манай охиныг сэрүүн байх үед гаднаас орж ирсэн хүн байхгүй гэж хэлсэн. Би гэдсийг нь хутгалахыг хараагүй. Охиныгоо тэгж ярьсан болохоор л тэгж бодож та хутгалсан гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

  Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн 2021 оны 01 сарын 14-ний өдөр өгсөн: Өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай аав амралтын баяр гээд лаазтай пиво О.Б ах, Ч эгч, С ах, ээжтэй хамт уусан. Би тэд нарыг ууж байхад унтаад өгсөн. Намайг унтаж байхад хүн хэрэлдээд байхаар нь сэрсэн. Сэрээд харсан аав гал тогооны шүүгээний наад талд цус алдчихсан сууж байсан. Тэр үед О.Б ах хаалгаар гарч байсан. Тэгээд би ээж, Ч эгч, С-д ах гурвыг сэрээсэн. Сэрсэндэмид ах сэрээд аавыг орон дээрээ суучих гээд орон дээр суулгасан. Тэгээд ээж сэрээд цагдаа, эмч дуудсан. Ногоон малгайтай цамцтай, гадуураа куртиктэй байсан. Аавын сууж байсан газрын хойно байсан цагаан шүүгээний шургуулганд байдаг. Манай гэрийн хүрэн иштэй хутга алга болчихсон. О.Б ах би явлаа гэж орилсон. Харин аав тэг гэж хэлсэн. Тэгээд О.Б ах гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

  Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн 2021 оны 02 сарын 18-ны өдөр дахин өгсөн: Би өдөр нь унтсан. Унтаж байгаад сэрэхэд ээж, аав, О.Б ах, О.С ах, Н.Э эгч тэр хэд сагстай пиво авч ирээд талыг нь уучихсан байсан. Би хойд орны наад талд зассан оронд хэвтээд утсаа үзэж байхад миний хоёр дүү хажууд байсан. Тэгсэн О.С ах хажууд унтаад өгсөн. Ээж аав хоёр хойд талын орон дээр хэвтсэн. О.Б ах, Н.Э эгч хоёр гэрийн баруун талд зассан гудсан дээр хэвтсэн. Би утсаа оролдоод хэвтэж байх үед аав, О.Б ах хоёр босоод гэрийн зүүн талын сандал дээр суугаад юм яриад байсан. Би хоёр дүүтэйгээ утас руугаа харж байгаад 5 настай дүү Очирбатыг нөгөө хоёрыгоо хардаа гэсэн чинь аавыг хараа гэхээр нь харсан чинь гал тогооны шүүгээний наад талд сууж байсан. Хажууд нь О.Б ах манай гал тогооны шар иштэй хутгыг барьчихсан зогсож байсан. Тэгээд шууд гэрээс гараад явсан. Тэгээд би тэрийг хараад ээжийг сэрээсэн. Ээжийг сэрэхээс өмнө аавын гэдэснээс цус гараад байсан. Ээж сэрээд юу болсон талаар асуухаар нь О.Б ах хутгалчихлаа гэж хэлсэн. Тухайн үед манайд гаднаас хүн орж ирээгүй. Ээж сэрээд эмч цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

    Гэрч Б.М-ийн 2021 оны 02 сарын 01-ний өдөр өгсөн: “Би тухайн өдөр хөдөлгөөнт постонд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд жижүүрээс надтай холбогдоод хүн хутгалуулсан байна, очоорой гэж хэлсэн. Би дэд ахлагч Д.Э, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Б нарын хамт очсон. Бид нарыг тэр айл руу явж байх үед гудамны үзүүрт нэг эрэгтэй хүн хурдаараа гүйж байсан. Тэр эрэгтэйг М.Б, Д.Э нар зогсоож машиндаа суулгаад цаашаа явсан. байх гэрлүү ороход О.Б  гэх хүн хэвлийн тус газраа хутгалуулсан байдалтай цус алдсан байсан. Тэр хутгалуулсан эрэгтэй дээгүүрээ цээж нүцгэн байсан. Замдаа гүйж байсан эрэгтэйг гэрт нь дагуулж ороод энэ эрэгтэй хутгалсан хүн мөн үү гэж асуухад хутгалуулсан эрэгтэй харчихаад юм хэлэхгүй, эхнэр нь наад хүн чинь хутгалсан гээд орилоод уйлаад байсан. Тэгэхээр нь би хутгалсан гэх эрэгтэйг дагуулж гараад гэрийн баруун талд цуг зогсож байсан. Тэр газар зогсож байгаад хутга чинь хаана байгаа юм гээд тэр хавиар харсан миний хөлний ойролцоо шар иштэй хутга байхаар нь эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Б-д мэдэгдсэн. Тэгээд эмч нар ирэхээр нь хохирогчийг эмч нарт хүлээлгэн өгөөд, хутгалсан гэх эрэгтэйг аваад цагдаа дээр ирсэн. Тавьсан хууль ёсны шаарлагыг биелүүлэхгүй байсан. Зугатаасан эрэгтэй бол анх их хэмжээний согтолттой байсан. Хутгалуулсан эрэгтэй мөн их согтуу байсан. Хутгалуулсан эрэгтэйн эхнэр гайгүй байсан. Гэрт нь байсан хоёр хүн бол юу болоод байгааг мэдэхгүй байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

    Гэрч Д.Э-ын 2021 оны 02 сарын 01-ний өдөр өгсөн: “Би тухайн өдөр цагдаагийн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч цагдаагаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Би дуудлага хүлээн авч байх үед 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 цаг 30 минутын үед манай нөхөр хутгалуулааад цус алдаад байна, хурдлаарай гэсэн дуудлага ирсэн. Дуудлага ирсний дагуу эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Б, харуулын цагдаа цагдаагийн дэд ахлагч Б.М нарын хамт Жаргалантын 9 дүгээр гудам руу машинтай явсан. Машинтай явж байх үед Жаргалантын 9 дүгээр гудамжны үзүүрт нэг эрэгтэй хүн хойшоо урагшаа хараад гүйж байгаа харагдахаар нь энэ гүйж байгаа хүнийг шалгая гээд зогсоод шалгах гэсэн цаашаа зугатаасан. Тэгсэн М.Б ах бариад машинд суулгаад юм асуусан юм дуугарахгүй байсан. Тэгээд цаашаа хэрэг учрал болсон гэх гэрт очих үед нэг эрэгтэй хүн хэвлийндээ хутгалуулаад цус алдсан байдалтай байсан. Тэр хутгалуулсан эрэгтэй барьж орсон эрэгтэйг хараад би зүгээрээ, наад хүн чинь миний төрсөн ах гэж хэлсэн. Тэгсэн хутгалуулсан эрэгтэйн эхнэр нь уйлаад наад хүн чинь хутгалсан хүн нь мөн гэж хэлсэн. Тэгсэн Б.М тэр эрэгтэйг аваад гарсан. Удалгүй эмч ирээд хутгалуулсан эрэгтэйг үзэх гэсэн би зүгээрээ гээд үзүүлэхгүй байхаар нь би хувцсыг нь өмсүүлсэн. Тэгээд эмч нарт хүлээлгэн өгөөд жижүүр лүүгээ ирсэн. Миний араас М.Б, Б.М нар нөгөө барьсан хүнээ аваад ирсэн. Зугатааж байсан эрэгтэй их согтуу байсан. Хутгалуулсан эрэгтэй мөн их согтуу өвдөлтөө мэдрэхгүй байсан. Дээгүүрээ цээж нүцгэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

   Гэрч О.С-ийн 2021 оны 02 сарын 09-ний өдөр өгсөн: Би энэ жил өөрийн төрсөн ах О.Б гэрт нь цуг амьдарч байгаа юм. Хэрэг учрал болдог өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ах О.Б  ээлжийн амралтаа авсан гээд нэг сагс шар айраг авч ирсэн. Тэр шар айргыг том ах О.Б, ах О.Б, О.Б  ахын эхнэр Б.Д бид дөрөв хувааж уусан. Хувааж ууж байгаад 22 цагийн үед О.Б ахын эхнэр Н.Э эгчийг дуудсан. Гэрт ирээд цуг шар айраг уусан. Н.Э эгчийг ирэх үед хэдэн шар айраг үлдсэн байсан, хэдийг уусан гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд сагстай шар айргаа дуусгаад унтацгаасан. Би газраар О.Б  ахын гурван хүүхэдтэй унтсан. О.Б  ах, Б.Д хоёр хойд орон дээр, гэрийн баруун талаар О.Б ах эхнэртэйгээ унтахаар хэвтэцгээсэн. Би хэвтээд унтчихсан байсан. Би гэрт цагдаа ирсэн байх үед сэрсэн. Намайг сэрэх үед эмч нар ирчихсэн О.Б  ахыг шархыг нь боож янзлахгүй бол болохгүй гээд аваад гарсан. Цагдаа нар О.Б ахыг аваад явсан. Би гурван хүүхэдтэй нь цуг үлдсэн. Би О.Б  ахын хэвлийд О.Б ах хутгалсан гэдгийг хүүхдүүдээс мэдсэн. Том охин нь О.Б ах хутгалчихсан гээд байсан/хх-ийн 37-38/

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01-р сарын 20-ны өдрийн №10 тоот:  2021.10

                1.О.Б биед хэвлийн аюулхай мөгөөрсний доод хэсгийн хэвлийн хөндий руу нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

                2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр

үүсгэгдэх боломжтой.

              3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлдмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02-р сарын 11-ний өдрийн №2021.08 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрээгүй иймээс шинжилгээг цааш үргэлжлүүлэх боломжгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48/

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49/

- Яллагдагч О.Б-ийн 2021 оны 02 сарын 04-ний өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 18-1801 тоотод эхнэр Н.Э хамт амьдардаг. Миний хоёр төрсөн дүү болох О.Б  эхнэр Б.Дэлгэрмаа, хоёр охины хамт Бор-Өндөр сумын 4 дүгээр баг амьдардаг. О.Б гэрт миний төрсөн дүү О.С түр амьдарч байгаа юм. О.Б  тэр өдөр ээлжийн амралтаа авсан гээд бид дөрөв О.Б гэрт шар айраг ууцгаасан. Тэдний гэрт шар айраг ууж байгаад эхнэр Н.Э ажил тарах үеэр О.Б  дуудсан байсан. Н.Э  22 цагийн үед О.Б гэрт ирсэн. Тэгээд бид 5 шар айраг ууцгаагаад суусан. Шар айраг ууж байгаад би тасарчихсан байсан. Нэг ухаан орсон хажуу талын цоожтой гэрийн үүдэнд хоёр цагдаатай хамт зогсож байсан. Тэгээд тэр цагдаа нартай хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би цагдаа дээрээс гараад явсны дараа Б.Дэлгэрмаагаас юу болсон талаар асуусан юм. Тэгсэн намайг О.Б хэвлийг зүсэхийг харсан байсан. Тийм учраас би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/

            -  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/,

            - Дорноговь аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 82-83/

            -Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоол /хх-ийн 01-11/

            - Шүүгдэгч О.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон торгуулийн ялыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

  Шүүгдэгч О.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг 2021 оны 01 сарын 14-ний шөнө 01 цаг өнгөрч байх үед согтуугаар өөрийн төрсөн дүү О.Б хэвлийн тус газар хутгаар зүсэж улмаар эрүүл мэндэд нь хэвлийн аюулхай мөгөөрсний доод хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О.Б , гэрч Н.Э, Б.Д, насанд хүрээгүй гэрч Б.Б, гэрч О.М, Д.Э, О.С нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 сарын 20-ны өдрийн №10 тоот    шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.   

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 сарын 20-ны өдрийн №10 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Б биед нь хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.Б урьд нь Дорноговь аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2006 оны 02 сарын 15-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  Сум  дундын  Прокурорын  газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Б-д холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтуудаар түүний үйлдэл нь “архидан согтуурч, өөрийн үйлдлийг хянах чадваргүй байсан” гэх үйл баримтаас шалтгаалан үл ялих зүйлээр шалтаглан, шалтгаангүйгээр гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байх тул  улсын яллагчийн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч О.Батдоржийн архидан согтуурсан нөхцөл байдал, хууль бус, зүй бус үйлдэл, хувийн таарамжгүй харилцаа нь нөлөөлсөн байна.

   Шүүгдэгч О.Батдоржийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Батдоржид холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д нийцнэ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч О.Б биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Хохирогч О.Б  нь “О.Б  хэрэлдсэний улмаас О.Б нь О.Б  миний биед хөнгөн гэмтэл учруулсан. О.Б нь эмчилгээний зардлыг бүрэн төлсөн тул санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 84/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа, гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Батдоржид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.  

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч О.Батдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Б-ийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариул нь 12 см урттай, ажлын хэсэг 14.5 см урттай, шар өнгийн бариултай 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,

36.1 дүгээр зүйл, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10,

36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

          1.Шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б 600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.                    5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул нь 12 см урттай, ажлын хэсэг 14.5 см урттай, шар өнгийн бариултай 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

            6. Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.ЭНХМАНДАХ