Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/14

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч А.Т холбогдох эрүүгийн 2140000000019 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, яс үндэс халх, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, А.Т

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Т нь 2021 оны 02 сарын 24-ний орой 20 цаг өнгөрч байх үед Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4-р баг Хэрлэнгийн 504 тоотод гэртээ хамтран амьдрагч П.О-ийн нүүрэн тус газар гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, доод эрүүний баруун хэсэг болон зүүн гарын эрхий хурууны гадна доод хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч П.О 2021 оны 03-р сарын 09-ний өдөр өгсөн:...2021 оны 02 сарын 24-ний орой намайг гэртээ хүүхэдтэйгээ хамт байхад манай нөхөр гаднаас орж ирэхдээ архи уучихсан байсан. ...Би нөхрийгөө архи уугаад ороод ирэхээр нь Архи уулаа гэж уурлаж загнасан чинь миний өөдөөс хэрэлдсэн. Мөн намайг Чиний мөнгөөр архи уугаагүй, би найз нөхөдтэй хүн, ална шүү гэх зэргээр хэлж, доромжилсон. Тэгэхээр нь би Төрсонгуулийг найз нар руугаа яв гэж хэлсэн. Мөн намайг ална шүү гэж хэлэхээр нь Намайг ал гэж хэлээд гал тогооны шүүгээнээс хутга гаргаад Төрсонгуульд өгсөн. Тэгэхэд А.Т хутга аваад цааш нь тавьсанаа миний 2 хацар болон чих, толгой руу хэд хэдэн удаа алгадсан. ...А.Т бид хоёр өмнө нь муудаж маргалдаж байгаагүй. Энэ удаа анхных. Төрсонгуулийг архи уугаад ирэхээр нь загнасан. Тэгэхэд уурлаад намайг зодсон. ...Миний баруун чихний хэнгэрэг цоорсон, мөн эрүүний орчимд хөхөрсөн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/

-Гэрч М.Э-ийн 2021 оны 03-р сарын 09-ний өдөр өгсөн:...2021 оны 02 сарын 24-ний орой гэртээ байж байтал манай бэр О  утсаар яриад А.Т агсам тавиад байна, намайг зодчихлоогэж хэлэхээр нь би тэдний гэрт очсон. Намайг тэдний гэрт очихоос өмнө А.Т гараад явсан байсан. О  хүүхэдтэйгээ байж байсан. Тухайн үед О  уйлаад сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад А.Т согтуу орж ирээд агсам тавиад зодсон гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Би тухайн асуудал болох үед байгаагүй, яаж зодуулсныг нь хараагүйгэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/

-Яллагдагч А.Т-ийн 2021 оны 03-р сарын 05-ны өдөр өгсөн: “2021 оны 02 сарын 24-ний өдөр 17 цагийн үед Баянмөнх сумаас зүүн тийш Зүүн улаан эрэг гэх газар Хэрлэн голын хажууд О, Т  нарын хамт 2 ширхэг 2.5 литрийн пиво хувааж уусан. Т  намайг хүргэж өгөөд явсан. Намайг гэртээ ороход эхнэр хүүхдийн хамт байсан. Эхнэр намайг пиво уусан байхыг хараад намайг пиво уулаа гэж уурласан. Тэгээд энэ асуудлаас болж эхнэр бид хоёр маргалдсан. Би эхнэртэйгээ маргалдаж байгаад уур хүрээд Ална шүү гэж хэлсэн чинь О  гэрийн гал тогооны шүүгээнээс хутга гаргаж ирээд Чи намайг одоо алчих гээд хутгаа өгөхөөр нь хутгыг нь булааж аваад Чи хүүхдийнхээ хажууд хутга гаргаж ирлээ гэж хэлээд уурандаа нүүр рүү нь хоёр удаа алгадсан. О ийг 2 удаа алгадаад гэрээсээ гараад явсан. Тэр орой эргэж гэртээ ирээгүй. Эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Намайг пиво уусан гэж уурлаад байхаар нь маргалдсан. Тэгээд гал тогооны шүүгээнээс хутга авч, алчих гээд над руу өгөхөөр нь уурандаа зодсон. Энэ асуудлаас өмнө муудаж маргалдаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №26 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

                1.П.О ийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, доод эрүүний баруун хэсэг болон зүүн гарын эрхий хурууны гадна доод хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

                2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

              3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлдмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-11/      

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/

            -Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Пиво уусан байсан. Эхнэр архи уулаа гээд байхаар нь гараараа баруун чих, баруун шанаа руу нь 2 удаа цохьчихоод гараад явсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

  Шүүгдэгч А.Т нь 2021 оны 02 сарын 24-ний орой 20 цаг өнгөрч байх үед Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4-р баг Хэрлэнгийн 504 тоотод гэртээ хамтран амьдрагч П.О ийн нүүрэн тус газар гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, доод эрүүний баруун хэсэг болон зүүн гарын эрхий хурууны гадна доод хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч П.О , гэрч М.Энгэрцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 сарын 01-ний өдрийн 26 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч А.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлийн талаар зөрөөгүйгээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 сарын 01-ний өдрийн №26 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.О ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Харин Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  сум  дундын  Прокурорын  газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Т нь 2021 оны 02 сарын 24-ний орой 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4-р баг Хэрлэнгийн 504 тоотод гэртээ “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хамтран амьдрагч П.О ийг гараараа цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.

Хяналтын прокуророос шүүгдэгч А.Т “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч А.Т нь хамтран амьдрагч П.О ийг зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь тохиолдлын шинжтэй, эхнэр, нөхрийн хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн, ахуйн шинжтэй, “пиво уусан” гэх нөхцөл байдлын улмаас хохирогчийг цохиж, түүний биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, доод эрүүний баруун хэсэг болон зүүн гарын эрхий хурууны гадна доод хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл учруулсан буюу хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Т 2021 оны 02 сарын 24-ний орой хохирогч П.О ийг зодсон үйлдэл нь байнгын шинжтэй байсан, удаа дараа давтагдаж байсан, бусдын бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж байсан, хохирогчид сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодид нь гэмтэл учруулж байсан, хохирол учруулж болох нөхцөл байдал үүсгэж байсан гэдэг нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдохгүй байна.

 Харин шүүгдэгч А.Т өмнө нь эхнэр П.О ийг буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчиж Зөрчлийн тухай хуулиар болон Эрүүгийн хуулиар шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.

-Шүүгдэгч А.Т хамтран амьдрагч П.О ийг зодсон үйлдэлд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинж тогтоогдохгүй, түүний үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж хэргийг зүйлчлэх боломжгүй байна.

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь хохирогчийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдэл нь байнгын шинжтэй байхыг шаардана гэж хуульчилсан байна.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий хандах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр илэрдэг байна.

Шүүгдэгч А.Т нь хамтран амьдрагч П.О ийг зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь тохиолдлын шинжтэй буюу тодорхой нөхцөл байдлын улмаас эхнэрээ зодож, хөнгөн гэмтэл учруулсан нь баримтаар тогтоогдсон, харин шүүгдэгч нь хохирогчийг байнгын шинжтэй бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж байсан, хохирогч нь сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон, хохирч байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Т хамтран амьдрагч П.О ийг зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч А.Т хууль бус, зүй бус үйлдэл, архидан согтуурсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч А.Төрсонгуульд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Т нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч П.О ийн биед хөнгөн хохирол /хөнгөн гэмтэл/ учирсан нь тогтоогдсон байна.

Хохирогч П.О  нь “гомдолгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч А.Т нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүхээс шүүгдэгч А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдож байна. /хх-ийн 33/

Шүүгдэгч А.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч А.Төрсонгуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 600 нэгж тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Т эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр

зүйл,  34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг

 удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

         1.Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              6.Шүүгдэгч А.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5

дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Төрсонгуульд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.ЭНХМАНДАХ