Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

            Улсын яллагч М.Мэндбаяр

            Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.Б холбогдох 2140000000023 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 04 сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч:Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд яс үндэс халх, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “Монголросцветмет” ТӨХХК-ийн Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Уулын цехэд малтагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  Бат-Өлзий овогтой Б.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 43-33 тоотод 2021 оны 03 сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байх үед эхнэр Ц.А бусадтай хардсаны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хамарын нурууны хажуу хэсгийн няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхины дотор хэсэг болон хамарын нуруу хэсэг баруун гарын сарвууны ар дээд хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Хохирогч Ц.А 2021 оны 03 сарын 18-ны өдөр өгсөн:Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 40 дүгээр байрны 19 тоотод нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Би нөхөртэйгээ 2009 оноос хойш хамтран амьдарч 2016 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2021 оны 03 дугаар сарын 08-ны орой нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ байхад намайг найзууд мааньБаярын өдөр болж байгаа юм чинь гараад ир, баар орж бүжиглэе гэж хэлэхээр нь зөвшөөрч орой 22 цаг 30 минутын үед гэрээсээ гарч М бааранд орсон. Намайг гэрээсээ гарах үед нөхөр 2 хүүхэдтэйгээ хамт үлдсэн. Би М бааранд орж 1 лааз пиво авч уусан. Тэгээд бүжиглэж байгаад орой 23 цаг 40 минут өнгөрч байхад баарнаас гараад гэр рүүгээ харьсан. Намайг гэртээ орсон чинь манай нөхөр архи уучихсан, согтуу байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Чи өнөөдөр яагаад архи ууж байгаа юм бэ, ганц баярын өдөр чи уухгүй байж болоогүй юм уу гэж асуусан чинь би архи уугаагүй гэж хэлсэн, мөн надтай хэрүүл хийх гээд байх шиг байсан. Тэгж байснаа гэнэт над руу “писда минь уусан ч яадаг юм. Чи ер нь манай найз У явалдаад байгаа байх гэж бодож байгаа гэж хэлэхээр нь Чи ингэж ярьж байгаа бол У-ын гэрт очъё” гэж хэлээд хамт гараад явсан. Б.Б бид 2 гэрээсээ гараад У  гэрт очиж уулзсан. Тэдний гэрт ороод У тай уулзаад Б.Б  юу гэж хэлснийг хэлсэн. Тэгтэл У  Чи ингэж хэлсэн бол чамтай ярих юм алга гэж хэлээд жижиг өрөөнөөсөө гараад том өрөө рүүгээ орсон. Тэгсэн чинь Б.Б гэнэт над руу уурлаад Чи ингэж хэлэх шаардлага байхгүй, чи 2 найзыг муудалцуулах гэж албаар ингэж хэллээ гэж хэлээд миний нүүр рүү 2 удаа цохьсон. Тэгэхээр нь нүүрээ нуугаад доошоо хараад хэвтсэн чинь миний нуруу, гар руу цохиод байсан. Тэгэхэд У  гарч ирээд Б.Б  салгаж холдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37/

   Гэрч Сүхийн У  2021 оны 03 сарын 19-ний өдөр өгсөн:Би Бор-Өндөр сумын 1 дүгээр баг ганцаараа амьдардаг. Б.Б бид 2 бага байхаасаа найзалж нөхөрлөсөн. Нэг нутгийн хүмүүс, одоо ч найз нөхөд юм. 2021 оны 03 дугаар сарын 09-ний 00 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь тавьж өгсөн чинь Б, А 2 хамт байсан. Тэр 2 хоорондоо хэрүүл маргаан хийж байсан. Манай гэрт орж ирээд Ц.А  Б.Б чи бид 2-ыг явалддаг, нууц амрагууд гээд элдвээр хэллээ гэж надад хэлсэн. Би та 2-ыг нүүрэлдүүлж, эв зүйг нь олуулах гэж ирлээ гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд Ийм юм ярьж байгаа бол чамтай харьцаад яахав дээ гэж хэлээд жижиг өрөөнөөс гарч, том өрөө рүүгээ орсон. Баярмагнай, Ц.А  2 манай жижиг өрөөнд хэрэлдээд үлдсэн. Би том өрөөндөө ороод 2-3 минут болоод эргээд жижиг өрөө рүү орсон. Би тэр 2-ыг гэртээ харьж хэрэлд гэж хэлэх гээд орсон юм. Тэгэхэд Ц.А г Б.Б зодсон байсан. Танай найз чинь чамайг зодлоо гэж Ц.А  надад хэлсэн. Б.Б  яаж эхнэрээ зодсоныг нь хараагүй. Ц.А д ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Ц.А  уйлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39/

            Гэрч Э.У-ын 2021 оны 03 сарын 20-ны өдөр өгсөн:2021 оны 03 дугаар сарын 08-ны орой Бор-Өндөр сумын 2 дугаар баг 48 дугаар байранд байх гэртээ байж байхад хуурай ах Б.Б над руу утсаар яриад манай гэрт хүрээд ир гэж дуудсан. Тухайн үед 22 цаг болж байсан. Б.Б ахыг дуудахаар нь би гэрээсээ ганцаараа гараад тэдний гэр рүү очсон. Намайг Б.Б ахын гэрт ороход 2 хүүхэдтэйгээ хамт байсан, эхнэр нь гараад явсан гэж байсан. Б.Б ах намайг гэрт нь ороход 1 шил 1 литрийн Голд чингис гэх архи гаргаж ирээд хуваагаад уусан. Бид 2 архиа ууж байгаад орой 23 цаг өнгөрч байхад дууссан. Архиа ууж дуусаад би харьлаа гээд гэрээс нь ганцаараа гараад явсан. Б.Б ах 2 хүүхэдтэйгээ гэртээ үлдсэн. Намайг гарах хүртэл эхнэр нь ирээгүй байсан. Намайг тэдний гэрээс явсанаас хойш юу болсоныг мэдэхгүй, дахиж гэрт нь очоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41/

            - Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03-р сарын 11-ний өдрийн №30 тоот: 

1.”Ц.А гийн биед хамарын нурууны зүүн хажуу хэсгийн няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхины дотор хэсэг болон хамарын нуруу хэсэг, баруун гарын сарвууны ар дээд хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/

- Яллагдагч Б.Б ийн 2021 оны 03 сарын 16-ны өдөр өгсөн:Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 40-19 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2021 оны 03 дугаар сарын 08-ны орой гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ хамт байсан юм. Тэгтэл орой 21 цагийн үед манай эхнэр найзуудтайгаа гарч уулзахаар утсаар яриад байсан. Учир нь эмэгтэйчүүдийн баярын өдөр болж байсан болохоор эхнэр найз нартай уулзахаар болсон. Би эхнэрийгээ гэрээс гарахаас өмнө найз Б руу /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ залгаад манай гэрт 22 цаг өнгөрөөд хүрээд ир гэж хэлсэн. Манай эхнэр орой 22 цаг өнгөрч байхад найз нартайгаа уулзахаар гэрээсээ гарсан. Эхнэрийг гарсанаас хойш удаагүй байхад манай гэрт Б ганцаараа орж ирсэн. Б-г орж ирэхээр нь би хөргөгчинд байсан 1 литрийн “Голд чингис архийг гаргаж хуваагаад уусан. Тухайн үед Баяка бид 2 архинаас уусан, хүүхдүүд тоглож байсан. Бид 2 архиа ууж дууссаны дараа 23 цаг өнгөрч байхад Б манай гэрээс ганцаараа гараад харьлаа гээд явсан. Б манай гэрээс явснаас хойш 23 цаг 50 минутын орчимд манай эхнэр гаднаас ганцаараа орж ирсэн. Ц.А г орж ирэхээр нь уусан архиндаа согтоод эхнэрийгээ найз У тай хардсан. Тэгээд энэ асуудлаас болж Ц.А  бид 2 хоорондоо маргалдаж байгаад намайг У тай нүүрэлдүүлнэ гээд хамт гэрээс гарсан. Эхнэр бид 2 гэрээс гараад шууд У  гэрт очсон. Эхнэр бид 2 У  гэрт нь ороод манай эхнэр У  руу хандаж Манай нөхөр чамтай намайг хардаад байна гэж хэлсэн. Тэгтэл У  над руу уурлаж Ингэж ярьж байгаа бол чи чамтай харьцахгүй гэж хэлээд жижиг өрөөнөөс гарч, том өрөө рүүгээ орсон. У ыг надад уурлаад жижиг өрөөнөөс гарахаар нь би эхнэр рүү уурлаад Чи зүгээр байсан 2 найзыг хооронд муудалцууллаа гэж хэлээд Ц.А гийн нүүрэнд нь гараараа 2 удаа цохьсон. Тэгэхэд У  том өрөөнөөс орж ирээд намайг салгаж холдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/,

            -Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээ зодож хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй. Прокурорын санал болгосон 600000 төгрөгний торгуулийг төлнө” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

  Шүүгдэгч Б.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 43-33 тоотод 2021 оны 03 сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байх үед эхнэр Ц.А бусадтай хардсаны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хамарын нурууны хажуу хэсгийн няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхины дотор хэсэг болон хамарын нуруу хэсэг баруун гарын сарвууны ар дээд хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.А , гэрч С.У  нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 сарын 11-ний өдрийн 30 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлийн талаар зөрөөгүйгээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 сарын 11-ний өдрийн №30 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.А гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Харин Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  Сум  дундын  Прокурорын  газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б нь 2021 оны 03 сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 43-33 тоотод С.У  гэрт “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эхнэр Ц.А гараараа цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.

Хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б  “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч Б.Б нь эхнэр Ц.А зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь тохиолдлын шинжтэй, эхнэр, нөхрийн хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн, ахуйн шинжтэй, “эхнэр Ц.А өөрийн найз С.У тай хардсан” гэх нөхцөл байдлын улмаас хохирогчийг цохиж, түүний биед хамарын нурууны хажуу хэсгийн няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхины дотор хэсэг болон хамарын нуруу хэсэг баруун гарын сарвууны ар дээд хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан буюу хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б ийн 2021 оны 03 сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад хохирогч Ц.А зодсон үйлдэл нь байнгын шинжтэй байсан, удаа дараа давтагдаж байсан, бусдын бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж байсан, хохирогчид сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодид нь гэмтэл учруулж байсан, хохирол учруулж болох нөхцөл байдал үүсгэж байсан гэдэг нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдохгүй байна.

 Мөн шүүгдэгч Б.Б  өмнө нь эхнэр Ц.А буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчиж Зөрчлийн тухай хуулиар болон Эрүүгийн хуулиар шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Б ийн эхнэр Ц.А зодсон үйлдэлд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинж тогтоогдохгүй, түүний үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж хэргийг зүйлчлэх боломжгүй байна.

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь хохирогчийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдэл нь байнгын шинжтэй байхыг шаардана гэж хуульчилсан байна.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий хандах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр илэрдэг байна.

Шүүгдэгч Б.Б нь эхнэр Ц.А зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь тохиолдлын шинжтэй буюу тодорхой нөхцөл байдлын улмаас эхнэрээ зодож, хөнгөн гэмтэл учруулсан нь баримтаар тогтоогдсон, харин шүүгдэгч нь хохирогчийг байнгын шинжтэй бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж байсан, хохирогч нь сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон, хохирч байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б  эхнэр Ц.А зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Б.Б ийн хууль бус, зүй бус үйлдэл, архидан согтуурсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч Ц.А гийн биед хөнгөн хохирол /хөнгөн гэмтэл/ учирсан нь тогтоогдсон байна.

Хохирогч У.Ц.А  нь “гомдолгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Б.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүхээс шүүгдэгч Б.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдож байна. /хх-ийн 54/

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Баярмагнайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б ийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,

34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6,

36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг

 удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

           1.Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

             5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              6.Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5

дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.ЭНХМАНДАХ