Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 18

 

Б.Р д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 163/2018/0048/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                        

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   Б.Р

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Н.Тэрбиш

            Хохирогч                                                   Г.Пунцагбалжир, Ч.Ганбаатар

            Иргэний хариуцагчийн өмгөөлөгч           Р.Нямцэрэн

            Нарийн бичгийн дарга                              С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 110 дугаар захирамжтай Б.Р д холбогдох 1715002500023 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Гэрэлбаатарын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Баянзүрх сум Эмт 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Б.Р .

   Б.Р  нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 05 цагийн орчим Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд явсан **-**УБО улсын дугаартай “Kia Granberd” маркийн зорчигч тээврийн автобусыг жолоодож яваад Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт “Төлүүгийн  даваа” гэх газарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчиж замын хажуу руу орж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэл дотор сууж явсан зорчигч Б.Цэрэнсодном, Г.Пунцагбалжир, М.Батхолбоо, Ч.Ганбаатар нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 110 дугаар захирамжаар:

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Р д холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,

Шүүгдэгч Н.Р д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж  шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гэрэлбаатар эсэргүүцэлдээ:

“... Булган аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Р г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 5/32 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 110 дугаартай Шүүгчийн захирамжаар ... хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Үүнд:

Анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б.Р д холбогдох хэргийг хүлээн аваад 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 79 тоот шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж Б.Р д холбогдох эрүүгийн 1715002500023 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүх хурлыг зарлаад хохирогч Г.П өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хүлээн авч  2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгч н.Тэрбишийн гаргасан шүлхий өвчинтэй холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан болно.

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Б.Р д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу явагдан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээр зөвлөлдөх тасалгаанд орсон атлаа хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаах захирамж танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ" гэсэн заалтыг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Монгол улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна" гэсэн заалтыг зөрчсөн байна.

Шүүгчийн захирамжинд "...**-**УБО улсын дугаартай "Киа гранбрид” маркийн зорчигч тээврийн автобусны жолооч Д.Урантөгсийг иргэний хариуцагчаар татаж байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай байна." гэжээ.

Хэрэгт Д.Урантөгс нь иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж заасан байх тул шүүх өөрийн санаачлагаар иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Иймд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 110 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан Прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.                                                .    '

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “…Бичсэн эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн  тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл  

шүүгдэгч Б.Р д холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх шаардлагатай гэж үзэж хэргийг Булган аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Учир нь: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд **-**УБО улсын дугаартай Kia granberd маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь иргэний хариуцагчаар татагдсан Д.Урантөгс болох нь тогтоогдож байна.

Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг баримтлах бөгөөд 499.1, 499.4-т заасанчлан бусдад учирсан гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцахаар тусгажээ.

Иймд Д.Урантөгсийг уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар татан оролцуулах зайлшгүй шаардлагатай байна.

Мөн  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаархи мэдээллийг тусгасан байх боловч үнэлгээний тайланд энэ талаарх баримтыг хавсаргаагүй байна.

Түүнчлэн шүүгчийн захирамжинд заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг хэрэгт хавсаргах ажиллагааг нэмж хийлгэсний дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам болон оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон, түүнчлэн дээрх асуудлаар оролцогч гомдол, хүсэлт гаргасан тохиолдолд анхан шатны шүүх хуралдаанаар дээрх гомдол, хүсэлтийг шийдвэрлэж болно.

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 110 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Р д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН                      

        ШҮҮГЧИД                                                                    С.ЦЭЦЭГМАА

                                                                                          С.УРАНЧИМЭГ