Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                          

           Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “БМКЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч /Р.Ц/-д  хариуцагдах,

            Улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0166854 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж,  хариуцагч Р.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “БМКЭЭ” ХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь Хар тэвш нэртэй MV-007944 тоот, Хөөтийн хонхор MV-020773, Хөөтийн хонхор-2 MV-020772 ашиглалтын тусгай зөвшөөрлүүдтэй бөгөөд 2018 онд үйл ажиллагаа явуулахгүй хэмээн 2017.11.29-ний өдөр “Х” төлөвлөгөөг Ашигт малтмал газрын тосны газрын Нүүрс судалгааны хэлтэст хүргүүлсэн.

Гэтэл Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Р.Ц нь манай компанийг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь заалтыг зөрчсөн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-д  зааснаар 10000000 төгрөгөөр торгосон нь хууль бус болсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-д “хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор” гэж хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон заалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хариуцлага хүлээлгэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйл Хууль ёсны зарчим 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан.

Иймд хайгуулын ажил хийгдэхгүй талаар төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдсээр байтал хайгуулын ажлын жилийн тайлан нэхэж Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйл Хуулийн зорилгод заасан “шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэх зорилгоос хазайсан Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн №0166854 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манайх гурван тусгай зөвшөөрөлтэй, хоёр дээр нь үйл ажиллагаа явуулж байна. Нэг дээр нь үйл ажиллагаа явуулаагүй. 2018 онд үйл ажиллагаа явагдахгүй гэсэн албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний судалгааны хэлтэс рүү явуулсан. Уулын ажил явагдаагүй учраас Х тайлан гаргаж өгсөн. Х тайлан явуулсан байхад шийтгэлийн хуудас ногдууллаа гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би уул уурхайн мэргэжилтэй болохоор энд уурхай дээрээ ажилладаг. Бусад хүмүүсээс Х тайлан өгснийг мэдсэн. Тухайн үед мэдээгүй байсан. Нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв. 

Хариуцагч шүүх хуралдаан дээр болон бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Дундговь аймагт Нэгдсэн хяналт шалгалтыг 2019 оны 05 дугаар сарын 20-ноос 2019 оны 05 дугаар сарын 31-нийг дуустал хийж гүйцэтгэсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрс судалгааны хэлтсийн дарга М.Маас 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6/3706 тоот, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга Д.Хгаас 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 5/3705 тоот арга хэмжээ авахуулах тухай албан бичгүүдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын дарга Н.Бт тус тус хүргүүлсэн байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар энэ хоёр албан бичигт үндэслээд 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болоод 2018 оны тайланг ирүүлээгүй аж ахуй нэгжүүдийг хавсралтаар хүргүүлээд Зөрчлийн тухай хуульд заасан зохих арга хэмжээг авч, тайландаа тусган ирүүлнэ үү гэсэн албан бичгийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагад ирүүлсэн. Энэ ирүүлсэн албан бичигт Дундговь аймгийн Баянжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг “БМКЭЭ” ХХК нь 020773 тоот тусгай зөвшөөрөл дээрээ албан бичиг өгөөгүй гэсэн байдаг. Үүгээр нь бид Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авсан. Ашигт малтмалын тухай хуулиар үйл ажиллагаа явуулаагүй гэсэн албан бичиг өгч байх ёстой.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.3-д “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөөцийн зэрэглэлийг ахиулах ашиглалтын хайгуул тухай бүр хийж, ажлын төлөвлөгөө, тухайн жилийн болон хайгуулын ажлын үр дүнгийн тайланг энэ хуулийн 48.1.2-т заасны дагуу” мэдээ тайланг Төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.3-т заасан хугацаанд 2018 оны Уулын ажлын тайланг төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй нь Ашигт малтмал газрын тосны газрын Нүүрс судалгааны хэлтэс, уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсүүдээс ирүүлсэн албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг зэргээр нотлогддог бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтаар 10.000.000 сая төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Бид Нүүрс судалгааны хэлтсийн дарга Маас ирүүлсэн албан бичигт үндэслэн арга хэмжээ авсан байхад Ашигт малтмал, газрын тосны газраас  БМКЭЭ ХХК-ийг 020773 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ 2018 онд үйл ажиллагаа явуулахгүй тухайгаа мэдэгдэж байсан гэсэн хариуг ирүүлээд байгааг гайхаж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хгээс 2 удаагийн албан бичгийг шүүхэд хүргүүлсэн байна. Уг нь бол Нүүрс судалгааны хэлтсээс хариуг авах нь зүйтэй болов уу. Хэлэх зүйл алга. Үүнээс болж манай байгууллагын нэр хүнд унаж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

“БМКЭЭ” ХХК нь Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Р.Цид холбогдуулан улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0166854 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.  

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгч “БМКЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1.Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Баас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 09/1737 дугаар албан бичгээр аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт “Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.2, 48.6.3-т заасан хугацаанд 2019 оны уулын ажлын төлөвлөгөө, 2018 оны уулын ажлын тайланг төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтыг хавсралтаар хүргүүлж байна. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллан тайланд тусгаж ирүүлнэ үү” гэж мэдэгдэж, Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрс судалгааны хэлтсийн даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6/3706 дугаар, мөн газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 5/3705 дугаар албан бичгүүд болон аж ахуй нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг хавсралтаар хүргүүлсэн байна.

Эрх бүхий албан тушаалтан 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг “БМКЭЭ” ХХК-ийн Хөөтийн уурхайн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, уулын ажлын тайланг өгөөгүй нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичиг, шалгалтаар нотлогдсон гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтыг үндэслэн “БМКЭЭ” ХХК-ийн гаргасан зөрчилд 10000000 /Арван сая/ төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

Нэхэмжлэгчээс “Манай компани Баянжаргалан сумын нутаг дахь Хар тэвш нэртэй MV-007944 тоот, Хөөтийн хонхор MV-020773, Хөөтийн хонхор-2 MV-020772 ашиглалтын тусгай зөвшөөрлүүдтэй бөгөөд үйл ажиллагаа явуулаагүй тусгай зөвшөөрөл дээрээ 2018 онд үйл ажиллагаа явуулахгүй хэмээн 2017.11.29-ний өдөр “Х” төлөвлөгөөг Ашигт малтмал газрын тосны газрын Нүүрс судалгааны хэлтэст хүргүүлсэн” гэж, хариуцагчаас “...  MV-020773 тоот тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ 2018 онд үйл ажиллагаа явуулахгүй тухайгаа мэдэгдээгүй гэж өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Ашигт малтмалын тухай хуулиар үйл ажиллагаа явуулаагүй гэсэн албан бичиг өгч байх ёстой. Мөн энэ нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн албан бичгээр нотлогддог...” гэж маргаан бүхий акттай холбогдуулан маргана.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 09/1737 тоот албан бичгийн хавсралтын жагсаалтын 250 дугаарт “БМКЭЭ” ХХК нь МV-020773 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл дээрээ 2018 оны уулын ажлын тайланг төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй гэж тусгагдсан байх боловч Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1/6091 дугаар албан бичигт “... Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Хөөтийн нүүрсний ордод байрлах МV-007944, MV-020772 тоот дугаартай талбайнуудад “БМКЭЭ” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.2-д заасны дагуу 2018 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай газрын Нүүрсний судалгааны хэлтэст ирүүлсэн болно. Харин MV-020773 тоот дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр 2018 онд үйл ажиллагаа явуулахгүй тухай мэдэгдсэн “X” төлөвлөгөөг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн ба холбогдох материалыг хавсралтаар хүргүүлэв”, мөн газрын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1/6534 дугаар албан бичигт “... Тус бичигт механик алдаа гарсан тул дараах байдлаар залруулга хийв. “БМКЭЭ” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-020773 тоот тусгай зөвшөөрөл дээр 2018 онд үйл ажиллагаа явуулахгүйг мэдэгдсэн /Х/ төлөвлөгөө хүргүүлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 17/30 тоот албан бичиг ирүүлснийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэж алдаатай бичигдэж хүргэгдсэн байна. ... MV-020773 тоот тусгай зөвшөөрөл дээр 2018 онд үйл ажиллагаа явуулахгүйг мэдэгдсэн /Х/ төлөвлөгөө хүргүүлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 17/30 тоот албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан хавсралтаар хүргүүлэв” гэж тус тус тодорхойлсон байна.

Тус шүүх 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Лавлагаа ирүүлэх тухай” 93 дугаар албан бичгээр “... БМКЭЭ ХХК нь 2018 онд үйл ажиллагаа явуулахгүй гэж 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр тус газрын Нүүрс судалгааны хэлтэст “Х” төлөвлөгөөг хүргүүлсэн” эсэх талаар тодруулсан ба дээрх албан бичгүүдээс үзэхэд эрх бүхий байгууллагаас 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр “Х” төлөвлөгөө хүргэгдсэн эсэхийг үгүйсгээгүй төдийгүй “... MV-020773 тоот тусгай зөвшөөрөл дээр 2018 онд үйл ажиллагаа явуулахгүйг мэдэгдсэн /Х/ төлөвлөгөө хүргүүлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 17/30 тоот албан бичиг ирүүлснийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэж алдаатай бичигдэж хүргэгдсэн байна” гэж залруулж, “БМКЭЭ” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17/30 дугаартай “Х” төлөвлөгөө хүргүүлэх тухай баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлжээ.

Иймээс шүүх “БМКЭЭ” ХХК нь 020773 тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулахгүй тухайгаа мэдэгдсэн “Х” төлөвлөгөө хүргүүлсэн байхад энэ үндэслэлээр эрх бүхий албан тушаалтнаас шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэв.

Хариуцагчаас шүүх хуралдаан дээр “ ... Нүүрс судалгааны хэлтсийн дарга Маас ирүүлсэн албан бичигт үндэслэн арга хэмжээ авсан байхад Ашигт малтмал, газрын тосны газраас  БМКЭЭ ХХК-ийг 020773 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ 2018 онд үйл ажиллагаа явуулахгүй тухайгаа мэдэгдэж байсан гэсэн хариуг ирүүлээд байгааг гайхаж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хгээс 2 удаагийн албан бичгийг шүүхэд хүргүүлсэн байна. Уг нь бол Нүүрс судалгааны хэлтсээс хариуг авах нь зүйтэй болов уу” гэх тайлбарыг гаргадаг ч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хгээс хариу албан бичгийг ирүүлсэн нь тус газрын Нүүрс судалгааны хэлтсийн даргын бүрэн эрхэд халдсан гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Хариуцагчид Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хгээс шүүхэд ирүүлсэн албан бичгүүдтэй холбогдуулж эрх бүхий байгууллагаар шалгуулах эрх нь нээлттэй байсан болохыг дурьдах нь зүйтэй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэхь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “БМКЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0066854 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Нэхэмжлэгч Биг Могул ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Р.Ц нар шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        В.Ц