Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1114

 

                                                 

 

 

 

 

 

 

 

Ц.Энхтайваны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг  даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 104/ШШ2017/00074 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Энхтайваны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг даргад холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 тоот тушаалаар дүүргийн “Гэрэлтүүлэг-Чимэглэлийн алба" ОНӨААТҮГазрын даргын албан тушаалд томилогдон ажилласан. Би ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д "хуульд өөрөөр заагаагүй бол төрийн үйлчилгээний албан хаагч орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших эрхтэй" гэж заасны дагуу сонгох, сонгогдох эрхээ эдэлж тус дүүрэгт Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшихээр болж ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгээд Налайх хотын захирагчийн тушаалаар буцаж ажилдаа орсон. Гэтэл Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар намайг "Төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон" гэсэн хуульд байхгүй үндэслэлээр, намын харьяаллаар ялгаварлаж 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн. Иймд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/42 тоот захирамж нь хуульд нийцээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг Налайх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Азжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Ц.Энхтайван нь “Гэрэлтүүлэг-чимэглэлийн алба” ОНӨААТҮГазрын даргын ажил, албан тушаалыг хашиж байхдаа Ардчилсан намаас сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших шалтгаанаар ажлаасаа бүр мөсөн чөлөөлөгдсөн. Гэтэл олонхийн санал авч чадалгүй ялагдал хүлээсний дараа буцаж ажилдаа хууль бусаар томилогдсон гэж үзэж байна. Налайх дүүргийн өмнөх засаг дарга Х.Болдбаатар нь албан тушаалаас чөлөөлөгдөхөөс өмнө өөрийн намын гишүүн болох Ц.Энхтайванг “Гэрэлтүүлэг-чимэглэлийн алба” ОНӨААТҮГазрын даргын ажилд нь буцааж томилуулахаар Налайх хотын захирагчаар хууль бус шийдвэр гаргуулсан. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хэнийг ч төрийн албан тушаал эрхлэхийг хуулиар хориглодог. Гэтэл Ц.Энхтайван нь орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, улс төрийн үйл ажиллагааг илт явуулсан байхад, намаас гараагүй, түдгэлзээгүй намын гишүүн хүнийг төрийн албанд буцаан томилсон Налайх хотын захирагчийн захирамж нь хууль зөрчсөн шийдвэр болсон байна. Мөн төрийн албанаас чөлөөлөгдсөн хүн нийтийн албан тушаалд буцаан томилогдохоор нэр дэвшсэн бол хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх ёстой байхад Ц.Энхтайван уг мэдүүлгийг өгөөгүй байна.  Хуульд зааснаар Ц.Энхтайван төрийн албан хаагчийн хувьд намын гишүүнээсээ түдгэлзэж, энэ тухай Ардчилсан намд болон удирдах байгууллагадаа өргөдөл, мэдэгдлээ албан ёсоор өгч бүртгэлд хамруулан төрийн албан хаагчийн хувийн хэрэгтээ хадгалуулах ёстой байсан. Гэтэл уг үүргээ биелүүлээгүй. Хуульд орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, дэд даргыг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган үзсэн учир тухайн төрийн албан хаагч гомдлоо дээд шатны Засаг даргад, эсвэл Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд хандсаны дараа шүүхэд хандах байсан гэж үзэж байна. Иймд Ц.Энхтайванг ажлаас чөлөөлсөн Налайх дүүргийн Засаг даргын захирамж хууль, тогтоомж, төрийн албаны зарчим, хэм хэмжээнд нийцэж байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

    Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Их Монгол овогт Цэдэвийн Энхтайванг “Гэрэлтүүлэг-Чимэглэлийн алба" ОНӨААТҮГазрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг баримтлан Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 315 632 /хоёр сая гурван зуун арван таван мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Энхтайванд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Энхтайвангийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж, Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Энхтайван улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 52 000 /тавин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж  улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

               Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Азжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтын хувьд ажил олгогчийн илтэд буруутай шийдвэр гарсан, гаргасан бол түүнийг засах үүднээс ашигладаг заалт. Нэг үгээр хэлбэл илтэд худал агуулга бүхий шийдвэр, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой хууль бус шийдвэрийг уг заалтаар засаж болохоор гаргасан. Гэвч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Ц.Энхтайван нь өөрөө хууль зүйн талаасаа хууль зөрчсөн үйлдэл, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой зөрчил гаргаж байсан нь нотлогддог. Иймд уг заалтыг авсан нь зохимжгүй зүйл. Хуульд нийцээгүй үндэслэлээр ажлаас халсан гэх тайлбарыг удаа дараа тавьж байсан. Гол агуулгын хувьд уг үндэслэл нь төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид хуулийг чандлан сахих сурталчлан таниулах, хуулийн дагуу үйл ажиллагаа хийх үүрэгтэй. Ийм учраас дан ганц иргэний хуулиас илүүтэйгээр албан тушаалын онцлогт шаардлагатай хуулиудыг судлан уг хууль зүйн үр дагавар бүхий актыг гаргаж халах шийдвэрийг гаргасан. Төрийн албаны тухай 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт "Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ." Гэж зааснаар төрийн албанд ажиллахыг хориглосон заалт байсаар байтал шүүх энэ үндэслэлийг харгалзаж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн олон асуудлыг дүгнэхгүй, орхигдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Энэ асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт шүүхэд гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн татгалзлыг шийдвэрлэх боломжтой байна.

 

          Нэхэмжлэгч Ц.Энхтайван нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга эс зөвшөөрч маргажээ.

 

 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ давж заалдах шатны шүүхэд  гаргасан ба нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болно.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 104/ШШ2017/00074 дүгээр хүчингүй болгож, хариуцагч Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан  гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ц.Энхтайван татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                     ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

                              

                                                                                                            Г.ДАВААДОРЖ