Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0247

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мягмарсүрэн

Гомдол гаргагч: “М” ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ариунзаяа

Гомдлын шаардлага: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтийн улсын байцаагч Б.Ариунзаяагийн Зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №0044656 дугаартай шийтгэх хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0133 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Д, хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ариунзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0608/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ариунзаяад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтийн улсын байцаагч Б.Ариунзаяагийн Зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №0044656 дугаартай шийтгэх хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0133 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ариунзаяад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтийн улсын байцаагч Б.Ариунзаяагийн Зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №0044656 дугаартай шийтгэх хуудсыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

3.1. Маргааны бүхий шийтгэлийн хуудаст “хохирогчийн мэдүүлгээр ... төлбөрийн баримт олгоогүй нь тогтоогдож байна” гэж Татварын улсын байцаагч дүгнэсэн. Зөрчлийн хэргийн баримтад хохирогчоор гомдол гаргагч Ө.Аыг асууж, мэдүүлэг авсан байдаг. Гэтэл гомдол гаргасан гэх Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны 1 тоотод оршин суугч Ө.А нь манай компанид огт төлбөр төлөөгүй бөгөөд манайтай гэрээтэй хэрэглэгч биш болно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4-д “оролцогч” гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг, 4.14 дүгээр зүйлийн 2-т “Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, ... бусад баримтаар тодорхойлогдоно” гэж заасан ба Зөрчил шалган шийдвэрлэх хэрэгт хохирогчоос мэдүүлэг аваагүй, улсын байцаагчийн зөрчлийн шийтгэлийн үндэслэл болж буй нотлох баримт нь хуульд заасны дагуу цуглуулаагүй баримт болно.

Зөрчлийн хэргийн баримтаас үзэхэд К.Чимэгээ гэх хүний харилцан данснаас төлбөрийн баримт олгогдоогүй гэх маргаантай холбоотой төлбөрийг “М” ХХК руу төлсөн хэрэглэгч, хохирогч гэж үзэж зөрчлийн хэрэг нээн шалгаж, түүнийг хохирогчоор тогтоон ажиллагаа хийсэн нь буруу байна.

3.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 118 12 дугаарт “нэхэмжлэгч компанийг татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар төлбөрийн баримтыг хэвлэн өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэг хүлээнэ, айл өрхөд баримтыг өөрөө ирж авах, Төрийн банкаар төлбөр төлөх тохиолдолд баримт олгогдоно” гэх зэргээр хязгаарлалт тогтоож байгаа нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Тайлбарлавал “М” ХХК болон орон сууц нийтийн аж ахуйн салбарын бүх компаниуд Төрийн банктай биллер байгууллагатай хамтран ажиллах гэрээтэй бөгөөд тус банктай жил болгон гэрээгээ сунгаж ажилладаг. Уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь заалтын дагуу ДДТД болон сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт олгох үүргээ Төрийн банкинд шилжүүлсэн.

Процессын хувьд манай компани нь хариуцаж буй орон сууц, хэрэглэгчийн мэдээлэл буюу нэр, хаалга, тоот, мөнгөн дүн, төлбөрийн нөхцөл, задаргаа, гэрээний нөхцөл, алданги тооцох журам гэх мэт мэдээлэл, төлбөрийн нэхэмжлэхийг явуулснаар банк нэхэмжлэхийг хэрэглэгч тус бүрийн нэр дээр оруулан, төлбөр төлсөн харилцагчид НӨАТ-ын сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт олгох үүрэг хүлээдэг. Иймд хэрэглэгч Төрийн банкинд өөрийн биеэр очиж эсхүл Төрийн банкны аппликэйшн ашиглаж төлбөрөө төлөх тохиолдолд банкнаас автоматаар төлбөрийн баримт олгогддог буюу хуулиар хүлээсэн эрх үүргээ гэрээний дагуу банкинд шилжүүлсэн.

Нөгөөтэйгүүр Ө.А гэх хүн нь төлбөр төлсөн хэрэглэгч биш, “М” ХХК-тай эрчим хүч, ус дулаанаар хангах гэрээ байгуулаагүй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны 1 тоот орон сууцны өмчлөгч буюу Төрийн банкинд бүртгэлтэй хэрэглэгч нь н.Уянга гэх иргэн байдаг ба гомдол гаргагч Ө.Ад төлбөрийн баримт олгох үүрэг хүлээгээгүй болно.

3.3. Гомдол гаргагч компани нь тусгай зөвшөөрлийн хүрээнд “УБДС” ТӨХК-иас тухайн жилдээ худалдаж авах дулааны биет хэмжээг сар бүрээр тооцон захиалж батлуулдаг. ЭХЗХ-ний үнэ тариф зах зээлийн газраас тухайн жилийн “УБДС” ТӨХК-иас худалдаж авах эрчим хүчний үнэ тариф болон борлуулалтын орлогын шаардагдах зардлын хэмжээг тус тус тогтоож өгдөг. Жишээлэн тайлбарлавал хэрэглэгчээс хураан авсан 100 төгрөгийн 70 төгрөгийг ТӨХК-иудад шилжүүлж, 30 төгрөг нь манай байгууллагын үйл ажиллагааны зардал, завсар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн элэгдлийн зардалд тооцогдож борлуулалтын орлого болж үлддэг байна.

Гэтэл татварын байцаач нь төрийн өмчийн компаниудаас хүлээн авч, айл өрхүүдэд түгээсэн ус, дулааны төлбөрийг нийтэд нь манай компанийн борлуулалтын орлого гэж тооцож хариуцлага тооцох нь үндэслэлгүй, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт дордуулсан, зөрчсөн байна.

Эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, өөрөө төлбөр төлөөгүй, хэрэглэгч биш иргэнийг хохирогчоор тогтоон зөрчлийн шийтгэл ногдуулсан нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг гомдол гаргагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. “М” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0044656 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Ө.Аын гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус компанийг татварын нэгдсэн системд и-баримт үйлдэж, иргэн Ө.Ад олгоогүй зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасны дагуу 3,829,835.4 төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ.

3. Анхан шатны шүүх “... орон сууцны айл өрхөөс хэрэглээний төлбөрөө тухайн компанийн дансанд төлсөн тохиолдолд “М” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэг хүлээнэ ... нэхэмжлэгч компаниас ус, дулааны хэрэглээний төлбөрөө төлсөн тухайн иргэнд тухай бүрд нь төлбөрийн баримтыг өгөөгүй, цахимаар илгээгээгүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж, Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

4. “М” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... гомдол гаргасан гэх Ө.А нь манай компанид огт төлбөр төлөөгүй бөгөөд манайхтай гэрээтэй хэрэглэгч биш байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоосон нь буруу ... Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газраас тухайн жилийн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас худалдаж авах эрчим хүчний үнэ тариф болон борлуулалтын орлогын шаардагдах зардлын хэмжээг тус тус тогтоож өгдөг. Жишээлбэл хэрэглэгчээс хураан авсан 100 төгрөгийн 70 төгрөгийг ТӨХК-д шилжүүлж, 30 төгрөг нь манай байгууллагын үйл ажиллагааны зардал, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн элэгдлийн зардалд тооцогдож борлуулалтын орлого болж үлддэг” гэжээ.

5. Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ”, 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд “Татварын хууль зөрчих”, 11.19 дүгээр зүйлийн 8-д “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд” гээд 8.1-д “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь” гэж тус тус заасан.

5.1. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч “М” ХХК нь хуульд заасан үүргээ эс биелүүлж, ус, дулааны хэрэглээний төлбөр төлсөн иргэнд төлбөрийн баримт олгоогүй болох нь тогтоогдож байна.

5.2. Гомдол гаргагч Ө.А орон сууцны ус, дулааны төлбөрийг шилжүүлээгүй, түүний эхнэр К.Ч шилжүүлсэн, Ө.А нь ус, дулааны төлбөр гарсан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 81 дүгээр байрны 1 тоот орон сууцны өмчлөгч биш хэдий ч “М” ХХК төлбөр төлсөн этгээд хэн байхаас үл хамаарч түүнд төлбөрийн баримтыг олгох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дээрх тайлбар нь компанийн гаргасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

5.3. Түүнчлэн нэхэмжлэгчээс “... Төрийн банктай “Биллер байгууллагатай хамтран ажиллах гэрээ” байгуулсан бөгөөд банкнаас харилцагчдад НӨАТ-ын сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт олгох үүрэг хүлээдэг” гэж тайлбарлаж байгаа боловч “М” ХХК-ийн төлбөрийн баримтыг хугацаанд нь татварын нэгдсэн системд илгээгээгүй, нөхөж илгээсэн үйлдлийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

6. Харин нэхэмжлэгчийн “... 2022 оны 04 дүгээр сард 170.4 сая төгрөгийг айл өрх, албан байгууллагаас хүлээн авч, үүнээс “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д 85,265,206 төгрөгийг, “Ус сувгийн удирдах газар” ТӨҮГ-т 55,726,306 төгрөгийг, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 21,701,525 төгрөг, нийт 162,693,037 төгрөгийг тус тус шилжүүлсэн байхад 170.4 сая төгрөгийг борлуулалтын орлого гэж үзэн түүнээс 2 хувиар тооцож шийтгэл ногдуулсан нь буруу” гэсэн тайлбар үндэслэлтэй.

6.1. Учир нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “эрчим хүчээр хангагч” гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг”, Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага ... гэрээ байгуулна” гэж тус тус заасны дагуу “М” ХХК нь эрчим хүч, ус, дулаан түгээх, зохицуулалттайгаар хангах төрийн үүргийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэгчдэд хүргэх үүрэгтэй бөгөөд иргэн, аж ахуйн нэгжээс сар бүрийн ус, дулаан, цахилгааны төлбөрийг хурааж, эрх бүхий байгууллагаас батлагдсан үнэ, тарифыг тооцон шилжүүлж, үлдэх хэсгийг орлого болгон авдаг хуулийн этгээд байна.

6.2. Гэвч татварын улсын байцаагч нь холбогдох баримтыг цуглуулж, зөрчлийг бүрэн шалгалгүй “М” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сард татварын нэгдсэн системд илгээсэн төлбөрийн баримтын нийлбэр дүн болох 191,491,770.47 төгрөгөөс Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасны дагуу 2 хувиар тооцож, 3,829,835.4 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар буруу дүгнэжээ.

Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, борлуулалтын орлогыг зөв тогтоох нь улсын байцаагчийн үүрэг бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн тул шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь:                                      

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0133 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ариунзаяагийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0044656 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй тохиолдолд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ариунзаяагийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0044656 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ