Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00486

 

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2017/00486

Хөвсгөл аймаг

                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1972 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 5-9 тоотод оршин суух, РЮ72040705 дугаар регистртэй, Дуутан овогт Цэгмэдийн Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1979 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежмент мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 28-03 тоотод оршин суух, РЮ79061770 дугаар регистртэй, Боржигон овогт Бадгаагийн Батбаатарт холбогдох

Торхны үнэ 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг, алданги 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг, нийт 11.250.000 /арван нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах,

Хариуцагч Б.Батбаатарын сөрөг нэхэмжлэлтэй Ц.Эрдэнэчимэгт холбогдох хохирол 6.920.000 /зургаан сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Адъяасүрэн, нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Н.Бүрэнчимэг, хариуцагч Б.Батбаатар, түүний өмгөөлөгч В.Энхболд нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Б.Баттулга нь Б.Батбаатартай 8*10 харьцаатай дүнзэн торхны үнийг 7.500.000 төгрөгөөр тохирч, зээлээр худалдахаар боллоо гэж хэлсэн. Тэгээд Б.Батбаатар ирж торхыг үзээд надтай хамт нотариатч дээр очиж тус торхны үнийг 3 сарын дараа буюу 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өгч авахаар тохирч, хугацаа хэтэрвэл 0.5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Дараа нь Б.Батбаатар ирж торхоо ачаад явсан. Торхыг Чандмань-Өндөр сумаас Мөрөн суманд оруулж ирэх, зарах гоожинтой, хяналтын хуудастай нь хамт Б.Батбаатарт өгсөн. Улаанбаатар хот руу ачих гоожин байхгүй гэдгийг өөрөө мэдэж байсан. Мөн түүнд торхны дагалдах бичиг баримттай бол 7.500.000 төгрөг, бичиг баримтгүй бол 7.000.000 төгрөгөөр торхоо худалдана, араас чинь гоожингийн бичиг баримтыг явуулна гэж ярьсан зүйл огт байхгүй. Бид торхны мөнгөө 7 сард авах байсан учир түүнээс өмнө огт холбоо бариагүй, хугацаа болоод мөнгөө өгөхгүй болохоор нь утсаар ярих гэхэд холбогдохгүй байсан. Гэтэл Б.Батбаатар торхыг хураалгасан гэж 2015 оны 11 сард бидэнд хэлсэн бөгөөд улсын байцаагчийн актанд 27 ширхэг мод ачиж явсан гэж бичсэн байсан. Манайх 58 ширхэг дүнз буюу 8*10 харьцаатай торх зарсан. Б.Батбаатар торхны 2 модыг 1 ургаа мод гэж тооцсон гэж хэлсэн. Тэрээр хэсэг хугацааны дараа мөнгийг өгнө, хүлээж бай гэдэг байснаа сүүлдээ танайхаас худалдаж авсан торхоо хураалгасан учир мөнгийг өгөхгүй гэсэн тайлбар хэлсээр өдийг хүрч байна. Зээлийн гэрээнд заасан алдангийг тооцохгүйгээр торхны үнэ 7.500.000 төгрөг өгч аваад эвлэрэх санал тавьсан боловч зөвшөөрөхгүй гэсэн. Иймд Б.Батбаатараас торхны үнэ 7.500.000 төгрөг, гэрээнд заасан хугацаа хэтрээд бараг 2 жил болсон тул хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцоход үндсэн үүргийн 50 хувиас хэтэрсэн учир 7.500.000 төгрөгийн 50 хувь болох алданги 3.750.000 төгрөг, нийт 11.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Батбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Ц.Эрдэнэчимэг буюу түүний нөхөр Б.Баттулга гэх залуутай ярилцаж 8*8 хэмжээтэй, урагшаа мансардтай, дороо 4 үетэй, дээрээ 4 үетэй, урагшаа 10м илүү гарсан торх хэлбэртэй өрчихсөн, цонх хаалга гаргаагүй торхыг дагалдах бичиг баримттай бол 7.500.000 төгрөгөөр, бичиг баримтгүй бол 7.000.000 төгрөгөөр, төлбөрийг 3 сарын дараа өгч авахаар тохирсон. Тэгээд торхны дагалдах бичиг баримтыг авна гэж ойлгоод Б.Баттулгын эхнэр Ц.Эрдэнэчимэгтэй зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээнд алданги заавал байх ёстой гэж нотариатч хэлсэн учир гэрээнд засвар хийж, алданги 0.5 хувь гэж бичсэн. 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр торхыг тэдний хашаанаас ачиж авсан. Би торхыг Улаанбаатар хот руу ачиж явна гэж хэлэхэд Б.Баттулга араас чинь торхны бичиг баримтыг өгч явуулна гэж тохироод Эмээлт дээр 2-3 өдөр хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд модны хамааралтай, хамт мод ачиж очсон хүний өөр бичиг баримтыг ашигласан боловч гарал үүслийн бичиг баримт зөрчилтэй гэж уг торхоо хураалгасан. Улсын байцаагчийн тавьсан актанд 27 ширхэг мод гэж бичсэн байгаа. Торхонд байгаль экологийн үнэлгээ хийхэд 2 тал дүнзийг нийлүүлээд 1 ургаа мод гэж тооцдог юм билээ. Намайг хугацаандаа мөнгөө өгөхгүй алга болсон гэж байгаа боловч би Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт модны хэргээр шалгагдаж байсан. Одоо ч мод хураалгасан талаарх ажил дуусаагүй байна.

Торх, мод модон материалд худалдах, бэлтгэх, дамжуулах зөвшөөрлийн бичиг дагалдах ёстой байхад Ц.Эрдэнэчимэг, Б.Баттулга нар тухайн дагалдах баримт бичгийг торхны хамт өгөх үүргээ биелүүлээгүйгээс торхоо хураалгасан. Мөрөнд ирж Б.Баттулга бид хоёр байгаль орчны хяналтын улсын байцаагч Нямдаваатай уулзаж, хяналтын хуудас авсан. Гэтэл торх зарахдаа гоожинг өгсөн гэж намайг гүтгэж байгаа. Би торх авч өөртөө ашиглаагүй, Улаанбаатарт хураалгачихсан байгаа ба улсын байцаагчийн тавьсан актын талаар дээд газарт нь гомдол гаргасан хүлээж байна. Тухайн асуудал шийдэгдэж хураагдсан торхоо авахаар бол түүнийг нь буцааж өгнө. Иймд торхны үнэ 7.500.000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжгүй, алданги 3.750.000 төгрөгийг зөвшөөрөхгүй, нэхэмжилж байгаа мөнгийг өгөх боломжгүй гэв. 

 

Хариуцагч Б.Батбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Эрдэнэчимэгийн нөхөр Баттулгаас  гоожингүй, гарал үүслийн бичиггүй торх зээлээр худалдан авч Улаанбаатар хот руу ачиж яваад хураалгасан. Миний араас торхны дагалдах бичиг баримт явуулна гэсэн боловч ирээгүй, Б.Баттулгын утас нь холбогдохгүй байсан. Бичиг баримтгүй мод ачсан гэсэн үндэслэлээр Цагдаа, Прокурорын байгууллагаар 2 сар шалгагдаж, машинаа журмын хашаанд хийлгүүлж, миний бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, сэтгэл санаа, санхүүгээр маш их хохирсон. Мөн надаас торх авна гэж тохирсон хүн бензиний төлбөр өгөх байсан ч торхыг өгөөгүй тул боломжгүй болсон. Би “Өгөөж” дэлгүүрт сар бүр бараа тээвэрлэн нийлүүлдэг байсан ба тээвэрлэлтийн зардал сард 1 удаа 2.500.000 төгрөг авдаг бөгөөд 2 сарын бүгд 5.000.000 төгрөгөөр хохирсон. Банкнаас 49.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд сард 2.500.000 төгрөгийн орлого олдог байсан нь банкны зээлийн эргэн төлөлтийн баримтаар нотлогдоно. Журмын хашааны төлбөр 270.000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан өмгөөллийн төлбөр 1.000.000 төгрөг, шатахууны зардал 650.000 төгрөг, нийт 6.920.000 төгрөгөөр хохирсон. “Ойн тухай хууль”-д зааснаар мод худалдсан хүн ч бас хариуцлага хүлээх ёстой. Иймд бид хоёулаа буруутай учир нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгээс надад учирсан нийт хохирол 6.920.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Баттулга бид хоёр Б.Батбаатарт 8*10 хэмжээтэй торхыг зээлээр худалдахдаа Мөрөн суманд зарах эрхтэй, хяналтын хуудасны хамт өгсөн.  Тус торхыг Улаанбаатар хот руу ачих талаар мэдээгүй, түүний араас бичиг баримт өгч явуулна гэж тохироогүй тул учирсан хохирол нь түүний өөрийн буруутай үйлдэл, ашиг хонжоо олох гэсэн зорилгоос бий болсон гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь Б.Батбаатарт холбогдуулан торхны үнэ 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг, алданги 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг, нийт 11.250.000 /арван нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах, хариуцагч Б.Батбаатар нь Ц.Эрдэнэчимэгт холбогдуулан хохирол 6.920.000 /зургаан сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Ц.Эрдэнэчимэг, Б.Баттулга нар гэр бүл бөгөөд хариуцагч Б.Батбаатарт торх худалдсан болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ...” гэж заасны дагуу Ц.Эрдэнэчимэг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хэргийн зохигч 58 ширхэг буюу 8*10 хэмжээтэй торхыг худалдсан, худалдан авсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь торхыг дагалдах бичиг баримтын хамт өгч, 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгөөр зээлээр худалдахаар тохирон, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тооцон гэрээ байгуулсан, тус торхыг Улаанбаатар хот руу ачиж яваад хураалгасан нь бидэнд хамаагүй, 

Хариуцагч Б.Батбаатар нь тус торх дагалдах бичиг баримтгүй тул 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр худалдахаар тохирсон боловч Улаанбаатар хот руу ачиж яваад бичиг баримтын зөрчлөөс болж хураалгасан тул түүнээс учирсан хохирол 6.920.000 төгрөгийг гаргуулж авна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган тус тус маргажээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Б.Батбаатараас торхны үнэ 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг, алданги 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг, нийт 11.250.000 /арван нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас торхны үнэ 7.000.000 /долоон сая/ төгрөгийг Ц.Эрдэнэчимэгт олгох үндэслэлтэй байна.

Учир нь Б.Батбаатартай торхны үнэ 7.500.000 төгрөгийг 3 сарын дараа өгч авахаар, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон гэж нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг тайлбарлан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “бэлэн мөнгө 7.500.000 төгрөг зээлсэн тухай” зээлийн гэрээг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл зохигчийн хооронд үүссэн торх худалдах-худалдан авах гэрээний талаарх маргааныг шийдвэрлэхэд тухайн зээлийн гэрээ нотлох баримт болохгүй юм.

Зохигч гэрээний гол нөхцөл болох торхны үнэ, төлөх хугацааны талаар харилцан тохирч, торхыг Б.Батбаатар хүлээн авсан байх тул тэдний хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Худалдах-худалдан авах гэрээнд алданги тохирч болох боловч Ц.Эрдэнэчимэг, Б.Батбаатар нарын хооронд тухайн гэрээг бичгээр байгуулаагүй тул алданги авах эрхээ алджээ.  

Хариуцагч Б.Батбаатарын шүүх хуралдаанд гаргасан “...торхыг дагалдах бичиг баримттай бол 7.500.000 төгрөгөөр, бичиг баримтгүй бол 7.000.000 төгрөгөөр, төлбөрийг 3 сарын дараа өгч авахаар тохирсон...” гэх тайлбараас дүгнэхэд тэрээр торхыг дагалдах бичиг баримтгүйгээр 7.000.000 төгрөгөөр худалдах-худалдан авахыг хүлээн зөвшөөрсөн, хэрэв тухайн нөхцөл байдлаас үүсэх үр дагавар буюу эрсдэл учирвал өөрөө хүлээнэ гэдгийг ойлгож, мэдсэний үндсэн дээр тус гэрээг талууд сайн дураараа харилцан тохиролцож хийсэн ба мөн нэхэмжлэгч торхыг 7.500.000 төгрөгөөр худалдсан гэдгээ нотлож чадахгүй, хариуцагч дагалдах бичиг баримтгүй торх авсан тул төлбөрийг өгөхгүй гэж маргаж байгаа ч түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар няцаагдаж байх бөгөөд зохигч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.

Иймд хариуцагч Б.Батбаатараас торхны үнэ 7.000.000 /долоон сая/ төгрөг гаргуулж  Ц.Эрдэнэчимэгт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Б.Батбаатарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Б.Батбаатар нь Ц.Эрдэнэчимэгээс гарал үүслийн бичиггүй худалдан авсан торхыг Улаанбаатар хот руу ачиж яваад Ойн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр хураалгаж, түүний улмаас тээвэрлэлтийн хөлс 5.000.000 төгрөг, машин журмын хашаанд хийсэн төлбөр 270.000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан өмгөөллийн төлбөр 1.000.000 төгрөг, шатахууны зардал 650.000 төгрөг, нийт 6.920.000 төгрөгийн учирсан хохирлыг Ц.Эрдэнэчимэгээс гаргуулж авна гэх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Учир нь Б.Батбаатар худалдан авсан торх дагалдах бичиг баримтгүй болохыг мэдэж байсан ба түүнээс гарах эрсдлийг тооцолгүйгээр Улаанбаатар хот руу тээвэрлэсэн нь үүний улмаас өөрт учирсан хохирлыг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэл болохгүй бөгөөд шүүхэд энэ талаар нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн иргэний хэргийн зохигч адил тэгш өмгөөлүүлэх эрхтэй ба өмгөөлөгч авах нь тухайн этгээдийн  өөрийнх нь хүсэл сонирхол юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194.950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.270 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батбаатараас 7.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 126.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигчийн шүүхэд ирүүлсэн дараахь баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, зарлагын падаан, Хасбанкны дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын мэдэгдэх хуудас, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “Байшингийн зориулалттай бэлтгэсэн мод хураах тухай” акт, кассын орлогын ордер зэрэг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд нотлох баримтын шаардлага хангаагүй, тухайн хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй, гэрч Л.Мягмарын мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-д зааснаар хариуцагч Б.Батбаатараас торхны үнэ 7.000.000 /долоон сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгээс хохирол бүгд 6.920.000 /зургаан сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай Б.Батбаатарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194.950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.270 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамж 126.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОТГОНБЯМБА