Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго 

            Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.Б холбогдох 2140000000033 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, яс үндэс халх, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмжийн механик мэргэжилтэй, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Төмөр замын цехийн вагон найруулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Б

                Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг  Ц.Т нүүр, цээжин тус газар нь өшиглөж улмаар эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 7-р хавирга ясны зөрөөтэй далд хугарал, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                             Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Ц.Т 2021 оны 03 сарын 29-ний өдөр өгсөн: “Би 2021 оны 03 сарын 24-ний өдөр найз Б.Б хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр Геологийн байранд байх гэрт нь 3 ширхэг 2.5 литрийн шар айраг уусан. Тэрийгээ ууж дуусчихаад 19 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг М гэх айлд очсон. Тэдний гэрт нэг шил 0.75 литрийн архи, нэг ширхэг 2.5 литрийн шар айраг нэг ширхгийг уусан. Ууж байхад М тасраад унтчихсан. Би Б  хамт ууж дуусгасан. Архиа ууж байхад бид хоёр жоохон юмнаас болж маргалдсан. Юунаас болж маргалдсан талаараа санахгүй байна. Маргалдаад би Б-ийн хацар хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгсэн намайг тонгорч унагаагаад дээрээс өшиглөсөн. Өшиглөхдөө миний цээж хэсэг рүү хоёр удаа, нүүр лүү нэг удаа өшиглөсөн. ..Хэрэг болохоос өмнө гэмтэл учраагүй байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/

Гэрч П.М 2021 оны 04 сарын 12-ны өдөр өгсөн: "...2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Б.Б, Ц.Т  нарын хамт 0.75 литрийн савлагаатай нэг ширхэг архи хувааж уусан. Би тэр архинаас хоёр татчихаад өмнөх өдөр нь нойргүй байсан болохоор унтсан. Унтаж байхад хажууд хүмүүс муудаад ноцолдохоор нь сэрээд харсан Ц.Т  газар хэвтчихсэн Б.Б урд талын буйдан дээр сууж байсан. Тэгэхээр нь муудахаа больцгоо гэсэн Б.Б гэрээс гараад явчихсан. Тэгээд би Ц.Т тай хамт унтах гэсэн Ц.Т бие өвдөөд байна, ээжийг дуудаад өгчих гээд дугаарыг нь хийж өгөхөөр нь хаягаа зааж өгч дуудсан. ..Тухайн үед Ц.Т тай Б.Б муудалцан уг гэмтлүүдийг учруулсан байх гэж бодож байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/

-Шүүгдэгч Б.Б-ийн 2021 оны 04 сарын 16-ны өдөр өгсөн: "...2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр
...19 цагийн үед Бор-Өндөр сумын 2-р баг
П.М гэх ажлынхаа
газрын ахын гэрт очсон. Тэдний гэрт очихдоо 1 шил 2.5 литрийн шар айраг, 1
ширхэг 0.75 литрийн архитай очсон. Гэрт нь ороод архи, шар айрагнуудаа хувааж
уусан. М өмнөх өдөр нь ажлаас буугаад унтаагүй, нойр хүрээд байна гээд
унтаад өгсөн. Би Ц.Т хамт ууж дуусгасан. Уугаад сууж байхдаа
Ц.Т тай муудалцсан. Ц.Т тай муудалцсан намайг эхлээд шууд
цохихоор нь тонгорч унагаагаад нүүр лүү нь 1 удаа, цээж рүү нь 2 удаа өшиглөсөн.
Тэгж өшиглөчихөөд буйдан дээр суусан. М сэрэхээр нь би явлаа гээд гэрээс
нь гараад гэр лүүгээ явсан. ...Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, 2021 оны 03 дугаар сарын 24-с 25-нд шилжих шөнө 01 цагийн үед
болсон. . Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна..." гэсэн мэдүүлэг /
хх-ийн 39-40/,

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.А-ийн 2021 оны 04 сарын 01-ний өдрийн №38 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

                1.Ц.Т биед цээжний зүүн талын 7-р хавирга ясны зөрөөтэй далд хугарал, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал  бүхий гэмтэл тогтоогдлоо.

                2.Дээрх гэмтлүүд нь хатуу хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

              3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлдмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.А-ийн 2021 оны 04 сарын 22ы өдрийн №43 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

                1.”Б.Б-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/

 - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/

            - Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

  Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 03 сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг  хохирогч Ц.Т нүүр, цээжин тус газар нь өшиглөж улмаар эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 7-р хавирга ясны зөрөөтэй далд хугарал, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж,  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Т , гэрч П.М нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 сарын 01-ний өдрийн 38 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлийн талаар зөрөөгүйгээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 сарын 01-ний өдрийн №38 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Т биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  сум  дундын  Прокурорын  газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг  хохирогч Ц.Т нүүр, цээжин тус газар нь өшиглөж улмаар эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 7-р хавирга ясны зөрөөтэй далд хугарал, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж,  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Т ыг зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь тохиолдлын шинжтэй, хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогч Ц.Т нүүр, цээжин тус газар нь өшиглөж улмаар эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 7-р хавирга ясны зөрөөтэй далд хугарал, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч  Б.Б хохирогч Ц.Т ыг зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Б.Б хууль бус, зүй бус үйлдэл, архидан согтуурсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Б  холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч Ц.Т биед хөнгөн хохирол /хөнгөн гэмтэл/ учирсан нь тогтоогдсон байна.

Хохирогч Ц.Т  нь “гомдолгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Б.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүхээс шүүгдэгч  Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б  эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр

зүйл, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10,

38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг

 удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5.Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5

дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.ЭНХМАНДАХ