Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 00446

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 1-11 тоотод оршин суух, Хавчин овогт Баасанжавын Ганхуяг  /РС65010533/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ганхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Ганхуяг нь 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр насосны машинистаар анх ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ тогтмол сайн биелүүлж ирсэн. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дарга Б.Мөнхсайхан нь “ та групп авдаг учир таныг ажлаас чөлөөлнө” гэсэн бөгөөд.... 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас халах мэдэгдэл өгч, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр намайг ажлаас халсан тухай хэлсэн. Манай байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороо нь шат дараатай  арга хэмжээ авч байгаа боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа. Иймд намайг хөгжлийн бэрхшээлтэй, групп авдаг гэсэн үндэслэлээр бүтэц орон тоог цөөрүүлж, цомхотгож ажлаас халж байгаа нь буруу тул насосны машинистийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 02 дугаар сарын 02-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан байна.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ганхуяг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие  Б.Ганхуяг нь Хөвсгөл аймгийн “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба миний бие  нь тус нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Мөн миний бие 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цагт болох шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэдгээ уламжилж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ганхуяг нь хариуцагч Хөвсгөл аймгийн “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ганхуяг нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Ганхуяг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2-т зааснаар  хариуцагч Хөвсгөл аймгийн “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Ганхуягийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дүгээр зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ганхуяг нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Б.МӨНХТУЯА