Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/767

 

   2021       07         01                                         2021/ШЦТ/767

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч К.Чимгээ,

шүүгдэгч Э.Х. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М. овогт Э.ийн Х.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, буцаасныг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт оршин суудаг,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1704 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

М. овогт Э.ийн Х..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Х. нь 2020 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг В зочид буудалд иргэн Б.А.аас Самсунг ЭС-7 Эдж маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х. мэдүүлэхдээ: “Би 2020 оны 06 дугаар сарын 07-ны шөнө 13 дугаар хорооллын автобусны буудал дээр А. ахтай танилцсан. Түүнээс хойш 10 хоногийн дараа А. ах над руу залгаад ах нь гэртээ ууж байна, чи хүрээд ирээч гэсэн. Тэгээд манай найз, миний найз охин бид гурав очиход А. ах хоёр найзтайгаа пиво уугаад сууж байсан. Бид нарыг очсоны дараа нөгөө хоёр найз нь яваад өгсөн. Бид жаахан уугаад байж байхад нөгөө хоёр найз нь дахин пиво аваад хүрээд ирсэн. А. ах нэг найзыгаа аваад өрөөнөөсөө гарахад манай найз Э, миний найз охин болон А. ахын найз бид дөрөв өрөөнд үлдсэн. Тэгээд нэг их удаагүй байхад А. ахын найз нь өрөөний гэрэл унтраагаад гараад явсан. Манай найз босоод утсаа авах гээд хайхад утас нь байхгүй байсан. Тэгээд А. ахад утас байхгүй болсон тухайгаа хэлээд, танай хоёр найз гарахдаа аваад явсан байна гэхэд А. ах найз руугаа залгасан. Тэгэхэд найз нь бид хоёр салаад явсан, би сайн мэдэхгүй байна, нөгөө хүнээсээ асуугаад хариу хэлье гэсэн. Түүний дараа дахин утас нь холбогдохгүй болсон. Манай найз Э “юу яриад байгаа юм бэ, тэгвэл А. ах та надад утсаа өгөөд явуулчих, маргааш та найзаасаа миний утсыг аваад хоёулаа утаснуудаа хоорондоо солилцъё, тэгэхгүй бол би хохирч үлдэх гээд байна” гэж хэлсэн. А. ах “тэгье” гээд өөрөө утсаа Эд өгсөн. А. ах үргэлжлүүлээд уугаад байсан. Би найзыгаа аваад ариун цэврийн өрөө рүү орчихоод гарч ирэхэд манай найз охин З “одоо явцгаая, сая А. ах намайг оролдоод янз бүр болоод байна” гэсэн. Би “та яаж байгаа юм бэ” гээд муудалцсан. А. ах” чи юу гээд байгаа юм бэ” гээд намайг хараагаад, маргалдаад, миний бөөр лүү цохисон. Би буцаагаад нүүр лүү нь нэг цохисон. Тэгээд А. ах бүр агсам тавиад манай найз Э-д утсаа өгөхгүй гээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд бид утсыг нь аваад явсан. А. ахынхаас явснаас хойш дахин Э-тай уулзаагүй. Утсыг нь Э аваад явсан.” гэв. 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/,

- Хохирогч Б.А.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дүү А, Т нартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах В зочид буудалд шөнийн 23 цагийн үед орсон. Би тухайн үед удаан уулзаагүй найзтайгаа уулзаад пиво уусан байсан. Бид гурав буудалд орохоосоо өмнө 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр пиво хоёрыг авч орсон. Би буудалд орохоосоо өмнө Х руу залгаад түүнийг дуудсан ба Х 00 цаг өнгөрч байхад найз охин, мөн нэг найзтайгаа 1 том пивотой ирээд бид нар ууцгаасан. Тэр гурвыг орж ирэхээс өмнө А, Т хоёр гараад явсан. Бид 4 унтахаар болоод хэвтсэн. Тэгтэл гаднаас манай Лхагва гэх найз нэг найзтайгаа орж ирсэн. Тэд нар үг хаяад хоорондоо маргалдах гээд байхаар нь би Л-г найзтай нь хөөгөөд явуулсан. Бид нар буцаад амрахаар болоод хэвтэж байхад дээд талын өрөөний №406 тоотоос нэг залуу орж ирээд бид нартай танилцаад, Х найз нартайгаа орсон, би өрөөндөө ганцаараа үлдсэн. Тэгээд өрөөнд Хгийн найз нь хантааз, малгай, цамц үлдээсэн байхаар нь өрөөнд нь оруулж өгөөд өрөөндөө ороод байж байхад араас тэр гурав орж ирсэн. Тэгтэл Х гар утсаа өг гэхээр нь би юу гэж чамд утсаа өгдөг юм бэ гэхэд миний зүүн нүд рүү гараараа 2 удаа цохиод найзтайгаа нийлээд зодсон, яаж зодсоныг нь санахгүй байна. Маргааш нь өглөө хамаг бие хөндүүрлээд одоо миний цээжээр өвдөөд амьсгалахад хэцүү байна. Хавирга гэмтсэн юм шиг байна лээ. Х намайг зодож байгаад миний өмдний баруун талын халаасанд байсан Самсунг ЭС-7 Эдж маркийн гар утсыг булаагаад аваад явсан. Маргааш нь би таньдаг ах О-д хэлээд та учрыг нь олоод өгөөч гэхэд Х руу ярих гээд залгахад утсаа авахгүй утас нь дуудаж байгаад сүүлдээ холбогдохгүй байгаа. Одоо ч утас нь холбогдохгүй байгаа. Х миний зүүн талын нүд рүү 2 удаа цохиход миний зүүн талын нүд хавдсан. Мөн зүүн талын төвөнх хөндүүрлээд өвдөөд байгаа. Хэн нь яаж цохисныг мэдэхгүй, зүүн талын хөх, хавирга орчимд одоо ч хүртэл хөндүүртэй өвдөөд байгаа, баруун гарын эрхий хуруу хөндүүртэй байснаа одоо ч зүгээр байна, өөр гэмтэл байхгүй. Х миний Самсунг Эс-7 Эдж маркийн гар утсыг хүч хэрэглэж булааж авсан. Би тэр гар утсаа 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Их орд гэх гар утасны дэлгүүрээс 175.000 төгрөгөөр худалдаж авсан. Би гар утсаа аваад удаагүй учраас зураас байхгүй, хуучин ашиглаж байсан гар утас байсан. Би Х гэх залуутай 10 гаруй хоногийн өмнө 13 дугаар хорооллын автобусны буудал дээр тамхи татаж байгаад танилцсан. 85145652 гэсэн дугаартай, гэр нь Ботаникт байдаг юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Насанд хүрээгүй гэрч З.Зийн өгсөн: “Э ах А. ахад та өөрийнхөө утсыг надад өгөөд явуулчих, тэгээд дараа нь тэр найзтайгаа холбогдоод миний утсыг авчихаад Х. рүү холбогдож байгаад гар утсаа авчих гэж хэлсэн. Тэгэхэд А. би утсаа өгөхгүй гэж хэлэхэд Х., А. ахаас та утсаа өгчих гэж хэлээд А. ахад ойртоход А. ах Х-н бөөр хэсэгт нь тохойгоороо 1 удаа цохисон. Тэгэхээр нь Х., А. ахын нүүр хэсэгт гараараа ганц хоёр удаа цохиод гар утсыг нь аваад бид нар гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...дээрмийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзвэл бүлэглэж үйлдсэн асуудал яригдана, ...хохирогчийн утсыг анх авах саналыг Э гаргаж, дараа нь Э авч явсан, ...гэрч, хохирогчийн мэдүүлэг маш их зөрүүтэй, ...Э.Х.д тухайн утсыг авах шунахайн сэдэлт байгаагүй тул дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй, гэрч З.Зээс мөрдөн байцаалтад Э.Х. нь Б.А.ыг цохисон талаар асуугаагүй, З.З нь “Э хохирогчтой тохиролцоод аваад явсан“ гэж мэдүүлсэн тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж маргажээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд буюу өмчлөгч, эзэмшигч, хамгаалах үүрэг бүхий итгэмжлэн хариуцсан этгээд рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхтэй үйлдлээр илэрдэг. Харин “амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж” гэдэгт хохирогчийн эсэргүүцлийг дарахад чиглэгдсэн бие махбодийн хүчирхийллийн аливаа үйлдэл хийснийг хамааруулан авч үздэг болно.

            Дээрмийн гэмт хэрэг үйлдэгдэхэд бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эд зүйлийг зайлшгүй шунахай сэдлээр буюу аливаа хэлбэрээр ашиг олох, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх санаа, сэдлээр илэрсэн байхыг шаардахгүй бөгөөд энэ нь өөрт болон бусдад тодорхой давуу байдал бий болгох зорилгоор хүсэл зоригийнх нь эсрэг хууль бусаар, хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхгүйгээр авахыг хүссэн дотоод сэтгэхүйн харьцаагаар илэрч болно.

            Хэрэг учрал болсон цаг хугацаанд байсан насанд хүрээгүй гэрч З.З, өөрийн хууль ёсны төлөөлөгч, ээж Ч.Хишигсүрэнг байлцуулан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэхдээ “...Э Б.А. ахад хандан “та надад утсаа өгөөд явуулчих” гэж хэлсэн” гэж мэдүүлэх ба харин тухайн гар утсыг Б.А.аас авсан үйлдлийн талаар “...Б.А. ах утсаа өгөхгүй гэж хэлэхэд Э.Х. Б.А. ахын нүүр хэсэгт гараараа ганц, хоёр удаа цохиод, гар утсыг нь авсан” гэж,

            шүүгдэгч Э.Х. 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Б.А. ах гар утсаа өгөхгүй байсан, ...Б.А. гар утсаараа хүнтэй яриад байхаар нь өөр хүмүүс дуудах гэж байна гэж бодоод би гар утсыг нь автал Б.А. ах бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд Э болон З.З хоёр намайг салгаад, бид 3 гараад явсан. Гар утсыг нь би авч явсан.” гэж,

            хохирогч 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэхдээ “...Э.Х. намайг зодож байгаад миний өмдний цахилгааныг онгойлгоод, гараа хийгээд, баруун халаасанд байсан Самсунг Эс-7 маркийн гар утсыг булаагаад авахад нь би түүнд гар утсаа өгөхгүй гэж зөндөө тэмцэлдсэн.” гэж болсон үйл явдлын талаар өөр хоорондоо зөрүүгүй, ямар нэг эргэлзээгүй мэдүүлсэн байна.

            Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэгт хохирогчийн эд зүйлийг хэн хүч хэрэглэж авсан нь тодорхой байх бөгөөд энэ гэмт хэрэгт Э гэгч этгээд хохирогчийн гар утсыг хүч хэрэглэж авахын тулд тодорхой санаа зорилгоор, үйлдлээр нэгдсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр тогтоогдохгүйн дээр дараа дараагийн цаг хугацаанд тухайн эд зүйл хэний эзэмшил, ашиглалтад шилжсэн нь уг дээрмийн гэмт хэргийн үйлдэлд хамааралгүй юм.

             Иймд хэрэгт авагдсан баримтуудаар Э.Х. нь 2020 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” зочид буудалд хохирогч Б.А.аас Самсунг Эс-7 Эдж маркийн гар утсыг хүч хэрэглэж авсан болох нь:

- Хохирогч Б.А.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дүү А, Т нартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах В зочид буудалд шөнийн 23 цагийн үед орсон. Би тухайн үед удаан уулзаагүй найзтайгаа уулзаад пиво уусан байсан. Бид гурав буудалд орохоосоо өмнө 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр пиво хоёрыг авч орсон. Би буудалд орохоосоо өмнө Х руу залгаад түүнийг дуудсан ба Х 00 цаг өнгөрч байхад найз охин, мөн нэг найзтайгаа 1 том пивотой ирээд бид нар ууцгаасан. Тэр гурвыг орж ирэхээс өмнө А, Т хоёр гараад явсан. Бид 4 унтахаар болоод хэвтсэн. Тэгтэл гаднаас манай Лхагва гэх найз нэг найзтайгаа орж ирсэн. Тэд нар үг хаяад хоорондоо маргалдах гээд байхаар нь би Л-г найзтай нь хөөгөөд явуулсан. Бид нар буцаад амрахаар болоод хэвтэж байхад дээд талын өрөөний №406 тоотоос нэг залуу орж ирээд бид нартай танилцаад, Х найз нартайгаа орсон, би өрөөндөө ганцаараа үлдсэн. Тэгээд өрөөнд Хгийн найз нь хантааз, малгай, цамц үлдээсэн байхаар нь өрөөнд нь оруулж өгөөд өрөөндөө ороод байж байхад араас тэр гурав орж ирсэн. Тэгтэл Х гар утсаа өг гэхээр нь би юу гэж чамд утсаа өгдөг юм бэ гэхэд миний зүүн нүд рүү гараараа 2 удаа цохиод найзтайгаа нийлээд зодсон, яаж зодсоныг нь санахгүй байна. Маргааш нь өглөө хамаг бие хөндүүрлээд одоо миний цээжээр өвдөөд амьсгалахад хэцүү байна. Хавирга гэмтсэн юм шиг байна лээ. Х намайг зодож байгаад миний өмдний баруун талын халаасанд байсан Самсунг ЭС-7 Эдж маркийн гар утсыг булаагаад аваад явсан. Маргааш нь би таньдаг ах О-д хэлээд та учрыг нь олоод өгөөч гэхэд Х руу ярих гээд залгахад утсаа авахгүй утас нь дуудаж байгаад сүүлдээ холбогдохгүй байгаа. Одоо ч утас нь холбогдохгүй байгаа. Х миний зүүн талын нүд рүү 2 удаа цохиход миний зүүн талын нүд хавдсан. Мөн зүүн талын төвөнх хөндүүрлээд өвдөөд байгаа. Хэн нь яаж цохисныг мэдэхгүй, зүүн талын хөх, хавирга орчимд одоо ч хүртэл хөндүүртэй өвдөөд байгаа, баруун гарын эрхий хуруу хөндүүртэй байснаа одоо ч зүгээр байна, өөр гэмтэл байхгүй. Х миний Самсунг Эс-7 Эдж маркийн гар утсыг хүч хэрэглэж булааж авсан. Би тэр гар утсаа 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Их орд гэх гар утасны дэлгүүрээс 175.000 төгрөгөөр худалдаж авсан. Би гар утсаа аваад удаагүй учраас зураас байхгүй, хуучин ашиглаж байсан гар утас байсан. Би Х гэх залуутай 10 гаруй хоногийн өмнө 13 дугаар хорооллын автобусны буудал дээр тамхи татаж байгаад танилцсан. 85145652 гэсэн дугаартай, гэр нь Ботаникт байдаг юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг,

             - Насанд хүрээгүй гэрч З.Зийн өгсөн: “Э ах А. ахад та өөрийнхөө утсыг надад өгөөд явуулчих, тэгээд дараа нь тэр найзтайгаа холбогдоод миний утсыг авчихаад Х. рүү холбогдож байгаад гар утсаа авчих гэж хэлсэн. Тэгэхэд А. би утсаа өгөхгүй гэж хэлэхэд Х., А. ахаас та утсаа өгчих гэж хэлээд А. ахад ойртоход А. ах Х-н бөөр хэсэгт нь тохойгоороо 1 удаа цохисон. Тэгэхээр нь Х., А. ахын нүүр хэсэгт гараараа ганц хоёр удаа цохиод гар утсыг нь аваад бид нар гараад явсан.” гэх мэдүүлэг зэргээр эргэлзээгүй тогтоогдож байх тул Э.Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

             Шүүгдэгч Э.Х.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Хохирогчоос баримтаар 160.000 төгрөг нэхэмжилж, хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.Х. ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1704 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг ялыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байх бөгөөд Э.Х. нь энэ хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн тул шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 128 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М. овогт Э.ийн Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х.д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1704 дүгээр шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Э.Х-н нийт эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Х-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Х-н урьд цагдан хоригдсон 128 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Х.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА