Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 00449

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

           Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух, Их мэргэд овогт Бяраагийн Тэрбиш /РЕ66121884/-ийн хүсэлттэй

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Б.Тэрбиш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Тэрбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие Бяраа овогтой Тэрбиш нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Алтан гадас” одонт Улаан туг нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн нэгдлийн даргын 25 дугаар тушаалаар тус нэгдэлд илгээлтээр ирж аав ямаачин Д.Бяраагийнд туслах малчнаар элсэн орсон. Түүнээс хойш аавын Д.Бяраагийн сууринд ямааны аж ахуйд ажиллаж байгаад 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж ирсэн.

Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн үеийн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу, мөн 1982 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн тушаалын хавсралт архивт байхгүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. Мөн 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийг хүртэл тус сумын Хүүхдийн цэцэрлэгт угаагчаар ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн тамга, тэмдэг, зураг дутуугаас, бас 1995 оны 01 сарын 01-ний өдөр олгосон 177131 дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтэр, 1991 оны 01 дүгээр сарын                           04-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт овог буюу эцгийн нэр, миний регистрийн дугаар зөрүүтэй байна. Учир нь миний төрсний гэрчилгээн дээр миний овгийг Бираа, харин иргэний үнэмлэх олгохдоо Бяраа болгож алдаатай хэвлэгдсэн, намайг 1966 оны 12 дугаар сарын 18

ны өдөр төрснийг андуурч 1967 оны 02 дугаар сарын 12-нд буюу бүртгэгдсэн өдрөөр регистр олгосон зэргээс үүдэн тухайн үед олгогдсон нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр засагдаагүй үлдсэн зэргээс ажилласан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн,1995 оны 01 сарын 01-ний өдөр нээж олгосон 177131 дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Бяраагийн Тэрбиш мөн болохыг, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Алтан гадас” одонт Улаан туг нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ямаачинаар, Жаргалант сумын Хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийг хүртэл угаагч, туслах багшаар  ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

       Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хүүхдийн цэцэрлэгээс нээс олгосон хөдөлмөрийн дэвтэр, 177131 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Алтан гадас” одонт Улаан туг нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ямаачинаар, Жаргалант сумын Хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 6 дугаар сарын  01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийг хүртэл угаагч, туслах багшаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн “... Дэчингийн Бираа, Магсарын Мял нарын гэр бүлд 1966 оны 12 дугаар сарын 18-нд  төрсөн охин Бяраагийн Тэрбишийг 1967 оны 02 дугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төрөлтийн бүртгэлийн 25-рт бүртгэгдсэн ” гэх  төрөлтийн бүртгэлийн лавлагаа,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн “... Их мэргэд овогт Бяраагийн Тэрбишийн ре67021267 регистрийн дугаарыг хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн ре66121884 регистрийн дугаар олгосон...” гэх регистрийн дугаар өөрчилсөн тухай лавлагаа,

Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний  өдрийн 1/426 дугаартай “... иргэн Б.Тэрбиш  /ре66121884/ -ийн мэдээллийг иргэний бүртгэлийн цахим санд регистрийн дугаараар хайлт хийхэд  Бяраа овогтой Тэрбиш нь гэж гарч байгаа ба төрсний бүртгэлийн лавлагаа нь Бираа гэж бичигдсэн. Бираа, Бяраа гэж бичигдсэн нь бичилтийн алдаа гарсан ба дээрх иргэн нь овог нэрийн өөрчлөлт хийж байгаагүй болно” гэх тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Алтан гадас одонт Улаан туг нэгдлийн даргын 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаартай “ 1982 онд Жаргалант сумын 8-н жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр ... Хэнмэдэх овогтой Шүрхүү-г цэвэрлэгчээр 1982 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс түр томилсугай...” гэх Ажилд томилох тухай тушаалын эх хувь,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хүүхдийн цэцэрлэгийн захиргаанаас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хүүхдийн цэцэрлэгийн захиргаанаас нээж олгосон 177131 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Бира овогтой Тэрбишийн 1995 онд Жаргалант сумын Хүүхдийн цэцэрлэгт шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийг түүвэрлэн гаргасан архивын  лавлагаа,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1982-1984 онуудад малчнаар,  Хүүхдийн цэцэрлэгт 1986-1995 онуудад угаагч, туслах багшаар ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн  гаргасан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 3/92 дугаартай цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийг хуулбар,

 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн ре62121574 регистрийн дугаартай Болдуу овогт Гомбосүрэнгийн Мөнхбаяр, ре66121884 регистрийн дугаартай Их мэргэд овогт Бяраагийн Тэрбиш нарын 1985 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын гэрлэлтийн бүртгэлийн 4-рт 1984 оны 3 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлсэн... “ гэх 00/002471 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Гэрч Д.Сумъяагийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “... Б.Тэрбиш нь хөдөө мал маллаж байгаад 1986 онд тракторын жолооч Мөнхбаяртай гэр бүл болж сумын төвд амьдрах болоод хөдөөнөөс сум руу нүүж орж ирсэн. Тэгээд 6 сараас эхлэн манай Хүүхдийн цэцэрлэгт цагаан хэрэглэл угаагчаар ажиллах болсон  бөгөөд тэр үеэс хойш 1995 оныг хүртэл хүүхдийн цэцэрлэгтээ угаагч, туслах багшаар тасралгүй ажиллаж байгаад аймгийн төв рүү шилжсэн. Тэрнээс хойш хаана, ямар ажил хийж байсныг би сайн мэдэхгүй. Би өөрөө Жаргалант сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр 1980 оноос 1997 оныг хүртэл ажилласан. Тэгээд  сумандаа хувийн аж ахуй эрхэлж байгаад мөн л аймгийн төв рүү шилжин орж ирээд  2002 оноос 2008 он хүртэл Мөрөн сумын 7 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад өндөр натны тэтгэвэрт орсон юм...” гэх мэдүүлэг,  

Гэрч Г.Эрдэнэбатын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “... Б.Тэрбиш нь 1982 онд 8 дугаар анги төгсөөд эвлэлийн илгээлтээр Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллахаар гараад аав Бираатай цуг түүний ахласан ямаан суурьт ямаачин, төлчнөөр 1986 оны зун хүртэл ажиллаж байгаад  сумын Хүүхдийн цэцэрлэгт угаагчаар ажиллахаар болоод сумын тав рүү шилжин орсон юм. Түүнээс хойш сумынхаа Хүүхдийн цэцэрлэгт 1990 оны дунд үе хүртэл ажилласан. Би өөрөө 1981 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн техникумыг мал зүйч, зоо техникч мэргэжлээр төгсөөд Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад мал зүйчээр томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд нэгдэлдээ 1992 оныг хүртэл мал зүйч, малын эмч, бригадын тоо бүртгэгчээр тус ажиллаж байгаад 1992 оноос 2004 он, 2008 оноос 2016 он  хүртэл тус сумын 2 дугаар багийн засаг даргаар 18 жил сонгогдон ажилласан. Дундуур нь сумын ШТС-д түгээгчээр 4 жил ажилласан, улсад нийтдээ 40 шахам жил тасралтгүй ажилласан юм...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Пүрэвсүрэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: ”... Б.Тэрбиш нь Жаргалант сумын 8-н жилийн дунд сургуулийг 1982 онд төгссөн бөгөөд үргэлжлүүлэн суралцаагүй бөгөөд Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллахаар илгээлтээр гарч аав Бираагийн суурь буюу тус нэгдлийн 2 дугаар бригадад  төлчин, саальчнаар нэгдлийн гишүүнээр элсэн орсон. Тэгээд тэр үеэс хойш эцэг, эхийн хамт мал мал маллан амьдарч байгаад 1986 онд тракторын жолооч Мөнхбаяртай гэр бүл болоод  Жаргалант сум төв рүү нүүж ороод сумын Хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчээр шилжин ажилласан. Б.Тэрбиш нь сумын Хүүхдийн цэцэрлэгт миний мэдэхийн 1994-1995 онуудад ажиллаж л байсан. Учир нь би 1993 оноос хувийн бизнесээ эхлүүлж дэлгүүр ажиллуулж эхлэхэд Б.Тэрбиш нь хүүхдийн цэцэрлэгтээ ажиллаж л байсан. Би 1978 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн техникумыг малын эмч мэргэжлээр төгсөөд Жаргалант сумын  Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад малын эмчээр томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд нэгдэлдээ 1990 оныг хүртэл малын эмчээр, 1990 оноос 1993 он хүртэл сумын аптекийн эрхлэгчээр, 1993 оноос хувийн бизнес эрхэлсэн бөгөөд одоо өндөр насны тэтгэвэрт байдаг...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Бямбадоогийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: Манай аав Дэчингийн Бираа гээд Улаан туг нэгдлийн агентаар ажиллаж байгаад 2 дугаар бригадад малчин болж улмаар аймаг, сумын аварга малчин, тухайнүеийн нэршлээр хурлын депутатаар сумаасаа сонгогдож байсан тэргүүний малчин хүн байсан. Ээжийг Магсарын Мял насаараа мал дагасан малч удмын хүн байсан бөгөөд манайх 7 хүүхэдтэй жирийн нэг малчин өрх юм. Дүү Тэрбиш нь миний 3 дахь дүү, манай гэрийн 5 хүүхэд бөгөөд сумынхаа 8 дугаар ангийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад буюу эцэг Бираагийн суурьт туслах малчнаар анх ажиллаж эхлэсэн юм. Тэгээд сум нэгдлийн тракторын жолооч Мөнхбаяртай 1985 оны өвөл гэр бүл болоод 1986 оны хавар том хүүгээ төрүүлээд зун нь сумын төв рүү шилжин орж цэцэрлэгийн угаагчаар ажилд ороод тэр үеэс хойш цэцэрлэгтээ угаагчаас туслах багш хүртэл нэлээн олон жил ажилласан. Угтаа бол манай аавын нэрийг Бираа гэдэг байсан бөгөөд аав маань нэрээ Бираа гэж бичдэг байсан. Мөн тухайн үед авч байсан шагнал урамшуулал, цалин хөлс зэрэгт Бираа гэсэн нэрээр бичгддэг байсан гэдгийн би бол сайн мэднэ. Тэгээд ч миний бичиг баримтанд бүгд “Бираагийн Бямбадоо” гэж байдаг. Тухайн аавын миньнэрийг зарим нэг хүмүүс хэллэгээрээ юм уу сонссоноороо бичсэнээс болоод Бяраа гэж бичигдсэн тал байдаг. Манай гэр бүлийнхэн дотор иргэний бичиг баримтанд овог нэр нь Бираа, Бяраа гэж олон янзаар бичигдсэн хүмүүс ч байгаа. Жишээ нь гэхэд миний овог Бираагийн Бямбадоо гэж бичигдсэн байхад дүү Тэрбишийн овог нь“Бяраа” гэж бичигдсэн байдаг... “ гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний ноториатчаар гэрчлүүлсэн хуулбар, Жаргалант сумын Хүүхдийн Цэцэрлэгт угаагч, туслах багшаар ажиллаж байхдаа хамт олонтойгоо болон хүүхдүүдтэй 1989-1993 онуудад авахуулсан гэрэл зураг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 10/168 дугаартай “....Тус аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн  тушаал, мөн сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1986, 1995 оны тушаал манай архивт байхгүй тул Б.Тэрбишид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1, 135.2.4 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хүүхдийн цэцэрлэгийн захиргаанаас захиргаанаас 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон №177131 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь  Их мэргэд овогт Бяраагийн Тэрбиш  мөн болохыг  тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн                   135.2.6-д зааснаар Их мэргэд овогт Бяраагийн Тэрбиш / РЕ66121884 /-г Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар,  Жаргалант сумын Хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл угаагч, туслах багшаар тус тус ажиллаж  байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Тэрбишийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХТУЯА