Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 000451

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 13-13 тоотод оршин суух Боржигон овогт Сэндэнхандын Саранхүү /РХ58111102/-ын хүсэлттэй,

Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажилласан жил тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч С.Саранхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Саранхүү шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие С.Саранхүү нь Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1958 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн бөгөөд анх надад төрсний гэрчилгээ олгохдоо Сэндэнханд гэж ээжийн нэрээр овоглон бичиж өгсөн байдаг ба иргэний паспорт болон цахим үнэмлэхэнд Сэндэнханд гэсэн овогоор бичигдсэн байдаг. Харин анх ажилд ороход тухайн үед нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрт Пэрэнлэйн Саранхүү гэж бичснээс болж хөдөлмөрийн дэвтэр минь үнэлэгдэхгүй байгаа болно.

Иймд  Тариалан сумын ахуйн үйлчилгээний ангиас 1975 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нээж олгосон №715768 дугаартай Пэрэнлэй овогтой Саранхүү гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Сэндэнхандын Саранхүү мөн болохыг  тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Саранхүү нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаварыг бий болгож байх ба Тариалан сумын ахуйн үйлчилгээний ангиас 1975 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нээж

 

олгосон №715768 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. 

          Тухайлбал: “ Пэрэнлэй овогтой Саранхүү нь 1958 онд төрөөд 1966 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуулийн сурлагаар “Дунд”, сахилга батаар “Онц”  дүнтэй  “Наймдугаар” анги төгсөхөд 1974 оны 6 дугаар сарын 14-ний өдөр олгосон  №197917 дугаартай “Бүрэн бус дунд “ боловсролын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

          “1958 онд төрсөн Пэрэнлэй овогтой Саранхүү нь нэгдүгээр ангид 1966 онд орж  Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуулийн “Аравдугаар” ангийг 1976 онд  сурлагаар “Дунд”, сахилга батаар “Онц”  дүнтэй  “Наймдугаар” анги төгсөхөд 1976 оны 6 дугаар сарын 20-ны өдөр олгосон  №04763 дугаартай “Бүрэн дунд” боловсролын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

         БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх улсын стандартын газраас 1989 оны 6 дугаар сарын 29-ний өдөр олгосон “Пэрэнлэй овогтой Саранхүү нь чанар, стандарчлал, хэмжил зүйн мэргэжил дээшлүүлэх байнгын курс төгссөн тул “Чанар шалгагчийн -II  дугаар зэрэг” -ийн үнэмлэх олгов” гэх №925 дугаартай үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

         Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас 1976 оны 01 дүгээр сарын                    30-ны өдөр олгосон ” Тариалан ахуй үйлчилгээний ангийн Пэрэнлэйн Саранхүүд НААҮГ-ын захиргааны 1976 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаар тушаалаар “Оёдлын II дугаар зэрэг” олгов” гэх №40 дугаартай Мэргэжлийн үнэмлэхний нотариалчаар гэрчлүүлсэн хуулбар, 

        “Тариалан сумын Ахуйн үйлчилгээний төвийн оёдолчин Пэрэнлэй овогтой Саранхүү нь   VII таван жилийн  төлөвлөгөөг  2 жил 7 сарын хугацаанд биелүүлж, социалист уралдаанд гаамгай амжилт гаргасан учир   Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөлөөс 1983 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 8/12 дугаар тогтоолоор “VII таван жилийн гавшгайч” тэмдэгээр шагнасан үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

         БНМАУ-ын Ерөнхийлөгчөөс “ Пэрэнлэйн Саранхүүд БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1991 оны 6 дугаар сарынм 18-ны өдрийн 94 дугаар зарлигаар “Монгол Ардын Хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медалиар шагнав” гэх  “Монгол Ардын Хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медалийн үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,     

          Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн “ Галсанжамцын Пэрэнлэй Оршихын Сэндэнханд нарын гэр бүлд 1968 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн Пэрэнлэйн Дунгармааг  1968 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын төрөлтийн бүртгэлийн 75-рт бүртгэгдсэн “ гэх ,

          Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн “ эцэг Галсанжамцын Пэрэнлэй, эх Оршихын Сэндэнханд нарын гэр бүлд 1971 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн Пэрэнлэйн Дашнямыг 1971 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын төрөлтийн бүртгэлийн 120-рт бүртгэгдсэн “ гэх ,

          Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн “эцэг Галсанжамцын Пэрэнлэй, эх Оршихын Сэндэнханд нарын гэр бүлд 1976 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Пэрэнлэйн Дашцэрэнг 1971 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын төрөлтийн бүртгэлийн 130-рт бүртгэгдсэн “ гэх төрөлтийн бүртгэлийн лавлагаа, 

Гэрч Ж.Галсанжигмэдийн  2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...Миний мэдэхийг С.Саранхүүг сургуульд болон ахуйн үйлчилгээнд оёдолчноор  ажиллаж байхад түүнийг ааваар нь буюу Пэрэнлэйн Саранхүү гэж дууддаг байсан. Би түүнийг 1976 онд 10  дугаар анги төгсөж байхад нь хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд түүнд олгосон “Бүрэн дунд боловсрол”-ын үнэмлэхийг бичиж байхад түүнийг Пэрэнлэйн Саранхүү гэж  байсныг санаж байна...” гэх,

Гэрч Ш.Баасанхүүгийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн:”... С.Саранхүүгийн аавыг Пэрэнлэй нь  модны үйлдвэрч мужаан, ээж Сэндэнханд нь ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажилладаг хүмүүс байсан. С.Саранхүүгийн эгчийг Нямсүрэн, дүүг нь Дунгармаа, эрэгтэй дүүг нь Дашням гэдэг байсан. Миний мэдэхийг С.Саранхүүг ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байхад түүнийг ааваар нь буюу Пэрэнлэйн Саранхүү гэж дууддаг байсан...” гэх мэдүүлэг,

Тариалан сумын Ахуйн үйлчилгээний ангийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1980 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шагнасан  “Баярын бичиг”, БНМАУ-ын Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамнаас 1980 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шагнасан “Хүндэт үнэмлэх”, Тариалан сумын МАХН-ын хороо, ҮЭ-ий зөвлөл, АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шагнасан ”Диплом”, нэхэмжлэгчийн нотариатчаар гэрчлүүлсэн үнэмлэхний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн                   135.2.4-д зааснаар Тариалан сумын ахуйн үйлчилгээний ангиас нээж олгосон №715768 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Боржигон овогт Сэндэнхандын Саранхүү /РХ58111102/ мөн болохыг тогтоосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Саранхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА