| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00336/и |
| Дугаар | 00459 |
| Огноо | 2017-05-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 00459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 66-9 тоотод оршин суух Хар дархад овогт Намсрайн Энхтайван / РВ61092415 /-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Н.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Энхтайван шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие анх 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад өөрийн эцэг Ш.Намсрайн суурьт туслах малчнаар ажиллаж байгаад 1979 оны 5 дугаар сард цэргийн албанд дайчлагдан 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр цэргээс халагдаж ирсэн юм. Тэгээд 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Шаамар дахь сургууль комбинатад тракторын жолоочийн курссэд 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл суралцаж төгсөөд 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Баянзүрх сумын Соёл нэгдэлд тракторын жолоочоор томилогдон 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчноор ажилласан юм.
Иймд намайг 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад туслах малчнаар, 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчноор тус тус ажилласан байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад 1977 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл туслах малчнаар, 1982 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 05 ний өдрийг дуустал Сэлэнгэ аймгийн Шаамар суманд тракторынг жолоочийн курст суралцсан, 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь түүний хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1977-1979, 1983-1989 онуудад ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгт,
УАТХШБГ-ын Мэргэжлийн комиссийн 28 дугаар тогтоолоор Намсрайн Энхтайванд 1983 оны 7 дугаар сарын 05-ны өдөр олгосон тракторч-машинчийн үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 36 дугаартай “ 2. ...ДТ-75 тракторын жолоочоор Намсрайн Энхтайванг .. 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ... томилсугай” гэх Ажил өөрчлөх ба томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаартай “ 2. ... Намсрайн Энхтайванг МТЗ-50 маркийн тракторын жолоочоор 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ... томилсугай ” гэх Ажил өөрчлөх ба томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1994 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дугаартай “ 1. Нэгдлийн авто, тракторын салбарт хувьчлал явагдаж зарих техникийг жолооч, эзэмшигч нарын хувийн мэдэлд шилжин болсон тул дор нэр бүхий хүмүүсийг 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй.Үүнд 1. Н.Энхтайван- тракторч ... ” гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын эх хувь,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадын гишүүдийн бүртгэлийн “...287. нэрс - Намсрай Энхтайван, нас-28, хүйс-эр, эрхэлсэн ажил- жолооч...” гэх 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийн хуулбар
Соёл компаний “овог нэр - Намсрайн Энхтайван, паспортын дугаар - 61092415, байгууллагын үнэмлэхний дугаар - 3071, хувьцааны тоо ширхэг - 70, хувьцааны үнэ - 70.000, эрхийн бичгийн сери дугаар - 13,080269 ...” гэх Давуу эрх эдлэгчдийн судалгааны хуулбар,
Гэрч Ч.Цоодолын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “....Н.Энхтайван нь Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1977 оноос 1992 оныг хүртэл тасралтгүй ажилласан бөгөөд цэрэгт явахаасаа өмнө Баянзүрх сумын Соёл нэгдлийн Эмтийн 1 дүгээр бригадад малчинаар, цэргээс халагдаж ирээд Төв аймаг дахь Шаамарын сургууль комбинатад тракторын жолоочийн мэргэжил олгох курсст нэг жил суралцан төгсөж ирээд Соёл нэгдлийн туслах үйлдвэрт тракторын жолоочоор тус тус ажилласан юм. Мөн нэмж хэлэхэд манай сумын малчин зэргэлдээ сумуудад отор нүүдэл их хийдэг байсан ба тэр үед сум бүрт отрын штаб гэж байгуулаад отор буух хүртэл байнгын ажилладаг байсан бөгөөд миний мэдэхийн 1980-аад оноос хойш Н.Энхтайван нь отрын штабын жолоочоор тасралтгүй ажиллаж байсан. Тэгээд Н.Энхтайваны цалингийн цэсэнд зарим саруудад тасарсан харагдаж байгаа нь отор буусны дараагаар цалинг бөөн бодож олгодог байсантай холбоотой юм. Манай Соёл нэгдлийн захиргаа нь хуучин эмнэлэгийн байранд байхдаа 1980 онд шатсан санагдаад байна, тэгэхээр нэгдэлтэй холбоотой материал шүүхэд 1980 оноос өмнөх баримтууд байхгүй, 1980 онос хойш бол гарч ирнэ гэж бодож байна. Цалин хөлсийг олгохдоо цалингийн цэсэнд гэр бүлийн гишүүдийн нэрээр зарим саруудад ээлжлэн бичдэг байсан. Заримдаа хүн өдрийн норм буюу төлөвлөгөө нь биелэхгүй болохоор нь хүүхдүүдийнхээ хөлсийн эцэг, эх нь өөрсдийнхөө нэр дээр нийлүүлэн бичүүлэх явдал гардаг байсан. Гэхдээ энэ нь 1980 оноос өмнөх жилүүдэд гардаг байсан, харин 1980 оноос хойш журнал ордерт шилжээд нэгдлийн гишүүн тус бүрээр цалин хөлсийг бичиж олгодог болсон...“ гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Лхагваажийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн:”... Н.Энхтайван нь Баянзүрх сумын бага сургуулийг төгсөөд аав Намсрай, ээж Должинсүрэн нарын туслах малчнаар 1977 оноос 1979 оныг хүртэл ажиллаж байгаад 1979 онд цэрэгт яваад 1982 оны намар цэргээс халагдаж ирээд мөн тухайн оныхоо 10 дугаар сард Шаамрын трактор комбайнчийн сургуульд явсан юм. Тэгээд тэндээ нэг жил суралцаад 1983 оны намар нь төгсөж ирээд Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрт тракторын жолоочоор томилогдон ажиллаад тэр үеэс хойш нэгдэл тартал тасралтгүй ажилласан юм. Мөн хувьчлалаар өөрийн унаж байсан трактороо хувьчлалаар өөрөө авч байсан юм. Намайг Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн даргаар 1976 онд ажиллаж байхад Н.Энхтайваны эцэг Намсрай нь өвчний учир нас барсан бөгөөд миний санахын бараг 60 гаруй 70 шахам насны өндөр настай хүн байсан. Тэр үед нэгдлийн ууган намын гишүүн нас барсан гээд намын гишүүдээс мөнгө цуглуулж хандив өгч байсан. Тэгээд ч Н.Энхтайваны аав Намсрай нь өмнөх эхнэрээсээ салаад Должинсүрэнтэй сүүлд суусан бөгөөд тэр хоёр суугаад хүүхэд төрөөгүй тул Н.Энхтайваныг сүүлд өргөж авсан ба Намсрай гуайн өргөмөл ганц хүү юм...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/611 дугаартай “ Тус аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1990 оноос хойшхи тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Н.Энхтайванд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна ” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хар дархад овогт Намсрайн Энхтайван / РВ61092415 /-г Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1 дүгээр бригадад 1977 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл туслах малчнаар, 1982 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 05 ний өдрийг дуустал Сэлэнгэ аймгийн Шаамар суманд тракторынг жолоочийн курст суралцсан, 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1977 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1977 оны 03 дугаар сарын 01 ний өдрийг хүртэл Соёл нэгдэлд малчнаар,1983 оны 7 дугаар сарын 05 ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 10-ний өдийг хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар суманд тракторын жолоочийн курст суралцсан гэснийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Энхтайваны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА