Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/108

 

 

 

 

 

 

 

 

 

   2021            05              13                                                  2021/ШЦТ/108                                         

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч И.Д, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн И.Д холбогдох эрүүгийн 2134000000102 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Төв Чандмань” Дулааны эрчим хүчний газарт галч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Б овгийн И.Д

                         

                                 Холбогдсон хэргийн талаар

                             /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч И.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 25-ны орой Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн Энгэрийн 2-3 тоотод байрлах гэртээ Н.Э өөрийн эхнэр Л.Н хардсаны улмаас толгойн тус газар нь төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн согтуугаар 2021 оны 02 дугаар сарын 25-ны орой Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн Энгэрийн 2-3 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Л.Н Н.Э хардаж, улмаар баруун чихэн тус газар нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч И.Д:

...Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ. 

 

Эрүүгийн 2134000000102 дугаартай хэрэгт хохирогч Н.Э /хх-ийн 17 дугаар хуудас/, хохирогч Л.Н /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч С.Ариунболд /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч О.Дуламсүрэн /хх-ийн 24 дүгээр хуудас/, яллагдагч И.Д /хх-ийн 43 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, 

шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №116 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/, шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №122 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /13 дугаар хуудас/, шүүгдэгч И.Д хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 44-47, 49-52 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримтын талаар: 

Шүүгдэгч И.Д нь согтуурсан үедээ 2021 оны 02 дугаар сарын 25-ны орой Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн Энгэрийн 2-3 тоотод байрлах гэртээ Н.Э өөрийн эхнэр Л.Н хардсаны улмаас толгойн тус газар нь төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах 

хохирогч Н.Э ...Би 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төвд явж байгаад 13 цагийн үед Д таарахад дүү нь цалингаа авах гээд явж байна гэхээр нь ах нь машинаа журмын хашаанд хийлгэчихсэн авах гээд явж байна гээд би нэг шил 0.5 литрийн Ерөөл архи дэлгүүрээс аваад Д хамт хувааж уугаад тэгтэл Д ахаа миний цалин бууна та дэлгүүрээс юм зээлчих би цалингаа буухаар эргүүлээд өгье гэхээр нь би гар утсаа дэлгүүрт тавиад 2 шил 0.75 литрийн архи цайны боорцог, цайны сүү, чихэр ундаа аваад Д рүү такси аваад замаараа Д эхнэр хүүхдээ хадмынхаасаа аваад гэртээ харьсан. ...Д эхнэр бид гурав архи хувааж ууж байгаад согтоод юм ярьж байгаад Д надад хандаж танай ахтай алтанд явж байсан танай ах надад мөнгөө дутуу өгсөн гэхээр нь би тэр надад хамаагүй шүү дээ чи өөртэй нь наад асуудлаа ярилц гэж хэлээд бид хоёр жаахан маргалдаад Д согтоод үг ойлгохгүй байсан. ...тэгтэл Д эхнэртээ хандаж чи муу янхан минь Э унтах юмуу гэх зэргээр агсраад эхэлсэн, тэгэхээр нь би ахад нь тийм зүйл байхгүй ээ чи юу яриад байгаа юм бэ ах нь харьж унтлаа чи намайг гаргаад өгчих гэж хэлээд би түрүүлээд гартал Д араас гарч ирээд төмрөөр толгойруу цохичих шиг болсон тэгтэл нүүр лүү цус гоожоод эхэлсэн, тэгэхээр нь би чи хүн аллаа шүү дээ ах нь явлаа яаж байгаа юм бэ би чамтай муудалцахгүй гэж хэлээд шууд зугтаад явчихсан, тэгээд цус гоожоод ухаангүй болсон байсан, нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн толгойдоо оёдол тавиулж байсан, миний толгойны оройны зүүн хажуу хэсэгт 4 оёдол тавиулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ... /хх-ийн 17 дугаар хуудас/,

хохирогч Л.Н ...Д нөгөө залуутай маргалдаад байсан юунаас болоод маргалдаад байгааг нь би мэдээгүй тэгтэл тэр хоёр гарч яваад Д эргэж орж ирэхдээ ганцаараа орж ирээд... /хх-ийн 20 дугаар хуудас/,

гэрч С.Ариунболдын ...Орой 18 цаг 30 минутын үед Д утсаар над руу залгаад манайд хүрээд ир ганц шил архи авчихлаа гээд дуудсан. Ингээд яваад очиход манай эхнэр Дуламсүрэнгээс гадна нэг танихгүй залуу, эхнэр хүүхэд нь байсан. Ингээд очтол архи задлаад бүгдээрээ хувааж уусан, манай эхнэр уугаагүй. Архи арай дуусаагүй байхад Д согтоод унаж өгөөд байсан, тэгэхээр нь эхнэр бид хоёр гэрлүүгээ явъя гэж хэлээд манай эхнэр охиныг нь аваад явъя энэ хэд согтсон байна гэж хэлээд охиныг аваад гэрлүүгээ явсан. ...Д хамт байсан залуутайгаа эхнэрээ хардаад байх шиг байсан, жаахан маргалдах гээд байсан, эхнэртэй бол ярихгүй эхнэр нь бас тасраад унтаад өгөх шиг болсон... /хх-ийн 22 дугаар хуудас/,

гэрч О.Дуламсүрэнгийн ...архи ууж байхдаа Д ах нөгөө хамт байсан хүнтэйгээ эхнэрээ хардаад хоорондоо маргалдаад байсан, тэгтэл охин нь айгаад Дулмаа эгчээ би та хоёртой хамт явмаар байна гэж хэлсэн. Би өмнө нь охиноос өөрөөс нь манай очих юмуу аав, ээж нь согтсон байна, чамайг харж чадахгүй байх гэж хэлсэн байсан юм. Ингээд архи дуусаад би аав, ээж хоёрт нь хэлээд хүүхдийг аваад явсан юм... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

яллагдагч И.Д ...гэртээ ирэхэд Энхбаяр сууж байсан ингээд би яагаад манай эхнэрийг оролдсон юм бэ гээд маргалдсан тэгээд Энхбаяр гараад явахаар нь би хашааны хаалга түгждэг төмрөөр араас нь толгой руу нь шидтэл Энхбаяр чи намайг яаж байгаа юм бэ гээд орилоод яваад өгсөн... /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

Мөн согтуурсан үедээ 2021 оны 02 дугаар сарын 25-ны орой Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн Энгэрийн 2-3 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Н Н.Э хардаж, улмаар баруун чихэн тус газар нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах 

хохирогч Л.Н ...Д нөгөө залуутай маргалдаад байсан юунаас болоод маргалдаад байгааг нь би мэдээгүй тэгтэл тэр хоёр гарч яваад Д эргэж орж ирэхдээ ганцаараа орж ирээд чи бос пизда минь чамайг алчихъя тэнэг хүнд хууль үйлчилдэггүй юм шүү гэхээр нь би ээжийнх рүү явъя гэж бодоод хувцсаа өмстөл чамайг явуулахгүй гээд хиам зүсэж байсан хутгаар миний үснээс зулгаагаад чихний орчимд зүсэх шиг болсон тэгээд л би ноцолдоод дийлэхгүй яая л даа гэтэл гараад явчихсан удалгүй цагдаа ирээд аваад явсан... /хх-ийн 20 дугаар хуудас/,

гэрч С.Ариунболдын ...Орой 18 цаг 30 минутын үед Д утсаар над руу залгаад манайд хүрээд ир ганц шил архи авчихлаа гээд дуудсан. Ингээд яваад очиход манай эхнэр Дуламсүрэнгээс гадна нэг танихгүй залуу, эхнэр хүүхэд нь байсан. Ингээд очтол архи задлаад бүгдээрээ хувааж уусан, манай эхнэр уугаагүй. Архи арай дуусаагүй байхад Д согтоод унаж өгөөд байсан, тэгэхээр нь эхнэр бид хоёр гэрлүүгээ явъя гэж хэлээд манай эхнэр охиныг нь аваад явъя энэ хэд согтсон байна гэж хэлээд охиныг аваад гэрлүүгээ явсан. ...Д хамт байсан залуутайгаа эхнэрээ хардаад байх шиг байсан, жаахан маргалдах гээд байсан, эхнэртэй бол ярихгүй эхнэр нь бас тасраад унтаад өгөх шиг болсон... /хх-ийн 22 дугаар хуудас/,

гэрч О.Дуламсүрэнгийн ...архи ууж байхдаа Д ах нөгөө хамт байсан хүнтэйгээ эхнэрээ хардаад хоорондоо маргалдаад байсан, тэгтэл охин нь айгаад Дулмаа эгчээ би та хоёртой хамт явмаар байна гэж хэлсэн. Би өмнө нь охиноос өөрөөс нь манай очих юмуу аав, ээж нь согтсон байна, чамайг харж чадахгүй байх гэж хэлсэн байсан юм. Ингээд архи дуусаад би аав, ээж хоёрт нь хэлээд хүүхдийг аваад явсан юм... /хх-ийн 24 дүгээр хуудас/

яллагдагч И.Д ...би эргэж гэртээ орж ирээд эхнэртээ уурлаад эхнэрийн чих рүү нөгөө гарт байсан төмрөөрөө нэг удаа цохиод тэгээд гаргаад үүд рүү шидсэн. .../хх-ийн 43 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

 

шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 116 дугаартай ...Н.Э биед зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/, шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 122 дугаартай ...Л.Н биед баруун чихний дэлбээнд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /13 дугаар хуудас/, шүүгдэгч И.Д хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 44-47, 49-52 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч И.Д согтуурсан үедээ Н.Э өөрийн эхнэр Л.Н хардсаны улмаас толгойн тус газар нь төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, 

 

Мөн согтуурсан үедээ гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Л.Н Н.Э хардаж, улмаар баруун чихэн тус газар нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдсон гэж үзсэн.

 

Өөрөөр хэлбэл прокуророос шүүгдэгч И.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д заасан шинжээр нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Гэвч шүүх шүүгдэгч И.Д зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д заасан хүндрүүлэх шинжүүдийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжийг хэрэгсэхгүй болгох болгох нь зүйтэй гэж үзсэн.

Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” нарыг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж тодорхойлсон. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4- дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор хуульчилсан.

 

Эдгээрээс үзэхэд хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садангийн хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ.

 

Тухайлбал: Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаардаагүй байна.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгоно.

 

Дээрх харилцааны явцад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргээр зүйлчлэх бөгөөд шүүгдэгч И.Д нь хохирогч Л.Н гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хэдий ч тухайн үйл баримт болсон цаг хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 25-ны орой архидан согтуурсны улмаас маргалдан түүнийг ир үзүүртэй зүйлээр зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байнгын шинжтэй биш тохиолдлын шинжтэй нэг удаагийн, гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй, хамт архи уусан Н.Э эхнэр Л.Н хардсан гэх асуудалтай холбоотой таарамжгүй харилцааны явцад үйлдэгдсэн үйлдэл, эс үйлдэхүй байх тул гэр бүлийн гишүүний эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэмээн үзэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй болно.

 

Гэхдээ шүүгдэгч И.Д Н.Э өөрийн эхнэр Л.Н хардсаны улмаас толгойн тус газар нь төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь  

 

Мөн эхнэр Л.Н Н.Э хардаж, улмаар баруун чихэн тус газар нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч И.Д хохирогч Н.Э, хохирогч Л.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Тэрээр хүнийг зэвсэг болон тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох төмөр болон хутгаар зодож, цохих, зүсэж хохирол, хор уршиг учруулсан өөрийн энэхүү үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогч нарын биед хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарт учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн төмөр болон хутгаар зодож, цохисон, зүссэн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.  

 

Иймд шүүгдэгч И.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Тухайлбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэдгээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг гэмт хэргийг нэг цаг хугацаа, орон зайд, нэг сэдэл, санаа зорилгоор учруулсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгоно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч И.Д гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.Э биед зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Л.Н биед баруун чихний дэлбээнд шарх бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан байна. 

  

Шүүгдэгч И.Д хохирогч Н.Э, хохирогч Л.Н нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал тус тус нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогч Н.Э гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан түүний мэдүүлэг, мөн хавтас хэргийн 95 дугаар хуудсанд авагдсан шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл бичигдсэн тайлбар зэргээр,

хохирогч Л.Н гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 96 дугаар хуудсанд авагдсан түүний хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч И.Д энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:  

Шүүх шүүгдэгч И.Д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсэн учир хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж шүүхээс торгох ялаар шийтгүүлж байсан нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч И.Д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг ялтны ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс олох боломжийг харгалзан тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, 

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч И.Д нь оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх нэг зуун наян хоног буюу 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2134000000102 дугаартай хэрэгт хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч И.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 37.5 см урттай, Г үсэг хэлбэрийн тахир нь 13.5 см урттай барзгар мушгиа гадаргуутай төмрийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг

    хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

         36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн

                  1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овгийн И.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Шүүгдэгч Б овгийн И.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

3. Шүүгдэгч Б овгийн И.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн И.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн И.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Б овгийн И.Д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 37.5 см урттай, Г үсэг хэлбэрийн тахир нь 13.5 см урттай барзгар мушгиа гадаргуутай төмрийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн 2134000000102 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч И.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн И.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн И.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ш.ГАНДАНСҮРЭН