Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 00477

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Ё.Нэргүйгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Галт сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох 

Албан томилолтын зардал 3.047.500 / гурван сая дөчин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,  нэхэмжлэгч Ё.Нэргүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхболд, хариуцагч Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын Тамгын газрын дарга ажилтай И.Ганбаатар, Хөвсгөл аймгийн Галт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч ажилтай Г.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Ё.Нэргүй  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ёндоншарав овогтой Нэргүй миний бие Хөвсгөл аймгийн Галт сумын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оноос 2002 оныг хүртэл цэцэрлэгийн багш, 2002 оноос 2013 оныг хүртэл цэцэрлэгийн эрхлэгчээр тус тус ажиллаж байгаад 2013 оны 11 сарын 07-ны өдрөөс одоо хүртэл албан тушаалыг минь түдгэлзүүлсэн ба албан ёсоор ажлаас халагдаагүй, мөн ажилд томилогдохгүй хохирч яваа билээ. Учир нь 2012  онд  сумын  засаг даргаар  Д.Эрдэнэхуяг  гэгч  хүн  томилогдож  Ё.Нэргүй намайг нам болон ах, дүү, хамаатан, садны харъяалалаар хавчин гадуурхаж зохиомлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж улмаар гэм буруутан болгон хохироосон болно. Миний бие тус хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллахдаа:

2002 онд Галт сумын Хүүхдийн цэцэрлэг нь 35 хүүхдийн орон тоотой 6 ажилтантай байсан бол 2013 онд сумын төвд 6 бүлэг, Зүрх багт салбар 1 бүлэг, явуулын 1 бүлэг, нийт 8 бүлэг 240 хүүхдийн орон тоотой 30 ажилчинтай болгон өргөжүүлсэн бөгөөд 2010 онд Галт сумын Хүүхдийн цэцэрлэгийг аймгийн тэргүүний цэцэрлэг болгож улмаар 2011 онд Ё.Нэргүй

би Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байлаа.

         Мөн 2010 оноос Галт суманд Хүүхдийн цэцэрлэг бариулахаар чин сэтгэлээсээ хандан хөөцөлдөж Монгол улсад байдаг бүх шатны дарга, яам, тамгын газар / аймгийн засаг дарга, Боловсролын яам, сайд нар,  УИХ-ын гишүүд, Монгол улсын ерөнхий сайд, Монгол улсын ерөнхийлөгч болон бусад албаны /-ын бүх эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад 2010-2013 онуудад  хандан өргөдөл, гомдол, хүсэлт явуулах зэргээр хөөцөлдсөний үр дүнд Хөвсгөл аймгийн Галт суманд 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга бариулсан билээ. Гэтэл миний энэ их нөр их хөдөлмөрийг үнэлээгүйн дээр хилс хэрэгт гүтгэн, эрүүгийн хэрэгт холбон 4 жил хуулийн байгууллагын үүд сахиулж байгаад туйлын гомдолтой байна.

          Иймд Ё.Нэргүй миний бие тухайн цэцэрлэгийн барилгыг бариулахын тулд маш олон удаа хот болон аймаг руу хувиасаа зардал мөнгө гарган явж ажил бүтээж байсан.  Учир нь тухайн үед цэцэрлэгийн төсөвт томилолтын зардал бага  байсан, тухайн үеийн дарга нар нь барилгаа хөөцөлдөөд үнэхээр чи бариулбал томилолт битгий хэл сумаас урамшил шагнал олгоно гэдэг байсан хэдийг ч томилолтыг өгөөгүй болно.

            Иймд хувиасаа төлсөн зардал болох 3.047.500 төгрөгийг Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын Тамгын газраас нэхэмжилж байна.  Үүнд: 2010 оны 06 дугаар сарын 160.500 төгрөг, 10 дугаар сарын 170.200 төгрөг, 12 дугаар сарын 165.000 төгрөг, 2011 оны 4 дүгээр сарын 176.000 төгрөг, 5 дугаар сарын 122.800 төгрөг, 8 дугаар сарын 201.000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 144.000 төгрөг,  3 дугаар сарын 72.000 төгрөг, 9 дүгээр сарын 192.500 төгрөг, 10 дугаар сарын 225.500 төгрөг, 12 дугаар сарын 219.000 төгрөг тус тус томилолт болно.

           Харин Япон улсын элчин сайдын яамны “Өвсний үндэс"  хөтөлбөрт 50 хүүхдийн өргөтгөлийн барилга хөөцөлдөж явсан томилолт буюу 2013 оны 4 дүгээр сарын 455.000 төгрөг, Хөвсгөл аймгийн хаагдсан хөрөнгө оруулалтыг хөөцөлдөж Галт сумын цэцэрлэгийн 513 сая төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлүүлсэний буюу 2013 оны 5, 6  дугаар сарын 744.000 төгрөгийн тус тус  томилолтууд нь Галт сумын засаг дарга Д.Эрдэнэхуяг болон засаг даргын Тамгын газарт байгаа болно гэжээ.

          Хариуцагч Галт сумын засаг даргын Тамгын газрын дарга ажилтай И. Ганбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ёндоншарав овогтой Нэргүй нь манай байгууллагаас томилолт, унааны зардал нэхэмжилсэн тул  уг зардал болох 3.047.500 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй болно.  Мөн уг асуудал нь Хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой байх ба тухайн Хүүхдийн цэцэрлэгээс тус зардлыг гаргуулах шаардлагатай гэжээ.

           Хариуцагч Галт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч ажилтай Г.Түвшинбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ё.Нэргүй нь тус цэцэрлэгт  холбогдуулан 2010-2013 оны томилолтын зардлыг нөхөн олгуулах хүсэлт ирүүлжээ. Ё.Нэргүй нь эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тухайн үед томилолт болон замын зардлыг авч явж байсан нь 2012, 2013 оны баримтуудаас харагдаж байна. Үүнд: 2012 онд томилолтын зардал 253.400 төгрөг, замын зардалд 421.25 литр АИ-92 бензин буюу 1 литр бензин 1900 төгрөгөөр тооцоход нийт 800.375 төгрөг, 2013 онд томилолтын зардалд111.400 төгрөг, замын зардалд 384.05 литр АИ-92 бензин буюу 1 литр бензин 2020 төгрөгөөр тооцоход нийт 775.781 төгрөг, 2012, 2013 онд нийт 1.940.956 төгрөгийн замын зардал, томилолтын зардлыг авч байсан ба 2010, 2011 оны баримт нь аймгийн архивт шилжсэн болно.

  Төсвийн тухай хуулинд төсвийн шууд захирагч нь тухайн жилийн төсөвтөө багтаан зарлагыг гаргаж, зарцуулах эрх үүрэгтэй билээ. Хүүхдийн цэцэрлэгийн төсөвт томилолтын зардал гэж жилд дунджаар 200.000-300.000 төгрөг л тавигдаж ирдэг.

  Иймээс манай байгууллага нь өмнөх онуудын зардал буюу Ё.Нэргүйгийн нэхэмжилсэн 3.047.500 төгрөгийг нөхөн олгох боломж байхгүйг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

          Нэхэмжлэгч Ё.Нэргүй шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын Тамгын газар болон Хүүхдийн цэцэрлэгээс томилолтын зардал болох 3.047.500 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан ба нэхэмжлэл дээрээ тодорхой бичсэн байгаа тул тус мөнгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын Тамгын газрын дарга ажилтай И.Ганбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ё.Нэргүйгийн нэхэмжилж буй албан томилолтын мөнгийг тэр үед ажиллаж байсан засаг дарга нар нь өгнө гэж байсан үгүйг би сайн мэдэхгүй байна. Учир нь миний бие  тухайн үед сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болно.  Харин би одоогийн эрхэлж буй Галт сумын ЗДТГ-ын даргаар  2017 оны 2 дугаар сараас ажиллаж эхэлсэн учраас Ё.Нэргүйг албан томилолтоо авсан эсэх талаар мэдэхгүй байна. Энэ хэрэгт хариуцагч байгууллагыг төлөөлөн оролцож байгаа бөгөөд  Галт сумын Хүүхдийн цэцэрлэгийн хамтран хариуцагчаар татаж оролцуулсан байгаа. Манай байгууллагын хувьд Ё.Нэргүйгийн нэхэмжилж буй албан томилолтыг мөнгийг өмнө нь олгоогүй, давхардаж олгогдохгүй бол олгохыг зөвшөөрч байна гэв.

 Хариуцагч Хөвсгөл аймгийн Галт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч ажилтай Г.Түвшинбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ё.Нэргүйн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Ё.Нэргүй нь 2010-2013 онуудад цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх үедээ тухайн онуудынхаа зардалд тохируулаад албан томилолтоо авах боломжтой байсан гэж бодож  байна. Одоо манай байгууллагын бүтэн жилийн албан томилолтын зардал 200.000-330.000 мянган төгрөг л байгаа. Төсвийг захиран зарцуулж байгаа хүн тухайн төсөвтөө тохируулж зардал гаргах, гүйлгээ хийх үүрэгтэй учраас энэ зардлыг нөхөж авна гэсэн ойлголт байхгүй, тийм боломж ч байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Тухайн үеийн жил жилийн албан томилолтын зардлуудаа нягтлан бодогчдоо гаргаж өгөөд нягтлан бодогч нь өр үүсгээд явах боломжтой байх байсан гэж бодож байна. Төрийн санд нягтлан бодогч нь хэлээд манайх ийм өртэй явж байгаа гэдгээ танилцуулаад албан томилолтын зардлаа нэмэгдүүлэх боломжтой байсан байх. Мөн бусад зардлууд руу шилжүүлэх боломжтой байсан гэж бодож байна. Тухайн үед шийдчих боломжтой байсан боловч одоо үүнийг нэхэмжилж байгаа бол бидний зүгээс нөхөж өгөх ямар ч боломжгүй. Одоо өгч байгаа 200 гаруй мянган төгрөгийн томилолтын зардал хаанаа ч хүрдэггүй гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё.Нэргүй нь  хариуцагч Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Галт сумын Хүүхдийн цэцэрлэгээс албан томилолтын зардал 3.047.500 / гурван сая дөчин долоон мянга таван зуу /  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэтэл хариуцагч Г.Түвшинбаяр ” ... төсвийг захиран зарцуулж байгаа хүн өөрөө зардалдаа тохируулаад албан томилолтоо авах боломжтой байсан гэж үзэж  байна. Тухайн үеийн жил жилийн албан томилолтын зардлуудаа нягтлан бодогчдоо гаргаж өгөөд нягтлан бодогч нь өр үүсгээд явах боломжтой байсан гэж бодож байна. Энэ асуудлаа тухайн үедээ шийдчих боломжтой байсан, үүнийгээ одоо нэхэмжилж байгааг бидний зүгээс нөхөж өгөх ямар ч боломжгүй ... ” гэж маргажээ.

Ё.Нэргүй нь 2002-2013 онд Хөвсгөл аймгийн Галт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагч нарын тайлбараар нотлогддог бөгөөд энэ талаараа Ё.Нэргүй нь шүүх хуралдаанд “... би 2002-2013 онуудад Галт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан. Тухайн үеийн засаг дарга Ганбаатарын шийдвэрээр томилогдсон төрийн албан хаагч бөгөөд засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ... ” гэх тайлбар,

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлд Төрийн үйлчилгээний албан тушаалыг заасан бөгөөд 9.1.2-т “ ... боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх албан тушаалыг төрийн үйлчилгээний албан тушаал ” -д хамруулжээ.

Үүнээс дүгнэхэд Ё.Нэргүйг төрийн үйлчилгээний албан тушаалтан буюу Галт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь хэрэг авагдсан албан томилолтын хуулбарууд, зохигчдын тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т  “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах ... эрхтэй” гэж, 

мөн  Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа” гэсэн 5 дугаар бүлгийн 29 дүгээр зүйлд “ Төрийн албан хаагчид дараах нөхөх төлбөр олгоно ... 29.2.1-д “албан томилолтын зардал” гэж тус тус заажээ.

            Нэхэмжлэгч Ё.Нэргүйгийн Хөвсгөл аймгийн Галт сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа сумын Хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр бариулах ажлыг хөөцөлдөн удаа дараа томилолтоор явж, явсан зардлаа одоог хүртэл аваагүй ийм учраас тухайн үеийн томилолтынхоо зардал болох 3.047.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. Тухайлбал:         

            2010 оны 6 дугаар сарын 19-26-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ болон БСШУ-ны яаманд 5 хоног ажиллаж үүргээ гүйцэтгэсэн учир томилолтын зардлыг 100 хувиар 160.500 төгрөг олгохыг зөвшөөрсөн, 

            2010 оны 10 дугаар сарын 15-26-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ болон БСШУЯ- нд 10 хоног ажиллаж үүргээ гүйцэтгэсэн учир томилолтын зардлыг 100 хувиар 170.200 төгрөг олгохыг зөвшөөрсөн, 

            2010 оны 12 дугаар сарын 19-29-ний өдрүүдэд аймгийн төвд 3, Улаанбаатар хотод 4 хоног, нийт 9 хоног ажиллаж үүргээ гүйцэтгэсэн учир томилолтын зардлыг 100 хувиар 165.000 төгрөг олгохыг зөвшөөрсөн, 

            2011 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 06-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ болон Улаанбаатар хотод УИХ-ын Тамгын газарт нийт 8 хоног ажиллаж үүргээ гүйцэтгэсэн учир томилолтын зардлыг 100 хувиар 176.000 төгрөг олгохыг зөвшөөрсөн, 

           2011 оны  4 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-т 3 хоног, Улаанбаатар хотод 3 хоног ажиллаж үүргээ гүйцэтгэсэн учир томилолтын зардлыг 100 хувиар 122.880 төгрөг олгохыг зөвшөөрсөн, 

            2011 оны  8 дугаар сарын 06-24-ний өдрүүдэд аймгийн ЗДТГ-т 6 хоног, Улаанбаатар хотод  14 хоног ажиллаж үүргээ гүйцэтгэсэн учир томилолтын зардлыг 100 хувиар 201.000 төгрөг олгохыг зөвшөөрсөн, 

           2012 оны  02 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд аймгийн ЗДТГ-т 3 хоног, ажиллаж үүргээ гүйцэтгэсэн учир томилолтын зардлыг 100 хувиар 144.000 төгрөг олгохыг зөвшөөрсөн, 

           2012 оны  3 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд аймгийн ЗДТГ-т 3 хоног ажиллаж үүргээ гүйцэтгэсэн учир томилолтын зардлыг 100 хувиар 72.000 төгрөг олгохыг зөвшөөрсөн, 

           2012 оны  9 дүгээр сарын 08-15-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-т 6 хоног, Улаанбаатар хотод УИХ-ын Тамгын газарт 3 хоног ажиллаж үүргээ гүйцэтгэсэн учир томилолтын зардлыг 100 хувиар 192.500 төгрөг олгохыг зөвшөөрсөн, 

           2012 оны  10 дугаар сарын 01-09-ний өдрүүдэд аймгийн ЗДТГ-т 2 хоног, Улаанбаатар хотод УИХ-ын Тамгын газарт 9 хоног ажиллаж үүргээ гүйцэтгэсэн учир томилолтын зардлыг 100 хувиар 225.500 төгрөг олгохыг зөвшөөрсөн, 

 2012 оны  12 дугаар сарын 03-15-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-т 13 хоног, ажиллаж үүргээ гүйцэтгэсэн учир томилолтын зардлыг 100 хувиар 219.000 төгрөг олгохыг зөвшөөрсөн, нийт 1.848.580 төгрөгийн албан томилолтын зардлыг нэхэмжлэгч Ё.Нэргүйд олгоогүй болох нь хэрэгт авагдсан санхүүгийн баримтууд болон бусад бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэгээр нотлогдож байна.

          Харин  нэхэмжлэгчийн 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-т                          8 хоног, Улаанбаатар хотод 7 хоног ажиллаж үүргээ гүйцэтгэсэн учир томилолтын зардлыг 100 хувиар 324.000 төгрөг олгохыг зөвшөөрсөн цохолттой баримтыг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагад тус 324.000 төгрөгийг гаргуулахаар оруулаагүй,

           Япон улсын элчин сайдын яамны “Өвчний үндэс” хөтөлбөрт 50 хүүхдийн өргөтгөлийн барилга хөөцөлдөж явсан 2013 оны 04 дүгээр сарын 455.000 төгрөг,

           Хөвсгөл аймгийн хаагдсан хөрөнгө оруулалтыг хөөцөлдөж Галт сумын Хүүхдийн цэцэрлэгийн 513 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэний 2013 оны 5, 6 сарын  744.000 төгрөгийн томилолт нь  “ ... Галт сумын засаг дарга Д.Эрдэнэхуяг болон засаг даргын тамгын газарт байгаа ... ” гэж нэхэмжлэл, тайлбартаа мэдүүлдэг боловч холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй байх тул Ё.Нэргүйгийн албан томилолтын зардал болох 3.047.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хасч гаргах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч  Хөвсгөл аймгийн Галт сумын Хүүхдийн цэцэрлэгээс 1.848.580 / нэг сая найман зуун дөчин найман мянга таван зуун ная / төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч Ё.Нэргүйд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.198.920 / нэг сая нэг зуун ерэн найман мянга есөн зуун хорин / төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч Ё.Нэргүй нь томилолтынхоо зардлыг өмнө нь шүүхэд хандан гаргуулах боломжгүй байсан болох нь түүний шүүх хуралдаан дээр өгсөн... Тухайн үед албан томилолтын зардал гаргуулах талаар сумын Засаг даргад танилцуулж байсан. Барилгаа барьсны дараа албан томилолтын зардлыг гаргах боломжтой, мөн шагнал урамшуулал ч гэсэн олгоно, томилолтынхоо материалуудаа хадгалж бай гэж байсан. 2013 онд сумын Засаг дарга өөрчлөгдөн Б.Эрдэнэхуяг гэдэг хүн Засаг даргад томилогдсон байхад би энэ томилолтынхоо талаар ярихад чи эрүүгийн хэрэгт холбогдсон учраас энэ хэргийнхээ дараа томилолтын зардлынхаа асуудлыг шийдвэрлүүл гэж байсан... гэх тайлбар,

Мөн Ё.Нэргүй нь 2013 оноос 2016 оны хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан, 2016 оны 5 дугаар сарын 18-ний өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн  болох нь түүний шүүхэд гаргаж өгсөн   Булган,Орхон, Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 96 дугаартай магадлалын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлсэн баримтаар нотлогдож байна.

          Хариуцагч Галт сумын засаг даргын Тамгын газар болон Галт сумын хүүхдийн цэцэрлэг нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар ирүүлсэн хэдий ч  хариуцагч Галт сумын засаг даргын Тамгын газрын дарга И.Ганбаатар шүүх хуралдаанд “... давхардаагүй бол томилолтын зардлыг олгохыг зөвшөөрч байна ...” гэх тайлбар гаргаснаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нотлох баримтаар Ё.Нэргүйгээс гаргаж өгсөн томилолтын хуудас болон  бэлэн мөнгөний баримт дээр тухайн үед ажиллаж байсан Галт сумын засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтан баталгаажуулж / цохолт хийж / зардлыг олгох талаар дурдаж гарын үсэг зурсан байх тул хариуцагчаар оролцож байгаа Галт сумын засаг даргын Тамгын газрыг тухайн харилцаан дахь үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байна гэж үзлээ.

         Харин хариуцагч Хүүхдийн цэцэрлэгийн “... нэхэмжлэгчийн 3.047.500 төгрөгийг төлөхгүй, Ё.Нэргүй нь эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тухайн үед томилолт болон замын зардлыг авч явж байсан нь 2012, 2013 оны баримтуудаас харагдаж байна ...” гэж тайлбарлаж байх боловч бодит байдал дээр нэхэмжлэгч Ё.Нэргүй нь  тус албан томилолтыг авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба Галт сумын Хүүхдийн цэцэрлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

          Хүүхдийн цэцэрлэгээс нотлох баримтаар гаргаж ирүүлсэн 30 хуудас хуулбар баримтуудыг нотариатаар гэрчлүүлээгүй ирүүлсэн ба үүнийгээ нотариатчаар гэрчлүүлэн шүүх хуралдаан дээр 27 хуудас баримтыг гаргаж өгсөн боловч Галт сум дахь нотариатчийн үүрэг гүйцэтгэгч И.Ганбаатар буюу тус иргэний хэргийн хариуцагч  Галт сумын ЗДТГ-ын дарга ажилтай И.Ганбаатар “хуулбар үнэн зөвийг гэрчлэв” дардас дарж ирүүлсэн учир дээрхи баримтуудыг үнэлэх боломжгүй ба  “Ё.Нэргүйд албан томилолтын зардал 3.047.500 төгрөгийг олгох боломжгүй ” гэдгээ нотлож чадахгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

 1. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1-д зааснаар  хариуцагч Хөвсгөл аймгийн Галт сумын Хүүхдийн цэцэрлэгээс 1.848.580 / нэг сая найман зуун дөчин найман мянга таван зуун ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.Нэргүйд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.198.920 /нэг сая нэг зуун ерэн найман мянга есөн зуун хорин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай .

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ёндоншаравын Нэргүйгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилсан төлсөн 70.000 / далан мянга/ төгрөгөөс 63.710 / жаран гурван мянга долоон зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6.290 /зургаан мянга хоёр зуун ер/ төгрөгийг буцаан, Хөвсгөл аймгийн Галт сумын Хүүхдийн цэцэрлэгээс 44.527 / дөчин дөрвөн мянга таван зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж  тус тус  нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХТУЯА