Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 264

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 3 дугаар багт байрлах, Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын нэхэмжлэлтэй, 

        Хариуцагч: Увс аймгийн Малчин сумын Цалгар багт оршин суух, 1958 онд төрсөн, регистрийн дугаар ОЖ58030101, Харалган овогтой Амьтаны Дуламжавт холбогдох,

        Худагны барилгын үнэ 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Долгормаа, хариуцагч А.Дуламжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга М.Улаанхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11, 70.4 дүгээр зүйл, Засгийн газрын 2015 оны 439 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2016 оны 126 тоот тушаалыг тус тус үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд орон нутгийн өмчийн тооллогыг зохион байгуулж ажиллахад Малчин суман дахь худгийн барилга нь данс бүртгэлийн хувьд маргаантай гэж үзэх үндэслэл байсан. Уг худаг нь 1962 онд ашиглалтанд орсон. 2006 онд худгийн ундаргийг сэргээхэд иргэн А.Дуламжав усны насосыг авч тавин, сэргээн засварласан зардлын 10 хувийг төлж сумын иргэдийг ундны усаар хангах үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн тайлбарыг сумын Засаг даргын Тамгын газраас өгсөн. 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр уг цооног дээр худгийн барилга бариулж Засаг даргын Тамгын газрын данс бүртгэлд тусгасан байна. Худгийн барилгын анхны өртөг нь 3.000.000 төгрөг. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 46 тоотоор сумын Засаг даргын Тамгын газраас худгийн барилгыг данс бүртгэлээс хасуулах санал ирсэний дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж хэлэлцүүлэхэд маргаантай хөрөнгийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх чиглэл өгсөн. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2.75 дугаар зүйлийн 1 дэх заалтууд зөрчигдөж байна гэж үзэж байгаа тул дээрх худгийн барилгын үнэ 3.000.000 төгрөгийг иргэн А.Дуламжаваар төлүүлж өгнө үү” гэжээ.  

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Долгормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн орон нутгийн өмчийн тооллого 4 жилд нэг удаа явагддаг бөгөөд уг ажлын хүрээнд Малчин сумын Засаг даргын Тамгын газраас 2013 онд төсвийг хөрөнгийг зориулалт бусаар буюу хувь иргэнд хөрөнгө оруулж, А.Дуламжавын өмч болох худагт засвар үйлчилгээ хийлгээд, тайлан балансдаа “Худгийн барилгын үнэ 3.000.000 төгрөг” хэмээн тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл одоо энэ худаг нь хувь иргэний хөрөнгө бус орон нутгийн өмч болсон гэсэн үг. Иймд энэ хөрөнгө нь Төсвийн тухай хууль болон орон нутгийг хөгжүүлэх журмыг зөрчсөн зөрчил байгаа тул хариуцагч А.Дуламжаваас худгийн барилгын үнэ 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

           Хариуцагч А.Дуламжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие уг худгийг 2003 оноос хойш хувьчилж аваад, эзэмшиж байгаа ба сумын иргэдийг усаар хангаж байна. 2013 онд намайг сумын удирдлагууд дуудаж, “Таны худгийн барилгыг сэргээн засварлах саналыг иргэдээс ирүүлж бид төлөвлөгөөндөө тусгасан. Сумын 90 жилийн ой болох гэж байгаа тул 3.000.000 төгрөгөөр та засвараа хий” гэж хэлээд өгсөн. Тухайн мөнгөөр би байрны засвар хийж, цахилгаанд холбосон ба гаднах довжоо, орчныг мөн шинэчилсэн. Өдөрт би 1.200 төгрөгийн орлотой л усаа түгээдэг. Энэ 3.000.000  төгрөгийг би төлөх чадваргүй.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Нэхэмжлэгч Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас хариуцагч А.Дуламжавт холбогдуулан худагны барилгын үнэ 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.   

          Хариуцагч нь “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

       Увс аймгийн Малчин сумын Засаг даргын Тамгын газраас тус сумын 90 жилийн ой угтсан ажлын хүрээнд тус сумын төвд байрлах 1962 онд ашиглалтад орж, 2003 онд иргэн А.Дуламжавт хувьчлагдсан худгийг сэргээн засварлахад орон нутгийг хөгжүүлэх сангаас 3.000.000 төгрөгийг гарган зарцуулсан талаар талууд тайлбарлаж, энэ талаар маргахгүй байна.

      Гэтэл нэхэмжлэгч дээрх 3.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зөвхөн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/113 тоот тогтоолыг хавсралтын хамтаар ирүүлсэн ба уг тогтоолоос үзэхэд аймгийн Орон нутгийн өмчийн газарт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс өгсөн үүрэг, үйл ажиллагааны чиглэл байна.

        Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс хариуцагч А.Дуламжавын өмчлөлийн эд хөрөнгөд ямар зорилгоор, ямар эх үүсвэрээр, яагаад 3.000.000 хөрөнгийг зарцуулах болсон, мөн тухайн худгийн барилгыг орон нутгийн өмчид бүртгэсэн бол уг хөрөнгийг зарцуулсан тайлан тооцоо, эд хөрөнгөө хүлээн авсан акт зэрэг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан.

         Иймд нэхэмжлэгч нь өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй ба хариуцагч А.Дуламжавыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, өөртөө давуу байдал олж авсан гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч А.Дуламжавт холбогдох “Худагны барилгын үнэ 3.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч А.Дуламжавт холбогдох “Худагны барилгын үнэ 3.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА