| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0137/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/114 |
| Огноо | 2021-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/114
2021 05 19 2021/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч И.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овгийн И.Д холбогдох эрүүгийн 2134000000153 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, туслах ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Төв аймгийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1, 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,
Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 01 жил 06 сар хорих ялыг 01 жил тэнсэн харгалзах ялаар,
Тав аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 07 жил 06 сар хорих ялаар,
Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 281 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Б овгийн И.Д,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч И.Д нь 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутагт Б.Ш маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч И.Д:
...Урьд мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тэгээд ч гэм буруугаа хүлээж хохирогчид хохирол гэж 100.000 /нэг зуун мянга/ төгрөг өгсөн, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж прокурортой ял тохиролцож, санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2134000000153 дугаартай хэрэгт хохирогч Б.Ш /хх-ийн 4 дүгээр хуудас/, гэрч И.Д /хх-ийн 6 дугаар хуудас/, яллагдагч И.Д /хх-ийн 17 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 163 дугаартай дүгнэлт /хх-ийн 9 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Б.Шяаралтай тусламжийн хуудас /хх-ийн 8 дугаар хуудас/, хохирогч Б.Ш гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 67 дугаар хуудас/, шүүгдэгч И.Д хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 21-63 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч И.Д нь 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутагт Б.Ш маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
Хохирогч Б.Ш ..2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай хоёр найз хөдөөнөөс ирээд байж байгаад би Д утсаар дуудаад тэгээд удалгүй Д ирэхээр хараа 0.75 литрийн нэг шил архи хувааж ууж байгаад Дамбынх руу явсан. Тэгээд нэг шил архиа хувааж уугаад сууж байтал. Д бид хоёр маргалдаж байгаад бид хоёр заамдалцаж аваад намайг түлхэхээр нь би газарт унасан тэр үед юм мөргөчих шиг болсон яг юу мөргөсөн гэдгээ мэдэхгүй байна. Тэгээд би шууд гэрээс гараад явсан. Д гэрээд гараад явсан эсхүл гэрт байсан гэдгийг нь мэдэхгүй байна... /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Гэрч И.Д ... 2021 оны 04 дүгээр сарын 18-ны орой 19 цаг өнгөрч байхад Шинэбаатар над руу залгаж дуудахаар нь гэрт нь яваад очсон чинь хараа гэх 0.75 литрийн 2 шил архи байхаар нь нэгийг нь тэднийд уучхаад үлдсэн нэг шил архийг нь аваад Дамбынд очоод нөгөө шил архиа хувааж уугаад сууж байтал Ш надтай хэрүүлийн шинжтэй юм яриад байхаар нь болиод өнгөрсөн баларсан юм битгий яриад бай гэсэн чинь Ш намайг заамдаж аваад түлхэж унагаахаар нь би босож ирээд зөрүүлээд түлхсэн чинь унах шиг болсон унахдаа пийшин мөргөж байгаа харагдсан. Тэгээд би шууд гараад гэр рүүгээ явсан. Намайг Дамбынхаас гарах үед Ш толгойны орой хэсгээрээ халцарчихсан, цус гарч байгаа харагдсан”... /хх-ийн 6 дугаар хуудас/,
яллагдагч И.Д ... Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ өөрийн мэдэх бүх зүйлээ мэдүүлсэн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйсан”... /хх-ийн 17 дугаар хуудас/,
шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 163 дугаартай ...Б.Ш биед зулай, хөмсөгт шарх бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 09 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Б.Ш яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 8 дугаар хуудас/, хохирогч Б.Ш гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 67 дугаар хуудас/, шүүгдэгч И.Д хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 21-63 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч И.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч И.Д гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч И.Д 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутагт Б.Ш маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл прокуророос шүүгдэгч И.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тухайн гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч И.Д нь хохирогч Б.Ш маргалдаж барилцан авснаар сэдэлт, санаа зорилго төрж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн гэмтэл учруулснаар гэмт хэрэг төгссөн байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зүйтэй байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохих, түлхэх, унагаах зэрэг энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч И.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч И.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч И.Д нь хохирогч Б.Ш биед зулай, хөмсөгт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч И.Д хохирогч Б.Ш нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал тус тус нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хохирогчид 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг эмчилгээнд нь хэрэглэх зорилгоор өгсөн бөгөөд хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан хохирогч Б.Ш мэдүүлэг, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай /хх-ийн 67 дугаар хуудас/ хүсэлтээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч И.Д энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч И.Д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзэж оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг гурван зуун цагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ.
Шүүгдэгч И.Д оногдуулсан гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч И.Д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2134000000153 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч И.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн И.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн И.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн И.Д шүүхээс оногдуулсан гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн И.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б овгийн И.Д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2134000000153 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч И.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн И.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн И.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН