Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 19

 

З.Б өд холбогдох

                                                                      эрүүгийн хэргийн тухай                                                                   

Хэргийн индекс 132/2015/0010/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                              

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   З.Б

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Д.Оюунчимэг

           Хохирогч                                                          Г.Э

           Хохирогчийн өмгөөлөгч                           Э.Нарангарав

           Нарийн бичгийн дарга                              С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолтой З.Б өд холбогдох 201506000106 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч З.Б , түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг, хохирогч Б.Мягмар, түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт З. Б .

 Шүүгдэгч З.Б  нь 2015 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр баг Гандан хороо гурилын үйлдвэрийн хашааны урд талын шороон зам дээр Д.Б болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б овогт З.Б ийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч З.Б ийг  4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасныг баримтлан Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч З.Б өд оногдуулсан 4 жилийн хорих ялаас  өршөөн хэтрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг үс, шороо, хумс, Экс нэртэй 0.5 литрийн архи 1 ширхэг зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт усгах комисст даалгаж, хар өнгийн ноосон малгай, саарал өнгийн подволк, хар өнгийн ноосон цамц, цайвар өнгийн эрээн цамц, хөвөнтэй дээл, ногоон өнгийн хүрэм, дотоож, хос хар гутал, хос цагаан өнгийн бээлий, бүс, хос хөлийн ороолт, хар өнгийн оймс, хар өнгийн  дотуур өмд, хайрцагтай хар өнгийн 2 нүдний дуран, атвёрка 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г. Эрдэнэцэцэгт, 2015 оны 4 дүгээр  сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож “Экстрал” маркийн 32-02 БУЛ улсын дугаартай авто машин,  4 ширхэг дугуй, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт өмчлөгч эзэмшигч З. Б өд тус тус олгохыг шүүгчийн туслах Өсөхбаярт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч З. Б өөс 8х7 харьцаатай палкаар хийсэн урд талдаа 3 модон цонхтой 3х6 харьцаатай үүдний таамбартай, төмөр дээвэртэй, хуучин эдэлж хэрэглэж байгаа байшин, 50 тооны 3-4 насны эм хонь зэргийг гаргуулж хохирол нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх зардалд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

Шүүгдэгч З.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар шүүгдэгч З.Б 9158838 төгрөг гаргуулж, хохирогч Б.М Г. Энарт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 1000000 төгрөг, тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү 24122050 бүгд 25122050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, малчин авч ажиллуулсаны хөлс болон олох байсан орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 52800 төгрөгийг шүүгдэгч З. Б өөс гаргуулж Булган аймаг дахь шүүхийн тамгын газарт олгож,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдолдоо:   

 “...З.Б өд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд талийгаачийн цогцост анх задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргасан шинжээч эмч Д.Ганчимэг онлайнаар оролцсон юм. Гэтэл шүүгч шүүх хуралдаанд түүний өгсөн мэдүүлгийг шийтгэх тогтоолд бичээгүй орхисон байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн холбогдох заалтууд, мөн хуулийн 16 дугаар бүлэгт заасан нотлох баримтыг шалгаж үнэлэхтэй холбоотой заалтуудыг зөрчсөн байна.

Талийгаач нь Б тэй хамт Амараагийн гэрээс гарч явсан юм бол түүнээс хойш 7-8 цагийн дараа нас барсан болохыг цогцос нь үзлэг хийх үед хөрөөгүй байснаар шинжээч тайлбарлаж ярьсан. Шүүгч энэ тун ноцтой нотлох баримтыг нотлох баримтаас хасаагүй, судлахаас татгалзаагүй байхад яагаад түүнийг ямар нэг байдлаар үнэлээгүй нь ойлгомжгүй байна. Тэр шөнө болон үүрээр 6-7 цагийн гурилын үйлдвэрийн хашаанд хэд хэдэн машин орж гарсан асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаагүй орхисон нь хамгийн ноцтой асуудал юм. Тэдгээр олон тээврийн хэрэгслүүдийн мөр нь Б ийн машины дугуйны мөртэй ерөнхий шинжээрээ ганц нэг нь тохирохоос бусдаар буюу хувийн шинжээрээ тохирохгүй байгаа талаарх шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлээгүй. Шүүхээс Б ийг бусдыг болгоомжгүй алсан гэж үзэж байгаа нотлох баримтуудын аль нь ч түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй юм. Иймд хэргийг хянаж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож З.Б ийг цагаатгаж өгнө үү” гэжээ.   

Хохирогч Б.Мягмар, түүний өмгөөлөгч Э.Нарангарав нар давж заалдах гомдолдоо:

“... Эрүүгийн 201506000106 дугаартай З.Б өд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд гаргасан шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 24.122.050 төгрөг, цаашид сар бүр олгогдох 680.133 төгрөгийг хүүхдийг хуулийн дагуу насанд хүрэх хүртэл гэм хор учруулсны тэтгэмжийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийг зөрчсөн.

Учир нь шүүхээс цагаатгах тогтоол гарах үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ганцхан тохиолдол байхыг хуульчилж өгсөөр атал гэм буруутайг тогтоосон дээрх эрүүгийн хэргийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цаашлаад иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь бүрэн хааж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Ниссан Экстрэйл маркийн 32-02БУЛ улсын дугаартай автомашиныг З.Б өд олгож шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-ийг зөрчсөн гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар заасан байдаг тул дээрх автомашиныг хохирол нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлүүлэх хүсэлтэй байгаа болно. Иймд дээр дурдсан давж заалдах гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолд 24.122.050 төгрөг, талийгаач Б.Баянжаргалын асрамжинд үлдсэн охин Б.Амаржаргалыг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сар бүр 680.133 төгрөг гаргуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Ниссан Экстрэйл маркийн 32-02БУЛ улсын дугаартай автомашиныг хохирол нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцуулахаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

  Шүүгдэгч З.Б  давж заалдах гомдолдоо:

“... Шүүх намайг Д.Б болгоомжгүйгээр алсан гэж гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Би энэ хэргийг үйлдээгүй. Шүүх намайг хилсээр шийтгэсэн гэж үзэж байна. Тэр шөнө биднийг хамт гараад явсан гэдэг боловч талийгаач миний машинд суугаагүй. Би түүнийг дайрч амь насыг нь хөнөөгөөгүй. Хэрэв би түүнийг дайрсан бол миний машины дугуйнд ул мөр ядахдаа цус үлдэх ёстой. Гэтэл машинаас ямар ч ул мөр, цус илрээгүй. Шүүхийн намайг буруутай гэж үзээд байгаа нотлох баримтуудын нэг нь ч энэ хэргийг намайг үйлдсэн гэдгийг нотлоогүй юм. Талийгаачийн нас барсан тэр газарт олон тооны машины мөр байсан бөгөөд тэдгээр нь бүгд миний машины мөр байгаагүй. Ийм 16.65-тай хээтэй дугуй нь олон төрлийн машинд таардаг. Тэр шөнө гурилын үйлдвэрээс олон машин гарсныг цагдаа нар шалгаагүйд гомдолтой байна. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч н.Ганчимэг нь талийгаачийн нас барсан цагийг задлан шинжилгээ хийхээс 12 цагийн өмнө гэж хэлж байсан. Задлан шинжилгээг орой 19 цагийн үед хийсэн гэж хэлснээс нь үзвэл өглөө үүрээр 6-7 цагийн үед дайрагдсан байх боломжтой юм байна лээ. Гэтэл би Амраагийнхаас орой 23 цагийн үед гараад явсан шүү дээ. Миний хөдлөөд явах үед талийгаач дайрагдсан гэх ямар ч үндэслэлгүй юм. Миний гараад явсан цаг хугацааг шүүх анхаарч үзсэнгүй.  Иймд намайг гэм буруугүй гэдгийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тогтоож өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн тул өөрчлөлт оруулах саналтай байна…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаас дүгнэвэл:

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.6-д заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байхад З.Б өд холбогдох хэргийг шийдвэрлэж, түүнийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулжээ.

Булган аймгийн Прокурорын газраас З.Б ийг 2015 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр баг Гандан хороо Гурилын үйлдвэрийн хашааны урд талын шороон зам дээр хохирогч Д.Б болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Прокурорын яллах дүгнэлтэд “ ... хохирогч Д.Б болгоомжгүй алсан ...” гэж тодорхой бус тусгагдсан, өөрөөр хэлбэл дээрх гэмт хэргийг хэрхэн, яаж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл тогтоогдоогүй байна.

 Гэмт этгээд гэмт хэрэг санаатай үйлдэхдээ тээврийн хэрэгслийг зэвсэг, хэрэгсэл болгон ашигласан тохиолдолд гэмт этгээдийн үйлдлийг хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр зүйлчилнэ. 

Харин хавтаст хэрэгт авагдсан Задлан шинжилгээний 20 дугаартай дүгнэлтэнд “...Авто осол. Цээж хэвлийн хавсарсан битүү гэмтэл ...” гэж /хх 65/, шинжээчийн 60   дугаартай дүгнэлтэд “... амь хохирогчийн бүсэнд үүссэн цооролт нь хүчтэй үйлчлэлийн нөлөөгөөр үүссэн шинэ цооролт...” гэж /хх 223-224/ тус тус дүгнэсэн,

түүнчлэн шинжээч Г.Ганчимэгийн “... талийгаачийн биед үүссэн зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн налуу хэмийн хүчний үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар дээрхи гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэхээр байна.

            Замын Цагдаагийн Газрын шинжээч нарын дүгнэлтүүдээр “...шалтгаан тогтоох боломжгүй...” гэсэн байх боловч Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмын аль заалтыг хэн, хэрхэн зөрчсөн, осолд нөлөөлсөн шалтгаан зэргийг заавал тогтоосон байхыг шаардана.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх эрхтэй хэдий ч дээрх гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.6 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг  нарийвчлан тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч З.Б , түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг, хохирогч Б.Мягмар, түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч З.Б , түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг, хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болохыг дурьдсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч З.Б өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.                 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ё.БЯМБАЦЭРЭН

                                         ШҮҮГЧИД                                                         С.ЦЭЦЭГМАА                                                             

                                                                                       С.УРАНЧИМЭГ