Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг,18-р хороо, 13-р хороолол,11-р байр,141 тоотод байрлах “ Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох,

            “Ц” ХХК-ийн 2019 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн захирал Д.Э,  хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Ц" ХХК-ийг төлөөлөн захирал Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай "Ц” ХХК нь 2015 оны 5 сард Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт байрлах Дэлт хэмээх газар ХҮ-018151 дугаартай ашигг малгмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ.

Манай компани Монгол Улсын холбогдох хууль тогтоомжууд болон төрийн, мэргэжлийн байгууллага, албан тушаалтнаас гаргасан дүрэм, журам, тушаал, шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг бөгөөд геологи хайгуулын хээрийн судалгааны ажлуудыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, өндөр зохион байгуулалттай төлөвлөж, орон нутгийн удирдлага, ард иргэдийн хүндэтгэл дор хуулийн хүрээнд хамтран ажиллаж геологи хайгуул, судалгааны ажлаа хийж гүйцэтгэж ирсэн.

Гэтэл 2016 оны орон нутгийн сонгуулийн дараагаас Өндөрхангай сумын удирдлагууд солигдож манай компаний үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болгож сүүлийн жилүүдэд төлөвлөсөн гоелоги хайгуулын ажил байнга зогсох боллоо.

2018 онд гэхэд л Өндөрхангай сумын засаг дарга Ц.С нь манай "Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө"-г батлан өгөөгүйгээс бидний ажил зогсонги байдалд орж, тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан гомдол гаргасан байдаг. Тус хэргийг шүүх хуулийн хүрээнд хянаад Өндөрхангай сумын засаг дарга Ц.С манай компанийн "Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө”-г батлахгүй байсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Уг хэрэг нь Ц.С гомдлоор нийслэлд давж заалдах журмаар хянан, хэлэлцэгдэж Захиргааны Хэргийн Давж Заалдах затны шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал хүчин төгөлдөр болсноор дуусгавар болсон.

Ингэж шүүх хуулийн дагуу бидний талд хэргийг шийдвэрлэснээр бид 2018 оныхоо төлөвлөгөөг батлуулж, тусгай зөвшөөрлөө дахин 3 жилээр 2021 он хүртэл сунгуулан Ашигт малтмалын газар батлуулсан.

2019 он эхлэхтэй зэрэгцэн бид энэ онд хийх ажлаа төлөвлөн 2019 оны "Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх төлөвлөгөө"-гөө хуулийн дагуу батлуулахаар Өндөрхангай сумын дарга Ц.С-д 2019.01.15, 2019.01.17, 2019.03.26-нд тус тус хаяглан явуулсан боловч бидэнд ямар нэгэн албан хариу ирүүлээгүй болно. Ц.С нь өөрийн уг үйлдэлээ хууль бус болохыг түрүү жилийн шүүх хурлаас хангалттай тодорхой ойлгосон боловч зориудаар хууль зөрчин дахин хүнд суртал гаргаж байгаад туйлын харамсалтай байна.

Ингээд манай компани нь арга буюу Өндөрхангай сумын Засаг даргын шууд харъяалах дээд шатны удирдлага болох Увс аймгийн Засаг даргад гомдол гаргасан болно. Аймгийн Засаг дарга мөн л түрүү жилийн адилаар тодорхойгүй ойлгомжгүй хариу ирүүлсэн учраас бид ийнхүү шүүхэд дахин хандаж байна. Энэ байдлаар жил болгон шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх нь манай компанийн үйл ажиллагаанд нэн хохиролгой, байнгын ажил зогсонги байдалд орж, хугацаа алдсанаас төлөвлөсөн ажлаа маш шахуу хугацаанд хийж гүйцэтгэхэд хүрч, хайгуулын үйл ажиллагаа ахицгүй удааширсан байдалд орсноос зардал ихэсч төсөв хөрөнгөд хүртэл хүндрэл учруулж байна. Хагйуулын үйл ажиллагаа нь байгаль, цаг уурын байдлаас ихээхэн хамааралтай, улирлын чанартай ажил билээ.

Монгол улсын үндсэн хуульд орон нутгийн удирдлага нь төрийн бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага гэж заасан байдаг. Гэтэл Өндөрхангай сумын Засаг дарга уг үүргээ хэрэгжүүлдэггүй, хуулиа мэдсээр байж зориудаар биелүүлдэггүй.

Иймээс манай компани 2019 оны 5 дугаар сарын 26-30-ны хооронд бие төлөөлөгчөө Өндөрхангай сум руу явуулж Ц.С-тай уулзан төлөвлөгөө батлахыг биечлэн уулзаж хүссэн боловч баталж өгөөгүй.

Бид нутгийн иргэдтэй найрсаг харилцаатай очиж ажиллах үедээ гэр орноор нь орж гарч бие биедээ боломжоороо туслалцан өдий хүрсэн. Манай компани хайгуулын талбайдаа Археологи, Палентлогийн судалгаа хийлгэж түүний дагуу ажлаа төлөвлөн явууддаг бөгөөд манай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 4200 га талбайд хуулиар хориглох аливаа археологи, палентлогийн ховор олдвор, нутгийн иргэдийн өвөлжөө хаваржаа ч байхгүй, гол төлөв боржин дов толгод бүхий газар юм.

Манай компанийн зүгээс Өндөрхангай сумын Засаг даргад төлөвлөгөөгөө батлуулахаар хандсан боловч сумын Засаг даргаас баталж өгөхөөс татгалзсан хариу өгсөн.

Иймээс Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын "Ц" ХХК-ийн 2019 оны Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахаас татгалзсан татгалзал буюу эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, "Цогш" ХХК-ийн 2019 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг даалгаж өгнө үү” гэв.

            Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 64 тоот албан бичгийг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат-д хүргүүлсэн. Энэ албан бичгийн хариу нь бид үүнийг мэдэхгүй тухайн дээд шатны байгууллагад нь хандана уу? гэж ирсэн учир бид Ашигт малтмал газрын тосны газарт бус Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх буюу танай байгууллагад нэхэмжлэл гаргасан. Харин энэ удаад Ашигт малтмал газрын тосны газарт сумын Засаг даргын зүгээс манай суманд 2015 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх авсан бүх компаниудын тусгай зөвшөөрлийн эрхийг хуулийн дагуу шийдвэрлэж хүчингүй болгож өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлж байгаа. “Ц” ХХК нь, “Дэлт” нэртэй Х\/-018151 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 05 дугаар сарын 01-нд тус сумын иргэдийн эрх ашгийг хөндөн тухайн үеийн аймгийн эрх барьж байсан дарга нар олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх заалтын дагуу сумын ИТХ нь 2015 оны 04 дүгээр сарын 07-нд 9/04 дугаартай тогтоол гарган 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй гэсэн хариуг хуулийн дагуу хугацаанд нь өгсөн баримт, тухайн үед тэнд өвөлждөг, хаварждаг малчид энэ үйлдлийг эс зөвшөөрсөн гарын үсгээ зурж өгсөн баримт, тухайн үеийн ИТХ-ын тогтоол Үүнд: /тус талбай нь өвөлжөө, хаваржааны гол бүс нутаг юм/ гэж тогтоосон баримтуудыг өмнөх албан бичиг буюу 2019 оны 06 дугаар сарын 14-ны 110 тоот албан бичигтэй хавсарган хүргүүлсэн” гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. “Ц” ХХК нь 20 орчим мянган га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байдаг. Үүнээсээ хасалт хийлгэж одоо 4200 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Одоо эзэмшиж байгаа 4200 га газар нь Баяннуур, Цагааннуур багийн нутаг дэвсгэрийг дамнан оршдог. “Ц" ХХК-ийн анх зэмшсэн хайгуулын талбайд манай сумын Батсайхан, Цагааннуур багийн 20 гаруй өвөлжөө, 38 хаваржааны газар оршдог. “Ц” ХХК тайлбайгаа багасгаснаар малчдын өвөлжөө хаваржааны тоо багассан хэдий ч нутгийн иргэд малын бэлчээр хайгуулын талбайд хамаарч байна гэж хайгуулын үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэж тэмцсээр байгаа. Манай сумын Засаг даргын зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Ашигт малтмал газрын тосны газарт тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Иймд "Ц" ХХК-ийн шүүхэд гаргсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

               Нэхэмжлэгч “Ц” ХХК шүүхэд “Ц” ХХК-ийн 2019 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага   гаргажээ.

                 Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

                  Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “ Урд нь хариуцагчаас манай компанийн 2018 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг хариуцагч батлаагүй тул анхан болон давж заалдах шатны шүүхээс батлахыг даалгасан шийдвэр гарч хайгуулын тусгай зөвшөөрлөө 3 жилээр сунгуулсан байтал дахин 2019 оны төлөвлөгөөг үндэслэлгүйгээр батлахгүй  байснаараа компанийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна“ гэж тодорхойлжээ.

             Хариуцагчийн зүгээс “Ц” ХХК нь анх зөвшөөрөл авахдаа сумын иргэдийн эрх ашгийг хөндсөн. Сумын иргэд эсэргүүцэж гарын үсэг зурж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Дэлт” гэх газарт ашигт малтмалын хайгуул хийхийг зөвшөөрөхгүй тухай 2015 оны 4 сарын 7-ны өдрийн 9/04 дугаартай тогтоол гарган хариуг хуулийн хугацаанд өгсөн байтал зөвшөөрөл авсан. Мөн иргэдийн өвөлжөө, хаваржааны нутаг юм,Тусгай зөвшөөрлийн талаар Ашигт малтмал газрын тосны газарт болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

          “Ц” ХХК-д  Ашигт малтмалын газраас Увс аймгийн Өндөрхангай сумын Дэлт нэртэй газарт орших 20177.98 гектор талбайг хамарсан XV-018151 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2018 оны 05 сарын 11-ний өдөр хүртэл хугацаатайгаар 2015 оны 5 сарын 11-ний өдөр олгожээ.

         Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 17 дугаартай шийдвэрээр “Ц” ХХК-ийн 2018 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн 2018 оны уг төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэж байсан байх ба Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 сарын 23-ны өдрийн 221/МА/2018/0463 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

           “Ц” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтад Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 848 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 2021.05.11-ний өдрийг хүртэл сунгасан талаар тэмдэглэл хийгдсэн байна.

         2018 оны 4 дүгээр сард “Цогш” ХХК нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон хайгуулын талбайгаас 13244.43 га талбайг, 2019 оны 06 сарын 04-ний өдөр 2803.83 га талбайг тус тус буцаан өгч үлдэх 4129.73 га талбайд хайгуул хийхээр болсон нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралтад тэмдэглэгдсэн байна.

       Нэхэмжлэгч “Ц” ХХК нь 2019 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлуулахаар Өндөрхангай сумын Засаг даргад удаа дараа хандаж байсан  талаар талууд маргаангүй байгаа ба  “Ц” ХХК-ийн Өндөрхангай сумын Засаг даргад хаягласан 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай албан бичиг, хэрэгт авагдсан Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр дэх 23, 26, 131 дүгээрт бүртгэгдсэн бүртгэл зэргээр тогтоогджээ.

        Хэрэгт Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлээс хэрэгт ач холбогдол бүхий 2 хуудсыг байгууллагын хуулбар үнэн тэмдэг даруулан хавсаргасан байх боловч дэвтрийн хаяг бүхий нүүр хэсэг авагдаагүй байна.

      Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгчөөс тодруулахад уг хоёр хуудас баримт нь Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны ирсэн бичгийн бүртгэл мөн болох талаар тайлбар гаргасан болно.

        Өндөрхангай сумын Засаг дарга 2019 оны 06 сарын 14-ний өдрийн 109 дугаартай албан бичгээр “ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 22.1.12, Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.4, 19.4 дэх заалтыг үндэслэн гаргасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 сарын 07-ны өдрийн 9/04 дугаартай тогтоолыг зөрчиж хууль бусаар авсан тул тухайн төлөвлөгөөг баталж өгөх боломжгүй юм. Мөн Цагааннуур, Батсайхан гэсэн 2 багийн иргэдийн өвөлжөө, хаваржаа, оршуулгын газар байдаг тул энэ төлөвлөгөө баталж өгөх үндэслэл байхгүй болно” гэж төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуг өгчээ.

          Өндөрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 9/04 дугаартай тогтоолоор “Дэлт” гэх газарт ашигт малтмалын хайгуулын лиценз хүссэн хүсэлтийг зөвшөөрөх боломжгүйг уламжилахаар шийдвэрлэж энэ талаарх  2015 оны 04 сарын 07-ны өдрийн 01 тоот албан бичгийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлжээ.

         Мөн хариуцагчийн зүгээс хайгуулын талбайд нэр бүхий 8 иргэний өвөлжөө байрладаг талаар тодорхойлж газар эзэмшүүлэх тухай Өндөрхангай сумын Засаг даргын 2016 оны А/25, 2017 оны А/69, 2014 оны А/105 дугаартай захирамжуудыг хэрэгт хавсаргуулсан байна.

            Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д хайгуулын ажлын явцад үүссэн байгаль  орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах, мөн хуулийн 38.1.6-д тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулахаар  заажээ.

             Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан байна.

            Гэтэл хариуцагч Өндөрхангай сумын Засаг даргын зүгээс “Ц” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бус болохыг тогтоосон баримтгүй байхад “анх авахдаа хууль зөрчиж тусгай зөвшөөрөл авсан, иргэд зөвшөөрөхгүй тухай гарын үсэг зурсан” гэх үндэслэлээр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь дээр дурдсан хуулийн зохицуулалттай нийцээгүй, хууль бус болжээ.

            Мөн малчдад эзэмшүүлсэн өвөлжөө, хаваржааны доорх газар хайгуулын талбайд байршиж байгаа нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэл болохгүй бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д газар эзэмшигч нь газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх эрхтэй талаар, Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцахаар зохицуулсан байна.

            Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн ирүүлсэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг хянан үзэж холбогдох санал, өөрчлөлтийг тусгуулан батлах үүрэгтэй байх бөгөөд төлөвлөгөөг батлахаас татгалзах эрхийг хуулиар олгоогүй байна.

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ашигт малтмал газрын тосны газар, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд тус тус хандсан талаар дурджээ.

         Өндөрхангай сумын Засаг дарга 2019.08.22-ны өдрийн 151 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт нэр бүхий компаниудын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгөхийг хүссэн хүсэлтийг явуулсан байх ба Ашигт малтмал, газрын тосны газраас хүсэлтийн хариуг хүргүүлээгүй байгаа талаарх лавлагааг 2019.09.12-ны өдрийн 8/6358 дугаартай албан бичгээр, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргаас нэхэмжлэл гаргаж байгаагүй талаарх лавлагааг тус шүүхийн тамгын газрын 2019.09.09-ний өдрийн 2/4578 дугаартай албан бичгээр шүүхэд тус тус ирүүлсэн болохыг тэмдэглэв.

           Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь байгаль орчныг хамгаалах нөхөн  сэргээх төлөвлөгөөг батлахаас татгалзсан тухай албан бичгийг ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа талаар тайлбар гаргасан ба хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй тул шүүхээс дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоон, төлөвлөгөөг батлахыг даалгаж шийдвэрлэв.

            Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6, 38.2 дахь  хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын “Ц” ХХК-ийн 2019 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахаас татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн 2019 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад даалгасугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.