Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1157

 

 

 

 

 

 

 

 

 

Ли Санг Намын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын  24-ний өдрийн 101/ШШ2017/01043 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: БНСУ-ын иргэн Ли Санг Намын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Үүрийнтуяа болон Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох

 

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах  678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.Сайнбаяр, Я.Туяацэцэг нарын 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн, Я.Туяацэцэг, Б.Алдарбат нарын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн, Б.Алдарбат, Б.Үүрийнтуяа нарын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ тус бүрийг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, уг газрын өмчлөх эрхийг М.Сайнбаярын нэр дээр бүртгэхийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Баярмагнай,

Хариуцагч: Б.Үүрийнтуяа,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Одончимэг,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Батболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ли Санг Нам нь 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын иргэн Д.Эрдэнэчулуунаар зуучлуулан М.Сайнбаярын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээтэй Баянзүрх дүүрэг, 22 хороо, Өлгий 1 дүгээр гудамжны 0 тоотод байрлах 678.99 м.кв талбайтай газрыг харилцан тохиролцож 21 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Газар худалдаж авсан 21 000 000 төгрөгийг Ли Санг Нам нь М.Сайнбаярт бэлнээр хүлээлгэн өгсөн. Гадаад улсын иргэн газар өмчлөх эрхгүй байсан учир Ли Санг Нам нь өөрийн байрлаж байсан "Гүүд моонин" зочид буудлын ажилтан Я.Туяацэцэгийг гуйж түүний нэр дээр уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахын тулд М.Сайнбаяр, Я.Туяацэцэг нарын хооронд 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр уг газрыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ байгуулуулсан байдаг. Уг газрын өмчлөх эрхийг өөртөө шилжүүлсэн Я.Туяацэцэг БНСУ-д байсан учир Ли Сан Нам нь өөрийн менежер Б.Үүрийнтуяагийн нэр дээр тухайн газрыг захиран зарцуулах итгэмжлэлийг авахаар болсон ба 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.Үүрийнтуяа нь Солонгос Улсын Сөүл хот дахь Монгол Улсын консулын газар очиж тухайн маргаан бүхий газрыг захиран зарцуулах итгэмжлэлийг Я.Туяацэцэгээс авсан. Энэ итгэмжлэлийн дагуу Б.Үүрийнтуяа маргаан бүхий газрыг өөрийн дүү Б.Алдарбатын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэн 4 хоногийн дараа 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буцаагаад өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан байдаг. 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.Үүрийнтуяа нь Ли Санг Намд дээрх газрыг бусдад худалдах, шилжүүлэх эрхтэй итгэмжлэлийг хийж өгсөн байсан ба тухайн газрын өмчлөх эрхийн гэрчилгээ нь Ли Санг Намд хадгалагдаж байсан. 2012 оны 8 дугаар сарын сүүлээр Ли Санг Нам итгэмжлэлийнхээ дагуу тухайн газрыг өөрийн итгэлтэй хүний нэр дээр шилжүүлэх гэсэн боловч Б.Үүрийнтуяа газар өмчлөлийн

гэрчилгээг гээгдүүлсэн гэж хүсэлт гаргаж дахин шинэ гэрчилгээ гаргуулж Ли Санг Намд олгосон итгэмжлэлээр газар шилжүүлэхийг хориглох хүсэлтийг Баянзүрх дүүргийн газрын албанд гаргасан байсан. Б.Үүрийнтуяатай ярьж тухайн газрын нэрийг шилжүүлэн авахаар хэлэхэд газрыг өгөхгүй гэж хэлсэн. 2013 оны 1 дүгээр сарын дундуур Б.Үүрийнтуяа Ли Санг Нам руу залгаж би Австрали улс руу сурахаар явлаа надад сургалтын төлбөр болгож 20.000 ам.доллар өг, 20.000 ам.доллар өгвөл газрыг чинь шилжүүлэн өгнө. Үгүй бол энэ газрыг ломбарданд тавиад мөнгө зээлж аваад явлаа гэж дарамталсан байдаг. Үүний дагуу Ли Сан Нам нь Б.Үүрийнтуяад 10 000 доллар өгөөд явуулсан байдаг. Б.Үүрийнтуяа энэ мөнгийг аваад 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Ан Сон Илд уг газрыг захиран зарцуулах итгэмжлэл хийж өгсөн байдаг. Ли Санг Нам нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэл болон газрын гэрчилгээг авч Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газар очиж шалгуулахад Б.Үүрийнтуяа 2013 оны 9 дүгээр сард гэрчилгээгээ гээгдүүлсэн гэж дахиж аваад Ан Сон Илд олгосон итгэмжлэлийг дахин хүчингүй болгосон хүсэлтээ Баянзүрх дүүргийн газрын албанд өгсөн байсан. Үүнээс Б.Үүрийнтуяаг энэ газраа буцааж өгөхгүй гэдгийг мэдсэн учир Ли Сан Нам 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргасан. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтсээс Б.Үүрийнтуяад 2014 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан бөгөөд прокурорын байгууллагаас удаа дараа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх хэлцлүүдийн улмаас Ли Санг Намын эрх зөрчигдөж байна. Энэ газрыг худалдаж авсан гол зорилго нь үйлчилгээний зориулалттай барилга барих байсан. Энэ нь Монгол Улсын хуулиар хориглосон асуудал биш юм. Иймд 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр М.Сайнбаяр, Я.Туяацэцэг нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Үүрийнтуяа, Б.Алдарбат нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Алдарбат, Б.Үүрийнтуяа нарын хооронд байгуулсан энэ хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үр дагаврыг арилгуулахыг хүсч байна. Үр дагаврыг яаж арилгуулах вэ гэвэл анхны өмчлөгч М.Сайнбаярын нэр дээр газар өмчлөх эрх очих ёстой гэж үзэж байна. Иймд М.Сайнбаярын нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

           Хариуцагч Б.Үүрийнтуяа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2005 оноос 2007 оны 4 дүгээр cap хүртэл Ли Санг Намтай Солонгост хамт амьдарч байсан. 2006 оны 5 дугаар сард бид хоёр хамт бизнес
хийхээр болсон. Би Монголд ирэх боломжгүй байсан учир Ли Санг Нам түрүүлж Монгол Улсад ирсэн. Би 2007 оны 4 дүгээр сард Монголд ирсэн. Ли Сан Нам нь
2006 оны 5 дугаар сард Монголд ирээд 20 орчим хоноод буцсан. Ингэхдээ
21 000 000 төгрөгийг бэлэн төлж М.Сайнбаяраас газар худалдаж авсан. Ли Санг
Нам нь Солонгос Улсын иргэн учир газрыг өөрийн нэр дээр авч болохгүй байсан.
Тухайн үед өөрийн байрлаж байсан "Гүүд моонин" зочид буудлын ажилтан
Я.Туяацэцэгийн нэр дээр газраа худалдаж авахаар болсон. Уг газрыг худалдаж авсныхаа дараагаар Ли Санг Нам Солонгост буцаж ирсэн. Би 2007 оны 4 дүгээр сард Монгол Улсад ирж газартай холбоотой бизнес эрхлэхээр 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдөр
компани байгуулсан. Үүний дараа энэ компанийг 2007 оны 10 дугаар сард гадаадын хөрөнгө оруулалттай болгож Ли Санг Нам хөрөнгө оруулалт хийн орж ирсэн. Бид 2012 оны 6 дугаар cap хүртэл хамтран бизнес эрхэлсэн. 2012 оны 6 дугаар сард бид муудалцаж хамтран ажиллахаа больсон. Ли Сан Нам бид хоёр 2006 оны 6 cap хүртэл хамтран ажилласан бөгөөд тэр компанид 10 000 ам.долларын хөрөнгө оруулсан байсан. Салахаасаа өмнө бид хоёр компанийн үйл ажиллагаагаа 2011 онд 60 000 ам.доллараар зарсан байсан. Ингээд "Юү би платинум” барилгын 6 дугаар давхарт 70 м.кв талбайтай оффисыг 190 000 000 худалдаж авсан. Энэ оффисын өмчлөх эрх Ли Санг Намын нэр  дээр байгаа. Салахдаа би газраа авч, Ли Санг Нам оффисоо авахаар тохиролцоод салсан. Бид 2 албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй. Би энэ газрыг Ли Санг Намтай 2006 оноос хойш хамт амьдарч, хамтран бизнес хийж олсон мөнгөөрөө худалдаж авсан учир шударга өмчлөгч мөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Хариуцагч Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Г-220400412 дугаар бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгий 1 дүгээр гудамж, 0 тоото гэр бүлийн хэрэгцээний газар нь иргэн М.Сайнбаяр, С.Эрдэнэцэцэг, С.Баярмаа, С.Соёлмаа, С.Баярмагнай, С.Янжмаа, Б.Чимэдлхам нарын өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Л.Туяацэцэгийн өмчлөлд, Л.Туяацэцэгээс олгосон итгэмжлэлийн дагуу Б.Үүрийнтуяагаас 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр Б.Алдарбатын өмчлөлд, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Үүрийнтуяагийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна.  Иргэн Б.Үүрийнтуяа нь 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр болон 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчилгээг үрэгдүүлсэн мэдүүлэг гаргаж нөхөн олгосон байна. Уг газрын бүртгэл нь холбогдох нотлох баримтыг үндэслэн хууль дүрмийн дагуу хийгдсэн байна. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

           Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Сайнбаяр шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байсан газрыг Ли Санг Намд 21 000 000 төгрөгөөр худалдсан. Солонгос Улсын иргэнд газар өмчлөх эрх шилжих боломжгүй байсан учир тэрээр Я.Туяацэцэгийг дагуулан ирж бэлэглэлийн гэрээ байгуулж, түүний нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн. М.Сайнбаяр нь газрыг Я.Туяацэцэгийг худалдаж аваагүйг мэдэж байсан боловч гадаад улсын иргэн өмчлөх эрхгүйг мэдээд газар өмчлөх эрхийг Я.Туяацэцэгт шилжүүлсэн юм. Б.Үүрийнтуяад газар өмчлөх эрхийг шилжүүлсэн Я.Туяацэцэг нь тухайн газрыг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр худалдаж авсан хүн биш гэдгийг хэлэхийг хүсэж байна. Энэхүү гэрээ хэлцэл нь дүр үзүүлсэн хэлцэл тул нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

 

                 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хангүг констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: “Мёнпүм” ХХК болон Ли Санг нам нар 2008 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр тус компани нь 100 хувь хөрөнгө оруулан Ли Санг Намын худалдан авсан газар дээр 270,8 м.кв талбай бүхий үйлчилгээний барилга барьж хамтран өмчлөхөөр болсон. Тухайн үед газар өмчлөх эрх Монгол Улсын иргэн Я.Туяацэцэгийн нэр дээр байсан бөгөөд Ли Санг Нам нь барилгын өөрт ногдох 50 хувийн өмчлөх эрхийг өөрийн орчуулагч, менежер Б.Үүрийнтуяагийн нэр дээр гаргахаар тохирсон байдаг. Ингээд 2008 онд тухайн газар дээр гэрээний дагуу тохирсон барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд гэрээний дагуу манай компани Б.Үүрийнтуяагийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. Ли Санг Нам нь барилга барьсан газрын өмчлөх эрхийг Я.Туяацэцэгээс Б.Үүрийнтуяагийн нэр дээр шилжүүлсэн гэж байсан бөгөөд 2013 онд "Мёнпүм" ХХК-ийн зүгээс газар өмчлөх эрхийг шилжүүлэн авах тухай хүсэлтийг Ли Санг Намд тавьсан ба газар өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь манай компанид гаргаж өгсөн. 2013 оны 12 дугаар сард "Мёнпүм" ХХК-ийн захирал Хун Сун Гүн намайг дуудаад Баянзүрх дүүргийн газрын алба дээр очоод Б.Үүрийнтуяатай уулзаад энэ газрыг өөрийн эхнэр Энхтуяагийн нэр дээр шилжүүлээд ир гэж явуулсан. Миний бие газрын алба дээр Б.Үүрийнтуяатай уулзсан бөгөөд Б.Үүрийнтуяа нь газрын гэрчилгээн дээрээс нэгж талбарын дугаар болон бусад мэдээллийг харж өргөдөл бичнэ гэж хэлээд надаас гэрчилгээг авсан. Гэтэл өргөдөл бичиж байснаа "би өнөөдөр Австрали Улс явна, ингэж байх зав алга" гэж хэлээд газрын гэрчилгээг эх хувиар нь аваад цүнхэндээ хийгээд явчихсан. Үүнээс хойш манай компани тухайн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж чадахгүй яваад байгаа. Гэтэл Б.Үүрийнтуяа нь тухайн газар дээр барьсан барилгын өмчлөх эрхийн 50 хувийг Ли Санг Намын зөвшөөрөлгүйгээр өөрийн хамтран амьдрагч БНСУ-ын иргэн Ан Сон Илийн нэр дээр шилжүүлж улмаар Ан Сон Ил нь 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр "Мёнпүм" ХХК-д холбогдуулан 111 895 000 төгрөгийн хохирол нэхэмжилж шүүхэд хандсан. Б.Үүрийнтуяагийн нэр дээрх газар нь анх Ли Санг Нам мөнгийг нь төлж худалдан авсан газар гэдгийг манай компанийн эрх бүхий хүмүүс мэдэж байсан. Одоо Б.Үүрийнтуяагийн нэр дээрх газрыг шилжүүлэн авах гэтэл Б.Үүрийнтуяа өгөхгүй гэж маргалдаж байгаа бөгөөд дээрх газрыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих замаар авсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

             Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Туяацэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Баянзүрх дүүрэгт байрлах "Гүүд моонин" зочид буудалд зохион байгуулагч ресепшнээр ажиллаж байсан. Өдөр хоногоо сайн санахгүй байна, 2006 оны 5 сарын орчим байх тухайн үед миний ажиллаж байсан буудалд байрлаж байсан Солонгос улсын иргэн Ли Сан Нам нь Монголд газар худалдаж авсан, гадаад улсын иргэн болохоор өөрийн нэр дээрээ гэрчилгээг нь гаргуулж болохгүй байна гэж ярьж байсан. Ингээд хэд хоногийн дараа Ли Санг Нам нь надад хандан худалдаж авсан газрынхаа гэрчилгээг чиний нэр дээр түр гаргуулмаар байна, тус болооч гэхээр нь би зөвшөөрч өөрийн нэр дээр гаргуулсан юм. Тухайн үед газрын эзэн гэх М.Сайнбаяр гэгчтэй гэрээ хийж гарын үсэг зурсан. Өөрийн нэр дээр гарсан гэрчилгээг би хараагүй бөгөөд удалгүй БНСУ-д ажиллахаар явсан юм. Солонгост байж байтал 2008 оны намар 11 сарын үед Ли Санг Нам надтай холбогдоод нөгөө газраа уг газарт барилга барьж байгаа өөр компанид гэрээний дагуу шилжүүлэхээр боллоо манай менежер Үүрийнтуяа гэх эмэгтэйд итгэмжлэл хийж өгөөч гэхээр нь БНСУ-ын Сөүл хотын Монгол Улсын Элчин сайдын консулын газар очиход тэнд Ли Санг Нам байсан. Ингээд Үүрийнтуяа гэдэг хүний нэр дээр итгэмжлэл хийж өгсөн. Тухайн үед итгэмжлэл хийхэд Ли Санг Нам ганцаараа байсан. Миний бие уг газрыг худалдан авахад ямар ч оролцоогүй бөгөөд Ли Санг Намын худалдаж авсан газар гэдгийг л мэднэ, түүний гуйлтаар газар өмчлөх эрх бэлэглэсэн гэрээнд гарын үсэг зурж өөрийн нэр дээр гэрчилгээг нь түр байлгаж байгаад буцаагаад шилжүүлсэн. Миний хувьд өөрийн санаачилгаар М.Сайнбаяраас газар авахаар гэрээ, хэлцэл байгуулсан асуудал байхгүй. Урьд нь энэ талаар цагдаагийн байгууллагад ч мэдүүлэг өгсөн байгаа гэжээ.

 

                Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Алдарбат шүүхэд гаргасан тайлбартаа: Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос гаргасан аливаа шаардлага, тайлбар миний эрх ашиг хөндөөгүйн зэрэгцээ миний 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Я.Туяацэцэгтэй, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Үүрийнтуяатай байгуулсан бэлэглэлийн гэрээнүүд нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл байгаагүй гэдгийг тайлбарлаж байна. Дээрх гэрээнүүд нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоот 67.99 м.кв газрыг Б.Үүрийнтуяагийн өмчлөлд шилжүүлэх зорилгоор хийсэн хүчин төгөлдөр хэлцэл юм гэжээ.

 

                Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Үүрийнтуяа, Нийслэлийн Баянзүрх дуүргийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байршилтай 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.Сайнбаяр, Я.Туяацэцэг нарын хоорондох 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн, Я.Туяацэцэг, Б.Алдарбат нарын хоорондох 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн, Б.Алдарбат, Б.Үүрийнтуяа нарын хоорондох 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг тус тус дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг газрын өмчлөх эрхийг М.Сайнбаярын нэр дээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Ли Санг Намын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10 050 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ли Санг Намд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмагнай давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх гуравдагч этгээд М.Сайнбаяр, Я.Туяацэцэг нарын хооронд байгуулсан газар өмчлөх эрх шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг агуулгын хувьд хариу төлбөртэй худалдах, худалдан авах тохиролцоонд үндэслэсэн байна гэж үзсэн атлаа гуравдагч этгээд нар бие даасан шаардлага гаргаагүй тул шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн. Гэтэл тухайн бэлэглэлийн гэрээ дүр үзүүлэн байгуулагдсан хэлцэл, агуулгын хувьд худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байсан, тухайн газрын төлбөрийг нэхэмжлэгч Ли Сан Нам төлсөн гэж нэхэмжлэгч тал шүүхэд хандаж дээрх хэлцэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч Ли Сан Нам нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан шаардлага гаргах эрхтэй байна” гэж дүгнэсэн атлаа анх байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэн шийдвэрлэх боломжтой байсан. Гуравдагч этгээд Я.Туяацэцэгээс Б.Алдарбатад, Б.Алдарбатаас Б.Үүрийнтуяад газар шилжсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох
боломжгүй. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн үндсэн дээрх маргаан бүхий газрын
захиран зарцуулах эрх хариуцагч Б.Үүрийнтуяад шилжсэн, Б.Үүрийнтуяа
итгэмжлэлийг үндэслэн газрыг өөртөө шилжүүлэх зорилгоор дээрх бэлэглэлийн
гэрээнүүдийг хийсэн нь хуульд нийцэж байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх М.Сайнбаяр, Я.Туяацэцэг нарын хооронд анх байгуулагдсан газар өмчлөх эрх бэлэглэсэн гэрээг дүр үзүүлэн байгуулсан, хууль зөрчсөн хэлцэл байсан   байна   гэж  дүгнэсэн   атлаа   энэхүү   гэрээнд   үндэслэн   байгуулагдсан Я.Туяацэцэгээс   Б.Алдарбатад,    Б.Алдарбатаас   Б.Үүрийнтуяад   тухайн    газрыг шилжүүлсэн хэлцэлүүдийг хүсэл зоригийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр агуулгын хувьд хоорондоо зөрүүтэй байгаа гэж дүгнэхэд хүрч байгаа. Б.Үүрийнтуяа нь тухайн газрыг бусдад шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурах итгэмжлэлийг үндэслэн Я.Туяацэцэг, Б.Алдарбат нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулан Я.Туяацэцэгийн өмнөөс өөрөө төлөөлж гарын үсэг зураад 4 хоногийн дараа буцааж өөртөө шилжүүлэн авахаар Б.Алдарбаттай бэлэглэлийн гэрээ байгуулан өөрөө тухайн гэрээнд оролцсон байдаг. Я.Туяацэцэгт хүчин төгөлдөр бус хэлцэлийн үндсэн дээр шилжсэн газрыг Б.Үүрийнтуяа Я.Туяацэцэгээс Б.Алдарбатад, сүүлд нь өөртөө шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдсон. Нэхэмжлэлийн шаардлага эдгээр хэлцэлийг бүгдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай байхад зарим хэлцэлийг хүчин төгөлдөр, заримыг хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байгаа. Учир нь эдгээр хэлцэлээр нэг нэгж талбарын дугаар бүхий газар шилжээд байгааг анхаарах нь зүйтэй. Б.Үүрийнтуяа нь нэхэмжлэгч Ли Сан Намын орчуулагч, менежерээр ажиллаж байсан бөгөөд өөрийн итгэлтэй хүний нэр дээр тухайн газрыг хадгалахын тулд Б.Үүрийнтуяагийн нэр дээр шилжүүсэн байдаг. Анх газрыг худалдаж авсан үнийг Ли Сан Нам төлсөн нь баримтаар нотлогдож байгаа бөгөөд хариуцагч Б.Үүрийнтуяа тухайн газрыг худалдан авахад нэг ч төгрөг гаргасан баримт шүүхэд гарган өгөөгүй бөгөөд тухайн газрын өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байгаа этгээд юм. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Б.Үүрийнтуяа  нь нэхэмжлэгчтэй хамтын амьдрал болон хамтын бизнестэй байсан нь үндэслэлтэй байна, нэхэмжлэгч нь хариуцагчийг түүний менежерийн хувьд нэр дээр нь газрын өмчлөх эрхийг түр хугацаагаар бүртгүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн энэхүү заалтаас үзэхэд шүүх хариуцагчийн ашиг сонирхолыг хэт хамгаалсан нэг талыг барьж маргааныг шийдвэрлэсэн гэдэг нь харагдаж байгаа. Нэхэмжлэгч хариуцагч нарыг хамтын амьдралтай байсан гэж дүгнэхдээ хариуцагч Б.Үүрийнтуяагийн тайлбар, эрүүгийн хэргийг шалгах явцад гэрчээр мэдүүлэг өгч байсан Х.Сарнайцэцэг, М.Буянжаргал нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж үзсэн. Дээрх 2 гэрч 2007 оны үед Ли Сан Нам, Б.Үүрийнтуяа нар хамт байхыг харсан гэж мэдүүлдэг бөгөөд хамт байсан хүн болгон хамтын амьдралтай байсан гэж үзэж болохгүй. Мөн хамтын амьдралтай байсан эсэхийг шүүх тусад нь маргаан үүсгэж шийдвэрлэж байгаа. Мөн шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран бизнес хийж байхдаа газрыг худалдаж авсан нь нотлогдсон гэж дүгнэсэн.  Нэхэмжлэгч Ли Сан Нам нь 2005 оны 6 сард дээрх маргаан бүхий газрыг худалдан авсан бөгөөд энэ үед Б.Үүрийнтуяа гэдэг хүнийг таньдаггүй байсан. Тиймдээ ч Монгол Улсад таних хүн байхгүй байсан учир өөрийн байрлаж байсан зочид буудлын менежер Я.Туяацэцэгийн нэр дээр тухайн газрын өмчлөх эрхийг шилжүүлж байсан байдаг. Нэхэмжлэгч нь 2012 оны 12 сард хариуцагчаас газрыг “Мёнпүм” ХХК-ийн захирлын эхнэрийн нэр дээр шилжүүлж өг гэхэд татгалзсан бөгөөд энэ үеэс эхлэн маргаан болсон байдаг. Ингээд 2013 оны эхээр Б.Үүрийнтуяа нь нэхэмжлэгч Ли Сан Намаас 10,000 ам.доллар өг, тэгвэл газрыг шилжүүлж өгнө гэсэн шаардлага тавьсан бөгөөд шаардсан мөнгийг өгсөн боловч газрыг шилжүүлж өгөлгүй зугтаасан. Анх газар өмчлөх эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэний дараа газрын гэрчилгээ болон бусад материал эх хувиараа нэхэмжлэгчид хадгалагдаж байсан, мөн тухайн газрыг бусдад шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурах эрхийг Ли Сан Намд олгосон итгэмжлэл авчихсан байсан зэргээс үзэхэд энэхүү газар өмчлөх эрх Б.Үүрийнтуяад бүрэн шилжсэн байсан гэж үзэх боломжгүй. Хариуцагч Б.Үүрийнтуяа нь газрын гэрчилгээ, гэрээ зэрэг материал эх хувиараа нэхэмжлэгч Ли Сан Намд хадгалагдсаар байхад үрэгдүүлсэн гэж хуурамч хүсэлт гарган хоёр ч удаа дахин гаргуулж байсан нь хэрэгт байгаа нотлох баримтаар бүрэн нотлогдоно. Мөн 2014 оны 1 сараас эхлэн Ли Сан Нам нь Б.Үүрийнтуяад холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад 2015 оны 10 сарын 26-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч Б.Үүрийнтуяа нь тухайн газрыг өөрийн нэр дээр бүртгүүлэхэд ямар нэг зардал гаргаагүй бөгөөд энэхүү үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдлээ хайцаалахын тулд нэхэмжлэгч Ли Сан Намтай хамтран амьдарч байсан, хамтран бизнес хийсэн мөнгөөрөө дээрх газрыг худалдан авсан гэдэг хуурамч тайлбар хийж байгаа ба маргаан бүхий газрыг 2005 онд худалдан авсан, Б.Үүрийнтуяа нь нэхэмжлэгч Ли Сан Намын орчуулагч, менежерээр 2007 оны сүүлээс эхлэн ажиллах болсон баримтыг анхаарахыг хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэг цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байх боловч шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын алдаа гаргасныг зөвтгөх шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ли Санг Нам нь хариуцагч Б.Үүрийнтуяа болон Баянзүрх дүүргийн  бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах  678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.Сайнбаяр, Я.Туяацэцэг нарын 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн, Я.Туяацэцэг, Б.Алдарбат нарын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн, Б.Алдарбат, Б.Үүрийнтуяа нарын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ тус бүрийг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, уг газрын өмчлөх эрхийг М.Сайнбаярын нэр дээр бүртгэхийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөгч иргэн М.Сайнбаяр нар 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр дээрх газрыг өмчлөх эрхээ Я.Туяацэцэгт,

            Я.Туяацэцэгээс олгосон итгэмжлэлийн дагуу хариуцагч Б.Үүрийнтуяа нь 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Алдарбатад,

           Б.Алдарбатаас 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр газар өмчлөх эрхийг Б.Үүрийнтуяад тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 20-32 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч Ли Санг Нам нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… маргааны зүйл болох газар өмчлөх эрхийг худалдаж авахад гэрээний төлбөр болох 21 000 000 төгрөгийг би төлсөн, гадаад улсын иргэнд газар өмчлүүлэхгүй тул Я.Туяацэцэгийн нэр дээр авсан” гэж тайлбарласныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Сайнбаяр, Я.Туяацэцэг, “Хангүг констракшн” ХХК-иуд дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

 

            Иргэн М.Сайнбаяр, Я.Туяацэцэг нар 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр маргааны зүйл болох газар өмчлөх эрхийг шилжүүлсэн ба уг гэрээний талууд буюу М.Сайнбаяр, Я.Туяацэцэг нар уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргаагүй болно.

 

            Нэхэмжлэгч Ли Санг Нам нь дээрх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргах эрхтэй сонирхогч этгээд гэж үзэж нэхэмжлэл гаргасан боловч тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 3-т  “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрын зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно” гэж заасныг мэдсээр байж уг хэлцлийг анхлан сэдэж хийсэн буруутай этгээд болох нь түүний тайлбараар тогтоогдсон, уг гэрээний талууд өөрсдөө хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг нотолж шаардаагүй байна.

 

Нөгөө талаар уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг нэхэмжлэгч Ли Санг Нам мэдэж байсан тул уг гэрээг байгуулснаар түүнийг хэлцэл хүчин төгөлдөр гэдэгт итгэсний улмаас хохирсон сонирхогч этгээд гэж үзэх үндэслэлгүй юм. Тодруулбал нэхэмжлэгч нь анхнаасаа хэлцлийн үр дагварыг мэдэж байсан тул хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардах эрхгүй болно. Харин хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримталвал зохих хуулийн зохицуулалт баримтлаагүй, “… бэлэглэлийн гэрээнүүдийг тус тус дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,” гэж найруулгын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулав.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын  24-ний өдрийн 101/ШШ2017/01043 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байршилтай 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.Сайнбаяр, Я.Туяацэцэг нарын 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн, Я.Туяацэцэг, Б.Алдарбат нарын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн, Б.Алдарбат, Б.Үүрийнтуяа нарын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ тус бүрийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, уг газрын өмчлөх эрхийг М.Сайнбаярын нэр дээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Ли Санг Намын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                           Ц.ИЧИНХОРЛОО

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ           

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ