| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00197/и |
| Дугаар | 266 |
| Огноо | 2017-03-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 266
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 11-06 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ65120608, Шалбаг овогтой Басангийн Мишигийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1965 онд төрсөн, 51 настай. Би Увс аймгийн Наранбулаг сумын Адуунчулуун бригадад 1981 оноос 1984 онуудад малчнаар ажиллаж байсан. Мөн Улаангом сумын Барилга угсралтын трестэд барилгачнаар 1984 оноос 1989 онуудад ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримтууд шатаж устсан. Миний нэрний “Ш” үсгийг “Ж” болгож бичсэн байдаг. Иймд миний Наранбулаг суманд малчин байсан 1981 оны 7 дугаар сараас 1984 оны 8 дугаар сарыг дуусталх, Барилга угсралтын трестэд 1984 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны туслах ажилтан байсан жилүүдийг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мишиг нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: “Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Алдар бригадад ажиллаж байсан Басан овогтой Мишигийн 1981 оны 7 дугаар сараас 1984 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин”-г, мөн тасгийн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: “Увс аймгийн Барилга угсралтын трестэд туслах ажилчин Басан овогтой Мишигийн 1984 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин”-г тус тус түүвэрлэн ирүүлсэн байна.
Мөн хэрэгт Увс аймгийн “Алтан гадас” одонт барилга угсралтын трестийн даргын 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 296 тоот “Ажилд томилох тухай” тушаал авагдсан ба уг тушаалаар Басан овогтой Мишигийг /Мижигийг/ 1 дүгээр бригадад засалчнаар томилон ажиллуулахаар тогтоожээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Т.Долгорсүрэн, Д.Өмбөө, Ж.Цэцэгмаа нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Т.Долгорсүрэн: “Би 1984 онд Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар ажилд орон ажиллаж байхад Б.Мишиг нь тэр жил буюу 1984 онд манай байгууллагад барилгын туслахаар ажилд орж байсан. Тэг цагаас хойш бид хоёр 1989 оныг дуустал хамт ажилласан. Би Б.Мишигийг сайн мэднэ. 1984 оноос 1989 оныг дуустал миний туслахаар ажилласан учраас гэрчилж чадна. Бид хамтдаа Увс аймгийн барилга угсралтын трестийн 7 дугаар бригадад ажилладаг байсан. Манай бригад нь ажлаараа бусад бригадыг хошуучилж ажилладаг сайн бригад байсан. Манай бригад нь урилгаар Дорнод аймаг руу барилгын засал хийхээр явж байсан. мөн тэргүүний ажилчид болж байсан. Тухайн үед манай байгуллагын даргаар н.Орших, н.Пүрвээ гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Д.Өмбөө: “Б.Мишиг нь анх 8-р ангиа төгсөөд 1981 онд илгээлтээр манай аав дарь, ээж Ургамал нар дээр дагалданаар ирж малчин болж байсан. Бид нэг сумын нэг баг бригадад нэг суурь болон мал маллаж байсан учраас нэгнээ сайн мэдэж байна. Манайхан Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Адуунчулуун бригадад бог мал малладаг байсан. Мишигийн аавыг Басан гэх хүн байсан ба Басангийнх манайх айл хошоо нэг суурь болон бог мал малладаг байсан. Б.Мишиг нь 1984 оны 8 дугаар сар хүртэл нэгдэлд мал маллаж байгаад аав Басангийн хамт аймгийн төврүү шилжиж байсан. Тухайн үед манай нэгдлийн даргаар н.Цэвээн гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч Ж.Цэцэгмаа: “би Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Адунчулуун бригадад 1973 оноос 1993 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Б.Мишиг нь 1980 оноос 1984 оны 8 дугаар сарыг дуустал мал маллаж байгаад аймаг руу шилжиж барилгад ажилд орсон. Би Б.Мишигийг сайн таньж мэднэ. Мишиг нь аав Басангийн хамт амьдардаг байсан. Мишиг аавын хамтаар Пионер нэгдлийн Адуунчулуун бригадад бог мал маллаж байгаад мөн аавтайгаа хамт Барилга угсралтын трестэд ажиллахаар нэгдлийн малаа өгөн аймаг явж байсан. тухайн үед нэгдлийн даргаар н.Цэвээн гэх хүн ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрч Т.Долгорсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.Өмбөөний үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх, гэрч Ж.Цэцэгмаагийн цалингийн тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Мишигийн 1981 оны 7 дугаар сараас 1984 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар, 1984 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мишигийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шалбаг овогтой Басангийн Мишигийн 1981 оны 7 дугаар сараас 1984 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар, 1984 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Мишигийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА