| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00106/и |
| Дугаар | 268 |
| Огноо | 2017-03-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 268
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багт оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОК63062401, Буучийнхан овогтой Батдоржийн Батхандын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1963 онд төрсөн. 1982 оны 6 дугаар сард Техник мэргэжлийн сургууль төгсөн Увс аймгийн Баруунтуруун сумын Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилд орсон. 1982 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Баруунтуруунд ажиллаж, 1984 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд Өндөрхангай сумын Нийтийн ахуй үйлчилгээний тасагт зөөлөн оёдолчноор тасралтгүй ажиллаж, 1993 онд ажлаас чөлөөлөгдсөн юм. Энэ үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч орсон, гарсан тушаал байхгүй учир тэтгэвэр тогтоолгож болдоггүй. Иймд миний Нийтийн ахуй үйлчилгээний Ахуй үйлчилгээний төвд ажилласан 10 жил 11 сар 22 хоногийн ажилласан байдлыг тогтоож өгнө үү. ... Өндөрхангай сумын малчин Б.Батханд миний бие ажиллаж байсан байдлыг тогтоолгох шүүх хурлын зарыг хүлээн авсан боловч өөрийн биеийн эрүүл мэндийн байдал муу, мөн мал ид төллөж завгүй байгаа тул шүүх хуралдаанд хүрэлцэн очих боломжгүй байна. Иймд миний энэ хүнд байдлыг ойлгож, шүүх хурлыг намайг оролцуулахгүйгээр хийж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батханд нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан Б.Батхандын хөдөлмөрийн дэвтэрт түүний “1980 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн техник мэргэжлийн сургуулийн Хөдөө аж ахуйн машинист, засварчны ангид суралцан төгсөж, 1982 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор, 1984 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор тус тус ажилласан” тухай бичилт хийгдсэн байна.
Мөн Б.Батхандад Увс аймгийн Баруунтуруун сумын Ахуй үйлчилгээний төвөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон “Сайшаалын үнэмлэх”, Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуй үйлчилгээний төвөөс 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдөр олгосон “Сайшаалын үнэмлэх”, 1986 онд олгосон “Баярын бичиг”, 1989 оны 3 дугаар сарын 29-ний өдөр олгосон “Сайшаалын үнэмлэх”, 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон “Баярын бичиг”, 1993 оны 8 дугаар сарын 05-ны өдөр олгосон “Сайшаалын үнэмлэх” зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Г.Нямсүрэн, Б.Мижээ, Ц.Пагмаа нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Г.Нямсүрэн “Миний бие нь 1963 онд төрсөн. 1982 оноос эхлэн 1993 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Нийтийн ахуй үйлчилгээний газрын гутлын тасагт нормчноор ажиллаж байсан. Б.Батханд нь Баруунтуруун сумын Нийтийн ахуй үйлчилгээний тасагт оёдолчноор ажиллаж байгаад 1984 онд Өндөрхангай сумын Нийтийн ахуй үйлчилгээний тасагт шилжин ирж, зөөлөн оёдолчноор 1993 оныг дуустал хугацаанд ажилласан. Б.Батханд бид хоёр үе тэнгийн найз нөхөд, нэг байгууллагад хамт ажиллаж байсан хүмүүс учир нэгнээ сайн мэднэ. Б.Батханд нь ажиллаж байх хугацаандаа баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр шагнуулж байсан” гэж, гэрч Б.Мижээ “Би Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуй үйлчилгээний төвд анхны нормчноор орж ажиллаж байсан. 1972 оноос 1991 оныг хүртэл хугацаанд гутлын тасагт зөөлөн оёдолчноор тасралтгүй ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Б.Батханд нь 1984 оны хавар 4 дүгээр сард Баруунтурууны Ахуй үйлчилгээний төвөөс туршлагатай оёдолчин ирж, бидэнд оёдол зааж байсныг санаж байна. Түүнээс хойш 1991 оныг хүртэл хамт ажиллаж байсан. Намайг 1991 онд тэтгэвэрт гарахад Б.Батханд уг байгууллагадаа ажиллаад үлдсэн. 1993 онд ахмад ажилтнуудыг хүлээн авахад Б.Батханд ажиллаж байсан. Б.Батханд нь ажиллаж байх хугацаандаа баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр шагнуулж байсан. Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуй үйлчилээний төвийн даргаар н.Чондоо, н.Батпүрэв, н.Баатарчулуун, н.Төмөрхүү гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ц.Пагмаа “Миний бие 1979 оноос 1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Энэ үед 1982 оны 9 дүгээр сард манай тасагт Б.Батханд ирж, оёдолчноор ажиллаж байгаад 1984 оны хавар, 4 дүгээр сард Өндөрхангай сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор явсан. Б.Батханд их сайн оёдолчин байсан. Тухайн үед Баруутуруун сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний даргаар Бат-Эрдэнэ, Далайтогтох гэсэн хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Батхандын 1982 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд, 1984 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд тус тус оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Батхандын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Буучийнхан овогтой Батдоржийн Батхандын 1982 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд, 1984 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд тус тус оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Батхандын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА