| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0086/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/129 |
| Огноо | 2021-05-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/129
2021 05 27 2021/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль,
хохирогч Н.Орхонтуул,
иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л овгийн Ч.М холбогдох эрүүгийн 2034005810664 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодези инженер мэргэжилтэй, “Гио Аксис” ХХК-нд инженерээр ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Л овгийн Ч.М,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.М нь Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар багийн нутаг Замын цагдаагийн постны хойд талд 2020 оны 08 дугаар сарын 21-ний шөнө Тоёота Ландкруйзер маркийн 57-44 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дүгээр зүйл Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна." гэсэн заалтыг зөрчсөн улмаас Н.О жолоодож явсан Тоёота Виш маркийн 70- 08 OPX улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Н.О эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Ч.М:
... Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээр бүхнийг мэдүүлсэн тэнд худлаа худлаа яриагүй учраас дахин мэдүүлэг өгөхгүй. Зайгаа барьж хөдөлгөөний аюулгүй байдлаа зохицуулж яваагүй нь миний буруу... гэж,
Хохирогч Н.О:
...Миний бие 2020 оны 8 дугаар сарын 22-ний өдөр өөрийн төрсөн дүү Н.Түвшинбаярын хүү манай гэрт ирж агаарт байсан. Тэгээд хүүхдийг нь хүргэж өгөх гээд би Эрдэнэтээс Улаанбаатар руу гарсан. Хүүхэд арын суудал дээр байсан зориулалтын хүүхдийн суудал дээр бүс сандал гээд авагдах ёстой арга хэмжээнүүд авагдсан байсан. Зам хүндрэл ихтэй байсан учраас явсаар байгаад 24 цаг 03 минутад Баянчандмань сумын тэнд 20км цагийн хурдтай явж байсан. Энэ хүн тэр үед хойноос 2-3 удаа сигналдаа гэрэл тусган ирж их ойртсон машинтайгаа тэгэхээр нь би гүйцээд явчихад болдоггүй юм байх даа гэж бодоод дохио өгсөн. Сүүлийн ойртолт дээр намайг араас мөрдөөд хэсэг газар нийлээн хол түрсэн. Жоохон хүүхэдтэй явж байсан учраас үрүүлээ алдчихгүй байх юм сан гэж их хичээсэн учир нь замын хажууд их өндөр эргэ байсан. Намайг тийм арга хэжээ авч байхад тэр хугацааны туршид энэ хүн араас машинаараа түрсээр л байсан. Яагаад гэвэл энэ хүн сэрээгүй, тоормос гишгээд зогсон арга хэмжээ аваагүй. Хэр хол түрсэн бэ гэдэг нь хэрэгт тодорхой дурдагдсан байдаг. Миний үндсэн төмөр гэж байдаг тэр нь хойшоо чихэгдчихсэн байсан. Мөргүүлээд хүчтэй доргисон тэр доргилтод хүүхдийн суудлыг бэхэлсэн байсан бүр салаад хүүхэд хажуу талаарай хэвтсэн байсан. Замыг хажууд ажил хийх гээд овоолсон байсан шороонд очиж элгээрээ чирэгдэж зогссон. Тэр хүртэл миний машин зогсохгүй түрэгдээд байсан. Намайг мөргөсөн тал 10-аад хүний бүрэлдэхүүнтэй машинаасаа бууж ирсэн. Жолооч өөрөө ирээд уучлаарай эгчээ би унтчихжээ гэж өөрийнхөө амаар хэлсэн. Тэгэхээр нь чи юу яриад байгаа юм ийм хариуцлагагүй юм гэж байдаг юм уу гээд уурласан. Тэр үед хүүхэд орилоод уйлсан тэгээд хальт тайвширсан. Машин замын хажуу талд овоолсон шороо дээр тэгнүүлээд цаашаа унах гээд маш хүнд байдалтай байсан. хүний амь насны гарзтай юм яригдаж байна яасан хариуцлагагүй юм гэж бухимдаж загнасан. Гэтэл уучлаарай ямар арга хэмжээ авах уу тайвшир гэж хэлээгүй байж юун сүртэй гичий вэ үхчхээгүй л байна үхсэндээ орилоод байгаа юм гэж төрсөн дүү нь гээд байгаа эмэгтэй хэлсэн би түүнд асар гомдолтой байна гэв. Хувь хүний үүднээс утсаар ч болов уучлал гуйх болов уу гэж их хүлээсэн. Миний эрүүл мэнд тухайн үед маш хүнд байсан би энэ хэргийн араас хөөцөлдөж явж чадаагүй. Үрүүл мөргөсөн учир миний зүүн талын хацар цөмөрсөн энийг би өнөөдөр ярихгүй учир нь хавтаст хэрэгт авагдчихсан байгаа. Хацраа эмчлүүлж янзлуулах гээд явж үзсэн боловч хацрын яс 14 хоноод бороолоод эдгэрдэг таны хацар бороолчихсон одоо ямар ч арга байхгүй гэж хэлсэн. Хэрвээ янзлахаар бол дахиад уруулын дээд хэсгээр задлаад нүдэж бутлаад тэгшхэн бодгоно тэгшлээд таны яс буцаж эдгэрэхгүй учраас имплант буюу төмөр тавих шаардлагатай гэж хэлсэн би олон хүнтэй уулзсан. Таны гоо сайхны хувьд нүүр жаахан далийх нүд том жижиг болох асуудал үүсэж болно Монголд ганцхан газар хийдэг гэж хэлсэн. Тэр газартай очоод уулзахад та цаг алдахгүй нэг сарын дотор хүрээд ирвэл 5.000.000 төгрөгөөр гоо сайхан гэмтэл цугт нь эмчлээд өгнө гэсэн. Миний толгой маш их өвдсөн байнга дусал хийлгэдэг байсан одоо хүртэл үргэлж толгойны эм хэрэглэж байгаа. Одоогийн байдлаар нүүр далийж мурийсан зүйл байхгүй гэхдээ нүд том жижиг мөн нэг талын нүд маань солир болсон буюу хар нь дотор тал руугаа гүйсэн байгаа. Би маш тайван хүн дээрээс нь тийм ч мэдлэг боловсролгүй хүн биш надаас маш их зардал гарсан тоочих юм бол тоолж барахгүй их зардал гарсан. Зөвхөн энэ хүний унтаж явсан энэ үйлдлээс болоод хохирчхоод сууж байгаа. Ядаж л би бүтэн нэг жил ямар ч ажил хийх боломжгүй цалин орлогогүй гэртээ суусан. Дээрээс нь би сургуулийн нялх хүүхэдтэй хүүхдээ зөөх машин байхгүй гээд зөндөө асуудал ар араасаа үүссэн. Би машинаа 10 хувийн урьдчилгаа төлөөд банк бус санхүүгийн байгууллагаас авсан. Би зээлээ сар болгон төлдөг байсан. Осол болох өдөр эцсийн үлдэгдэл 14.900 000 төгрөг байсан. Банк бус санхүүгийн байгууллага надаас нэг ч асуудал сонсохгүй намайг яаралтай зээлээ хаахыг шаардаж байсан. Миний биеийн байдал маш хүнд байсан учраас үнэлгээ дээр өөрийн биеэр очиж чадаагүй. 6.420.000 гаран төгрөгөөр үнэлсэн байсан. Дараа нь надад ямар ч мөнгө байгаагүй. Би уйлан дугарч байж чамаас мөнгө аваад Монголд байгаа ганц эмчилж өгнө гэсэн эмнэлэг дээр очиход яс чинь бороолчихсон байна одоо ямар ч боломжгүй гэж надад хэлсэн. Ингээд миний хагалгаанд орох боломжийг чи өөрөө мөнгөө өгөлгүй хойшлуулснаас болоод ганц байсан боломжийг минь алдуулсан. Энэ хүний өгсөн мөнгөнөөс нэг ч төгрөг үрэхгүй байж байгаад хүнээс нэмж мөнгө зээлээд банк бусаа хаасан. Манай нөхөр дүү хоёр үнэлгээчин болон засварчид авчраад үзүүлсэн гэтэл таны машины араам гэмтээд их бие нь далийж урд ард дугуйны хооронд 5-см-ын зөрүүтэй болсон байна. Хэрвээ засахаар бол энэ машиныг талаар нь хөрөөдөөд бөгсийг нь тэр чигээр нь Япон руу захина 2 сарын дараа ирнэ ирэх мөнгө нь 3.000.000-аас 4.000.000 төгрөг, засварын хөлс нь 3.000.000 төгрөг болно. Засчихлаа гэж бодоход таны машины үндсэн стандарт алдагдчихсан учраас би ийм машиныг унаж яв яваад хөдөлгөөнд оролц гээд хүнд зар чадахгүй энэ ирээдүйд дахиад нэг хүний амь насыг авна тиймээс энийг сэлбэгт өг гэж хэлсэн. Би тэр үгийг сонсоод үнэхээр айсан. Тэгээд 3.800.000 төгрөгөөр сэлбэгт өгсөн. Энэ 3.800.000 төгрөгийг би дахиад нөгөө банк бусын зээлд өгсөн. Цаана нь 3.100.000 төгрөгийн зээл үлдсэн би хүнээс зээлээд хаасан. Би сүүлд хүнээс зээлж хаасан мөнгөө өнөөдрийг хүртэл төлж яваа. Би зөндөө гуйсан надад өгчих гэж гэтэл надтай холбоо ч барихаа больсон. Надад 3.100.000 өгчих тэгээд больё гэхэд та намайг ойлго би зовж байна намайг уучилчих гэдэг. Чи ганцаараа зовоод байгаа юм байхгүй. Манайх ганцхан нөхрийн цалингаар амьдарч хүүтэй мөнгө зээл төлж байна бид дээрээс нь байрны зээл төлдөг. Чиний ярьж байгаа зовлонгоор би чамайг хөгшин аав ээжтэйгээ хашаа байшинд хэцүү амьдардаг юм байна гэж төсөөлсөн гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр чамайг ажил хийдэг эхнэртэйгээ хоёулхнаа орон сууцанд амьдардаг гэдгийг мэдлээ. Би хүний хувьд чамд маш их гомдож байна гэхдээ надад чам шиг дүү байгаа учраас чамайг би ял эдлээд шоронд суугаасай гэж хүсэхгүй байна. Чи над руу хутга барьж дайраагүй санаатай үйлдэл биш санамсаргүй үйлдэл. Чи өнөөдөр ял аваад шоронд явчих юм бол би өөрөө бүтэн нойртой хонож чадахгүй. Гэхдээ чамд үнэхээр хүн чанар гэж алга. Би чамаас одоо юу гэж гуйх вэ гэхээр чи миний хохирлыг л барагдуулж өг. Сүүлдээ би нөхөртэйгөө муудалцахад хүрч байна чи хүний хүнийг хайрлаад ял эдлүүлчихгүй байх юм сан гэж яаж хэлж чадаж байна аа чи өөрийнхөө хүүхдүүд гэр бүл хайртай бүхнээ яллаж байна гэж над руу уурлаж байна. Сүүлд нь хэлэхэд өнөдөөр мөнгө төгрөгтэй явна гэдэг жаргал биш байдаг юм чи миний амьдралыг 90 хоног биш бүхэл бүтэн 9 сар зовоолоо чамд над руу яриад таны бие яаж байна гээд асууж болох зөндөө хугацаа байсан. Чамд хүн чанар гэж байдаг бол надад учруулсан бодит хохирлоо маш яаралтай төл ... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 2034005810664 дугаартай хэрэгт хохирогч Н.Орхонтуул /хх-ийн 16-30 дугаар хуудас/, гэрч Н.Орхонтуул /хх-ийн 47-48 дугаар хуудас/, иргэний хариуцагч Б.Ариунболд /хх-ийн 33-35 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаяр /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч С.Энхтуяа /хх-ийн 48 дугаар хуудас/, гэрч Б.Булганцэцэг /хх-ийн 84 дүгээр хуудас/, шинжээч эмч Б.Батчимэг /хх-ийн 96-97 дугаар хуудас/, яллагдагч Ч.М /хх-ийн 79-80 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 72 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
мастер үнэлгээ ХХК-ны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 4082 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-62 дугаар хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.М хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 90-95 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ч.М нь Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар багийн нутаг Замын цагдаагийн постны хойд талд 2020 оны 08 дугаар сарын 21-ний шөнө Тоёота Ландкруйзер маркийн 57-44 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дүгээр зүйл Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна." гэсэн заалтыг зөрчсөн улмаас Н.Орхонтуулын жолоодож явсан Тоёота Виш маркийн 70- 08 OPX улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Н.Орхонтуулын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч Н.Орхонтуулын ...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Миний эрүүл мэндийн зардалд 5.000.000 төгрөг авсан ..., ...хамгийн нэн тэргүүний чухал асуудал бол унаа тэрэгтэй болох шаардлагатай байна. Надад явдал суудал маш их зардал гарч байна. Дээрх асуудлыг шийдүүлмээр байна... /хх-ийн 30 дугаар хуудас/,
хохирогч Н.Орхонтуулын гэрчээр өгсөн “...Би 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн үед Орхон аймгаас Улаанбаатар хот орох гээд 3 настай дүүгийн хүүхэд болох Агарын хамт хоёулаа өөрийн эзэмшлийн Тоёота виш маркийн 70-08 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Шөнө 00 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын төвийг өнгөрөөд би 20-25 км цагийн хурдтай явж байхад манай машины араас машин мөргөсөн. Машины араас мөргөчхөөд түрээд байсан. Тэгээд манай замын хажуу руу түрэгдэж гарсан азаар замын засвар хийгээд гаргачихсан байсан замын хоолойн дээр машин тогтсон. Машины араас мөргөх үед би урд жолооны хүрдээ зүүн талын шанаа хэсгээрээ тэгээд машин замын хоолой дээр тогтох үед дахиж зүүн талын шанаагаараа жолооны хүрдийг мөргөсөн. Араас мөргөсөн жолооч бууж ирээд миний жолооч талаар ирээд ах нь жолоо барьж яваад унтчихсан байна миний дүү зүгээр үү гэж асуусан. Тэр хүний амнаас нь архи уусан хүний эсгэлэн үнэр үнэртсэн. Тэгээд би тэр хүний эрүүл биш гэж бодоод цусыг авхуулсан. Нөгөө машинд сууж явсан эмэгтэй намайг манай машинд суучих ярилцъя гэж хэлсэн, би машинаасаа буугаагүй, машин маш эвгүй тогтсон байсан учраас би айгаад машинаас буугаагүй. Тэгээд 30 минутын дараа цагдаа нар ирсэн..., ...Би осол болох үед 20-25 км цагийн хурдтай явж байсан, учир нь гэвэл зам дээр том хэмжээний нүх байсан юм..., ...Миний биед гэмтэл учирсан. Би осол болох үед жолооны хүрдээ баруун талын шанаагаараа 2 удаа мөргөсөн. Тэгээд шөнө нь Улаанбаатар хотод ГССҮТ-д очиж томографийн зураг даруулсан шинжилгээний хариу гарахад миний зүүн нүдний ухархайн доод хана 1,2см, өргөн хэсэгт гаймор хөндий рүү 0,3см гүн цөмөрхий хугаралтай гэж гарч ирсэн. Тэгээд би осол болсноос 7 хоногийн дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт хэвтэж, тархины дусал хийлгэсэн. Эмчилгээ бүрэн дуусаагүй байгаа, намайг яаралтай эрүү нүүр нүд, чих хамар хоолойн эмч нар зэрэг орсон хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Миний машинд сууж явсан Агарын биеийг үзүүлэхэд тархинд доргилтоос үүссэн хаван бий болсон байсан гэж хэлсэн. Бусад талаараа гэмтэл бэртэл илрээгүй байна.... ....Би хамгаалах бүс хэрэглэсэн байсан. ...Хохирлыг тогтоолгох гээд Мастер үнэлгээний газраар үнэлгээ хийлгэхэд 6.324.000 төгрөгийн хохирол учирсан байна гэсэн үнэлгээ 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гарсан. Би хохирлын үнэлгээг 100% хүлээн зөвшөөрөхгүй байгаа, машин хойд хэсгээрээ мөргүүлсэн боловч урд талын доод хэсгээр том хэмжээтэй цемент мөргөж тогтсон. Уг үнэлгээ хийсэн газар нь хойд хэсэгт учирсан хохирлыг бичээд урд хэсгийг нь огт бичээгүй байсан. Яаралтай дахиж үнэлгээ хийлгэмээр байна. Зам тээврийн ослын улмаас надад учирсан хохирлыг эцсийн байдлаар хэлэх ямар боломжгүй байна. Миний эмчилгээний зардалд надад 5.000.000 /таван сая/ төгрөг өгсөн. Машины хохирлыг огт барагдуулаагүй байгаа. Хагалгааны зардал нь 6.000.000 / зургаан сая/ төгрөг болно. Хагалгааны дараа тасралтай 6 сарын хугацаатай физик эмчилгээ, нөхөн сэргээх мэдээ оруулах эмчилгээг яаралтай хийлгэх шаардлагатай байна.Би бүх эмчилгээгээ Улаанбаатар хотод хийлгэж байгаа би өөрөө Орхон аймагт амьдардаг 3 бага насны хүүхэдтэй, хүүхдүүдээ харгалзах хүнгүй 14 хоног үлдээсэн болохоор 2 хүүхдийн биеийн байдал муудаж хордлого авсан Би Орхон аймаг орох гээд хүний машин хөлсөөд 4 хүний зардал өгөөд явж байна. Дээрх нөхцөлүүдээс сэтгэл санаа, зүрх байдал муудаж хагалгаа хийлгэхэд эрсдэлтэй гээд хагалгаа хойшилж байна. Би гомдолтой байна. Манай нөхөр Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрт ажилладаг надад учирсан зам тээврийн ослын улмаар 14 хоног цалингүй чөлөө авсан. Осол гарсан гарсан жолоочоос хамгийн эхний ээлжид машиныг нэн даруй хохиролгүй болгож хуучин хэвэнд оруулж өгөхийг шаардаж байна. Энэ зам тээврийн ослыг хуульд заасан хугацаанд яаралтай шийдвэрлэж өгнө үү... /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч Б.Ариунболдын ...Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. М нь 2020 оны 2 сарын сүүлээр надаас 15.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Харин мөнгөө худалдаж авснаас 2 сарын дараа бэлнээр өгсөн. М хөдөөгүүр ажилтай гараад явчихсан. Бид хоёр уулзалдах боломжгүй байсан юм. Миний тээврийн хэрэгсэл 1994 онд үйлдвэрлэгдээд, Монгол Улсад 2006 онд орж ирж байсан. Би ослын талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй байна. Тээврийн хэрэгслийн урд талын 4 детал, гупер, гэрэл зэрэг эвдэрсэн байсан.2019 оны 07 билүү 06 сард оношилгоонд орсон. Жил бүр үйлчилгээг нь хийдэг, эд ангиуд бүрэн ажиллагаатай байсан. Би бол зарахдаа татвар, оношилгоо, торгуулийг төлж М шилжүүлсэн байгаа. Уг тээврийн хэрэгсэл нь хэрэгслийн миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм.Би тээврийн үнэлгээг хийлгүүлэхгүй М надаас худалдаж аваад гэрчилгээний нэр шилжүүлээгүй байсан юм. Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 33-35 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаярын ...Уг машин нь манай компани зээлийн барьцаа юм. Орхонтуул гэж хун 2019.10.28-ны өдөр энэ автомашиныг анх зээлээр худалдаж авахын тулд манай байгууллагаас 12.600.000 төгрөгийг эзэлж энэ автомашиныг худалдаж авсан. Зээл нь 3 жилийн хугацаатай 2022 оны 10 сарын 28-ны өдөр дуусна. Өнөөдрийн байдлаар түүний зээлийн үлдэгдэл нь 10.200.000 төгрөг, тэрээр энэ зээлээ дууссаны дараа машиныг өөр рүү нь шилжүүлж өгнө тэр хүртэл манай байгууллагын өмч юм.Орхонтуултай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр автомашиныг зээл авсан Орхонтуул өөрөө унаж ашиглаж байгаа бөгөөд машинаа унаж ашиглаж байхдаа ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдох, бусдад эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учруулах, замын хөдөлгөөний торгууль, тээврийн хэрэгслийн татвар зэргүүдийг бүгдийг Орхонтуул өөрөө хариуцахаар заалттай байдаг. Тээврийн хэрэгсэл хэзээ, хаана, хэрхэн осол хэрэгт холбогдсон, хэн буруутай, автомашинд ямар хохирол учруулсан талаар мэдээгүй. Яагаад гэвэл Орхонтуул өөрөө автомашиныг унаж хэрэглэж байсан. Автомашинд ослын улмаас учирсан хохирлыг албан ёсны шинжээч томилж дүгнэлт гарсан дүнг хэн буруутай жолоочоос нь нэхэмжлэн гаргуулах саналтай байна... /хх-ийн 40-41 дүгээр хуудас/
Гэрч С.Энхтуяагийн ...2020 оны 08 сарын 21-ээс 22-нд шилжих шөнө би хүү М, авга хүргэн Банзаржав, хүргэн Пүрэвхүү, охин Нинжбадгар бид нар Улаанбаатар хот руу Төв аймгийн Сүмбэр сумаас явж байсан. Бид нар Урьхан зоогийн газар хоол идээд би тээрийн хэрэгслийн жолоочийн хажуу талын суудал дээр суугаад зорчиж явсан. Тэгээд манай хүүгийн урд явж байсан машин манай машины урд бага хурдтай буюу 20 орчим километр цагийн хурдтай явж байсан Тэгээд Төв аймгийн Баянчандмань сум хүртэл урд яваад замын ховил гарах шиг болоход нь манай машин ардаас нь очоод мөргөчихсөн.Би 57-44 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан. Надаас оор жолоочтой нийлээд 4 хүн байсан. Осол нь замын ховил гарах гэж байсан автомашины ардаас очоод мөргөчихсөн.Надад ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй бид нар зоолон явж байсан. Мөн би суудлын бус хэрэглэчихсэн байсан. Манай жолооч М эрүүл байсан. Би машинаас буугаад гүйгээд очтол урд машины жолооч эмэгтэй урд талаа мөргөчихлөө, эрүү, нүүр, ам ямар ч мэдээгүй болчихлоо гээд бид нарыг хараагаад орилоод байсан. Бас зүүн нүднийх нь доод талд хөх өнгөтэй байсан. Бас тэр жолооч ар талын суудал дээр хүүхэд унтуулаад явж байсан... /хх-ийн 48 дугаар хуудас/
Гэрч Ж.Батмөнхийн ...Тухайн үед х/ч С.Батболд хэргийн газрын бүдүүвч зургийг үйлдэн жолооч Ч.М, Н.Орхонтуул нарын согтолтын зэргийг драйгер багажаар шалгасан байсан....... Драйгер багажаар шалгасан энэ талаар ослын акт дээр тусгасан байгаа...... Драйгер багажаар шалгасан тул бидэнд шинжилгээнд зориулж цус авах шаардлага байхгүй... /хх-ийн 82-83 дугаар хуудас/
Гэрч Б.Булганцэцэгийн "...Тиймээ, би 2020.08.21-ний өдөр жижүүр эмч дуудлагад явчихсан байсан болохоор би нэмэлтээр үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. 2020.08.22-ны 01 цаг 20 минутад ослын дуудлага гарлаа гэхээр нь би ослын газар дээр очсон. Намайг нэг автомашины ардаас нь нөгөө автомашин мөргөчихсөн. Осолд орсон хүмүүс нь бухимдчихсан ууртай, толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд би осолд орсон М, Орхонтуул нарыг эрүүл мэндийн төвд авч ирээд Орхонтуулыг үзэхэд амин үзүүлэлтүүд хэвийн зүүн нүдний ухархайн яс бага зэргийн цөмөрсөн гэмтэлтэй, нүүр мэдээ муу баруун мөр өвдөнө зүүн нүдний ухархайн яс гэмтсэн гэсэн зовиуртай байсан. Үзэхэд зүүн нүдний доод хэсэг бүдэг хөхөрсөн, тэмтэрч үзэхэд үл ялиг цөмөрсөн, баруун мөр эмзэглэлтэй байсан. Тэгээд онош тодруулахаар ГССҮТ руу илгээсэн........ Уг гэмтлүүд нь ослын үед үүссэн гэж оношилсон........ Орхонтуулын зүүн нүдний ухархайн хэсгээр үл ялиг хөхөрчихсөн байсан. Уг хөхрөлт нь ослоос үүсээд хөхөрчих байх боломжтой... /хх-ийн 84 дүгээр хуудас/
Шинжээч эмч Б.Батчимэгийн ..Би 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 72 дугаартай дүгнэлтийг гаргахдаа "Лазер мед” эмнэлгийн бичиг баримтыг үндэслэж гаргасан........хохирогч Н.Орхонтуулын биед үүссэн гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.... ...Н.Орхонтуулын биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.... Н.Орхонтуулын биед үүссэн гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан.......Хохирогч Н.Орхонтуулын биед үүссэн гэмтлүүд нь Лазер мед эмнэлгийн КТГ-д шинжилгээнд тусгагдсан шинэ гэмтлүүд байсан Н.Орхонтуулын биед үүссэн зүүн нүдний ухархайн хугарлаар суурь ясны бага далавч хүртэл үргэлжилсэн шугаман шинэ хугарал их тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар учрах хамаарна. Тэгэхээр үедээ амь нэмэлт бичиг насанд аюултай гэмтлийн баримтаар үүссэн хүнд зэрэгт гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй.......үүссэн гэмтлүүдээс шалтгаалан нүдэнд цус хуралт үүсэх боломжтой. Нүдэнд үүссэн цус хуралт нь тухайн хүний бие организмаас шалтгаалан харилцан адилгүй байна... /хх-ийн 96-97 дугаар хуудас/,
Яллагдагч Ч.М гэрчээр өгсөн: "Би 2020 оны 08 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед Төв аймаг Сүмбэр сумаас Улаанбаатар хот руу найз Ариунболдын 57-44 УБЧ улсын дугаар Тоёота Ландкруйсер 80 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Баянчандмань сумын Замын цагдаагийн постны хойд талд шинээр хийгдсэн хоолойны дээр явж байсан машин хурдаа хасахад зогсоож чадахгүй араас нь мөргөж зам тээв осол гаргасан.Би зам тээврийн осол болох үед машин гүйцэж байсан болохоор 4 орчим км/ц хурдтай явж байсан. Машинд сууж явсан 4 зорчигч дөрвүүлээ хамгаалах бүстэй байсан. Осол болох үед миний машинд сууж явсан хүмүүсийн биед гэмтэл бэртэл учраагүй. Урд явж байсан машины жолооч эмэгтэй хамгаалах хэрэглээгүй байсан учраас урд шилээ мөргөж нүүрэнд нь гэмтэл учирсан байсан. Мөн ар талын суудал дээрээ 3 настай хүүдээ ор засаж өгөөд унтуулаад явж байсан. Хүүхдийнх биед ил харагдах гэмтэл бэртэл учраагүй байсан. Зам тээврийн осол болоход цаг агаар тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй гадаа харанхуй байсан. Замын хувьд хоолой сольсон зам дээр тOM хэмжээтэй шороо байсан.Би урд явсан машины ард 20 м зайтай л явж байсан байх. Тэр машин тэр хоолойны шороон дээр хурдаа хасахад би тоормос гишгэсэн боловч миний машин бүрэн зогсож амжихгүй араас нь очиж мөргөсөн. Тэгээд тэр машин зам баруун талын хөвөө, ухаж гарсан хоолойны бетон дээр тогтсон. Тэгээд цагдаа нар удалгүй ирсэн.Би хоорондын зайг зав сонгож яваагүй улмаас зам тээврийн болсон байх би өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байна. Би А цагтай санал нийлж байна. Ослын газарт цагдаа нар ирэхэд би байсан. Би нөгөө машинд хохирлыг үнэлгээ хийлгэхэд шууд зардал 5.625.650 төгрөг, нийт үнэлгээгээр 6.324.650 төгрөгийн хохирол гарсан... /хх-ийн 42-44 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 72 дугаартай ...Н.Орхонтуулын биед зүүн нүдний ухархайн хугарлаас суурь ясны бага далавч хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, гайморын хөндийн цөмөрсөн зөрөөтэй хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины эдийн няцрал, зүүн хацар ясны зөрөөгүй хугарал, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо... гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
мастер үнэлгээ ХХК-ны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 4082 дугаартай ...үнэлгээгээр тогтоогдсон дүн 6.324.650 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 59-62 дугаар хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.М хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 90-95 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Мөн прокуророос эрүүгийн 2034005810664 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй бөгөөд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хууль заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Иймд эрүүгийн 2034005810664 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ч.М нь Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар багийн нутаг Замын цагдаагийн постны хойд талд 2020 оны 08 дугаар сарын 21-ний шөнө Тоёота Ландкруйзер маркийн 57-44 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дүгээр зүйл Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна." гэсэн заалтыг зөрчсөн улмаас Н.Орхонтуулын жолоодож явсан Тоёота Виш маркийн 70- 08 OPX улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Н.Орхонтуулын эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ.
Тэрээр дээрх Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж байгаа энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүнд хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.М Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ч.М болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Н.Орхонтуулын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Шүүгдэгч Ч.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хохирогч Н.Орхонтуулд тээврийн хэрэгслийн хохиролд 6.350.000 /зургаан сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн байна.
Дээрх төлөгдсөн хохирлыг хохирогч нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тээврийн хэрэгслийн хохиролд тооцсон ба шүүгдэгч энэ талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.
Улмаар хохирогч нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 3.990.000 /гурван сая есөн зуун ерэн мянга/ төгрөг нэхэмжилдэг бөгөөд энэ талаар шүүхэд гаргаж өгсөн баримт байхгүй боловч шүүгдэгчтэй харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагаас 1.490.000 /нэг сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 2.500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч хүлээн зөвшөөрч 10 /арав/ хоногийн дотор төлөхөө илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Ч.М 2.500.000 /хоёр сая таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Н.Орхонтуулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан 1.490.000 /нэг сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин хохирогч Н.Орхонтуул нь цаашид гарах эмчилгээний зардалтай баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ч.М Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжилнэ гэснийг хангаж, нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ч.М хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлын зохих хувийг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, амь хохирогчийн хууль төлөөлөгч болон бусад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс гомдол саналгүй зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Ч.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2034005810664 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.М жолоочийн 949732 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овгийн Ч.М замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л овгийн Ч.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Л овгийн Ч.М шүүхээс тэнссэн нэг жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хэд хэдэн үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л овгийн Ч.М хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нэг жилийн хугацаанд хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2034005810664 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Л овгийн Ч.М жолоочийн 949732 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л овгийн Ч.М нийт 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б овгийн Н.О олгож, нэхэмжлэлийн шаардлагаас сайн дураараа татгалзсан 1.490.000 /нэг сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Хохирогч Б овгийн Н.О нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Л овгийн Ч.М Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л овгийн Ч.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л овгийн Ч.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л овгийн Ч.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН