| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00185/и |
| Дугаар | 269 |
| Огноо | 2017-03-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 269
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 4-5 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО74081076, Хошууд овогтой Жавхлангийн Ганболдын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Яслийн 16 айлын орон сууцны 2-4 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО79112168, Тайж овогтой Сандагийн Цэдэнбалд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ганболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь С.Цэдэнбалтай 1999 онд гэр бүл болсон. 2000, 2001 онд төрсөн 2 хүүтэй. Бид 2004 оноос тусдаа амьдарч эхэлсэн ба хүү Г.Балдоржийг би өөр дээрээ, хүү Г.Баянмөнхийг ээж нь авч асран хамгаалж байгаа. Бид хоёр тусдаа амьдраад 12 жил болж байгаа ба тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай байна. Бидний хооронд хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Иймд хүү Г.Балдоржийг миний асрамжид, хүү Г.Баянмөнхийг ээжийнх нь асрамжид үлдээж, гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Цэдэнбал шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр болох шүүх хуралдаанд оролцох байсан боловч ОХУ руу яаралтай ажил гараад явж байгаа тул намайг байлцуулахгүйгээр шүүх хурлаа хийж өгнө үү. Бид нарт эд хөрөнгийн болон бусад маргаан байхгүй тул хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Ганболд нь хариуцагч С.Цэдэнбалд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 1999 онд гэр бүл болж, тэдний дундаас 2000 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүү Г.Балдорж, 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүү Г.Баянмөнх нар төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэвч тэд 2004 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, одоо тус тусдаа гэр бүлтэй болсон, дахин эвлэрэн хэлэлцэх боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Ж.Ганболд, С.Цэдэнбал нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Хүүхдүүдийн шүүхэд гаргасан санал, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг харгалзан хүү Г.Балдоржийг эцэг Ж.Ганболдын, хүү Г.Баямөнхийг эх С.Цэдэнбалын асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цэдэнбалаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ганболдод олгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Бид нарт эд хөрөнгийн болон бусад маргаан байхгүй” гэсэн тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хошууд овогтой Жавхлангийн Ганболд, Тайж овогтой Сандагийн Цэдэнбал нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2000 оны 2 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Хошууд овогтой Ганболдын Балдоржийг эцэг Ж.Ганболдын, 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Хошууд овогтой Ганболдын Баянмөнхийг эх С.Цэдэнбалын асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цэдэнбалаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ганболдод олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА