Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 279

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Ногоон талбайн 1-7 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОТ62062062, Чээчиг овогтой Баатуугийн Даваажавын,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

          Нэхэмжлэгч Б.Даваажав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие нь 1962 онд Увс аймгийн Давст суманд  төрсөн, 55 настай. Ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг. Би анх 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажилд орсон. Тэгээд ажиллаж байтал зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын оёдолчны ажлаас чөлөөлөгдөж, Ахуй үйлчилгээний удирдах газрын оёдолчноор  ажиллах болсон юм. Тэгж ажиллаж байгаад 1987 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор шилжиж очиход дахин Тариалан сумын харьяа Хархираа сумын Ахуй үйлчилгээний төвд /Хар толгойд/ оёдолчноор томилогдсон юм. Түүнээс хойш 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд  Тариалан сумын харьяа Хархираа сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан юм. Одоо тэтгэврийн насанд хүрч байгаа учир ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болж байна. Миний бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тухайн үеийн ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал аймгийн Архивын тасгаас олдохгүй байгаа тул миний 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинат, Ахуй үйлчилгээний удирдах газар, Тариалан сумын харьяа Хархираа сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор тус тус ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. ... Миний бие Улаанбаатар хотод амьдардаг тул өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд миний биеийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийж миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү”  гэжээ.     

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч Б.Даваажав нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.

       Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 134 тоот лавлагаанд: “Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинат, Хархираа тэжээлийн аж ахуйн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Баатуу овогтой Даваажавтай холбогдох лавлагааг шүүн үзэх боломжгүй байна” гэсэн байх боловч хэрэгт авагдсан  Б.Даваажавын Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатаас 1980 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт: “1980 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор авч ажиллуулав, 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс зохион байгуулалтын өөрчлөлт орсон тул Ахуй үйлчилгээний комбинатын оёдолчны ажлаас чөлөөлж, Ахуй үйлчилгээний удирдах газрын оёдолчноор авч ажиллуулав, 1987 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвд шилжүүлэв, мөн өдрөөс Тариалан сумын харьяа Хархираа сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор авч ажиллуулав, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс нийгмийн даатгалын дэвтэр хөтлөгдөх болсон тул оёдолчны ажлаас чөлөөлөв” гэсэн бичилтүүд хийгдсэн байна.

          Мөн нэхэмжлэгчийн ажлын байрандаа 1981 онд авахуулсан болон хамт олонтойгоо 1983 оны намар авахуулсан 2 ширхэг гэрэл зургийн үзүүлэлт авагджээ.

          Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн М.Отгонбаяр, Ш.Гүнсээ, Д.Алтанцэцэг нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч М.Отгонбаяр: “Миний бие нь 1985 онд Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйн Ахуй үйлчилгээний салбарт оёдолчноор ажилд ороход Б.Даваажав нь тухайн байгууллагад оёдолчноор ажиллаж байсан. Бид хоёр нэг сумын хүмүүс учир нэгнээ сайн мэднэ. Б.Даваажав бид хоёр хамтдаа 11 жил гаруй хугацаанд хамтдаа ажилласан. Анх би 1980 онд Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын Халуун усны үйлчлэгчээр ажилд орон ажиллаж байхад Б.Даваажав нь 1980 онд Ахуй үйлчилгээний кобинатад оёдолчноор ажиллаж байгаад 1985 оноос Хархираагийн тэжээлийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний салбарт шилжин, 1994 оныг дуустал хугацаанд ажилласан. Тухайн үед байгууллагын даргаар н.Давааням, н.Загиржав, н.Алтанцэцэг гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ш.Гүнсээ: “Би 1960 оноос 1984 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад зөөлөн оёдолд оёдолчноор ажиллаж байсан. Б.Даваажав нь 1980 онд Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажилд орж байсан. Б.Даваажавыг 1980 оноос 1987 онд хүртэл оёдолчноор ажиллуулж байгаад 1987 онд Увс аймгийн Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвд шилжүүлэн ажиллуулж байсан. Б.Даваажавын эгч Хавтгай гэх хүн манай байгууллагад мастер хийж байсан. Би тухайн үед Хавтгайг сайн таньж мэддэг байсан учраас дүү Б.Даваажавыг нь мэдэх болсон. Тэгээд Б.Даваажав бид хоёр нэг байгууллагад ганц хоёр жил хамт ажиллаж байгаад манай бэр болсон. Тэр цагаас хойш сайн мэддэг болсон. Б.Даваажав нь 1980 оноос 1987 он хүртэл хугацаанд Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчин, 1987 оноос 1994 оныг дуустал хугацаанд Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор тус тус ажиллаж байсан юмаа. Тухайн үед байгууллагын даргаар н.Давааням, н.Загиржав, н.Алтанцэцэг гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Д.Алтанцэцэг: “Намайг 1983 онд сургуулиа төгсөж ирээд Увс аймгийн Ахуй үйлчилгээний төвд инженер технологийн ажилд ороход оёдолчин Б.Даваажав гээд ажиллаж байсан. 1985 оны 8 дугаар сард Хар толгойд салбар нээгдэхэд манай Ахуй үйлчилгээний комбинатаас 13 хүний бүрэлдэхүүнтэй нэг тасаг очиж ажиллах болсон. Тэр үед би ажил хүлээлцэх комиссийн даргаар нь явж байсан учраас сайн санаж байна. Б.Даваажавын нөхөр Давааням нь Хар толгойд усжуулагчаар ажиллаж байсан учраас Б.Даваажав тухайн салбар луу шилжин ажиллах хүсэлтээ өгөн ажиллаж байсан. Тухайн үед Хар толгойн салбар тамга тэмдэггүй Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын салбар гэж ажилладаг байсан. Тарилан, Хар толгой хоёрт салбар ажиллуулж байгаад 1987 онд хоёр салбараа нэгтгээд Ахуй үйлчилгээний төв болгож байсан. Б.Давааням нь 1987 оноос хойш Ахуй үйлчилгээний төв тарах хүртэл буюу 1994 оныг дуустал Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвд ажилласан. Тухайн үед Увс аймгийн Ахуй үйлчилгээний кобинатын даргаар Ц.Давааням, С.Загиржав, Д.Алтанцэцэг миний бие ажиллаж байсан. Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвийн даргаар М.Лхагвасүрэн гэх хүн ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн байна.

          Түүнчлэн гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох гэрч Ш.Гүнсээ, М.Отгонбаяр нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Алтанцэцэгийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 210 тоот шийдвэрийн хуулбар зэрэг баримтууд авагджээ.

       Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Даваажавын 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад, 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт, 1987 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Ахуй үйлчилгээ болон Хархираа сумын Ахуй үйлчилгээний төвд тус тус оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Даваажавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

        Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Чээчиг овогтой Баатуугийн Даваажавын 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад, 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт, 1987 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Ахуй үйлчилгээ болон Хархираа сумын Ахуй үйлчилгээний төвд тус тус оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Даваажавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                        ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА