| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00180/и |
| Дугаар | 273 |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 273
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 1 дүгээр багт оршин суух, 1989 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ89070729, Цагаагчууд овогтой Эрдэнэ-Очирын Наранчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Буянт суманд оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар БЕ87110215, Өөлөг овогтой Соёлын Одгэрэлд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Наранчимэг, хариуцагч С.Одгэрэл /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Наранчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2011 онд Баян-Өлгий аймгийн Ховд их сургуулийн салбар сургуульд суралцаж байхдаа С.Одгэрэлтэй танилцаж, үерхэж байгаад 2013 оны 7 дугаар сард гэрлэлтээ батлуулж гэрчилгээ авсан. Хамт амьдарч байх хугацаанд 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдөр охин Одгэрэлийн Намуунааг төрүүлсэн. Одоо охин маань 3 настай. Бид тухайн үед Баян-Өлгий аймагт амьдарч байгаад би сургуулиа төгсөөд 2013 оны 9 дүгээр сард охинтойгоо хамт өөрийн төрж өссөн аймаг болох Увс аймгийн Тэс суманд ирж ажиллах болсон. Нөхөр болох С.Одгэрэл нь намайг сургуулиа төгсөөд нутагруугаа ирэх үед аав, ээж, дүү нараа харж хандах шаардлагатай гээд нутагтаа үлдсэн. Баян-Өлгий аймагт нөхөр ажил хийдэггүй, хүний гар хараад хэцүү байсан тул нутагтаа ажил хайн ирж, ажилд орсон. Ингээд охины хамт нутагтаа ирээд Тэс сумын Хар үзүүр багийн бага сургуульд орж ажиллах болсон. Охин бид хоёрыг энд ирсэнээс хойш нөхөр маань араас ирээгүй бөгөөд холбоо барихад “Би чиний араас очиж чадахгүй, одоо чи эртхэн өөрийн амьдарлаа бод” гэж хэлдэг болсон. Тэр үгнээс нь би гомдсон. Одоо миний бие өөр хүнтэй суусан ба дахин хүүхэдтэй болсон тул С.Одгэрэлээс гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай болоод байна. Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандаж өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийн дагуу ажиллагаа хийж 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон болно. Ингээд хуулийн дагуу дараагийн шатны байгууллага болох шүүхэд хандаж байна. Иймд С.Одгэрэл бид хоёрын гэрлэлтийг цуцалж охин О.Намуунаад хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Одгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багт аав, ээж болон 2 дүүгийн хамт оршин суудаг. Эхнэр болох Э.Наранчимэгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг гардан авч дараах тайлбарыг бичиж байна. Миний бие Э.Наранчимэгтэй сайн дурын үндсэн дээр гэр бүл болж байсан юм. Бид гэр бүл болсноос хойш аав, ээжийн хажууд тусдаа гэр барьж амьдарч байсан. 2013 оны 9 дүгээр сард эхнэр маань хүүхдээ дагуулаад төрхөн рүүгээ явж, тэндээс ажил хайж үзэхээр болсон билээ. Гэтэл тэр жилийн өвөл эцэг маань тархиндаа цус харваж унан, нэг талын гар, хөл нь ажиллагаагүй болж, мөн нэг талын чих нь сонсголгүй болсон. Нэгэнт аавынхаа нэг талын гар, хөл нь ажиллагаагүй болсон учраас түүнийг байнгын асрах шаарлагатай болсон. Хоёр дүү маань байгаа боловч эрэгтэй дүү маань багаасаа тахир дутуу бөгөөд нэг гаргүйн улмаас ар гэрийн ажилд ямар ч тус хүргэж чаддаггүй, харин ч өөрт нь асаргаа шаарлагатай юм. Иймээс өрх толгойлох надаас өөр эр хүнгүй болсон тул эхнэр, хүүхдийнхээ араас явж чадаагүй юм. Эцэг, эхээ асрах хуульд заасан үүргээс гадна бидний зан заншилд өвчтэй, асаргаа шаарлагатай эцэг, эхээ үлдээж явахыг цээрлэдэг билээ. Эхнэр маань надаас явснаас хойш нэг жил ч хүрэхгүй хугацаанд өөр хүнтэй гэр бүл болсон байна. Мөн шинэ нөхрөөсөө хүүхэдтэй болжээ. Өөр хүнтэй суух гэж байгаа талаар надад хэлж зөвшөөрөл ч аваагүй. Бидний гэрлэлтээ цуцлахгүйгээр шууд өөр хүнтэй гэр бүл болж байгаад нь гомдолтой байна. Миний мах, цусны тасархай болсон үр маань одоо өөр хүнийг аав хэмээн дуудаж байгааг нь бодоход сэтгэл маань эмтэрч байна. Гэр бүлээ цуцлахад татгалзах зүйлгүй байна. Гэвч шүүхээс ганц зүйлийг хичээнгүйлэн хүсэж байна. Тэр юу вэ гэхээр хүүхэдтэйгээ байнгын уулзах боломж олгохыг хүсэж байна. Бид хоёрын гэр хол байдаг тул, хааяа би гэртээ дагуулж явж уулзах боломж бүрдүүлэхийг хүсэж байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Наранчимэг нь хариуцагч С.Одгэрэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2013 оны 6 дугаар сард гэр бүл болж, тэдний дундаас 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдөр охин Өөлөг овогтой Одгэрэлийн Намуунаа төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэвч тэд 2013 оны 9 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, одоо нэхэмжлэгч нь тусдаа гэр бүлтэй болсон, дахин эвлэрэн хэлэлцэх боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Э.Наранчимэг, С.Одгэрэл нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин О.Намуунааг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Одгэрэлээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Наранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Одгэрэлээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Наранчимэгт олгож, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Хариуцагч нь тайлбартаа “Хүүхэдтэйгээ байнгын уулзах боломжийг олгоно уу” гэсэн байх боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж тус тус заасан байдаг тул шүүхийн шийдвэрт энэхүү асуудлыг тусгайлан зааж үүрэг болгох шаардлагагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Цагаагчууд овогтой Эрдэнэ-Очирын Наранчимэг, Өөлөг овогтой Соёлын Одгэрэл нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин О.Намуунааг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Одгэрэлээр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Наранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Одгэрэлээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Наранчимэгт олгож, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 /хорин найман мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
6. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА