Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/136

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2021             05                28                                               2021/ШЦТ/136                                        

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч, хохирогч Э.Т,

шүүгдэгч Б.Б,

шүүгдэгч, хохирогч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

                                         

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д овгийн Э.Т, Б овгийн Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Б овгийн Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034000000618 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

         

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа малчин, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Д овгийн Э.Т,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овгийн Б.Б,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хоёр эгчийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овгийн Д.О,

                                    Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Т, Б.Б нар нь бүлэглэн, 2020 оны 10 дугаар сарын

06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 4-17 тоотод Д.О хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд нь зулайн хуйхны халзрал, зулай, зүүн хацар, шанаа, баруун, зүүн хөх, зүүн мөр, баруун, зүүн бугалга, зүүн шилбэний цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хүзүү цээжний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

яллагдагч Д.О нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 4-17 тоотод хохирогч Э.Т хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд нь зулай, дагзны халзрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Э.Т:

...Мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Шүүгдэгч Б.Б:

... Мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Шүүгдэгч Д.О:

... Мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Хохирогч Э.Т:

....2020 оны 10 дугаар сарын 06 ний өдөр 2-багийн 4-17 тоотод хүүхдээсээ болоод маргаан үүсэн тэгээд зодоон болсон. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэж,

Хохирогч Д.О ...2020 оны 10 дугаар сарын 06 ний өдөр хүүхэд нь орж ирсэн тэгэхээр нь гэртээ харь гэж хэлсэн тэгсэн удалгүй араас нь орж ирээд хүүхэд хөөлөө гэх зэргээр уурлаж тэгээд хоорондоо маргасан. Тэгээд байж байтал Б гаднаас орж ирээд боль гээд намайг 2-3 удаа өшиглөсөн. Одоо гомдол санал байхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Шүүгдэгч Э.Т, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын

06-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 4-17 тоотод Д.О хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зодолдсоны улмаас түүний эрүүл мэндэд нь зулайн хуйхны халзрал, зулай, зүүн хацар, шанаа, баруун, зүүн хөх, зүүн мөр, баруун зүүн бугалга, зүүн шилбэний цус хуралт зүүн нүдний зовхи зүүн хацар, хүзүү цээжний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Д.О нь 2020 оны 10 дугаар сарын 06 -ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 4-17 тоотод хохирогч Э.Т хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд нь зулай дагзны халзрал, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь Эрүүгийн 2034000000618 дугаартай хэргээс шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан дараах 

        хохирогч Д.О ...Манай бэр болох Т гаднаас ууртай орж ирээд хүүхэд зодоод алгадсан байна. Би чамд хүүхдээ дээрэлхүүлэхгүй, доромжлуулахгүй гэхээр нь би танай хүүхдийг зодоогүй, алгадаагүй, доромжлоогүй зүгээр гэртээ ор гэж хэлсэн гэхэд миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үстээд байж байтал миний төрсөн эгч Одончимэгийн хүүхэд буюу Т нөхөр Б орж ирээд миний толгойны ар хэсэгт хөлөөрөө дэвссэн. Хүзүүний ард гараараа маш их цохиод чирээд амралтын өрөөний орон дээр аваачин дээш нь харуулан хэвтүүлэн хоолой боож байхдаа миний цээжийг урж, цохитол хажуугаас нь эхнэр нь орж ирээд баруун хөл рүү цохиод байсан. Тэгээд намайг буцаагаад лангуу руу оруулаад зодоод байхаар нь би үхлээ шдээ та нар болиоч ээ гэж хэлээд хаалганд хийдэг төмөр аваад цохих гэтэл миний гараас булааж авахаар нь би түлхээд лангууны ард орсон. Тэгтэл нөгөө хоёр гарахаар нь би хаалгаа хаагаад түгжсэн. Тэгсэн чинь хаалганы гадаа тэр 2 байж байгаад хаалга онгойлго гэж хэлээд хаалгыг өшиглөсөн... /хх-н 3-5 дугаар хуудас/,

 

хохирогч Э.Т...Тэгээд өдөр 13 цагийн үед би гэртээ 2 дүүгийн хамт хөзөр тоглоод инээлдээд сууж байтал гаднаас О хогийн шүүр барин орж ирээд чи намайг хэрэлдэж байхыг хаана харсан юм бэ гэж хэлээд намайг түлхэхээр нь би зөрүүлээд яаж байна гэж хэлээд түлхтэл миний үснээс үулгаахаар нь би эргүүлээд зулгаатал манай нөхөр хүрч ирээд 2 тийш болгон салгатал гаднаас 80 гарч байгаа өвөө орж ирээд охиноо аваад гарах гэтэл барьж орж ирсэн хогийн шүүрээ над руу шидэх гэж хэд хэд далайгаад хүмүүс чирээд гаргасан. Гэтэл манай охин Чулуунаа эгч намайг загнаад, зодоод байна гэхээр нь миний уур хүрээд гэр рүү нь ороод яагаад хүүхэд загнаад байгаа юм. Хүүхдэд ямар буруу байгаа юм. Хэрэлдэж, муудах гээд байгаа бол надтай хэрэлд гэхэд битгий хуц чи зайл. Чи хадам ээждээ хөөгдөж, туугдаад явдаг юм байна лээ гэснээ дэлгүүр тойрч ирээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд түлхтэл миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд зулгаагаад нэлээд удаж байж байтал манай нөхөр гаднаас орж ирээд салган тэгэхээр нь манай нөхөр намайг гэр рүү ор гээд гэрт оруулсан... /хх-н 8-10 дугаар хуудас/,

         

гэрч М.Энхмаагийн ...Тэгээд нээх удалгүй нэг шар хүүхэн орж ирээд Чука руу харан чи миний хүүхдийг яахаараа зоддог юм гэхэд Чука би зодоогүй харь харь гэж хэлээд гаргасан гэхэд чи зодсон л юм байна. Миний хүүхэд уйлаад орж ирээд чамайг зодсон гэж хэлсэн гээд хэрэлдэж байснаа нөгөө шар хүүхэн Чукаг үстээд авсан. Тэгэхээр нь Чука эргүүлээд үстээд хоорондоо үстэлцээд зууралдаад байхаар нь би салгах гэж оролдтол салахгүй байсан. Тэгээд гаднаас нөхөр нь гэх туранхай залуу орж ирээд шууд юм ярилгүй Чукаг өшиглөөд толгой, нуруу, цээж рүү нь зөндөө цохисон. Тэгээд Чука үстсэн бариад байж байснаа гар нь суллаад нөгөө хүүхнийг тавьсан. Тэгэхээр нь би болио боль миний дүү та хоёр хоёулаа яаж байгаа гэтэл тэр туранхай залуу намайг чи цаашаа зайл гэж хэлсэн... /хх-н 9-10 дугаар хуудас/,

 

насанд хүрээгүй гэрч М.Бүжинлхамын ...Сарангэрэл гаднаас орж ирсэн тэгэхэд нь О эгч харь, гэртээ харь гэж хэлсэн тэгээд төд удалгүй Сарангэрэлийн ээж Т нь ширүүн харцтай орж ирээд гичий минь яагаад хүүхэд дээрэлхээд зодоод байгаа юм гэж орж ирсэн тэгтэл том эгч О зодоогүй гэж хэлтэл хуц чамайг зодсон гэж байна гэж ам зөрсөн тэгтэл Т эгч О эгчийг үстээд авсан тэгэхэд нь том эгч О мөн толгойноос нь үсдээд үстэлцсэн энэ үйл явдал нэлээн удаан үргэлжилсэн бөгөөд хоорондоо үстэлцээд аймаар байхаар нь би утсаараа бичлэг хийсэн. Тэгтэл гаднаас Б ах орж ирээд О эгчийн толгой нуруу хэсэгт нь цохиод хөлөөрөө өшиглөсөн тэгээд Б ах, О эгч 2 заамдалцаад заамдалцсан чигээрээ орон дээр унагаасан орных нь дээд талд нь Т эгч зогсож байсан бөгөөд гараа атгаж байгаад толгой руу нь цохисон. О эгч арай гэж боссон тэр үед дэлгүүрээс юм авдаг эгч Оомоо гэрч Дулмаа эгчийг дуудсан Оомоо эгчийг гарах хооронд том аниа О хаалга түгждэг төмөр гартаа бариад байж байсан тэр хооронд Дулмаа эгч гаднаас орж ирээд тэр хоёрыг салгасан юм. Б ах том аниаг зодож байхад том аниа О, Б ахад хандан Б одоо больё гэж хэлж байсан... /хх-н 7-8 дугаар хуудас/,

яллагдагч Б.Б ...би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

яллагдагч Э.Т ...би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

яллагдагч Д.О ...Би үнэхээр их гомдолтой байна. Т намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон өмнөх өдөр нь намайг гэрт байхгүй байхад дэлгүүрт хүүхдийн хэрэглэсэн пампарснууд байсан тэгээд миний уур хүрээд Б гэрт ороод чи хүүхдийнхээ пампарсыг хаялаа гэж хэлээд гэрт нь орсон тэгтэл Б, Т хоёр миний өөдөөс бас л хэрэлдэж намайг зодсон... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд

шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 606 дугаартай ...Д.О биед зулайн хуйхны халзрал, зулай, зүүн хацар, шанаа, баруун зүүн хөх, зүүн мөр, баруун зүүн бугалга, зүүн шилбэний цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хүзүү цээжний зулгаралт бүхий хөнгөн гэмтэл... учирсан талаарх /хх-ийн 14 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 610 дугаартай ...Э.Т биед зулай дагзны халзрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл... учирсан талаарх /хх-ийн 16 дугаар хуудас/ дүгнэлтүүд болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, шүүгдэгч Э.Т хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 48-51, 56 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 52-55 дугаар хуудас/, шүүгдэгч Д.О хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 60-63 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Э.Т, Б.Б нар хохирогч Д.О зодож түүний биед зулайн хуйхны халзрал, зулай, зүүн хацар, шанаа, баруун, зүүн хөх, зүүн мөр, баруун, зүүн бугалга, зүүн шилбэний цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хүзүү цээжний зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.

 

Тухайлбал шүүгдэгч Э.Т, хохирогч Д.О нарыг маргалдан, харилцан зодолдож байх үед шүүгдэгч Б.Б нь өөрийн эхнэр Э.Т өмөөрөн эхнэртэйгээ нийлж хохирогч Д.О зодсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заасныг хангаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан “Гэмт хэрэгт хамтран оролцох” гэсний мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн гүйцэтгэх” хэлбэрийг хангасан байна.

 

Хууль санаачлагчаас “Гэмт хэрэгт хамтран оролцоо”-ны  “Бүлэглэн гүйцэтгэх” хэлбэрийг энэ хуулийн тусгай ангид гэмт хэргийн шинж болгон заасан бөгөөд уг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг хангаж байна гэж үзлээ.

 

Тэрээр шүүгдэгч нар нь хамтарч бүлэглэн хүнийг зодож, цохиж байгаа энэхүү өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогч Д.О биед зулайн хуйхны халзрал, зулай, зүүн хацар, шанаа, баруун зүүн хөх, зүүн мөр, баруун зүүн бугалга, зүүн шилбэний цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хүзүү цээжний зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгч нарын цохиж, зодсон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Д.О нь хохирогч Э.Т маргалдаж, улмаар зодолдож түүний биед биед зулай дагзны халзрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулжээ.

 

Тухайн гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Д.О нь хохирогч Э.Т маргалдаж, харилцан зодолдсоноор түүнийг цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн гэмтэл учруулснаар гэмт хэрэг төгссөн байна.

 

Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зүйтэй байна.

 

Тэрээр хүнийг зодож, цохиж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогч Э.Т биед зулай дагзны халзрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн цохиж, зодсон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Э.Т, Б.Б, Д.О нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Э.Т, Б.Б нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Д.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Т, Б.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.О биед зулайн хуйхны халзрал, зулай, зүүн хацар, шанаа, баруун зүүн хөх, зүүн мөр, баруун зүүн бугалга, зүүн шилбэний цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хүзүү цээжний зулгаралт бүхий хөнгөн хохирол,

Шүүгдэгч Д.О гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Т биед зулай дагзны халзрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.  

 

Хохирогч Д.О нь шүүгдэгч Э.Т, Б.Б нараас, мөн хохирогч Э.Т нь шүүгдэгч Д.О мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал тус тус нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Хохирогч Д.О нь шүүгдэгч Э.Т, Б.Б нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Э.Т нь шүүгдэгч Д.О гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Д.О, Э.Т нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч нарын мэдүүлэг давхар нотлогдож байна.    

 

Иймд шүүгдэгч Э.Т, Б.Б, Д.О нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.Т, Б.Б, Д.О нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд шүүгдэгч Э.Т, Б.Б нарт тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000  төгрөгийн торгох ял, шүүгдэгч Д.О дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Э.Т, Б.Б, Д.О нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, 

 

шүүхээс шүүгдэгч Э.Т, Б.Б, Д.О нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Т, Б.Б нарт тус бүр оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Д.О оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу гурван сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2034000000618 дугаартай хэрэгт 1 ширхэг CD хураагдан ирснийг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Т Б.Б, Д.О нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.     

 

       Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

                           37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                                        заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овгийн Э.Т, Б овгийн Б.Б нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Б овгийн Д.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Д овгийн Э.Т, Б Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч Б овгийн Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Э.Т, Б овгийн Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрийн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг,

мөн шүүгдэгч Б овгийн Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус туст мэдэгдсүгэй.    

     

4. Шүүгдэгч Д овгийн Э.Т, Б овгийн Б.Б, Б овгийн Д.О нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2034000000618 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD хураагдан ирснийг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Т, Б.Б, Д.О нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д овгийн Э.Т, Б овгийн Б.Б, Б овгийн Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.   

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д овгийн Э.Т, Б овгийн Б.Б, Б овгийн Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ш.ГАНДАНСҮРЭН