Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 280

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Төмөр замд оршин суух, 1960 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар НХ60052417, Боржигон овогтой Цэрэнсономын Гантуяагийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

           Нэхэмжлэгч Ц.Гантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1960 онд төрсөн, 57 настай. Би 1976 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн армотурын бригадад армотурчнаар 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 16 жил 3 сар 19 хоног тасралтгүй ажилласан. Миний бие хөдөлмөрийн дэвтрээ өөрийн буруугийн улмаас гээж үрэгдүүлсэн байх тул улсад ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа юм. Миний ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг нотлох баримтууд байгааг нэхэмжлэлдээ хавсаргасан болно. Мөн надтай хамт ажиллаж байсан Б.Цэнджав, П.Ичинноров нарын хөдөлмөрийн дэвтрийг гэрчийн нотлох баримтаар гаргуулж өгч байна. Иймд миний ажилд орсон, гарсан тушаал, гэрч нарын баримтыг үндэслэн миний 1976 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал буюу 16 жил, 3 сар, 19 хоногийн хугацаанд Увс аймгийн Улаангом сумын Барилга угсралтын трестийн армотурын бригадад армотурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү”  гэжээ.   

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Гантуяа нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.

          Хэрэгт Увс аймгийн Барилга угсралтын конторын даргын 1976 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 150 тоот тушаал, Барилгын биржийн ерөнхий захирлын 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 105 тоот тушаалын хуулбар тус тус авагдсан байх ба уг тушаалаас үзэхэд Цэрэнсоном овогтой Гантуяаг 1976 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тус конторт армотурчнаар авч ажиллуулж, 1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон армотурчны ажлаас чөлөөлсөн байна.

         Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Б.Цэнджав, П.Ичинноров нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Цэнджав: “Миний бие нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1972 оноос эхлэн 1992 он хүртэл ажиллаад үргэлжлүүлэн компанид 2015 он хүртэл өрлөгчин, засалчнаар ажилласан. Ц.Гантуяа нь 1976 оноос эхлэн 1992 он хүртэл тухайн байгууллагын армотурын бригадад армотурчнаар ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед бид нар нэг бригад болон ажилладаг байсан. Ц.Гантуяа бид нар олон барилга дээр хамтран ажилладаг байсан. Нэг барилга дээр хоёр армотурчин явуулж ажиллуулдаг. Ц.Гантуяа нь армотур зангидаад бид нар хойноос нь битоноо цутгаад явдаг байсан учраас сайн мэдэж байна. Тухайн үед Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул, С.Ургамал, н.Нүүнээ гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч П.Ичинноров: “Намайг Увс аймгийн Барилга угсралтын трестийн армотурын цехэд 1981 онд армотурчнаар ажилд ороход Ц.Гантуяа нь тухайн байгууллагад ажиллаж байсан. Бид хамтдаа нэг байгууллага, цехэд ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Бид бригад болон ийш тийш нь их явж ажилладаг байсан. Бид хамтдаа 1992 он хүртэл ажиллаад үргэлжлүүлэн компани болон 1995 он хүртэл ажиллаж байсан. Армотурчин нь барилгын армотур зангидаж явдаг учраас барилгын бүхий л ажилд явдаг байсан. Тухайн үед Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул, С.Ургамал, н.Нүүнээ гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

        Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 85 тоот лавлагаанд: “Увс аймгийн Барилга угсралтын трестийн цалинг шүүн үзэхэд Ц.Гантуяатай холбогдох баримт гараагүй” гэх боловч хэрэгт авагдсан дээрх тушаалуудын хуулбар, гэрчүүдийн мэдүүлгээр түүнийг ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж үзлээ.

      Түүнчлэн гэрч П.Ичинноровын хөдөлмөрийн дэвтэрт “... 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Барилгын “Өрнөл” ББХК-ийн мэдэлд хуваарилагдан ажиллав” гэсэн бичилт хийгдсэн байх бөгөөд тухайн үеэс эхлэн Барилга угсралтын трест нь зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, олон компаниуд болж үйл ажиллагаа явуулсан байх тул Ц.Гантуяагийн 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилгын биржид армотурчнаар ажилласныг тогтоох нь зүйтэй байна.

         Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Гантуяагийн 1976 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын контор болон трестэд, 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилгын биржид тус тус армотурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Гантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогтой Цэрэнсономын Гантуяагийн 1976 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын контор болон трестэд, 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилгын биржид тус тус армотурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Гантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА