Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/137

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2021            05                28                                                2021/ШЦТ/137                                        

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн А.Э холбогдох эрүүгийн 2034000000656 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2003 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлэн 2003 оны 10 дугаар сарын 03-нд ялын хугацаа дуусаж суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овгийн А.Э,

 

                                  Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.Э нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 30-нд Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт хохирогч Т.Г маргалдсаны улмаас түүний биед нүүрэн тус газар нь цохиж зүүн нүдний салстын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух хамрын зулгаралт гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч А.Э:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй 1.000.000 төгрөг төлөгдсөн... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034000000656 дугаартай хэрэгт хохирогч Т.Г /хх-ийн 4-5 дугаар хуудас/, гэрч М.Энхтөр /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Д.Оюунтүлхүүр /хх-ийн 12-13 дугаар хуудас/, яллагдагч А.Э /хх-ийн 34-35 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 681 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, шүүгдэгч А.Э хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 19-22 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

  

Үйл баримтын талаар: 

Шүүгдэгч А.Э нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 30-нд Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт хохирогч Т.Гомбообаяртай маргалдсаны улмаас түүний биед нүүрэн тус газар нь цохиж зүүн нүдний салстын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух хамрын зулгаралт гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах 

        Хохирогч Т.Гомбообаярын .... би цагаан өнгийн приус 20 маркийн машинд сууж явж байгаад Төв аймгийн цагдаагийн постны хажууд явж байтал шар куртиктэй залуу чимээгүй байж байгаад гэнэт халааснаасаа цагаан өнгийн дөрвөлжин хэлбэртэй зүйл гаргаж ирээд миний нүд рүү 3 удаа цохисон сүүлд нь бодоод байхад жолоочийг оролдоод байхаар нь би боль гэснээс болж зодсон байх нэрийг нь асуухад Э гэж байсан Э гэх залуу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон байсан Улаанбаатар хотод эмнэлэг дээр нүдний хагалгаанд орсон одоо толгой өвдөөд нүд харанхуйлаад байна эрүүл мэндээрээ хохирсон эмчилгээний зардлаа төлүүлмээр байна... /хх-н 04-05 дугаар хуудас/,

          Гэрч М.Энхтөрийн ...Би Өмнөговь аймгийн буудал дээрээс хот явах унаанд суусан юм тэгтэл согтуу 2 залуу, дээрээс нь нэг махлаг бор залуу суусан тэгээд бид Улаанбаатар хот хөдөлсөн тэгтэл замдаа 2 залуу дэлгүүрт ороод 1 шил архи аваад ирсэн тэгээд нөгөө архи ууж байгаад талыг нь машин дотор унагаагаад асгачихсан... тэгээд Төв аймгийн наана байдаг цагдаагийн постон дээр ирээд шар куртиктэй залуу нь махлаг залуугийн нүд рүү нь цохиод цус гаргачихсан тэгээд гарч ирээд нөгөө 2 залууг аваад постноос цагдаа явсан нөгөө зодуулсан залуу аймгийн эмнэлэг дээр ирж боолт хийлгэсэн... /хх-ийн 10-11-дүгээр хуудас/

Гэрч Д.Оюунтүлхүүрийн ...Би Цогтцэций сумаас өөрийн эзэмшлийн машинтай Улаанбаатар хот явж байсан буудал дээрээс хүн суулгатал 2 согтуу залуу суусан тэр 2 согтуу залуу намайг хайраа гээд араас тамтаад жолоо бариулахгүй байсан тэгтэл шар куртиктэй залуу бор царайтай ахын нүүр лүү цагаан юмаар цохисон хартал нөгөө ахын нүд нь хөхрөөд хавдсан цус гоожоод байсан тэгээд л цагдаад

хэлээд постон дээр хүлээлгэж өгсөн тэгээд нөгөө зодуулсан залууг эмнэлэг дээр аваачиж боолт хийлгэсэн... /хх-н 12-13 дугаар хуудас/,

яллагдагч А.Э ...Би прокурорын тогтоол болон зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. Би нийт эмчилгээний зардал гэж Гомбообаярт 1.000.000 төгрөг өгсөн... /хх-ийн 34-35 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд

 

шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 681 дугаартай ... Т.Гомбообаярын биед зүүн нүдний саластын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух хамрын цус хуралт... дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, шүүгдэгч А.Э хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 19-22 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч А.Э нь Т.Гомбообаярын биед зүүн нүдний салстын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух хамрын цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулжээ.

 

Тэрээр хүнийг зодож, цохиж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, Т.Гомбообаярын биед зүүн нүдний салстын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух хамрын цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч А.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Э гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Гомбообаярын биед зүүн нүдний салстын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух хамрын цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.  

 

Шүүгдэгч А.Э хохирогч Т.Гомбообаяр нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал тус тус нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 /нэг сая/ төгрөгийг эмчилгээнд нь хэрэглэх зорилгоор өгсөн болох нь шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байна.  

 

Иймд шүүгдэгч А.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.Э хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж эвлэрсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч А.Э торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, 

 

шүүхээс шүүгдэгч А.Э оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Э нь оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу гурван сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2034000000656 дугаартай хэрэгт хэрэгт ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.     

 

       Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

           шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

                        37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                                    заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн А.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Б овгийн А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

     

4. Шүүгдэгч Б овгийн А.Э шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

5. Эрүүгийн 2034000000656 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн А.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн А.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ш.ГАНДАНСҮРЭН