| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00206/и |
| Дугаар | 281 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 281
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОБ63111909, Таргуд овогтой Тогтохын Алтанчимэгийн,
С.Эрдэнэчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Алтанчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Эрдэнэчимэг нь 1967 онд төрсөн, 50 настай. 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын салбарт шаварчин будагчнаар 11 жил 1 сар ажилласан. С.Эрдэнэчимэгийн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байгаа боловч хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн тул улсад ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа юм. С.Эрдэнэчимэгийн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд, хамт ажиллаж байсан Ж.Дэлэг, С.Отгон нарын хөдөлмөрийн дэвтрийг гэрчийн нотлох баримтаар гаргуулан өгч байна. Иймд С.Эрдэнэчимэгийн шүүхэд өгсөн нотлох баримтыг үндэслэн 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 11 жил 1 сар Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын салбарт шаварчин будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Алтанчимэг нь С.Эрдэнэчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 338 тоот лавлагаанд: “Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Сангидорж овогтой Эрдэнэчимэгтэй холбогдох цалинг тодорхойлох боломжгүй байна” гэсэн байх боловч хэрэгт Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 41 тоот “Ажилд томилох тухай” тушаал, мөн даргын 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 54 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд авагдсан байна.
Уг тушаалуудаас үзэхэд Сангидорж овогтой Эрдэнэчимэгийг 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн барилгын салбарт шаварчин, будагчнаар томилж, 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон уг ажлаас нь чөлөөлжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ж.Дэлэг, С.Отгон нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ж.Дэлэг: “Би 8 дугаар ангиа төгсөөд 1983 онд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт өрлөгчнөөр ажилд орон 1992 оныг дуустал ажилласан. С.Эрдэнэчимэг мөн 1983 оноос 1994 оныг дуустал шаварчин, будагчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа 10 гаруй жил ажилласан. Нэгдэл дундын үйлдвэр нь 1992 оны 4 дүгээр сард “Нэгдэлчин” компани болсон. Би тэр үед ажлаас гарсан. С.Эрдэнэчимэг нь “Нэгдэлчин” компанид ажиллаад үлдсэн. Бид нэг бригад болон олон барилга дээр ажиллаж байсан учраас сайн мэднэ. Тухайн үед манай байгууллагын даргаар П.Дашхүү гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч С.Отгон: “С.Эрдэнчимэг бид хоёр 1983 онд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажилд орсон ба би засалчнаар, Т.Эрдэнэчимэг шаварчин, будагчнаар анх ажилд орж байсан. Бид хоёр тухайн байгуулагад 1994 онд дуустал ажилласан. Нэгдэл дундын үйлдвэр нь 1992 онд “Нэгдэлчин” компани болсон. Тэр үед бид нар бригад болон даргын тушаалын дагуу барилга дээр ажилладаг байсан. Улаангом суманд гэхэд Хангамжийн барилга, Халамжийн төв, Нефтийн барилга, Бат үржүүлэх гэх барилгууд дээр бид нэг бригад болон засалчин, шаварчин, будагчин гэх тус тусынхаа ажил хийдэг байсан. Тухайн үед манай байгууллагын даргаар П.Дашхүү, н.Зоригоо гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.
Гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн бичилтээс үзэхэд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр нь 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, “Нэгдэлчин” ББХК болсон байх тул С.Эрдэнэчимэгийн 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд тус “Нэгдэлчин” ББХК-д ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Эрдэнэчимэгийн 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд “Нэгдэлчин” ББХК-д тус тус шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөнхөөдэй овогтой Сангидоржийн Эрдэнэчимэг /регистрийн дугаар ЙЮ67021562/-ийн 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд “Нэгдэлчин” ББХК-д тус тус шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар С.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА